Их Британийн хаан III Карл анхны гадаад айлчлалаа хийхээр хатан Камиллагийн хамт өчигдөр Германд хүрэлцэн очжээ.
Түүний хөлөглөсөн онгоцыг Германы нисэх хүчний сөнөөгч онгоц хамгаалан дагалдсан байна. III Карлыг Берлинд буухад Германы eрөнхийлөгч Франк Валтер Штайнмайер хүндэтгэн тосч авсан юм.
Бранденбургийн хаалганд Их Британийн хааныг торгон цэрэг найрал хөгжмийн хамт угтах ёслолд Германы олон мянган иргэн оролцжээ. Төлөвлөгөө ёсоор, III Карл Eвроп дахь айлчлалаа Франц улсаас эхлүүлэх байсан ч больсон. Учир нь тус улсын иргэд төрийн тэргүүн Эмануэл Макроны хэрэгжүүлж буй тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн Парис хотноо үймээн дэгдсэнтэй холбоотой аж.
Их Британийн хаанд зориулж төрийн зоог барихад уригдсан зочдын нэг нь Германы канцлер асан Ангела Меркель байсан юм. Зоогийн үеэр Франк Валтер Штайнмайер, III Карл нар ээлжлэн хундагны үг хэлжээ. III Карл “Манай хоёр улс ардчиллын үнэт зүйлсийг мөр зэрэгцэн хамгаалж, хөгжүүлжээр ирсэн билээ. Үүний тод жишээ бол, бид түрэмгийлэлд өртсөн Украиныг хамтдаа дэмжин эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь хамгаалж байгаа явдал. Энэ завшааныг ашиглан сая гаруй украин дүрвэгчийг хүлээн авч ер бусын зочломтгой хандсан Германд онцгойлон талархал илэрхийлье” гэжээ.