2024-10-15, Мягмар
-3.6 C
Ulaanbaatar

Хятад Оросын дунд хавчуулагдсан Монгол Улс шинэ хүйтэн дайн эхлэхээс эмээж байна

Их Британийн тоймчдын дунд нэр хүндтэй “The Conversation” сонины эрхлэгч Жо Адетунжи манай улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар ийн бичжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан хэлэхдээ, Орос, Хятад өрнөдийн орнуудтай, тэр дундаа НАТО-той илт хүйтэн харилцаатай болсноос үүдэн дэлхийд шинэ хүйтэн дайн эхэлж болзошгүйгээс тус улс эмээж буйг илэрхийлжээ. Тэрээр, “Энэхүү үйл явц гэр бүлийн салалттай зарим талаараа адил гэмээр. Эцэг эх нь салахад хүүхдүүд л хамгийн ихээр хохирдог шүү дээ” гэж зүйрлэн хэлсэн юм.

Орос, Хятадын дунд хавчуулагдсан далайд гарцгүй тус улс хоёр их хөрштэйгөө дайсагнахаас зайлсхийдэг нь мэдээж тодорхой. Тэгээд ч Монгол Улс эрчим хүчнийхээ дийлэнхийг Оросоос авдгаас гадна ихэвчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон зэс зэрэг ашигт малтмалын экспортынхоо ихэнхийг Хятадад нийлүүлдэг билээ. Тэгвэл Дэлхийн банк сүүлийн тайландаа, 1990-ээд оны эхээр олон намын улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжсэнээсээ хойш олон улсын тавцан дээр төдийгүй гадаад худалдаандаа уян хатан бодлого баримталсаар ирсэн Монгол Улс тогтвортой эдийн засагтай болж чадсаныг сайшаасан байна.

Тэрхүү илтгэлд, “Газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмалын асар их нөөцтэйн дээр хүн амын хувьд боловсрол сайтай Монгол Улс бүтцийн шинэчлэлээ одоогийн эрчээр үргэлжлүүлбэл хөгжлийн хэтийн төлөв байдал нь урт хугацаанд маш ирээдүйтэй харагдаж байна” гэжээ.

Хэдий тийм ч Украинд өрнөсөн дайн тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд Монгол Улсыг гадаад харилцаа, олон улсын худалдааны бодлогодоо илүү няхуур хандахад хүргэж байгаа юм.

Ардчилал руу зугуухан шилжсэн нь

1921-1990 онуудад Монгол Улс ЗХУ-ын толгойлсон эвслийн нэг хэсэгт багтаж байсан ч бүрэлдэхүүнд нь нэгдэн оролгүйгээр тусгаар тогтнолоо хадгалж чадсан. Гэвч тус улсын чөлөөт бус, төвлөрсөн эдийн засаг оршин тогтнохын тулд бараг бүхэлдээ Москвагаас хамааралтай байв.

1990-ээд оны эхээр коммунист тогтолцоо задран унасны үр дүнд тус улс ардчилал руу жигд, зугуухан шилжсэн юм. Монголын тухайн үеийн удирдагч Ж.Батмөнх ардчиллын төлөөх жагсаал цуглаан өрнөхөд, “Ямар ч нөхцөлд хүч хэрэглэж болохгүй. Цагдаа, цэрэг дайчлах огт шаардлагагүй. Үнэндээ тэр жагсагчид чинь бид бүгдийн л үр хүүхэд шүү дээ” гээд ардчиллын төлөө тэмцэгчдийг хүчээр нухчин дарахыг эрс эсэргүүцсэн юм.

Түүнийг 1990 онд огцорч, Монголын Ардчилсан холбоо гарч ирснээр Төв Ази дахь энэ улсад ардчиллын эх тавигджээ. 1993 оны зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн тогтолцооны олон улсын сангаас чөлөөтэй, шударга явагдсан гэж үзсэн юм. Тэрхүү сонгуульд ялалт байгуулсан П.Очирбатыг Монголын Ардын их хурлын тэргүүлэгчид дөрвөн жилийн хугацаагаар Ерөнхийлөгчийн албан тушаалд баталсан билээ.

Мөн шинэ Үндсэн хуулиараа парламентын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн гурамсан төрийн өндөрлөгтэй тогтолцоог баталсан ба хэдийгээр улс төрийн авлигын тохиолдлууд мэр сэр гарсан ч олон улсын ардчиллын мониторингийн “Freedom House” байгууллага эл улсын улс төрийн эрх, нийгмийн чөлөөт байдалд дээд үнэлгээ өгсөн юм.

Гэвч дөнгөж өндийсөн ардчилал тухайн үед нэлээд эмх замбараагүй болсон Орос болон улам бүр хүчээ авсан дарангуйлагч дэглэмтэй Хятадын дунд орших тул амаргүй байсан нь мэдээж. Иймээс хоёр том гүрнийг тэнцвэржүүлэх оролдлого хийх нь Монголын хувьд баримтлах гол бодлого болсон нь ч ойлгомжтой.

Ер нь Монголын гадаад бодлого эхэндээ “бүгдийг татан оролцуулах” зарчим дээр тулгуурлажээ. Тэр нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд аль болох олон түнштэй болох, тэр дундаа АНУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх явдал байсан юм.

Харин 2000 оноос хойш Монгол Улс аль нэг үндэстнээс хамаарахгүйн үүднээс “хүчний тэнцвэр” гэсэн бодлогыг үзэл баримтлалаа болгожээ. Үүний тулд Япон, Энэтхэг зэрэг Азийн стратегийн чухал орнуудтай ойртон түншилж, Оростой стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хамтарсан цэргийн сургуулилт хийж батлан хамгаалах салбар дахь харилцаагаа сэргээж, Хятадтай ч бат бэх харилцаагаа хадгалсаар ирсэн. Үүний сацуу АНУ-тай ч хоёр талын аюулгүй байдлын талаарх түншлэлээ бэхжүүлсэн билээ.

Хятадын Өвөрмонголын өөртөө засах оронд Монгол Улсаас илүү их монгол угсаатан оршин суудаг. Энэ.нь Монгол, Хятадын харилцааг хэдийнээс хүндрүүлсээр ирсэн юм. Өвөрмонгол дахь салан тусгаарлах бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвжих бүрийд Хятад, Монголын хооронд зөрчилдөөн үүсэх эрсдэл бий болдгийг ч энэ тэмдэглэх нь зүйтэй биз ээ.

Гуравдагч хөрш

Түүнчлэн Орос, Хятад хоёр ойртон дотносох тусам тусгаар тогтнолд нь аюултай гэж Монгол Улс болгоомжилдог. Иймээс ч ЗХУ задран унаснаас хойш Монгол Улс “гуравдагч хөрш” буюу ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг, зах зээлийн эдийн засагтай орнуудтай, тэр дундаа АНУ-тай бат бэх харилцаа тогтоох стратегийг баримталж ирсэн юм. Монголын “гуравдагч хөрш” гэсэн нэр томъёог анх 1990 оны наймдугаар сард тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер хэрэглэсэн билээ.

АНУ, Монгол хоёр 2019 онд харилцаагаа стратегийн түншлэл хэмээн албан ёсоор баталгаажуулж, аль аль тал 2022 онд Украинд болж эхэлсэн үйл явдлыг анхааралтай ажиглахдаа хоёр улсын хамтын ажиллагаагаа харилцан сонирхсон бүх салбарт эрчимтэй гүнзгийрүүлж, “нээлттэй агаар”-ын хэлэлцээр байгуулан хоёр улсын хооронд зорчигчдын тогтмол нислэг үйлдэх болно гэдгээ зарласан юм. Үүнээс гадна АНУ Монголын гуравдагч бусад холбоотнуудын хамт тус улс дахь “Хааны эрэлд” цэргийн хээрийн сургуульд тогтмол оролцсоор иржээ.

Аюултай цаг үе

Украины дайн Европ дахь геополитикийн нөхцөл байдлыг улам хурцатгасан. Иймд АНУ-Монголын Стратегийн түншлэлийн хамгийн сүүлд гаргасан хамтарсан тунхаглалд “маргааныг энхийн замаар, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй, тэр дундаа улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмуудыг хүндэтгэн хүч хэрэглэхгүйгээр энхийн замаар шийдвэрлэх ёстой” гэж онцолсон байна. Тэр тунхаглалд түүнчлэн “Украины сая сая иргэдийг зовлон зүдгүүрт хүргэсэн дайнд манай хоёр орны ард түмэн ихэд санаа зовниж байна” гэжээ.

гадаадМонгол Улс Орос Украин руу цэргийн хүчээр цөмрөн орсныг буруушаасан НҮБ-ын тогтоолыг дэмжилгүй түдгэлзсэн санал өгсөн юм. Гэвч өрнөдийн орнууд Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авсныг эсэргүүцэхээс татгалзсан билээ. Хориг арга хэмжээ Оросоос авдаг импортын барааны төлбөр гүйцэтгэхэд хүндрэл учруулсныг ч үл ойшоогоод шүү дээ.

Гэхдээ л Монгол Улс дэлхийн олон улс оронтой харилцаагаа сайжруулах маш их хүчин чармайлт гаргадаг боловч Оросоос ч, Хятадаас ч маш ихээр хамаарсан хэвээр. Өрнөдийн ертөнц Бээжин-Москва гэх тэнхлэгтэй дайсагналцсанаар шинэ хүйтэн дайн эхэлж болзошгүй төлөв байдал тус улсад томоохон “толгойн өвчин” болж байна.
Үүнтэй холбогдуулан Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан, дэлхийн улс орнуудын экс-удирдагчдын холбооны гишүүн Ц.Элбэгдорж “Time” сэтгүүлд 2021 оны дөрөвдүгээр сард ярилцлага өгөхдөө, “Надад манай улс ганцхан хөрштэй болсон юм шиг санагдах боллооо. Хятад, Орос Монголыг хүрээлсэн нэг улс шиг л болж байх шиг… Бид ардчиллаа авч үлдэхийн тулд өдөр бүр маш их сорилттой тулгарч буй ч оршин тогтнохынхоо төлөө тэмцсээр байна” гэж мэдэгдсэн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img