-Би ярилцлагаа танд нэлээд эмзэг санагдаж болох сэдвээс эхлэхээр шийдсэнд өршөөгөөрэй?
-Зүгээр. Ярилцлагыг яаж эхлүүлж, яаж төгсгөх нь надаас бус танаас л хамаарна шүү дээ. (Инээв)
-Окэй. Таныг дунд сургуульд дөнгөж орж байхад эцэг, эх тань салжээ. Ээжийгээ даган нэг хэсэг амьдарсан та гэнэт аав дээрээ очих шийдвэр гаргасан гэдэг. Юуны учраас тэр вэ?
-Би бичиг үсэгт нэвтрэнгүүтээ л хоёр боть нэвтэрхий толь уншаад бүгдийг нь цээжээр ярьдаг байсан гэдэг. Угаасаа аливааг тогтоох чадвар сайтай л даа. Аав маань барилгын инженер хүн. Хүүхдүүддээ маш их шаардлага тавина. Тэрийг нь давбал харин харамгүй урамшуулна шүү. Би аавынхаа ажил дээр байнга очиж тоосгоор хана өрөх, сантехник, цахилгааны утас суурилуулах, цонх тавих зэрэгт нь тусалдаг байлаа. Тэр бүхний хүчинд ааваас маань өгсөн хамгийн том бэлэг бол “Commodore VIC-20” компьютер.
-Та тэгэхэд 10 настай байсан. Компьютертэй болонгуутаа шууд анхны програмаа бичсэн гэлүү?
-Тийм ээ. Тэгээд 12 настайдаа “Blastar” гэдэг компьютер тоглоом зохиож 500 ам.доллараар худалдаж билээ. Тэр үедээ муугүй мөнгө шүү. Анхны гэрээгээ хийчихээд би ямар их баярласан гээч.
-Тэр мөнгөө элдэв чихэр, жимс болголгүй эм үйлдвэрлэгч компаниудын хувьцааг худалдан авахад зарцуулсан гэсэн, тийм үү?
-Аавын захиалж уншдаг сонин, сэтгүүлээс л хөрөнгийн биржийн тухай мэдээллийг авдаг байв. Тэгээд тухайн үед эм үйлдвэрлэгч компаниудад хөрөнгө оруулбал хамгийн ашигтай гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ.
Тэр нь ч зөв байлаа. Олсон мөнгөөрөө би эцэг, эхээ эсэргүүцсэн ч Канадад очин дээд сургуульд орж оюутан болсон доо.
-Гэхдээ та АНУ-ын нэр хүндтэй Стэнфордын их сургуулийг төгссөн?
-АНУ гэдэг чинь аливаа бараа бүтээгдэхүүний хамгийн том зах зээл шүү дээ. Иймд тэнд очих нь миний дараагийн ойлгомжтой алхам байв. Стэнфордын их сургуулийн шинэхэн оюутан би дүү Кимбал, найз Грег Коуригийн хамт сонин хэвлэлд зориулсан компьютерийн програм хангамж хийх “Zip2” компаниа байгуулсан. Эхэндээ ч амаргүй, орон сууц түрээслэх мөнгөгүй тул оффис дээрээ хоноглодог байлаа. Харин эцэст нь “The New York Times”, “Chicago Tribune” гээд нэр хүнд бүхий сонигуудад програмаа худалдан овоо хөрөнгөжсөн шүү.
-Таны амжилтад хүрсэн амьдралын замналын талаар нэлээд хүүрнэлээ. Харин одоо юу хийж байгааг тань сонирхоё?
-Миний санаачилсан “Starship” сансрын хөлөг онгоц хоёр жилийн дараа хүмүүсийг дэлхийн тойрог замд тогтмол аялуулж эхэлнэ. Ингэхдээ эх дэлхийдээ аюулгүй буух болно. Ер нь манай компани хүмүүсийн амьдралыг мульти гаригийн, дан ганц дэлхийгээр хязгаарлагдахгүй болгохыг эрмэлзэж буй. Үүний тулд бид Ангараг гаригт их хэмжээний ачаа хүргэх шаардлагатай. Мэдээж, том пуужин зохион бүтээхгүй бол энэ зорилгодоо хүрч чадахгүй. Үүн дээр л ажиллаж байна даа.
-Хүн төрөлхтний оюун ухаан үүнд бэлэн гэж үү?
-Оюун ухаан, ухамсараа өргөжүүлэх нь хүн төрөлхтөнд нийт орчлон ертөнцийг ойлгоход, бид яагаад энд байгаа, хаанаас ирсэн, хаашаа явахаа ойлгоход хүргэх нь зайлшгүй. Иймд зүгээр сууж хэрхэвч болохгүй. Бид ямар ирээдүйг хүсч байна вэ? Од гаригсын дунд аялах уу, эсвэл үүрд дэлхийдээ хадагдах уу? Би хувьдаа хүн төрөлхтөн орчлон галактикт нэвтрэн орчноо тэлэхийг хүснэм.
Манай компанийн Ангараг гаригт хүн суурьшуулах анхны аян амаргүй байх нь тодорхой. Дэлхий дээрх амьдралтай харьцуулахад тэнд амь насаа алдах эрсдэл их, хоол ундны хувьд ч сонголт багатай, дээр нь маш их хөдөлмөрлөх хэрэг гарна. Иймд биднийг Ангарагт баячуудын “баян бүрд” цогцлооно гэж харддаг хүмүүс эндүүрч байна.
-Үүнд хүрэх эхний шат гэвэл АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг таны компанитай гурван тэрбум долларын гэрээ байгуулж саранд хүн буулгах хоёр дахь экспедицийг хариуцуулсан явдал гэж үзэж болох уу?
-Болно. Манай компанид энэхүү хариуцлагатай ажлыг даатгуулсан нь нэр хүндийн хэрэг.
-Таны “Neuralink” компани хүн бүрийг хиймэл оюун ухаантай холбоно гэсэн?
-Тэгэхийн тулд маш олон гэрээ хэлэлцээ хийх хэрэгтэй. “Neuralink” компани шууд л хүн бүхний тархинд чип суулгана гэж юу байх вэ. Эхлээд бид тархи, нугасны бэртэлттэй хүмүүст туслах болно. Бүрэн саажилттай хүн гараа хөдөлгөж чадахгүй шүү дээ. Тэгвэл тийм хүн хэрхэн компьютер, ухаалаг гар утсаа удирдан ажиллуулах вэ? Тэдгээртэй оюун ухаанаараа холбогдохыг л “Neuralink” зорьж байгаа юм. Тархинд суулгасан чип тэр ч бүү хэл хүний хөшсөн гар, хөлийг ч ажиллуулж эхлэх цаг ойрхон шүү.
-Та сэргээгдэх эрчим хүч ашиглахгүйгээр хүн төрөлхтөн сүйрнэ гэсэн. Иймээс ч бензин бус цахилгаанаар ажилладаг “Tesla” автомашинаа үйлдвэрлэх болсон гэнэ билээ?
-Хүн төрөлхтнийг өнөөгийн хөгжилд хүргэсэн гол хүчин зүйл бол эрчим хүч. Тэрнийг эхэндээ нүүрс, улмаар газрын тосоор хангадаг болсон. Гэвч тэдгээр нь шавхагдах цаг улам бүр ойртсоор. Сэргээгдэх эрчим хүч ашиглахгүйгээр цаашид явах аргагүй болсон шүү дээ. Иймд “Tesla”-гийн жишгийг даган дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид ажиллах болсонд маш их баярладаг.