Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай урд их хөрш БНХАУ-д дөрвөн жилийн дараа албан ёсоор дахин айлчилж байна. Эх оронд нь тэтгэврийн бодлогын шинэчлэлийг эсэргүүцсэн үймээн ид өрнөж буй ч тэрээр өнгөрсөн мягмар гаригт Бээжинд хөл тавьсан. Үүний сацуу Тайванийн Ерөнхийлөгч Цай Ивен АНУ-д гэнэт айлчилсныг БНХАУ эрс буруушаасан билээ. Иймээс ч өрнөдийн ертөнцийн түлхүүр тоглогчдын нэг болох Францын төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн нь Бээжингийн бухимдлыг бага зэрэг намжаасан болов уу.
Гэхдээ Эммануэл Макроны айлчлалын гол зорилт нь Европын төвд үргэлжилж буй Украины дайныг зогсооход илүү их хүчин чармайлт гаргахыг Бээжингээс хүсэх явдал байсан гэлтэй. Дэлхий даяар БНХАУ-ын дарга Си Жиньпинийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нэлээд дотно харилцаатай гэж үздэг учраас л тэр.
Иймээс ч Францын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзангуутаа, “ОХУ-ын Украинд өдөөсөн дайн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг хагаралд хүргэн дайсагнагч бүлгүүдэд хувааж болзошгүй. Ийм үед ОХУ-ын удирдлагыг ухааруулан сэнхрүүлж энхийн хэлэлцээр байгуулахад нөлөөлж чадна гэж танд ихэд найдаж байна. Угаасаа Бээжин Москвад нөлөөлж Украин дахь цус урсгасан дайныг зогсоох боломжтой” гэжээ.
Үүний хариуд БНХАУ-ын дарга, “ОХУ Украинтай аль болох хурдан энхийн хэлэлцээр хийхийг хүсч байна. Ер нь даяар дэлхийн энх тайвныг хамгаалахад БНХАУ, Франц хоёр улсын боломж ч, хариуцлага ч их” гэсэн юм.
Лхагва гаригт Бээжинд түүнчлэн Европын комиссийн дарга Урсула фон дер Ляйен хүрэлцэн ирсэн. Эммануэл Макрон БНХАУ-ын удирдлагатай хийх хэлэлцээрт нь оролцохыг урьсан учраас тэр ажээ.
Сүүлийн жилүүдэд БНХАУ ба өрнөдийн ертөнцийн орнуудын харилцаа илт муудсан тул Францын ерөнхийлөгчийн энэхүү айлчлал ихээхэн анхаарал татаж буй нь мэдээж. Тэгээд ч Бээжин ОХУ-ын Украин дахь түрэмгийллийг дэлхийн ихэнх улсын адил шууд буруушаахаас татгалзсан билээ.
Эммануэл Макрон өчигдөр Бээжинд түүнд зориулсан цэргийн сүрт жагсаалд оролцсоны дараа Си Жиньпинтэй хаалттай хэлэлцээр хийжээ. Тэрхүү хэлэлцээрийг Хятад, Францын аль аль тал “илэн далангуй, найрсаг” уур амьсгалд болсныг онцлон тэмдэглэсэн юм.
Дараа нь болсон хэвлэлийн бага хурал дээр Си Жиньпин, “БНХАУ Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээрийг эхлүүлэн зөрчлийг улс төрийн аргаар шийдэхийг эрмэлзэж байна. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэг болж буй үйл явдлалд хүлээцтэй хандах шаардлагатай” гэжээ. Үүнээс гадна тэрээр Украины дайнд цөмийн зэвсгийг хэрхэвч хэрэглэж болохгүйг онцолсон юм.
Уг нь Москвад Владимир Путинтэй уулзахдаа тэрээр, цөмийн зэвсэгтэй гүрнүүд бусад улс оронд цөмийн зэвсэг байрлуулахгүй байх тухай хоёр орны хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ. Гэвч төд удалгүй ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулах болсон тухайгаа мэдэгдсэн нь хачирхалтай.
Эммануэль Макрон хэвлэлийн бага хуралд хариу үг хэлэхдээ, Украин эзлэгдсэн хэвээр үед аюулгүй, тогтвортой Европын тухай ярьсны ч хэрэггүй гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон ОХУ тус байгууллагын үндсэн дүрмийг зөрчиж буй нь байж боломгүй явдал гэжээ.
Хоёр орны удирдагчийн хамтарсан хэвлэлийн бага хурлын дараа Европын комиссийн дарга Урсула фон дер Ляйен ганцаарчилсан хэвлэлийн бага хурал хийсэн. Эммануэл Макроныг бодвол тэрээр БНХАУ-ын талаар нэлээд хатуу байр суурьтай байлаа. Урсула фон дер Ляйен, “Хэрэв Бээжин ОХУ-д зэвсэг нийлүүлэх юм бол энэ нь олон улсын хууль дүрмийг зөрчин Европын холбоо, БНХАУ-ын харилцаанд ноцтой сэв суулгана.
Гэхдээ БНХАУ Украинд шударга энх тайван тогтооход зохих үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Шударга энх тайван гэж Украин эзлэгдсэн бүх газар нутгаа буцаан авч, ОХУ тус улсаас бүх цэргээ гаргахыг хэлнэ” гэсэн юм.
Тэрээр Си Жиньпинтэй уулзсаныхаа дараа түүнчлэн, тодорхой нөхцөл байдал, цаг хугацаа нь бий болоход БНХАУ-ын дарга Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй биечлэн уулзахад бэлэн гэдгийг дамжуулсан. Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын удирдагчтай хамт Гуанжоу хотод очиж, хоёр талын бусад албаны хүмүүсгүйгээр илүү дотно, хувийн яриа өрнүүлэх гэнэ.
Энд тэмдэглэхэд, хэвлэлийн бага хурлын үеэр Эммануэл Макрон БНХАУ дахь хүний эрхийн зөрчлийн талаар нэг ч үг ганхийгээгүй. Уг нь энэ сэдвээр л манай урд хөрш болон өрнөдийн ертөнц ихэвчлэн зөрчилддөг. Францын Ерөнхийлөгч, “БНХАУ-д элдэв сургамж, лекц уншсанаас хүндлэл үзүүлэх нь дээр” гэж хэлээд энэ эмзэг сэдвээс дипломат аргаар эвтэйхэн бултсан юм.