АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг хүн төрөлхтний 50 жил завсарласны дараа сар руу дахин нисэх экспедицэд оролцох дөрвөн сансрын нисгэгчийг нэрлэжээ.
Кристина Кох ийм нислэгт оролцох анхны эмэгтэй, харин Виктор Гловер афроамерик сансрын нисгэгч болох юм. Тэр хоёроос гадна нисэх багийн бүрэлдэхүүнд Рид Вайзман, Жереми Хансон нар багтсан байна. 47 настай Рид Вайзман экипажийн дарга, Жереми Хансон нисгэгч, харин Кристина Кох, Виктор Гловер нар нэмэлт мэргэжилтнээр ажиллах ажээ. Канадын сансрын нисгэгч Жереми Хансоноос бусад нь АНУ-ын иргэд юм.
Уг дөрвөл хүн анх саранд хүрсэн 1968 оны “Аполло 8” сансрын хөлгийн нислэгийг үндсэндээ давтана. “Аполло 8”-ынхан сарны хаяагаар манай цэнхэр гариг аажмаар гарч ирэх “Earthrise” буюу “Дэлхийн мандалт” хэмээх алдарт гэрэл зургийг авсан билээ.
Сарыг зорьсон анхны экспедицүүдийг “Аполло” гэдэг байсан бол одоогийнход “Артемис” нэр өгсөн нь бас учиртай. Эртний Грекийн домогт Аполло бурхны дүү охиныг Артемис гэдэг байжээ.
Сар руу хүн нисгэх “Артемис 2” (Artemis II) хэмээх энэ удаагийн экспедицийн гол ялгаа, онцлог нь Америкийн сансар судлалын агентлагаас “Артемис” хөтөлбөрийн хүрээнд зохион бүтээж боловсруулсан XXI зууны шинэ технологийг ашиглах явдал. Үүнээс гадна “Орион” хөлөг онгоцыг анх удаа сансрын нисгэгчид жолоодон нисэх юм.
“NASA”-гийн захирал Билл Нелсон сансрын нисгэгчдийг танилцуулах ёслолд үг хэлэхдээ, “Рид Вайзман, Жереми Хансон, Кристина Хеммок Кох, Виктор Гловер нар мянга мянган хүний оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн “Артемис 2” төслийг эцсийн үр дүнд хүргэхээр сар руу нисэх гэж байна. Ингэснээр бид бүхэн олон жилийн турш нэг баг болон ажиллаж, хүн төрөлхтний сансар судлалд шинэ, “Артемис”-ийн эринийг нээж буйг энд мөн тэмдэглэе” гэжээ.
“Артемис 2”-ын нислэгийг 2024 сүүл юм уу 2025 оны эхэнд үйлдэхээр төлөвлөжээ. Тэр хүртэл сансрын нисгэгчид эрчимтэй бэлгтэл хийх юм байна.
Нислэгийн хөтөлбөрт саран дээр буух явдлыг тусгаагүй ч энэ нь дараагийн “Артемис 3”-ын сансрын нисгэгчдэд тэгэх боломж нээж өгөх зорилготой.
Өнгөрсөн онд Америкийн сансар судлалын агентлаг шинэ үеийн “Space Launch System” хэмээх тээгч пуужин болон дотор нь байрлах “Орион” сансрын хөлгийг амжилттай туршсан билээ.
“Артемис 1” төслийн хүрээнд эхлээд сансрын нисэгчгүйгээр сарыг тойрон нисгэсэн нь инженерүүдэд аппаратын ажиллах чадварыг бодитоор үнэлэх боломж олгожээ.
Харин “Артемис 2” экспедицийн хүрээнд сансрын нисгэгчид сарыг тойрон нисээд эх дэлхийдээ эргэн газардах юм. Үүнд 10 орчим хоног шаардлагатай гэж үзжээ.
Улмаар “Артемис 2” эх дэлхийдээ эргэн ирснээс хойш жилийн дараа саран дээр хүн буулгах “Артемис 3” экспедицийнхэн сансарт аялах аж. “NASA”-д одоогоор сансрын нисгэгчдийг сарны гадаргууд буулгах чадвартай аппарат байхгүй.
Гэхдээ тус агентлагийн захиалгаар тийм аппаратыг тэрбумтан Элон Маскийн “SpaceX” компани боловсруулж байгаа бөгөөд ойрын долоо хоногуудад эхний туршилт нь эхэлнэ. “SpaceX” компанийн туршилтыг нягт хянан шалгах “NASA” туршилтын бүх үе шат хугацаандаа амжилттай болно гэдэгт ихээхэн найдлага тавьж байна.
Сар руу хүн хамгийн сүүлд дээр хэлсэнчлэн 50 гаруй жилийн тэртээ, 1972 оны арванхоёрдугаар сард “Аполло-17” сансрын хөлгөөр ниссэн түүхтэй.