Дэлгүүр, эмнэлэг, сургууль гээд барилга байшин нь бүгд бүтнээрээ ч оршин суугчгүй болж хоосорсон хот дэлхийд цөөнгүй ажээ. Тийм хотын нэг тод жишээ бол өнөөгийн Украин дахь Припять. Энэ хотыг ЗХУ тухайн үедээ дэлхийд хамгийн томд тооцогдох Чернобылийн цөмийн цахилгаан станцын ажилтнуудад зориулан байгуулжээ. Гэтэл 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн цөмийн цахилгаан станцын дөрөвдүгээр блокт дэлбэрэлт болсон. Хүн төрөлхтний түүхэнд Японы Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаас хойш олон арван мянган хүний аминд хүрсэн томоохон эмгэнэлт явдал гэвэл тэр байлаа.
Дэлбэрэлтийн улмаас Европын ихэнх хэсгийг йод, цезийн радионуклид бүхий цацраг идэвхт үүл нөмөрсөн билээ. ЗХУ-ын Засгийн газар осол гарсан газрын 30 км бүс нутаг дахь 115 мянган хүн, үүний дотор Припятийн 50 мянган оршин суугчийг яаралтай нүүлгэсэн юм. Тус хотын 10 мянга гаруй хүн цацраг идэвхт бодисоос үүдэн харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тэр цагаас хойш Припять оршин суугчгүй “ghost town” буюу “сүнс хот” гэгдэх болсон юм.
“Техасын сүнс хотууд” номыг бичсэн АНУ-ын судлаач Т.Линдси Бейкерийн тодорхойлсноор, “сүнс хот” гэж оршин тогтнох ямар ч учир шалтгаангүй болсон хотыг хэлэх ажээ. Тэгвэл АНУ-ын зохиолч Л.Флорин “сүнс хот” гэж нэг ч оршин суугчгүй болсон хотыг хэлэхгүй, өмнөхтэйгөө харьцуулбал хүн ам нь эрс буурч, эдийн засгийн хувьд бүрэн дампуурсан хотыг хэлнэ гэсэн байдаг.
Юутай ч дэлхийд уул уурхай дагаж үүсээд уурхайн нөөц нь шавхагдангуут хүнгүй болсон “сүнс хот” бишгүй. Гэхдээ тийм “сүнс хотууд” жуулчдын анхаарлыг татах нь ч элбэг. Жишээ нь, АНУ-ын Баннак, Монтана, Канадын Баркервилл, Италийн Крако, Азербайжаны Агдам, Намибийн Колманскоп, Энэтхэгийн Дханушкоди, Бразилийн Фордланд, дээр дурдсан Украины Припять зэрэг байшин барилгатай ч оршин суугчгүй болсон хотууд орон орны жуулчдын хөлд дарагдах болжээ.
“Сүнс хот” үүсэх хамгийн гол шалтгаан нь эдийн засгийн хувьд ашиггүй болох явдал. Уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн нөөц шавхагдах нь үүнд хүргэдэг байна. Түүнчлэн үер, он удаан жил үргэлжилсэн ган гачиг, хэт халуун эсвэл хэт хүйтэн цаг агаарын нөхцөл байдал, төр засгийн арга хэмжээ, хяналтгүй болсон гэмт хэрэг, дайн, экологийн бохирдол, цөмийн гамшиг зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас хотууд эзгүйрдэг ажээ.
Үүнээс гадна зам тээврээс алслагдах нь “сүнс хот” бий болоход хүргэдэг байна. АНУ-д уул уурхайг түшиглэсэн олон хотыг байгалийн баялаг нь шавхагдангуут шинээр тавьсан 66 дугаар хурдны замаас холдсон тул оршин суугчид нь хаян оджээ. Аризона муж дахь өдгөө нэг ч хүнгүй Отман хот үүний тод жишээ. Канадын Оушен Филс целлюлозын үйлдвэр нь хаагдангуут 1973 онд, Китсолт молибдены уурхай нь хаагдангуут 1982 онд, Кассиар дөчин жилийн турш ажилласан асбестын уурхай нь үүдээ барингуут тус тус хүн амгүй “сүнс хотууд” болсон ажээ.
Үүнээс гадна эдийн засгийн үйл ажиллагааг нь ойролцоо хотод шилжүүлснээс болж хаягддаг хотууд олон. Тэдний нэг бол Австралийн Квинсленд муж дахь Коллингвуд. Мужийнхаа мал аж ахуйн гол төв байсан тус хот хөрш зэргэлдээ Винтон 1899 онд төмөр замтай холбогдонгуут ач холбогдлоо алдан ганцхан жилийн дотор эзгүйрч байв.
Ойрхи дорнодод эзэнт гүрнүүдийн сүйрэл, улс төрийн өөрчлөлтөөс улбаалан хүн амгүй болсон хот нэлээд хэд бий. Тэдгээрийн нэг нь цагтаа Вавилоны эзэнт гүрний мужийн нөлөө бүхий том төв, Парфян, Сасанидын хаант улсуудын нийслэл байсан Ктесифон. 30 км зайд Багдадыг үүсгэн байгуулахад л даруй “сүнс хот” болжээ.
Орчин үед үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ нэмэгдэнгүүт барилгажилт эрс идэвхжин хэн ч амьдардаггүй олон мянган эзэнгүй орон сууц баригдаж, нэн ялангуяа БНХАУ, Испани, АНУ, Канадад “сүнс хорооллууд” үүсэхэд хүргэсэн байна.
АНУ-ын Мохаве гэх цөл дунд оршин суугчгүй болсон Амбой гэх хот бий. Баян бүрдтэй тус хотод өмнө нь галт тэрэгнүүд ус авах гэж л зогсдог байжээ. Технологи хөгжин тэгэх шаардлагагүй болсноор Амбой “сүнс хот” болон хувирсан аж.
Аль нэг улсын Засгийн газрын шийдвэрээр хотууд эзгүйрэх нь ч цөөнгүй. Их Британи дэлхийн хоёрдугаар дайны ид үед Тинехам хэмээх жижигхэн хотыг их бууны туршилтын полигон болгохоор шийдэн хүн амыг нь тэр чигт нь нүүлгэн шилжүүлж байв. Тэгвэл АНУ-ын Сансар судлалын НАСА агентлаг пуужингийн туршилт хийхээр тус улсын Миссисипи мужийн Гейнсвилл, Логтаун, Наполеон, Санта Роса, Вестониа гэх тавын таван хотын хүн амыг нүүлгэн өөрийн мэдэлдээ авч “сүнс хотууд” болгосон нь ч саяхан. Тэдгээр зэлүүд хотуудын гудамж, талбайд мод урган өдгөө тэр чигтээ ой болжээ.
Гэхдээ хэд хэдэн “сүнс хот” аялал жуулчлалын ачаар эргэж сэргэсэн нь бий. Алтны уурхайг түшиглэж үүссэн Австралийн Валхалла хот уурхайн нөөц нь шавхагдангуут 1914 онд хүнгүй шахам болжээ. Гэвч жуулчдын очих дуртай газруудад ойр байрлалтай тул сүүлийн үед тус хотыг зоригсод эрс нэмэгдсэн гэнэ.
Азид гэвэл Сунгай Лембинг байна. Малайзийн энэ хот цагаан тугалгааны уурхай нь хаагдсан 1986 онд гэнэт эзгүйрчээ. Гэвч 2001 оноос гадаад, дотоодын жуулчдын очих дуртай “сүнс хот” болж сэргэсэн нь гайхалтай.