-Татварын ерөнхий газрын даргын эдийн засгийн сэтгүүлчидтэй хийсэн өчигдрийн уулзалтаас харахад татвараас зугатах, бултах үзэгдэл гаарсан бололтой юм. Цар тахал, геополитик, буруу бодлогоос болж нэгэнт хэцүүдчихсэн яваа хувийн хэвшлээ өндөр татвараар ачааллачихаар ийм үзэгдэл гаарчихав уу даа гэсэн бодол төрж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Улсын төсвийн орлого нэмэгдээд байгаа л даа. Анзаараад харахаар орлогын албан татвар бага, хамгийн гол нь НӨАТг АМНАТ-ын төлбөр гэх мэт элдэв хураамж нь өндөр байна лээ. Төсвийн орлогын нэмэгдэлд төгрөгийн ханшийн уналт нөлөөлж байгаа. Талх мянган төгрөг байлаа гэж бодъё. НӨАТ-т нь 100 төгрөг төлдөг байсан гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн хувьд талхны дундаж ханш 2000 төгрөг болчихсон. Тэгэхээр НӨАТ-т нь 200 төгрөг төлж таарна. Үүнээс гадна долларын ханш унаж, нүүрс, зэсийн ханш өссөн. Манайх АМНАТ, рояалти энэ тэрээ доллараар авдаг.
Долларын ханш 3000 байхад эдгээр хураамжийг төлөхөд нэг дүн гарна, доллар 3500 болоод өсчихөөр тэс өөр тоо гарна. Ийм байдлаар төсвийн орлого өндөр бүрдсэн нь нь Засгийн газарт “бүх зүйл сайхан болчихлоо” гэсэн буруу дохио өгч байна. Үнэнийг хэлэхэд компаниудын орлогын албан татвар сайн өсч өгөхгүй яваа. Шалтгаан нь тодорхой. Орлого муу байгаагийн л шинж. Эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлж буй хоёр зүйл бий. Нэг нь мал аж ахуй, нөгөө нь үйлчилгээний салбар. Малын тоо толгой өссөн гэдэг утгаараа мал аж ахуйд өсөлт гарсан. Гэхдээ энэ бол тийм сайн үзүүлэлт биш. Малын ашиг шим гэсэн ойлголтоор авч үзвэл дэлхийн дундаж 100 ам.доллар байхад манайх 30 доллар байдаг. Өөрөөр хэлбэл чанарын биш тооны өсөлт гарсан гэсэн үг. Үйлчилгээний салбар гээд харахаар бөөний болон жижиглэнгийн худалдаа л байгаа юм. Худалдаан дотроо юу өсчихөв гээд харахаад биет хэмжээгээр тэгтлээ өсчихсөн зүйл байхгүй. Бараа бүтээгдэхүүний гол урсгал явдаг төмөр замаар тээж буй ачааны хэмжээ уналттай байгаа.
Авто зам, агаарын тээвэр бага зэрэг өссөн харагдсан, гэхдээ онгоцоор тийм их бараа тээх боломжгүй. Ингээд харахаар гаднаас авч буй барааны биет хэмжээ өсөөгүй гэж ойлгож болно. Үнэ өссөн учраас нийт дүнгээрээ өсөлттэй харагдаад байгаа хэрэг. Энэ өсөлтийг дагаад төлөгдөх татвар өндөр гарах нь ойлгомжтой. Товчхондоо бид хөөсөрсөн өсөлт, хоосон тооноос татвар аваад байна.
-Эдийн засаг бодит утгаараа өссөн юм алга гэж үү?
-Голлох салбар болох барилга, уул уурхай уналттай явааг та мэдэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл яг жижиг, дунд бизнест ажиллаж яваа хүмүүст очих орлого буурчихсан. Тэтгэврийн хөгшний сард авдаг хэдийг махаар илэрхийлбэл хэцүү тоо гарна. Төгрөг үнэ цэнээ алдчихаад байна. Рестораны орлого өслөө гэж байна. Цэснийх нь үнийг харвал хоолны үнээ нэмсэн гэх ганцхан шалтгаан бий. Хоолны үнийн нэмэгдэл нь жирийн хүмүүсийн халаасыг нимгэлэхээс өөрөөр эдийн засагт үзүүлэх нэмэргүй нь тов тодорхой асуудал. Эдийн засгийг ямар нэг амьтантай зүйрлэвэл ямар ч шим тэжээлгүй зүйл өгөөд гэдсийг нь дүүргээд яваад байна л даа. За тэгээд орлогын татварыг өсгөчихлөө гэх мэтээр харахаар далд эдийн засаг руу түлхсэн зүйл их өрнөж байна. Нийгмийн даатгалын шимтгэл өсөхөөр хүмүүс гэрээ байгуулах арга руу шилжихээс өөр замгүй. Нийгмийн даатгалаа шударгаар төлөөдж явж байгаа олон компани ийм аргыг хүссэн хүсээгүй сонгож байна.
-Зарим эдийн засагч хувийн хэвшлээ дэмжихийн тулд татварын өршөөлийн хууль гаргах хэрэгтэй гэж ярьж байна. Тийм хэрэгцээ үүсчихсэн үү?
-Татварын өршөөлийн хууль гаргах нь зөв шийдэл байж мэднэ. Хувийн хэвшлийнхнээс өөрсдөөс нь шалтгаалахгүй маш олон зүйл өрнөлөө. Хятад, Америкийн худалдааны дайнаас үүдсэн хоригоос болж Хятадын экспорт унасан. Хятадынн экспорт унахаар манай экспорт дагаад уруудчихдаг. Дараа нь ковид дэгдэж, залгуулаад Орос, Украйны дайн өрнөсөн. Хувийн хэвшлээс үл хамаарсан геополитикийн эрсдэл асар өндөр байлаа. Үүнээс гадна хил боомтын нэвтрүүлэх чадвар маш муу хэвээр явсаар өнөөг хүрлээ.
Хилийн гацаанаас болж ачаа тээврийн үнэ асар ихээр өсч, 10 мянгаар авчирдаг жижиг чингэлэг 30, 50 мянга гэх мэтээр өссөн нь ойрхоны жишээ. Энэ мэтээр нийлүүлэлтэн дээр маш их саад учирсан учраас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цойлсон. Энэ бол компаниудын хувьд маш том дарамт. Зардал нь өсөхөөр үнэээ өсгөхөөс аргагүйд хүрдэг, үнээ өсгөхөөс зарагдахаа больчих гээд байдаг. Манай компаниуд ташраараа ийм асуудалтай нүүр тулсан. Ийм шалтгаанаар жижиг, дунд олон бизнес үүдээ хаачихлаа.
Ковидын үеийн нэг судалгаа бий. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан тэр судалгаагаар ажлын байраа хамгийн ихээр алдсан гурван улсын нэгд манай улс орсон. Гэхдээ энэ судалгааг гаргахад албан ёсны статистикийг баримталсан. Албан бус тоо сэлтийг харсан бол манай улс бараг нэгд жагсах байсан биз.
-Дотоодын эх сурвалжтай иймэрхүү судалгаа бий юу?
-Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны хамтарсан судалгаа бий. Эмэгтэйчүүдийн 85 хувь нь орлогоо, ажлын байраа алдсан гэсэн дүн гарсан. Эмэгтэйчүүдийн хувьд энэ байдал нь ковидын өмнөх үедээ очтолоо сэргээгүй яваа. Манай улсын ажилгүйчүүдээ тоолдог арга нь их буруу. Хоёр сар ажилгүйдлийн тэтгэмжээ авах хугацаанд нь ажилгүй гэж бүртгэчихээд хугацаа нь дуусангуут ажилгүй иргэдийн тооноос хасчихдаг. Гэтэл амьдрал дээр ажилгүйдлийн тэтгэмжээ авч дуусчихаад ажилтай болдог нь их цөөн. Хөдөлмөр оролцооны аргаар тооцвол эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь ажил эрхлэхгүй байгаа.
-Зарим эдийн засагч өнөө жил, ирэх оны эдийн засгийг өөдрөг төсөөлж байна. Азийн хөгжлийн банк өчигдөр бас иймэрхүү утгатай мэдээлэл өгсөн. Таны хувьд ямраар төсөөлж байна вэ?
-Статистикийн хувьд манай эдийн засаг тун аятайхан гарчих байх. Ковидын үеэр хил хязгаарлагдсан байсан. Тэр үетэй харьцуулбал нүүрсээ саадгүй экспортолж байна.
Эдийн засгийн өсөлттэй гэж харуулж буй ганц зүйл нь нүүрс. Нүүрсний экспортын орлого эдийн засагт шингэж чадах уу гээд харахаар их төвөгтэй асуудал. Сая офтэйк гэрээнүүдийн заримыг нь ил болголоо. Ил гаргасан гэрээнүүдийг харахаар 2027 он хүртэл 60 ам.доллараар гэрээлсэн байх жишээний. Ингээд харахаар нүүрс сайн гарч байгаа ч яг бэлэн мөнгө болж орж ирэх эсэх дээр асуудалтай болчихож байгаа юм.
Гаргасан нүүрс маань офтэйк гэрээгээр тавьсан өрөнд зарцуулагдаад байвал мөнгө орж ирэхгүй. Гэх мэт олон асуудал нүүрсний зах зээл дээр бий. Эдийн засаг статистикийн хувьд дажгүй байхын тулд зэс, нүүрсний үнэ өндөр байх ёстой. Зэсийн үнэ өндөр байх эсэх нь эргэлзээтэй болж байна. Дэлхийн эдийн засаг хөрж эхэллээ.
Америкт гэхэд саяхан хоёр банк дампуурлаа. Европын тухайд Credit Suisse дампуурснаас ялгаагүй боллоо. Банкны энэ хямрал цааш сэдэрвэл 2007, 2008 он давтагдахад бэлэн байгаа. Америк, Хятадын харилцаа сүүлийн гуч, дөчин жил байгаагүйгээр муудсаныг мартаж болохгүй. Үүнийг дагаад худалдааны зарлаагүй дайн өрнөсөөр байна. Хятадын эдийн засаг саарах эрсдэл байсаар байна гэсэн үг. Америкийн хэрэглээ багасвал Хятадын экспорт буурна, урд хөршийн экспорт буурвал манайх дагаад буурдаг зүй тогтолтой гэж би түрүүн хэлсэн. Ойрын зовлон гэвэл манай дотоод хэрэглээ маш сул байна. Тэгэхээр энэ жил, ирэх оны хувьд эдийн засаг яг чанар талаасаа сайн байх боломжгүй.
-Ямар арга, шийдэл ашиглавал арай дээрдэх бол?
-Ажлын байр бий болгох боломжтой салбар өчнөөн бий. Барилга, банк санхүү, ноолуур, боловсруулах үйлдвэрүүд гэх мэт. Харамсалтай нь энэ салбарууд маань хүнд суртал, татварын дарамтад орчихлоо.
Бизнесийг өмөөрдөг, засгийн эсрэг үг хэлдэг хүмүүсийг балбадаг албан ёсны троллуудтай болчихлоо. Босоо хөх Монгол гэх мэт бүлэглэлүүдээс эхлээд нэр бүхий мэдээллийн сайт хүртэл ийм үүрэг гүйцэтгээд явж байгаа нь нууц биш.
Бодлогын хүүг өсгөчихсөн. Бодлогын хүү өсгөнө гэдэг зээл өгөхийг хүчээр тасалж байна гэсэн үг. Эдийн засгийг хатааж байна л даа. Барилгын салбарыг сэргээх уг нь их амархан. Ипотекийн зээлээ сэргээчих хэрэгтэй. Гэтэл Монгол банк, Засгийн газар ипотекийн зээлээ бодлогоор унагаачихсан. Уг нь барилгын салбар сэргэчихвэл 100 мянган ажлын байр бий болгодог талбар.
Ноолуурын салбарын хувьд үйлээ үзэж байж баахан угаах үйлдвэр босгосон чинь түүхий ноолуур гаргаж болно гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргачихлаа. Ингээд л олон жил хамгаа барж зүтгэсэн хувийн хэвшлээ самраад хаячих жишээний. Улстөрчдийн зодооноос болоод мөрөөрөө хөрөнгө оруулж бизнес хийж явсан хүмүүс хохирчихож байна. Экспортын өсөлтөд ноолуурын, тэр дундаа самнасан, угаасан ноолуурын өсөлт маш өндөр байсан. Энэ өсөлт үгүй болж байна гэсэн үг.
Манай боловсруулах үйлдвэрүүд Өвөр Монголд байгаа үйлдвэрүүдтэй өрсөлддөг. Өвөр Монголын үйлдвэрүүд манай үйлдвэрүүдээс гурав дахин хямд цахилгаан хэрэглэдэг, бараг хүүгүй шахуу зээлийн дэмжлэгээр ажилладаг. Гэтэл манай улс боловсруулах үйлдвэрүүдээ НӨАТ, АМНАТ, цахилгаан, усны өндөр төлбөрөөр дарамталдаг. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрүүдээ АМНАТ, НӨАТ-аас нь чөлөөлчихвөл илүү эерэг, зөв шийдэл болно.
Тогтолцооны шийдэл яривал улсын төсвөө 76 хувааж цацдагаа болих хэрэгтэй. Хэн нэг улстөрчийг ахиж сонгуулахын төлөө ямар ч үр ашиггүй мөнгө зарлагаддаг жишиг өөрчлөгдөөгүй явсаар өнөөг хүрлээ. Төсвөөс ингэж хумсалсан их мөнгөний 60, 70 хувь нь Эрээн рүү гарчихдаг. Байгаа цөөхөн юань, доллараа л гадагш нь урсгаад байна гэсэн үг. Замын-Үүд, Гашуунсухайт гэх мэт “нарийхан хоолой”-гоор орж ирдэг барааны урсгалыг түгжрэхэд нөлөөлж байна.
Шуудхан хэлэхэд УИХ-д ахиж сонгогдох гэсэн цөөн хэдэн улстөрчдийн шуналаас болж инфляц өсч байна, төсвийн алдагдал ихэсч байна, юань ховордож байна, ачаа бараа саатаж байна. Хувийн хэвшлийнхэн маань өөрсдийнхөө төлөө дуугарах хэрэгтэй. Нэг нэгээр нь ардын дайсан болгоод байхад дуугүй сууцгаах нь буруу шүү дээ.