2024-10-10, Пүрэв
-8 C
Ulaanbaatar

Ц.ГАНБОЛД: Газрын ховор элементээ экспортлоод жилдээ 2.1 тэрбум ам.доллар олох боломжтой байна

“Монгол газрын ховор элемент” ХХК-ийн захирал, газрын ховор элементийн судалгааны төслийн удирдагч Ц.Ганболдтой ярилцлаа.

-Газрын ховор элементийг баяжуулах, боловсруулах технологийг монгол эрдэмтэд хийсэн гэдэг бол тун таатай мэдээ. Энэ чиглэлээр хэчнээн жил дагнаж ажиллаж байна вэ?

-Газрын ховор элементийн судалгааны төслөө 13 жил хэрэгжүүлж ажиллаж байна. Ийм урт хугацаанд судалгаа хийсний эцэст газрын ховор элемент гаргаад авчихлаа. Шороо, чулуунаас 20 хувийн агуулгатай баяжмал гаргаж авсан. Баяжмалаасаа цэвэр бүтээгдэхүүн гаргаж авсан нь энэ байна (улаан хүрэн өнгөтэй нунтаг бүхий хуруу шил харуулав). Үүнийг 16 элементийн нийлбэр оксид гэдэг юм. Энэ бүтээгдэхүүнийг граммаар нь үнэлбэл маш өндөр ханштай.

-Та барьж буй нунтгаа илүү энгийнээр тайлбарлаач?

-Газрын ховор гэж нэрлэгдсэн 16 элемент байдаг даа. Энэ бол нийлбэр исэл нь. 16 элемент бүгдээрээ байгаа гэсэн үг.

-Газрын ховор элементийг уул уурхайн хаягдал шорооноос гаргаж авч байгаа гэж ойлголоо. Агуулга нь ямархуу гарч байна. Дэлхийн том лабораториудад шинжлүүлсэн үү?

Газрын ховор элемент-Манай төсөл 21 аймагт хэрэгжих боломжтой. Бүх аймагт судалгаа хийчихсэн. Дэлхийд алдартай лабораториудын нэг болох Бугатын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид шинжлүүлсэн. Судалсан газруудаасаа нэг ордыг сонгож шинжлүүлэхэд л маш өндөр агуулгатай гараад байна. Европий гэдэг элемент гэхэд л найман кг 800 грамм гарах жишээний. Европийгийн хувьд дэлхийн зах зээл дээр металл үнээрээ нэг грамм нь 1350 ам.доллар байдаг. Металл гаралтыг нь хамгийн багаар нэг кг гэж тооцъё. Үржүүлээд бодохоор нэг сая 350 мянган ам.доллар гэсэн том тоо гарч байна. Хятадын Бугатын лабораториос гадна Япон гэх мэт өндөр хөгжилтэй улсуудын лабораторид ч шинжлүүлсэн.

-Газрын ховрын бусад элемент бас өндөр үнэлгээтэй байх…?

-Тэгэлгүй яахав, маш өндөр үнэлгээтэй. Люцитий гэдэг элемент металлаараа нэг грамм нь 340 ам.доллараар үнэлэгддэг.

-Бүх аймагт төслөө хэрэгжүүлнэ гэхээр 21 баяжуулах үйлдвэр барина гэсэн үг үү?

-Тэгнэ. Жижиг үйлдвэр бариад явчих юм. 21 аймагт 21 үйлдвэр барих боломж бий. Бүх судалгаа нь хийгдсэн.

-Газрын ховор элементийн баяжуулах үйлдвэрүүд угаасаа жижиг байдаг уу, эсвэл та нар жижиг үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм уу?

-Хятад улсын газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлж байгаа уурхайнууд жоншных шиг жижигхэн. Гэтэл тэр төсөл нь үр ашгаараа Оюу толгой шиг мега төсөл байдаг. Жилдээ тэрбум ам.долларын баялгийг улсдаа оруулдаг юм. Газрын ховор элементээс 1.36 их наяд ам.долларын валютын урсгал Хятад руу орсон гэсэн 2014 оны судалгаа бий. Ийм том урсгалаас нэг тэрбум ам.доллар авчихад л манай улс дотоодын элдэв асуудлаа шийдчихнэ.

-Хятад руу экспортлох нь ээ?

-Тэгнэ. Урд хөрш рүү экспортолно. Хятад бол газрын ховор элементийн дэлхийн экспортын 97 хувийг 2009 он хүртэл хангаж ирсэн улс. Дэлхийн газрын ховор элементийн хэрэглээний 65 хувийг 2014 он хүртэл хэрэглэж байсан. Одоо энэ тоо 70 хувьд хүрчихсэн яваа. Урд хөрш дэлхийн уул уурхайн түүхий эдийн 80 хувийг авч, буцаагаад дэлхий рүү гаргадаг асар том зах зээл. Ер нь дэлхийн том бизнес эрхлэгчдийн хүсэл мөрөөдөл Хятадын зах зээлд гарах байдаг. Тэр чигийн судалгааны дүнгүүд ч цөөнгүй сонсогддог. Тийм ч учраас бид ийм том зах зээлийн бөөрөнд нь оршчихоод ядуу амьдрах учиргүй. Дахиад хэлэхэд Хятад улс газрын ховор элементийн дэлхийн экспортыг барьчихсан гүрэн. Үүнээс гадна дэлхийн газрын ховор элементийн гол хэрэглэгч гэдэг нь бидний хувьд том олзуурхал.

-Технологио энгийнээр тайлбарлах боломжтой юу?

-Технологийн нууц гэдэг утгаараа нарийвчилж ярих боломжгүй л дээ. Гэхдээ бүдүүн тоймоор хэлбэл уурхайн үйл ажиллагаанаас хэрэггүй гээд үлдсэн шороо, чулууг буталж тээрэмдээд, тодорхой хувийн агуулгатай баяжмал гаргана. Найм баяжигдаад гардаг. Ингэсний дараа найм тундасжуулна. Дараа нь шатаалт, химийн баяжуулалтаар орж цэвэр бүтээгдэхүүн гардаг юм.

-Найм баяжигдана гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Найман төрлийн баяжмал гарна гэсэн үг.

Судалгаа явагдаж буй нь.

-Таны ярилцлагын эхэнд хэлсэн 16 элементийн нийлбэр оксидыг Монголдоо ялгаж авах уу, эсвэл баяжмалаар нь экспортлох уу?

-Оксидоо эндээ ялгаж авч болно. Чадахгүй бол технологио зарна.

-Технологио давхар экспортолно гэж үү?

-Яг тийм. Технологио давхар экспортлох боломжтой. Биднээс технологи авсан компани үйлдвэрийнхээ баяжуулалтын шугамыг өөрчилж таарна. Тэгэхээр бид газрын ховор элементийн баяжмалаа арав, хорин жилийн турш урд хөршид нийлүүлнэ гэсэн үг.

-Экспорт хийгээд эхэлбэл хэчнээн ам.долларын орлого олох вэ, багцаа тооцоо сонирхуулаач?

-Эрдэнэтийн уурхай жилдээ 27-30 сая тонн хүдэр тээрэмдэж баяжуулаад 530 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг юм. Зэсийн баяжмал нь 23-25 хувийн агуулгатай. Нэг тонн зэсийн баяжмалаас 230-250 кг 99 хувийн агуулгатай зэс авна гэсэн үг. Тэгвэл манай төслийн хүрээнд гарах баяжмалын агуулга Эрдэнэтийнхээс илүү. 20-30 хувийн агуулгатай 16 элементийн нийлбэр оксид гаргах боломжтой. Зэс дэлхийн зах зээл дээр тонн нь 5000-6000 ам.долларт хэлбэлздэг. Тэгэхэд бидний гаргах бүтээгдэхүүний нэг грамм нь 1350 ам.доллараар үнэлэгддэг. Жилдээ нэг аймаг 100 мянган тонн баяжмал экспортоллоо гэж бодъё. Бид нэг тонн баяжмалаа Хятадын зах зээл дээр 1000 ам.доллараар нийлүүлэхэд Монголд жилдээ хоёр тэрбум 100 сая ам.долларын валютын урсгал орж ирнэ.

-Үйлдвэр барих аймгуудаасаа баяжуулалт хийх газрынхаа зөвшөөрлүүдийг авчихсан уу?

-Авсан байгаа. Жишээ нь, нэг газарт нь гэхэд сүйтгээд явчихсан есөн сая тонн шороо байна.

-Нэг үйлдвэр барихад хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

-Нэг үйлдвэр барихад таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

-Тус бүрдээ таван тэрбум төгрөгийн үйлдвэр барина гэхээр багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай болж таарах нь. Хөрөнгө оруулалт оруулах сонирхолтой компаниуд хэр байгаа вэ. Эрдэмтдийн баг арав гаруй жил судлаад технологио боловсруулчихсан болохоор хандах хүмүүс олон байна уу?

-Бидний хувьд 13 жил зүтгээд үр дүнд хүрчихлээ. Сонирхох хүмүүс цөөн ч гэсэн байна. Солонгос гэх мэт улсын компаниуд сонирхож, хөрөнгө оруулаад явж байгаа. Гэхдээ энэ төслийг цогцоор нь буюу 21 үйлдвэр барьж, газрын ховор элементийн экспортоос жилдээ хоёр тэрбум 100 сая ам.доллар олъё гэвэл том хөрөнгө оруулалт босгох шаардлагатай. Сонирхсон компаниуд хандах боломж нээлттэй байгаа.

-Уг нь эрдэмтдийнхээ судалгааны ажлын бодит үр дүнг төр засгаас бодлогоор дэмжиж хөрөнгө оруулалт татахад нь тусалбал зүгээр юм байна даа. Валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэдэг утгаараа Засгийн газраас дэмжлэг авчихмаар төсөл санагдаад байх юм. Засгийн газарт хандаж үзсэн үү?

-Сүүлийн үед засаг зүгээс газрын ховор элементийн талаар их ярьдаг боллоо. Энэ чиглэлийн судалгааг арав гаруй жил удирдсан хүний хувьд олзуурхаж л сууна. Би өмнөх Засгийн газруудад хэд хэдэн удаа хандсан. Мөнгөгүй гэсэн шалтгаан хэлээд хүлээж аваагүй юм. Хэрвээ Засгийн газраас хөрөнгө оруулалт хийвэл газрын ховор элементээ зарж олох ам.долларын ихэнх нь Монгол Улсад шингэж үлдэх давуу талтай. “Эрдэнэс Таван толгой”-н ашгийг энэ төсөлд зарлаа гэхэд иргэд 51 хувийг нь эзэмшихийг үгүй гэх газаргүй. Тэгж чадвал “Иргэн баян бол улс баян” гэдэг үг биеллээ олоход асуудал байхгүй. Улсаараа өрнөөс гарах ч асуудал биш.

-Манай улсын нутаг дэвсгэр бүхэлдээ газрын ховор элементийн нөөцтэй, нөөцийн тархалт нь жигд гэсэн таамаг дуулддаг. Үнэхээр тийм үү?

-Жигд тархсан байдаг. Хашааныхаа шороог ухаж шинжлэхэд л газрын ховор элемент гарч ирнэ. Газрын ховор элементийн дэлхийн нэг номерын орд Хятадад бий. Энэ орд 800 сая тонн хүдэр, 48 сая тонн оксидын нөөцтэй. Ордын үнэлгээ нь 18 их наяд ам.доллар. Ийм том орд Монгол Улсын хилээс ердөө 90-хэн км-т оршдог. Тэгэхээр тэнд байгаа тогтоц Монголд бий гэсэн үг. Тархацын хувьд жигд маягтай байгаа. Бүр Сэлэнгэд хүртэл байна. Хятад улс газрын ховор элементээрээ л хөгжсөн. Ойрхи Дорнод, Араб газрын тосны нөөцтэй бол Хятад улс газрын ховор элементтэй гэсэн үг хүртэл бий. Давтан хэлэхэд Монгол Улс ч газрын ховор элементийн асар их нөөцтэй.

-Танай судалгааны багт химийн салбарын ямар эрдэмтэд багтсан бэ?

-Д.Бурмаа, Г.Батдэмбэрэл, Л.Мөнхцэцэг гэх мэт олон эрдэмтэн ажилласан. Хүрээлэнгээс Л.Жаргалсайхан доктор бидэнд маш их тусалсан хүн. Д.Сангаа академичийг бас онцолж дурдах учиртай.

-Ухаалаг утас, компьютер газрын ховор элементийн үнэ цэнийг өсгөж байгаа. Сүүлийн үед цахилгаан машины хэрэглээ эрчимжих зүг рүүгээ орчихлоо. Тэр утгаараа газрын ховор элементийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ айхавтар өсөх байх аа…?

-Тантай санал нэг байна. Энэ улаан машин (зураг харуулав) 30 тоннын даацтай. Ямар ч шатахуун хэрэглэдэггүй. Ер нь цахилгаан машины хэрэглээ өссөөр байна. Ирээдүйд цахилгаан машин дэлхийн хэрэглээ болох нь тодорхой болчихлоо. Тэр хэрээр газрын ховор элементийн хэрэглээ огцом өснө. Газрын ховор элемент хэрэглэдэггүй зүйл гэж байхгүй. Гоо сайхны бүтээгдэхүүн, олон жилийн хөгжлийн түүхтэй газар тариалан, фермер, сансрын станц, приус машины батарей гээд тоочвол өчнөөн урт жагсаалт гарна.

-Газрын ховор элемент, уран, занар гэх мэт экспортлоод доллар болгох боломжтой ашигт малтмал манай улсад олон бий. Гэхдээ яагаад ч юм энэ чигийн ашигтай төслүүд хөдөлж өгдөггүй. Таны хувьд газрын ховор элементийг эрдэмтэдтэй хамтарч уйгагүй судалж үр дүнд хүрсэн байна шүү. Шантрах үе гарч байв уу?

-Шантрах байсан бол эхлэхгүй байсан. Хүн энэ орчлонд нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Улсдаа хэрэгтэй зүйл хийгээд буцахсан гэсэн бодол тээж явдаг хүмүүс олон бий. Би тэр хүмүүсийн л нэг. Судалгааны баг ахлаад газрын ховор элементийг судлаад, баяжуулж боловсруулах технологи гаргаж автлаа зүтгэсэн минь цаанаа ийм учиртай. Засгийн газар газрын ховор элементээ дэмжинэ гэж байна. Тэгэхээр бидний санаж бодсон төсөл ажил болчих байх аа.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img