2024-09-15, Ням
16 C
Ulaanbaatar

Б.Амартүвшин: Солонгост сургууль төгсч ирээд, үйлдвэртээ цаас зөөдөг туслахаар ажиллаж эхэлсэн

 

NIO ROOM” буланд маань  шинэ үеийн бизнес эрхлэгч уригдлаа.  “Сэлэнгэпресс” компанийн гүйцэтгэх захирал Б.Амартүвшинтэй ярилцсан юм.

-“Сэлэнгэпресс” гэхээр танайхан Сэлэнгийн хүмүүс үү?

-Өвөө, аав маань Булганы Хутаг-Өндөрийн гаралтай хүмүүс. Булганы Хутаг-Өндөр сумын урдуур Сэлэнгэ мөрөн урсдаг. Хэвлэлийн пресс гэдгийг залгаад, компаниа эх Сэлэнгэ мөрний нэрээр нэрлэсэн юм билээ.

-Таны аав М.Болд энэ компанийг үүсгэн байгуулсан, та үе залгамжилсан компанийн захирал байх нь ээ?

-Тийм, хоёрдугаар үе дээрээ яваа гэсэн үг. Өвөө маань  089 дүгээр ангид насаараа цэргийн жолооч хийсэн хүн байдаг. Ээж маань хэвлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай  учраас аав, ээж хоёр маань 2002 онд цаасны худалдааны чиглэлээр компаниа үүсгэн байгуулсан.

-Анхны хэвлэлийн компаниудын нэг байх шүү?

-Эхний арван компаний нэг гэж болох байх аа.

-Хэвлэх үйлдвэрээс гадна олон чиглэлээр  ажилладаг байх аа?

-Манай үндсэн толгой компани “Сэлэнгэпресс” хэвлэх үйлдвэр, “Анд холдинг” хэвлэлийн цаас, түүхий эд материал, гадаад худалдааны чиглэлийн компани, “Анд паблишн” ном хэвлэн нийтлэх хэвлэлийн газар, “Анд Эс Пи спорт” оёдлын үйлдвэр, “Анд групп” барилга, барилгын материалын худалдаа, тээвэр. Мөн “Сэлэнгэпресс Фалконс” Монголын дээд лигийн хөлбөмбөгийн клуб зэрэг зургаан салбар компани ажиллаж байна.

-Бага нас чинь хэвлэлийн компанитай холбоотой юу, аавынхаа ажил дээр хэр ирдэг байв?

-Бага ангид байхаасаа хичээл тараад,  аавын ажил дээр ирээд, хичээлээ хийж суудаг. Хүмүүс ажиллаж байгааг хардаг. Эсвэл машиных нь ард суугаад, хичээлээ хийгээд, орой болтол явдаг  байлаа. Дунд ангид ороод, амралтаараа гар ажиллагаатай хэсэг дээр цагийн ажил хийдэг байсан.

-Аав, ээж тань өөрсдийгөө залгамжлах ёстой гэдгийг багаас чинь ойлгуулсан юм биш үү?

-Цаагуураа тэгж бодсон байх. Эхээс гурвуулаа л даа. Дээрээ нэг эгч, дороо нэг дүүтэй.  Манай эгч  Бээжингийн хэвлэлийн их сургуулийг төгссөн анхны монгол төгсөгч. Одоо гадаад худалдааны компаниа хариуцан ажилладаг. Айлын том хүү  болохоор багаас хэвлэлийн талаар ойлголт өгөөд, дунд сургуулиа төгсөөд, Солонгосын хамгийн том хэвлэлийн технологийн сургуульд явуулж байсан. Хэвлэлийн технологиор мөн л Монголоос анхны оюутан болж очиж  байв.

-Хэвлэлийн технологи гэхээр хэвлэх үйлдвэртэй холбоотой ажил уу?

-Тийм.  График дизайнаас эхлээд, хэвлэлийн цаас, хэвлэх машин, стандарт, будгийн харьцаа гээд бүх л зүйлс хэвлэлийн технологид ордог.

-Солонгост дэлхийн технологиор суралцсан байх. Яг дадлага хийх, төгсөж ирээд ажиллахад Монголд тийм технологи байсан уу?

-Тэнд зарим техник тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэнэ. Монголд ирэхэд зарим зүйлээрээ илүү ч юм байсан. Гэхдээ хойно яваа юм ч бий. Ерөнхийдөө гол гол зүйлс дэлхийн жишигт хүрсэн.

-Орчин үеийн хэвлэх үйлдвэр ямар төвшинд хүрсэн бэ?

-Хэвлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудын гол хөгжүүлж байгаа зүйл автоматжуулалт. Хүний гараар биш робот гар ажиллах жишээтэй.  2023 онд  Японы хэвлэлийн үзэсгэлэнд оролцоход үндсэн технологиуд ерөнхийдөө Монголын хэвлэлийн салбартай адилхан. Гол хөгжиж байгаа зүйлс нь автоматжуулалт буюу робот гар. Наалтны машин дээр автомат робот гар суурилуулан зогсолтгүй ажиллаж байх жишээтэй.  Ном наагдаад гараад ирэнгүүт нь зөөдөг робот машин  очоод, ачиж, дараагийн дамжлагад хүргэнэ.

Хэвлэх үйлдвэр тодорхой хэмжээгээр эрсдэлтэй гэж үздэг. Эрсдэлгүй, бүрэн автоматжсан үйлдвэр болгохыг дэлхийн том үйлдвэрлэгчид зорьж байгаа юм билээ.

-Зарим ном бараг уншиж дуусаагүй байхад хуудас нь салчихдаг. Тэр ямар учиртай вэ?

-Тодорхой хэмжээний зузаанаас дээш хуудастай номыг оёх технологитой. Оёсныхоо дараа наах учиртай.  Технологи зөрчиж, оёхгүй наачихвал хуудас салах асуудал үүснэ.

-Хуучин номоос  харшилдаг хүмүүс байдаг. Харшлах эрсдлийг бууруулах боломж байдаг уу?

-Манай Сэлэнгэпресс компани одоо үйлдвэрлэж байгаа номуудад буурцагнаас гаргаж авсан, үнэргүй, эко солонгос будаг ашиглаж байгаа учраас харшил өгөх эрсдэл байхгүй. Хуучны номуудын хувьд химийн элемент ихтэй байсан л даа.

Багадаа хэвлэх цехээр ороход будагны үнэр ханхалдаг. Хэдэн минут болоод гарахад хувцсанд шингэчихдэг байлаа. Одоо бол үнэргүй, эко болсон.

-Хэвлэмэл бүтээгдэхүүн улам л өртөг өндөртэй болж байна. Цахим шилжилтүүд хийгдэж байгаад санаа зовдог уу?

-Бидний санаа зовоосон асуудлуудын нэг л дээ. Гэхдээ хүн хэзээ ч ном уншихаа болихгүй гэдэгт итгэлтэй байдаг. Яагаад гэвэл утас, таблетнаас цахим ном уншихад нүдэнд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй. Цэнэглэх хэрэгтэй болно. Цахим номоо удаан хугацаанд хадгалахад хэцүү. Номонд бол нэг удаа мөнгө төлсөн бол илүү зардал гарахгүй. Дуртай үедээ гаргаад харна. Хэдэн ч хүн дамжуулаад уншчихна. Шинэ номын үнэрт дуртай хүмүүс ч байдаг шүү дээ. Цаасан ном удаан хугацаанд үнэ цэнээ хадгалж, зуун дамнан хадгалах боломжтой.

-Тийм шүү. Шинэ сонины үнэрийг шинэхэн  талхны үнэртэй зүйрлэдэг хүмүүс байдаг даа. Харин цаасан хэвлэл ой модонд халтай гэдэгт санаа тавьдаг уу?

-Цаасыг өөр зүйлээс гаргаж авахаар судалдаг хүмүүс байдаг юм билээ. Монголд аргалаас цаас гаргаж авах талаар судалдаг охин байсан. Японд сургууль төгссөн юм билээ. Би сонирхоод холбогдож үзсэн.

Дөнгөж судалгаа хийж байгаа учраас үйлдвэрлэлд нэвтрэх хараахан болоогүй.   Цаас үйлдвэрлэгчид модны орцоо аль болох бага байлгахад анхаарч л байгаа юм билээ. Жишээлбэл, Японд шохойн чулуунаас цаас гаргаж авдаг технологи гаргасан байна лээ.

-Өөрийг чинь хэд хэдэн мэргэжилтэй гэж сонссон?

-“Үй цай” сургууль төгсөөд, Хятадад сурч болох байсан ч Солонгостой хэвлэлийн технологийн чиглэлээр холбоо тогтоосон байсан. Хятадыг бодвол хөгжил нь илүү байсан учраас тэнд сурсан. Монголд ирж ажиллангаа  Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны ангид дипломатч мэргэжлээр  суралцсан. Үргэлжлүүлээд Бизнесийн менежментийн чиглэлээр МУИС-д мастер дүүргэсэн. Сурсан зүйлс маань одоо бүгд хэрэг болж байна.

-Хятад хэлний сургалттай сургууль төгссөн юм чинь унаган хятад хэлтэй гэж болох байх. Дээр нь Солонгост сурсан гэхээр олон хэлтэй юм аа?

-Яах вэ, солонгос хэл дээр их сургууль төгссөн учраас арай илүү. Хятад, солонгос хэлэнд зарим ойролцоо хэллэг байдаг. Хятад хэл сонсонгуут монголоор ярьж байгаа юм шиг ойрхон  сонсогдоод байдаг. (инээв)

-“Үй цай” төгссөн хүүхдийн хөгжилтэй яриа байдаг. “Ийм хэцүү хятад хэлийг яаж сурсан юм бэ” гэсэн чинь “Мэдэхгүй ээ, багшдаа загнуулаад саваадуулаад явж байсан чинь нэг мэдэхэд сурчихсан байсан” гэж л дээ.

-Хятад кинон дээр ч харагддаг шүү дээ. Хятад эцэг, эхчүүд ч хүүхдээ тэгж шийтгэдэг. Тэр аргаараа л шийтгэдэг  шиг байгаа юм. Би ч нэг их айхавтар хөдөлгөөнтэй байгаагүй. Гэхдээ ганц нэг хэрэг хийнэ ээ. Арван жилд байхад өглөө нэг хэсэг хоцорчихдог байлаа. Хоцорч очоод, сургуулийн  үүдэнд сууж байсан чинь Д.Цэцгээ багш “Амартүвшин хоцордог л болохоос биш хөөрхөн хүүхэд байгаа юм” гэсэн нь мартагддаггүй.

– Хичээл хийгээгүй бол шийтгэдэг тэр хатуу дэглэмийг аав, ээж чинь яаж хүлээж авдаг байв?

-Манай аав, ээж хоёр бол ерөнхийдөө дэмждэг. Би даалгавраа хийгээгүй бол орой нь унтахгүй. Заавал хийчихээд унтдаг байсан юм. Зуны амралтаар хүүхдүүд даалгавраа хийхгүй явж явж байгаад тулгачихдаг шүү дээ. Арав, 14 хоног үлдчихээр  өдөр, шөнөгүй даалгавраа хийдэг байсан.

-Монгол хүүхэд, хятад сургуульд сурсан, үргэлжлүүлээд Солонгост сурахад соёлын шоконд ордог байв уу?

-Азийн орнууд учраас харьцангуй гайгүй. Солонгост нэг насаар ах байсан ч хүндэлнэ. Тэрэнд эхэндээ дасахгүй байсан. Монголд нэг, хоёр ах бол найз гээд явдаг. Харин сүүлдээ  дасаад,  Монголд ирчихээд тэрнээсээ гарч чадахгүй. Бөхийх гээд байдаг. Нэг нас ах, эгч бол ах аа, эгч ээ гэчих гээд байсан.

-Солонгос, хятадын сургалтын арга барилын ялгаа мэдрэгдэв үү?

-Хятад оюутан, сурагчид мэрийлттэй яг таг зарчимтай, солонгосчууд арай чөлөөтэй, холимог системтэй юм шиг санагдсан. Хэт диктатуртай биш хэт чөлөөт бус. Хичээлээр шахдаггүй.

-Хэзээнээс Сэлэнгэпресст ажиллаж эхэлсэн бэ?

-Солонгост сургууль төгсч ирээд, 2016 оноос эхэлж ажилласан.  Хэвлэх үйлдвэртээ цаас зөөдөг туслахаар ажиллаж эхэлсэн. Сонгууль билүү сурах бичиг хэвлэгдэх үе байлуу. Нэлээд ачаалалтай байсан. Дараагийн ажил нь охин компани болох сүлжээ хоолны газар  шинээр нээх гээд төслийн багт туслах менежер болж байв. Үргэлжлүүлээд Сэлэнгэпресс компаний дэргэдэх “Сэлэнгэпресс Фалконс” гээд Монголын дээд лигийн хөл бөмбөгийн багийн менежер болсон.

-Спортоор хичээллэдэг байсан уу, хөл бөмбөг хэр их тоглодог байв?

-Багаасаа хөл бөмбөгт дуртай, тоглодог байв. Дунд ангидаа хөгжим тоглож сураад, хамтлагт орж, хөл бөмбөг тоглохоо больсон. Аав хөл бөмбөгчин. Насаараа хөл бөмбөг тоглосон. Өөрийн сонирхол хүслээрээ “Сэлэнгэпресс Фалконс” хөлбөмбөгийн клубыг байгуулан тасралтгүй 20 жил ажиллаж, дээд лигт 15 жил тоглож байгаа шилдэг клубуудын нэг юм.

Хөл бөмбөгийн клубтээ ажиллах явцдаа тамирчид Хятад, Эрээнээс томдож жижигдсэн бэлэн хувцас авдаг. Тухайн үед манайд япон тамирчин байсан. Метр 60-тай тамирчин томдсон футболк, шорттой явахад нь “Яагаад  хүнд нь таарсан гоё хувцас хийж болдоггүй юм” гэж бодогдсон. Тэгээд анх SP SPORT брэндийнхээ санааг олоод, 2018 онд эхлүүлж байлаа. Манай оёдол сайн учраас ханзрахгүй. Спортын зориулалттай амьсгалдаг материалыг нь оруулж ирдэг л дээ.

-Тамирчдаас гадна хүүхдэдээ биеийн тамирын хувцас авахыг хүссэн хүмүүс танайд ханддаг уу?

-Албан байгууллага, дотоод спортын тэмцээн эсвэл хүүхдүүддээ анги хамт олноороо хийлгэе гэсэн захиалга ирдэг. Тухайн хүнийх нь биенээс хэмжээ аваад зориулаад хийж өгнө гэсэн үг. Оёдлын салбарын хүмүүс биш учраас эхлээд даавуугаа, тоног төхөөрөмжөө ойлгоод, туршлага хуримтлуулаад, зах зээлд таниулж эхэлсэн нь сүүлийн хоёр, гурван жил. Ковидын жилүүд таарч, албан ёсоор компани болоод жил гаруй л болж байна.

Эрэлт бол бий. Нэг хэсэг бүгд урагшаа захидаг байлаа. Монголчуудын хандлага “Үндэсний үйлдвэрлээ дэмжье” гэдэг болсон. Захиалга өгөх нь нэмэгдэж байгаа.

-Хүмүүс бэлэн юман дээр гарч ирсэн, эцэг эхийнхээ зассан замаар явсан хүн л гэж хүлээж авдаг байх. Бэрхшээл учирч байв уу?

-Хүмүүс тийм өнцгөөс хардаг л даа. Намайг туслах ажилтан байхдаа “Хичээж ажилладаг, хэлээгүй байхад хийчихдэг байсан” гэж хамт ажиллаж байсан хүн маань ярьдаг. Өдий зэрэгт хүрсэн ажлыг унагаж болохгүй, дээш нь ахиулах ёстой гэж хичээдэг. Аав, ээжээсээ маш их зүйлийг сурч байна. Түр хугацаанд ажиллаж байгаа хүн биш болохоор тэнд надад хамааралгүй асуудал гарсан ч оролцдог, бүгдийг зохицуулахыг хичээдэг. Нэг хүн ажлаа орхиод явчихлаа гэхэд орлох дараагийн хүн орж ирээгүй бол өөрөө тэр дор нь суралцаж эхлээд, ажил зогсоохгүй үргэлжлүүлэх удаа олон байсан.

Оёдлын үйлдвэр дөнгөж  эхлүүлж байхад цалингаа тавьж чадахгүй, борлуулалт муутай үед үндсэн компанидаа ажиллаад авсан цалингаа ажилтнуудынхаа цалинд нэмэрлэж, гэртээ харих таксины мөнгөгүй алхаад харьсан удаа бий.

Бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрөө хийж үзүүлээд, манлайлж чадна гэдгээ харуулах хэрэгтэй болдог.

-Таны нэг өдөр  яаж өнгөрдөг вэ?

– Охин маань дөнгөж цэцэрлэгт орсон.  Охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа ирдэг.  Тогтсон хурлууд байдаг. Үйлдвэрийн юм уу удирдлагын багийн хурлуудад суудаг.  Гадаад харилцаагаа давхар хариуцдаг, түүхий эд, сэлбэг хэрэгсэл захиалахад оролцоно.   Мэдээж үйлдвэрээр тойрно.

Ерөнхийдөө есөөс арван цагийн үед ажил эхлээд, орой ажлын ачааллаас шалтгаалаад 18-20 цагийн хооронд  дуусдаг. Зарим үед 21 цаг  хүртэл ажиллана.

-Хаанаас эрч хүч авдаг вэ?

-Хөл бөмбөгийн тоглолт үзнэ. Тоглолт үзэж байхдаа сэтгэлээр унаж, өгсөх үе олон.

-Хэвлэлийн газартай захирлын хувьд хэр их уншдаг вэ?

– Унших сонирхолтой. Мэргэжлийн холбогдолтой номууд унших дуртай. Уншна гээд гучаад шинэ ном харж байгаад авчихсан байгаа. Зарим номууд маань намайг уншихыг хүлээгээд байж байна. Уншиж байгаа номоо  цүнхэндээ байнга авч явдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img