-Таны бичсэн “Санхүүгийн философи” номноос эзэнт гүрнүүдийн мөхөл дайн тулаанаас биш эдийн засгийн хямрал сүйрлээс болсон гэсэн сонирхолтой гаргалгаа анзаарагдлаа. Хубилай хаан гэхэд л цэрэг, армийн сайндаа биш Сүн улс инфляцид идэгдсэнээс болж ялалт байгуулж Юань гүрнийг мандаасан болж таарлаа. Өмнө нь уншиж дуулаагүй дүгнэлт байна..?
-Эзэнт гүрнүүд биенээ цэрэг зэвсгээр сүйрүүлдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ дандаа эдийн засгийн хямралаас болж сүйрсэн нь түүхээс тод харагддаг. Дайнд ялахад мэдээж мундаг жанжны ур ухаан гэж байна. Гэхдээ зоосны хоёр талын нэгд нь тоо, нөгөөд нь сүлд байдаг шиг мундаг жанжин байгаад санхүүгийн зөв механизмгүй бол дайнд ялагддаг. Миний номонд түүхийн маш олон нээлт хийгдсэн. Хүн төрөлхтний түүхийг санхүүч, эдийн засагч хүний нүдээр харж бичсэн учраас тэр л дээ. Миний хувьд ч ялгаагүй хувь хүнийхээ тухайд олж сонсоогүй дүгнэлтүүдийг хийсэн. Магадгүй дэлхийн өнцөг буланд өөр хүн надтай адил дүгнэлт хийж ном бичсэн байхыг үгүйсгэхгүй. Сүн гүрэн монголчуудтай байлдахын тулд маш их мөнгө хэвлэснээс болж инфляцид идэгдсэн. Тэгэхээр монголчууд цэрэг дайны давуу талаар л Сүн улсыг ялсан гэж ярих нь өрөөсгөл.
Сүн гүрний эдийн засаг ганхаж, өндөр инфляцид идэгдсэн учраас ялагдсан юм. Хубилай хаан Сүн гүрнийг эзэлснийхээ дараа маш зөв бодлого явуулсан. Ард иргэдийнх нь сэтгэл санааг тайвшруулахын тулд үнэ цэнэгүй болсон цаасан мөнгийг нь чао цаасан мөнгөөрөө сольж өгсөн юм. Ингэж ард түмнийг нь өөртөө татсан байдаг. Товчхондоо эдийн засгийн мундаг бодлого явуулсан.
-Юань гүрэн бас санхүүгийн хямралаас болж сүйрсэн үү?
-Тэгсэн. Мөн л цаасан мөнгө их хэмжээгээр хэвлэсэн. Япон руу хоёр удаа бүтэлгүй дайралт хийхдээ хэдэн мянган цэргээ алдсан. Хөлөг онгоцууд нь сүйрсэн. Сүйрсэн хөлөг онгоц бүрийн ард их мөнгөний зарлага бий. Юань гүрэн Хубилай хаанаас хойш энэ мэт алдагдлаа санхүүжүүлэхийн тулд цаасан мөнгийг асар их хэмжээгээр хэвлэсэн. Үр дүнд нь инфляци болж, Юань гүрний чао цаасан мөнгөний ханш арав дахин унаж эдийн засгийн хямралд орсон. 1280-аад оны сүүлээс байнгын эдийн засгийн хямралтай аж төрцгөөсөн. Дараа нь 1320-иод онд байгалийн ган зуд нэрмэж ургац тариа гараагүй. Тартагтаа тулсан тариачид бослого хийснээр Юань гүрэн мөхөж Мин гүрэн байгуулагдсан юм. Миний бичсэн ном “Санхүүгийн философи” гэсэн нэртэй ч дан эдийн засгийн бодлогуудыг заасан гэдгээрээ онцлогтой. Ард түмний хүлээлтийг яаж зөв удирдах вэ, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ гэдэг асуултын хариу ч бий.
-Хүн төрөлхтний түүхэнд тод үлдсэн Ромын эзэнт гүрний сүйрэл бас эдийн засгийн хямрал гэсэн шалтгаантай юу?
-Мөн л тийм. Ромын засаг хэт их мөнгө хэвлэснээсээ болоод мөнгө нь үнэгүйдэж сүйрсэн. Ромын эзэнт гүрэн оргил үедээ 500 мянган хүнтэй байнгын армитай байсан. Өнөөгийн дэлхийд 500 мянган хүнтэй байнгын армитай улс гарын таван хуруунд ч хүрэхгүй гээд төсөөлөхөөр аварга тоо л доо. Ромын төр тэр олон цэргийнхээ хоол хүнс, цалин цуух гэх мэт зардлыг олж армиа санхүүжүүлэхийн тулд мөнгийг их хэмжээгээр хэвлэж эхэлсэн. Тухайн үед Ромын динар буюу цэвэр мөнгөн зоосны орцны 96 хувь нь цалин цагаан мөнгө байсан юм. Гэтэл манай эриний 200 онд зоосон мөнгөнийх нь цэвэр мөнгөний орц дөрөвхөн хувь болсон. Хүрлээр солигдсон гэсэн үг. Баян худалдаачид ийм шалтгаанаар цэвэр мөнгийг гэртээ хурааж эхэлсэн байдаг. Үр дүнд нь маш өндөр инфляци болж, бараа таваарын үнэ хэдэн мянга дахин өссөн. Ингээд гуравдугаар зууны эдийн засгийн хямрал гэж хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн анхны эдийн засгийн хямрал болсон юм.
-Түүхийг наашлуулъя. Наполеоны ялагдлыг санхүүгийн хямралтай холбож бичсэн тайлбар таны номны сонирхол татсан түүхийн нэг байсан…?
-Наполеон англичуудтай хийсэн тулааны үеэр ялагдсаныг бүгд мэднэ. Англичууд тухайн үед Лондонд хөрөнгийн захыг аль хэдийнэ хөгжүүлсэн байсан. Хөрөнгийн захаараа дамжуулж их хэмжээний мөнгө босгож цэрэг армиа санхүүжүүлж байсан юм. Дайн гэдэг бол ерөөсөө санхүү шүү дээ. Мөнгөгүй хүн дайн хийж чадахгүй. Англичууд дайн хийх мөнгөө хөрөнгийн захаасаа босгож байсан бол францчууд Наполеоныг хүртэл хөрөнгийн захаа хөгжүүлээгүй улс. Наполеон Итали, Голланд руу дайрахдаа Италийн банкны төвийг, Голландын Хөрөнгийн захын төвтэй нь дээрэмдчихсэн. Итали тэр үед олон улсын банкны төв байсан бол Голландын Амстердам хотод олон улсын хөрөнгийн захын төв байрлаж байлаа. Наполеон энэ хоёр улсыг эзлэхдээ банк, хөрөнгийн захыг нь тонож дээрэмдсэн. Италийн 300, 400 жилийн түүхтэй банкуудыг хаасан. Дэлхийн хөрөнгө санхүүгийн төв хүссэн хүсээгүй Лондон руу шилжсэн нь цаанаа ийм учиртай. Европын бүх баячууд Наполеонд дээрэмдүүлэхээс айж хөрөнгө мөнгөө Лондонд хадгалсан юм. Англичууд үүн дээр маш том либерал бодлого баримталсан байдаг. Наполеон дээрэмдсэн мөнгөөрөө Орос руу дайраад ялагдал хүлээсэн. Буцаж ирээд цэрэг армиа босгох гэсэн ч мөнгөгүйдсэн. Ийм л шалтгаан бий.
-Наполеон Англитай хийх дайнаа санхүүжүүлэхийн тулд Америкт одоогийн Луйзанагийн газар нутгийг зарсан, тэр наймааг Английн Хөрөнгө оруулалтын Барингс зуучилсан гэл үү?
-Тухайн үеийн гурван сая шилжих доллараар зарсан байдаг. Луйзанагийн газар Америкийн нутаг дэвсгэрийн яг голын хэсэг. Нутаг дэвсгэрийнх нь гуравны нэгээс дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний газар. Энэ худалдан авалтыг Лондонгийн Хөрөнгө оруулалтын Барингс банк Лондонд Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлсэн. Америкууд өнөөдрийн газар нутгаа бий болгохын тулд хоёр үндсэн худалдан авалт хийсний нэг нь л дээ. Нөгөөх нь оросуудаас худалдаж авсан Аляск.
-Ийм том санхүүжилт босгож байсан Барингс банкны дампуурал ганцхан хүнээс болсон гэхээр хөрөнгө оруулалтын банк гэж маш нарийн хяналт шаардсан бүтэц байна аа даа?
-Барингс бол дэлхийн хамгийн анхны хөрөнгө оруулалтын банк. Тухайн үеийн буюу 1830, 1840-өөд оны сонин хэвлэлүүдээр дэлхийн зургаа дахь хүч гэж бичдэг байсан банк шүү дээ. Тухайн үед Австри, Герман, Орос, Англи, Франц гэсэн геополитикийн таван хүч байлаа. Барингс банк 200 гаруй жил оршин тогтносон. 1776 онд байгуулагдаад 1995 он хүртэл ажилласан түүхтэй. 1995 онд санаандгүй байдлаар дампуурсан. Дэлхийн олон улсад салбартай энэ банкны Сингапур дахь салбарын дилер Токиогийн Хөрөнгийн бирж дээр маш их хэмжээний арилжаа хийгээд асар том алдагдал хүлээсэн байдаг. Нэг шөнийн дотор тэрбум гаруй долларын алдагдал хүлээж дампуурсан түүхтэй. 200 гаруй жилийн түүхтэй том институци багахан хяналт болгоомж алдсанаас болж нурсан. Хөрөнгө оруулалтын банк ямар их анхаарал болгоомж шаардсан ажил гэдгийг харж болохоор жишээ л дээ.