Монгол Улсын Шинжлэх ухааны академи Говь-Алтай аймгийн ЗДТГ хамтран “Говь-Алтайн хөгжлийн шинэ гарц” эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг /2023.04.08/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгаас төрөн гарсан акадeмич, эрдэмтэд, доктор, профeссоруудаас бүрдсэн 100 орчим эрдэмтэн судлаач оролцож, нутгийн хөгжил, хөгжлийн шийдлээр санал солилцож, илтгэл хэлэлцүүлээ.
Эрдэмтэн судлаачдын хэлэлцсэн гол сэдэв нь Говь-Алтай аймгийг хөгжүүлэх хөгжлийн гарц юу байж болох тодруулбал, малчдыг хэрхэн чинээлэг амьдралтай болгох вэ, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн өсгөх вэ гэдэг асуудлыг хөндсөн юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ШУА хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төрийн өмчит их сургуулиудын төлөөлөл болон “Мандах” их сургууль хамтран зохион байгуулав. Хурлын зорилго нь
МАА-н гаралтай түүхий эдийг гүн боловсруулдаг үйлдвэрийг Говь-Алтай аймагт байгуулах, түүний ТЭЗҮ-г боловсруулах, мөн Говь-Алтай аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад эрдэмтэн судлаачдыг татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм.
Энэ ажил биеллээ олсноор Говь-Алтай аймгийн ард иргэд цаашлаад Монгол Улсын ХАА-д оруулж байгаа томоохон хувь нэмэр, үлгэр жишээ болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
“Говь-Алтайн хөгжлийн шинэ гарц” эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Бид сүүлийн 30 гаруй жил төлөвлөгөө гэдэг юмнаас цэрвэж ирснийхээ горыг одоо маш сайн амсаж байгаа. Төлөвлөгөө гэж ярихаар социализм гэж ойлгодог, энэ үзэгдэл Монголд одоо улам нэмэгдээд байгаа. Социализм бол төлөвлөгөөтэй байсан. Капитализм тэрнээс илүү төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ цаг үед Говь-Алтай аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөө шинжлэх ухааны үндэслэлтэй гаргая гэсэн санаачилга гаргаж байгаа нь цоо шинэ хандлага боллоо” хэмээн онцлов.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Сүүлийн 30 жилд Говь-Алтай аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухаанд тулгуурлаж, хөгжлийн төлөвлөлт гаргасан газар харагдахгүй байна гэж хэлж болно. Тэр дундаа манай Говь-Алтай аймгийн хувьд сүүлийн 30 жилийн турш байгаа оноогүй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хүндээ чиглэсэн хүнийхээ эрүүл мэнд боловсрол, орлоготой байх тал дээр хөрөнгө оруулалтыг төдийлөн хийсэнгүй. Тиймээс бид бүхэн ШУА болон Говь-Алтай аймгийнхаа нийт эрдэмтэн судлаачидтай хамтраад аймгийнхаа урт хугацааны төлөвлөлтийг хамтран гаргая. Шинжлэх ухаанчаар төлөвлөлтөө гаргая гэдэг зорилгоор өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Бид Говь-Алтай аймгийнхаа 8000 гаруй малчдыг хамтарсан үйлдвэртэй болгохыг зорьж байна. Өнөөдөр Монгол Улс даяар малын гаралтай түүхий эд боловсруулдаг үйлдвэр алга. Төр засгаас үйлдвэр бариад өгчих юм шиг сэтгэж, хүлээсээр өнөөг хүрлээ. Одоо бид өөрсдийнхөө амьдралын төлөө зүтгэх цаг нь ирсэн. Малчид маань өөрсдөө нийлээд малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй болохоос өөр замгүй юм байна гэдгийг ухаарсан. Энэ үйлдвэрийг барьж байж бид өнөөдрийн ХАА-г хөгжүүлж, малчид сайхан амьдрах байна гэдэг санаачилга гаргаад явж байгаа. Энэ санаачилгыг ажил хэрэг болгохын тулд ТЭЗҮ хамгийн чухал. Энэ талаар эрдэмтэн судлаачдаасаа дэмжлэг авч байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.