Х.Нямбаатар: Т.Бадамжунайн баривчилгаа бол авлигатай тэмцэх ажлын нэг хэсэг
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Иргэн Т.Бадамжунайн хувьд өөрөө албадан гаргахад татгалзахад татгалзах зүйлгүй, Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу процессийн урт ажлууд явагдсан. Ингээд өчигдөр шөнийн 01цагийн нислэгээр авчирлаа. АТГ баривчлах шүүхийн тогтоолыг сая мань хүнд танилцуулсан. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг мөрдөх байгууллага нь шийдэх байх. Засгийн газраас энэ жилийг авлигатай тэмцэх жил болгож, 5Ш ажиллагаа явуулахаар болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд бусад улс орнуудад оргон зайлсан хүмүүсээ буцааж авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлээд явна гэж ойлгож болно. Цаашид хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч иймэрхүү арга хэмжээнүүд авна. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Дансыг нь царцаана. Тодруулж хэлбэл ийм замаар амьжиргаатай холбоотой санхүүжилтээ Монголоос авах арга замыг нь таслах юм. Эдгээр хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ тавиад ажиллаж байна.
П.Хашчулуун: Тагнуулдаж баривчиллаа гэх шуугиан ард түмэнд үнэмшилтэй сонсогдох байх, мань мэтэд бол…
Өдрийн сонины Улстөр, гадаад мэдээллийн албаны дарга, нийтлэлч П.Хашчулуун: Т.Бадамжунай баригдахгүй зугтаагаад л, олж барих гэж Олон улс даяар эрж хайгаад л… Өнөөдөр төрд том жижиг албан тушаал хашиж бгаа МАН-ын бүх хүмүүс, бүх залуучууд Сөүл, Сингапур, Хонконг, Малайз… аль ч казинод Жунайтай байнги л уулзаж, ууж идэж, улс төр ярьж, тоглож наадаж өнөөдрийг хүргэж бгаа шүү дээ. “5Ш” ажиллагаагаа хүч оруулах гэж, амилуулах гэж… ер нь зөв бх л даа. Гэхдээ юун ХЗДХ-ийн сайд нь, АТГ-ын дэд дарга нь, ЭЦГ-ын дарга нь, тусгай ажиллагааны залуучууд авч очиж баривчилан авчрах вэ. Хэн нь ч очоод “За Жунай ах минь одоо Монголдоо очдоо, алийн болгон ингэж явах юм. Хагас жил байцаагдана биз. Тэртэй тэргүй Миеэ, Эби… хэн нь ч танд санаа оноо тавина” гэхчлэн яриад чөлөөтэй л бгаа шүү дээ. Жунайгийн хувьд Монголд ирэхээсээ алгуурлаад байгаагаас биш Монголын бүх л томчуултай холбоотой байж, хилийн цаана уулзахаараа хамт тоглож, нисэж өнөөдөрт ирсэнийг бүгд мэднэ. Сүүлийн хоёр өдөр Жунайг Сэбу хотын АТМ дээрээс тагнуулдаж оллоо, баривчиллаа гэж сэвлээ. Филиппиний аялал жуулал, зугаа цэнгэлийн ганц том хот болох Сэбуд манай томчууд өнөөдөр ч битүү л бгаа шүү дээ. Энэ бүхэн ард түмэнд бол итгэл үнэмшилтэй сонсогдох байх, мань мэтэд бол инээд хүрээд сууж бна шүү…
Редакцийн тайлбар: Хэвлэлүүдээр шуугиж буй өнгө, цацагдсан бичлэгээс анзаарахад МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Т.Бадамжунайг Филлипинээс эх оронд нь албадан авчирсан гэх өнцөг давамгайлж байна. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийнх нь хүсэлтээр авчирсан гэсэн тайлбар хэллээ. АТГ-ын хувьд авлигад нэр холбогдсон улстөрчдийг гадны улсаас авчирч буй анхны тохиолдол нь энэ. Ямартай ч хэвлэлийнхэнд тэр бүр найр тавьж олны анхаарал татсан асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөггүй ХЗДХ-ийн сайд, АТГ-ын дарга хоёр зэрэгцэж зогсоод АТГ-тай тэмцэх ажлаа сүр бараатай эхэлж буйгаа ийнхүү зарлав. Хэвлэлийнхнийг шууруулсан энэ шуугиан дүр эсгэсэн шоу болчихов уу, байгаа онилсон бодитой тэмцэл байв уу гэдгийн гол шалгуур бол ирэх өдрүүд. Засгийн газраас авлигатай зарласан дайны хүрээнд өрнөж буй 5Ш арга хэмжээ албан ёсоор эхэлсэн нь бодитой бол гаднаас баривчилж авчрах улстөрчдийн нэрс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголын төмөр зам-ын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал гэх мэтээр хөврөх учиртай.