2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос салж байж л АН нар үзнэ

УИХ-ын гишүүн асан О. Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн хуульч хүний хувьд өнөөдөр үүсээд байгаа АН-ын нөхцөл байдлыг яаж харж байна вэ?

-АН ялах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл АН ялахаасаа илүүтэй ард түмэн ялах шаардлагатай цаг үе ирчихлээ. Учир нь найман жилийн өмнө ярьж байсан ажлаа МАН огт хийсэнгүй. Энэ ажлуудыг ард түмэнд хийж өгөх ёстой нь АН болчихлоо гэж харж байна.

-Ямар ажлууд?

-Нийт дөрвөн ажил байна. Нэгдүгээрт ажлын байр нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт үнийн өсөлтийг буулгах шаардлагатай. Гуравдугаарт долларын ханшийг барихгүй бол хэмжээ хязгаараа алдлаа. Дөрөвдүгээрт ядуурлыг бууруулах, багасгах ёстой. МАН энэ бүхнийг хийхгүй нь тодорхой болчихсон, хийнэ гэж хүлээвэл улсаараа дампуурах биз. Орос, Хятад хоёр тэврэлдчихсэн ийм нөхцөлд хүчирхэг АН нам хэрэгтэй болчихоод байна. Өнөөдөр төрт ёс ч алдагдах магадлал өндөр болчихлоо.

-Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг батламжилсан. Гэтэл АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы асуудал босоод ирлээ. Ийм нөхцөлд АН хүчирхэгжих ёстой гэж мянга яриад үр дүнгүй биз дээ?

-Хууль зүйн үүднээс аваад үзвэл тамга С.Эрдэнэд бий. Улсын бүртгэлийн гэрчилгээг анх Ц.Туваанд өгсөн, хаана явааг нь би мэдэхгүй. Гэхдээ ёс зүйтэй улс төрч хүн байсан бол өдийд тамганы асуудлыг хэл ам таталгүй өгөх ёстой юм.

Нэг үгээр хэлбэл энэ бол дээрэм хулгайтай адил зүйл. Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихсан байхад тамгаа Л.Гантөмөрт өгөх ёстой. Миний энэ хэлж буй зүйл С Эрдэнэ, Х.Баттулга хоёрын хувийн хувийн ёс зүйн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан юм бол дээрэмчин тонуулчин шиг хүний юм аваад яваад байж болохгүй. Байхгүй бол байгаа хүнийх нь тухай хэлэх хэрэгтэй. Хэвлэлээр Х.Баттулга гэж хүнд бий гэсэн мэдээлэл яваад байна шүү дээ. С.Эрдэнэд хандаж хэлэхэд тамгыг нь эзэнд нь авчирч өгөх хэрэгтэй.

-Хэдхэн хоногийн өмнө С. Эрдэнэтэй ярилцахад АН-ын тамгыг өөртөө байгаа гэж хэлсэн…?

-Шулуухан хэлэхэд тэр гэрчилгээ хамгийн анх Н. Алтанхуяг дээр байсан, дараа нь З.Энхболд дээр очсон. Одоо С. Эрдэнээс Л. Гантөмөрт очих ёстой юм. С.Эрдэнийн яриаг ойлгохгүй байна. АН бол хувийн компани биш олон нийтийн байгууллага. Олон нийтийн байгууллага дээр итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд хэн байхыг бүртгэлийн байгууллага тогтоочихсон. Тэгэхээр бүртгэлийн байгууллагын тогтоосон шийдвэрийг үндэслээд гэрчилгээн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад л явдаг зүйл. Түүнээс биш тэр гэрчилгээн дээр ганцхан С. Эрдэнэ гэдэг хүний нэр байхгүй. Тиймээс хүүхэд нохойн доог болоод яваад байж болохгүй. Би С. Эрдэнэ даргад хариуцлагатайгаар нэг зүйл хэлмээр байна. Яллагдагч хүн дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй.

Тодруулбал яллагдагчаар татагдсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй. Тамга гэрчилгээ надад байгаа гэж ярих нь гэмт хэрэг. Итгэмжилж хариуцаагүй этгээд бусдын тамга гэрчилгээг хадгалсан эсхүл ашигласан зүйл нь хууль бус үйлдэл. Тийм учраас бусармаг байдалд орохгүйн тулд бодит зүйлийг хүлээн зөвшөөрч май гээд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Итгэмжлэн хариуцах эрхгүй этгээд дураараа аашилсан үйлдэл хийвэл энэ нь эрүүгийн гэмт хэрэг болдог. Тийм учраас ийм үйлдэл хийх хэрэггүй, одоо больсон нь дээр гэж зөвлөмөөр байна. Хуулиараа АН-ын албан ёсны дарга бол Л.Гантөмөр. АН хиймэл нэгдэл хийж болохгүй. Хиймэл нэрийдлээр ханцуй дороо нэгдээд явбал энэ төрийн зовлон болно. 1996, 2012 онд тийм зовлон үүссэн. Засгийн газраа унагаах, бие биеэ барьж шоронд хийх, хэвлэл мэдээллээр бие биеэ гүжирдэн гүтгэх нь хэтэрсэн. Энэ байдал нь төрийн, ард түмний зовлон болсон. Тийм учраас сонгуулиас өмнө бодит нэгдэлд хүрэх ёстой.

-Бодит нэгдэл гэдэг нь?

О.Баасанхүү-Мөрийн хөтөлбөр, гаргаж байгаа зорилго чиглэл дээрээ нэгдэх ёстойг бодит нэгдэл гээд байна л даа. Эсгий гэртээ байгаад утаанаасаа салахгүй. Төр хашаа болгонд халуун ус татах дэд бүтцэд хөрөнгө оруулах ч юм уу, орон сууцны ипотекийн зээлийн нэн хөнгөлөлттэй нөхцөл гаргаж өгөх хэрэгтэй. Англи улс 1906 онд, ЗХУ 1940 онд, Хойд Солонгос 1975 онд метротой болсон. Гэтэл 2023 онд Монгол Улс модон жорлонгоо л яриад сууж байна. Ардчилсан нам ярснаараа метрогоо барих л ёстой байхгүй юу. Би АН-ыг хөгжил ярьдаг байгаасай гэж боддог. Тэрнээс биш хэрүүл уруул эвлэрье нэгдье, ялья гэдэг нь ардчилсан намын яриа биш. Дахиад хэлье, аливаа хөтөлбөр дээр суурилж эв нэгдлийг ярьдаг байх ёстой.

Сөрөг хүчин гэдэг зүйл 2016 оны сонгуулиас хойш үгүй болчихсон

-Сөрөг хүчин хэр ажиллаж байна ва, таныхаар?

-Монгол Улсын Үндсэн хуульд мэдэгтүн, сахигтун гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиа сахиарай бүгд мэдээрэй гэсэн утга юм. Гэтэл өнөөдөр иргэдийн ухамсрыг төлөвшүүлэх тал дээр үе үеийн төр засаг ,парламент, намууд анхаарч ажилласангүй. Үүнээс болоод сонгогчид хоёр бүлэглэлд хуваагдсан. Нэг хэсэг хүмүүс “нам”-ыг өөрийнх нь амьдралын нэг үндэс гээд бодчихсон. Нам төвтэй хүмүүс сонгуульд санал өгөхдөө нам дотор хулгайч байна уу, худалч байна уу, алуурчин байна уу хамаагүй намынхаа гишүүнд л саналаа өгдөг.

Нэг инээдтэй зүйл болсон шүү дээ. У.Хүрэлсүх ерөнхийлөгч намын дарга байхдаа сонгуулиар “Манай намд хулгайч, хүчиндэгч, хүн амины хэрэгтэн, ЖДҮ-чид гээд есөн шидийн хүн байгаа шүү” гэж хэлсэн. Намын дарга нь ингэж хэлээд байхад л “зүгээрээ бид хүчиндүүлье” гээд хүчээ нэгтгэсэн шүү дээ. Одоо тэгээд яаж байна. Сайхан хүчиндээд л явж байна.

Үг хэлбэл шоронд хориод, үзэл бодол таарахгүй бол янз бүрийн байдлаар дарамтлаад явж байна шүү дээ. Нөгөө нэг бүлэглэл нь ирээдүйдээ итгэх итгэлгүй болчихсон учраас бүх хүнийг хулгайч гэж бодчихсон явж байна. Парламент дах өөдтэй өнгөтэй шинээр хийх гэж байгаа ямар ч зүйлийг хараар боддог болчихсон. Энэ хэсэгт багтах хүмүүс мөнгө өгвөл саналаа өгье гэж байна. Ийм сонгогчдын бүхэл бүтэн масс бий болчихсон учраас намын дарга өөрт таалагдсан хүнээ УИХ-д нэр дэвшүүлдэг болчихсон. Өөрийнх нь өөдөөс боргоод байхгүй сул дорой хүмүүсийг нэр дэвшүүлдэг. Нэр дэвшилт нь сул, сонгогчид нь сул ийм тохиолдолд парламентын ардчилал бэхжилт, хүчтэй сөрөг хүчний тухай ярих утгагүй.

-Энэ УИХ-д сөрөг хүчин байхгүй гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Сөрөг хүчин 2016 оны парламентаар алга болчихсон. Бүүр 2016-2020 оны сонгуулиар сөрөг хүчингүй болчихсон. Уг нь эрх баригч нам, сөрөг хүчин, ард түмэн гэсэн гурвалжин байх ёстой юм. Сөрөг хүчний үндсэн үүрэг ард түмний дуу хоолойг эрх баригчдад сануулах. Харамсалтай нь манайх 2016-2020 онд хулгайч ерөнхийлөгчтэй байсан.

Хулгайч Ерөнхийлөгч хулгайч Парламентыг бий болгосон. Эндээс 49 ЖДҮ-чин гарч ирсэн. Эдгээр хүмүүст огт хариуцлага тооцоогүй. Бүр хошин шогийн юм хэлэхэд өөрийн гар хөл болж явдаг Л. Мөнхбаясгаланг ганц хоёр Засаг даргын хулгайн талаар нэвтрүүлэг хийсэн чинь зогсоосон шүү дээ. Мөнхбаясгалан өөрөө зогсоогоогүй байх. Өнөө нөхөр нь л зогсоосон байж таараа. АН-ын тамга, даргын хэрүүлээс үүдэж 2020-2024 онд бас сөрөг хүчингүй болсон.

Энэ бүхэн дахиад л нөгөө Х.Баттулга гэдэг хүнтэй холбогддог. Өөрөөс нь өөр хүн нэр дэвшиж болохгүй гэдэг дүрэм зохиох гэж байгаад тэр нь баригдаж, түүнээс үүдсэн маргаан талцал одоо хүртэл дуусахгүй яваад байна л даа. Х.Баттулга төрийн хайр хишгийг хүртэж байсан хүн. Өөрийгөө ҮБХ-ны дарга болгоё гэж мөрөөдөж байхынхаа оронд манлайллаа гаргаад намын эв нэгдлийн төлөө явах ёстой. Намын гэрчилгээ өөрт нь байхгүй бол байхгүйгээ хэлээд хэнд байгааг нь хэлэх хэрэгтэй.

Ер нь энэ зовлонтой хүмүүсээсээ салахгүй бол АН нар үзэхгүй л дээ. С.Эрдэнэ, Х.Баттулга гэж хоёр хүнээс салах хэрэгтэй. Эдгээр хүмүүсийн гаргадаг хэдэн төгрөгийг долоож амьдардаг хүмүүсээс салах хэрэгтэй. Гуйлгачин баян шиг өгч байгаа мөнгөтэй нь галзуу солиотой юм шиг наалдчихсан хүмүүс байдаг юм. 30 жилийн туршид сонин стилийн хүмүүс төрсөөр яваа.

Ардчиллаас төрсөн баячууд аймшигтай харамч, аймшигтайгаар намынхаа эсрэг явагчид

-Та тодорхой хугацаанд МАН-ын нэрийн өмнөөс их хуралд сууж байсан хүн. Энэ хоёр намын ялгаа гэвэл юуг онцлох вэ?

-Уламжлалаа хадгалдаг удирдагчдаа хүндэтгэдэг, аливаа асуудлаа дотроо ярьж шийддэг гэх мэт сайн тал МАН-д бий. 30 жилийн турш төр барьсан мөртлөө тэр боломжоо нэг ч удаа зөвөөр ашиглаж чадаагүй гэсэн саар тал ч байна. Үндсэн хуулийг өөрчлөхдөө хүртэл зөв өөрчилж чадаагүй. Хулгайч ихтэй учраас нөгөөдүүлийнхээ мөнгөнд барьцаалагдчихсан, цүнх баригчдаа толгой дээрээ гаргачихсан нам. Цүнх баригч нар дуртайдаа цүнх барьдаггүй юм. Баахан доромжлуулж, нүүр рүүгээ архины шилээр цохиулсан хэрнээ цагдаад гомдол гаргахгүй явж байгаад дээшээ гарсан хойноо өшөө авалт хийдэг байхгүй юу.

Ийм балай систем МАН-д хатуу оршиж байгаа. АН-ын хувьд дандаа дарга төвтэй хүмүүсээр дүүрсэн. Өөрсдийгөө ухаантай гэж боддог солиотууд дүүрэн байна. Хүндлэх, хүндэтгэх ёсоо мэддэггүй. Бүгд өөрсдийгөө том гээд бодчихсон. Тухайлбал МАН -ынхан Л.Оюун-Эрдэнэ дарга, тэр дарга гэж ярьдаг. Харин АН-ынхан болохоор дарга ч байсан чи, чи хэн юм бэ гэж харьцдаг. Үүнийгээ ардчилал гэж ойлгоод байдаг. Ардчиллын хамгийн том зүйл үнэ цэн, дэг журам юм. Олонхоо сонсож цөөнхөө хүндэтгэж шийдвэрээ дагах нь дэг журам, үнэ цэн. Би 1994-2014 он хүртэл АН –д байсан. Хуралдахдаа хүртэл хэрүүл хийдэг. Зөвхөн хүнтэй л тэмцээд байдаг. АН-д ардчиллаас төрсөн баячууд их бий. Тэд аймшигтай харамч. Аймшигтайгаар намынхаа эсрэг явдаг хүмүүс.

-Та нэрлэ дээ?

-Д.Дорлигжаваас эхлээд олон бий. Гэтэл МАН яаж байна намынхаа төлөө гээд санхүүжилт босгох гэж гэр орон, байшин саваа хүртэл зараад явдаг. 2016 оны сонгуулиар нэг зүйлээс болж З. Энхболд Э. Бат –Үүл хоёр Д. Арвин гишүүн агсантай маргалдаж байгаа юм. Тэр хоёр Д. Арвин гишүүн агсныг “чи юу мэддэг юм” гэж тавлаж л дээ. Гэтэл нөгөөх нь “Би МАН-ын юу хийх гэж байгааг мэдэлгүй дээ, хамгийн сайн мэдэх хүн нь би” гэсэн юм билээ.

Тэр хүний зөв байсан. Яагаад гэвэл МАН-ын гишүүн байсан, дотор нь явсан хүн тэдний юу хийх гээд байгааг мэдэх нь тодорхой. Би бас МАН дотор нь байсан хүн. Тэгэхээр бид хоёрын үгийг сонсох ёстой байхгүй юу, АН. Өрсөлдөгчөө сайн мэддэг хүнээс үг сонсох ёстой. Д. Арвин гишүүн агсны хувьд чин сэтгэлээсээ АН-д орчихсон чин сэтгэлээсээ хандаж байгаа нь тэр. Миний хувьд Д. Арвин гишүүн агснаас ялгаатай нь урд нь олон жил АН-ын гишүүн явчихсан учир бас эднийхээ занг сайн мэддэг.

-Зодуулаад цүнх бариад яваа хүмүүс гэж та түрүүн ярилаа. Нэр цохоод хэлбэл…?

-Зөндөө байгаа шүү дээ. Шүхэр барьж байгаа нэг гар байгаа биз дээ. Дарваан хар энэ тэрээс эхлээд зөндөө хүмүүс бий. Доромжлуулаад байгаа юм шиг, гүтгүүлээд байгаа юм шиг яваад байдаг хүмүүс байна. МАН –д сайн хулгай хийдэг хүмүүс сайн урагшаа явдаг. Хулгай хийхээс айхгүй хүмүүсээ эд нар маш сайн дээш нь явуулдаг. Одоо жишээ нь төмөр замын Пунцаг гэж хүн байна. Яагаад шоронд орохгүй байгаа нь цаанаа ийм л учиртай. Хуулиараа ярих юм бол ял эдэлсэн хүн төрийн хаалгаар ч орох ёсгүй шүү дээ. Гэтэл дахиад л ажилд орчихсон, дахиад л хулгай хийчихсэн явж байна. Мөн ЭМЯ-нд ямар хүмүүс ажиллаж байлаа. Н. Хүрэлбаатар гэж нөхрийн гэрээс цүнх дүүрэн мөнгө олдоо биз дээ. Одоо бас дарга цэрэг хийгээд явж байна.

Жижиг, дунд бизнесүүддээ татварын өршөөл үзүүлмээр байна

-Та намаа болон хамт явж байсан хүнээсээ зам салаад АН-д орсон. Юу ч хийж гавиагүй байж намаа солиод гэх мэт шүүмжлэл дуулддаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

О.Баасанхүү-Тийм тэгээд юу гэж. Би найман жил УИХ-ын гишүүн хийсэн хүн. Энэ хугацаанд өчнөөн зүйл амжуулсан. Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа Ноён уул, Таван толгойн асуудалд анхаарсан. Эрүүгийн болон татварын хуулийн өөрчлөлт гээд хийсэн олон ажил бий. Гэхдээ би ганцаараа дахиад гишүүн болоод яах юм. Одоо харин надад дахиад дөрвөн жил байвал нийгмийн, бодлогын, төрийн түвшинд шийдвэр гаргамаар байна. Тэгэхийн тулд өнөөдөр ялдаг намд л орох хэрэгтэй байгаа байхгүй юу. Мөн сөрөг хүчнийг эрх баригч болгохын төлөө явах хэрэгтэй байгаа юм. Улс төрд ганцаараа хаа хол явах юм.

Ямар ч боломжгүй зүйл. Эрх мэдэлтэй болчихвол өөр хэрэг. Тийм учраас гишүүн байх нь чухал биш гэж би боддог. Зарим хүмүүс надаас УИХ-д байхдаа чи юу хийсэн юм гэсэн солиотой асуулт асуугаад байдаг. Би МАН шиг ажил хийгээгүй чадахгүй. АН –ын хэмжээнд ажил хийгээгүй, чадахгүй. Гэхдээ МАН –ын нэг гишүүний хэмжээнд гэж харвал би тэднээс 10 дахин илүүг хийсэн. УИХ-ын гишүүд төгөлдөр хуур тоглодог байсан шүү дээ. Бие биеийнхээ өмнөөс кноп дарж санал өгдөг байсныг би хууль санаачлуулаад хурууны хээгээр санал өгдөг болгосон. Гэх мэтээр яривал би хийсэн ажил ихтэй хүн. Ер нь улс төр бол багийн тоглолт байх ёстой.

Өнөөдөр геополитикийн асуудал маш ноцтой болж байна. Уул уурхайн асуудал хэцүү боллоо. Би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор орж хэллээ. Аж ахуйн нэгж байгууллагуудад татварын өршөөлийн хууль санаачилж өгөөчээ болохгүй бол би бичиж өгье гэж.

Аж ахуй нэгж байгууллагууд ковидын дараах эдийн засгийн хямрал буюу өрнөөс өрний хооронд явж, эдийн засгийн хувьд дампуурч байна. Нийгмийн даатгал, татвар, ажилчидынхаа цалинг хүртэл өгч чадахгүй байна. Ядуурал руу гүнзгий живж байна.

Татварын өршөөлийн хуулийг гаргах цаг нь болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч ковидтой тэмцэх засгийн газрын гол удирдагч байсан хүн татварын өршөөлийн хуулийг манлайлаасай гэж би бодоод байгаа юм. Мэдээж архи тамхи уул уурхай татварын гол орлого оруулдаг байгууллагууд дээрээ өршөөл үзүүлээд улсаа дампууруулж болохгүй л дээ. Жижиг аж ахуй нэгж буюу хоёр тэрбум төгрөгийн орлоготой аж ахуй нэгж компаниудыг өршөөлд хамруулах хэрэгтэй. МАН хийх гол ажлын нэг нь энэ. Би тухайлбал МАН-ын 65 дотор байсан бол их юм хийх байсан. Гэхдээ яахав бурхан зориуд тэдэнд илүү эрх мэдэл өгсөн юм байлгүй дээ.

-Та 2024 оны сонгуульд нэр дэвших үү?

О.Баасанхүү-Мэдээж зорилготой, төлөвлөгөөтэй, бодолтой байгаа учраас дэвших хүсэлтэй байгаа. Гэхдээ тэр үеийн нөхцөл байдал юу болохыг хэн ч таашгүй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад холимог тогтолцоогоор сонгууль явуулна гэж байгаа, гишүүдийн тоог нэмэх нь тодорхой болчихлоо, хүйсийн харьцаа 38:38 байх юм шиг байна. Гишүүдийн тоог нэмэх тал дээр ямар бодолтой байна вэ?

-Холимог тогтолцоог эрх баригчид зөвшөөрсөн. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэц дээр холимог байх ёстой гээд тогтоол гарчихсан юм билээ. Тоо нэмэх асуудал яригдаж байна гэж би ойлгосон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зохисгүй. Тоо нэмэхийн тулд МАН –ынхан өөрсдийн зовлонгоо АН-ын зовлон болгох гээд манай намын биеэ үнэлэх магадлалтай хэд хэдэн гишүүдэд захиалга өгчих вий л гэж санаа зовоод байна. Тийм учраас битгий тэр балай захилгыг нь аваарай гэж намын журмын нөхдүүдэдээ уриалаад байгаа юм. Яагаад вэ гэвэл МАН асуудлаа өөрсдөө дотроо шийдэх хэрэгтэй. Яагаад АН дундуур нь ороод дураараа аашлаад МАН-ын гар хөл болох ёстой гэж. Ард түмэн МАН-д та нар төрөөрөө тоглосон ч болно гээд тэдэнд 60 хэдэн суудал өгчихсөн шүү дээ. Гэтэл өнөөдөр ард түмэн “МАН болохгүй юм байна одоо л хариуцлага тооцъё” гэхээр АН ханьсаад байх юм. Хулгай хийхэд нь хүртэл ханьсаж болохгүй шүү дээ. Тэд л хулгайгаа хийг. Тэртэй тэргүй ард түмэн хулгай хийж болно гээд сонгочихсон МАН-ыг хаацайлах ямар ч шалтгаан АН-д байхгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img