2024-10-09, Лхагва
-0 C
Ulaanbaatar

“Сүнстэй ярилцагч”

“Сүнстэй ярилцагч” номын зохиолч О.Өнөрцэцэг  сүнстэй ярилцаж үзсэн болов уу гэдэг сониуч асуулт төрнө.

Харин тэр “Бодит амьдрал дээр сүнс хардаг, ярилцдаг хүмүүс байлгүй яах вэ. Тэд бол онгод биедээ оруулдаг бөө нар шүү дээ. Тэдэнтэй уулзаж, ярилцаж байсан” хэмээн хариуллаа.

Зохиолч зүүдэндээ сүнс харж байсан тохиолдол  цөөнгүй гэнэ. О.Өнөрцэцэг энэхүү номоороо бидний таньж мэддэггүй далд ертөнцийг  уран зохиолын аргаар таниулахыг зорьжээ. Фэйсбүүк дэх “Нууцлаг ертөнцийн зохиолууд” хуудаснаас илүү ихийг тодруулах боломжтой юм билээ.

Өдөр тутмын амьдралдаа түүртэн урдах ажлаа хийн завгүй гүйж яваа хэн нэгэнд гэнэт л сүнсний сэрэлт явагдах боломжтой гэнэ. Хэн нэгэнд хийж байгаа ажил нь таалагдахаа больж, би ер нь юу хийгээд явна вэ? Би арай өөр замаар явах ёстой доо… гэх мэт асуулт ургаж  болно. Хэчнээн  амжилттай ажиллаж, эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдсөн ч нэг л өдөр хэн ч биш болж тэр бүхнээс зугтаах вий. Дотроосоо ямар нэг юм хайж, амьдралыг өөрөөр харж эхлэх тэр мөчөөс сүнснийхээ дуудлагыг авч байна гэсэн үг. Ингэж юу эрж хайгаад байгаагаа хайсаар олсон хүмүүс маш амжилттай явж, бусдыг сүнсний сэрэлтэд дагуулж эхэлдэг гэнэ.

Зохиолч  Бүргэд хэмээх  залуугийн дүрээр сүнсний дуудлага хэрхэн ирдэг, түүнийг дагахаас өөр аргагүй болдог тухай уншигчдад ойлгуулахыг  хүссэн гэлтэй. Тэрээр Богд ууланд найзтайгаа алхаж яваад нэгэн ер бусын хийдтэй тааралдана. Тэнд мянган лам зэрэг ном хурж байдаг бөгөөд түүнийг орж ирэхэд маш удаан хүлээсэн тухайгаа хэлдэг. Үл мэдэх эртний судар үүргэвчнээс нь гарч ирснээр энэ бүхэн эхлэх бөгөөд өөрт нь чухам юу тохиолдоод байгааг олж мэдэхийг зорьж буйгаар адал явдал эхэлнэ.

Түүнээс янз бүрийн сүнснүүд тусламж хүсч, зуурдын ертөнцөд гацсан бидэнд зам зааж өгөөч хэмээн уван цуван ирж эхэлснээр тэдэнд туслахаас өөр аргагүй болдог. Эхлээд айж цочиж, зугтааж, энгийн хүн шиг амьдрахыг хүссэн ч хувь заяагаа даган гэрээсээ явж, тэдэнтэй амьдарч эхэлнэ.

Сүнсний ертөнцийн хайр дурлал, үерхэл нөхөрлөл, тэдний хүсэл сонирхол, зовлон бэрхшээл гээд яг л хүний ертөнцийг зураглах мэт сүнсэн ертөнцийг нүдэнд харагдтал хүүрнэжээ.

Дашрамд дурдахад  зохиолч О.Өнөрцэцэг өсвөр насны хүүхдүүд зориулсан “Шидтэнүүдийн сургууль” цуврал зохиол болон “Цэцэгсийн зүүд” үлгэр, өгүүллэгийн түүвэр мөн гаргажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img