Швейцарийн шүүх ОХУ-ын “Газпромбанк”-ны Цюрих дахь салбарын дөрвөн ажилтан асанд тус бүр долоон сар хорих ял, мөнгөн торгууль ногдуулжээ. Тэднийг “В.Путины түрийвч” гэгддэг хийлч С.Ролдугинд данс нээхдээ санхүүгийн эх үүсвэрийг нь зохих ёсоор шалгаагүй хэмээн үзсэн байна.
Хамгийн их буюу 540 мянган швейцар франкийн (600 мянга шахам ам.доллар) торгуулийг дээрх банкны Цюрих дахь салбарын захирал асанд оноожээ. Швейцарийн хуулийн дагуу ялтнуудын нэрсийг зарлаагүй ч гурав нь ОХУ-ын, нэг нь Швейцарийн иргэн юм байна.
Гааг дахь Олон улсын шүүхээс ОХУ-ын eрөнхийлөгч В.Путиныг баривчлах тушаал гаргасан билээ. Тэгвэл хөгжимчин С.Ролдугин В.Путины багын найз агаад охин Мариягийнх нь загалмайлсан эцэг аж. Ямар ч бизнес эрхэлдэггүй тэрээр 2014-2016 онуудад “Газпромбанк”-ны Цюрих дахь салбарын дансандаа 30 гаруй сая ам.доллар хийсэн байжээ. С.Ролдугин түүнчлэн маш сэжигтэй мөнгө шилжүүлэх үйл ажиллагаанаас өөр юу ч эрхэлдэггүй “International Media Oversea”, “Sonnette Overseas” гэсэн хоёр оффшор компанитай гэдэг нь тогтоогдсон юм. Түүний нэр дээр хоёр компани бүртгэлтэйг, хэзээ, хэн, яаж нээсэн талаар огт мэдэхгүй гэж тэрээр мэдэгдээд буй юм.