Орпа охин АНУ-ын Миссисипи мужийн Костюшко хотхонд 1954 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ. Тиймээ, ирээдүйн түүнд эхлээд библийн сударт гардаг Орпагийн нэрийг өгсөн аж. Эртний ховор энэ нэрийг ойр дотныхон нь буруу дуудсаар Опра гэгдэх болжээ.
Гэвч боловсролгүй, ажилгүй арваннаймхан настай ээж нь хүүхэд төрүүлсэндээ баярласангүй. Тэр үед Опрагийн эцэг армид цэргийн алба хааж байсан тул тэрээр дөнгөж төрсөн охиноо ээж дээрээ орхиод ажил хайхаар оджээ. Ийнхүү Опра эмээгийн охин болсон аж.
Чухам эмээ нь түүнийг хоёрхон настайд нь уншиж, бичиж сургажээ. Тэгэнгүүт Опра библийн судраас уншсанаа хотхоныхоо сүмд цугларсан иргэдийг уяртал нь ярьж, “бяцхан номлооч” нэр авсан байна.
Эмээ нь хэдийгээр түүнийг халамжилдаг ч хатуу гараар хүмүүжүүлжээ. Өчүүхэн алдаа гаргахад л олсоор ороолгодог байсан гэнэ. Гэвч эмээтэйгээ өнгөрүүлсэн он жилүүд түүний бага насанд тохиосон хамгийн намуухан, аз жаргалтай үе нь байв.
Опраг зургаан нас хүрэхэд Америкийн хойд зүгийн Милуоки хотын хар арьстнуудад тусгайлан зориулсан гетто хотхон руу нүүсэн ээж нь түүнийг өөр дээрээ авчээ. Тэнд очоод Опра хоёр охин дүүтэй болсноо ч мэдэж. Эмээгийнхээ хүмүүжлийг мартаагүй тэрээр элдэв цуглаан, яруу найргийн тэмцээнд оролцовч гетто доторх амьдрал ямар олиг байх вэ.
Есөн настайдаа тэрээр үеэл ахдаа хүчиндүүлэв. Үеэл ах нь болсон явдлыг хэнд ч бүү хэл гээд түүнд ганц зайрмаг л авч өгчээ. Опра энэ тухай хожим дурсахдаа, “Хөлийг минь даган цус урссаар байхад тэрээр намайг дагуулан дэлгүүр орж надад зайрмаг худалдан авч өгсөн юм” гэжээ. Гэвч үүгээр бүх юм зогссонгүй. Ах нар нь, тэдний найз нөхөд нь, тэр ч бүү хэл нагац ах нь түүнийг удаа дараа хүчинджээ.
Иймд аймшигт амьдралаа түр зуур боловч мартахын тулд Опра хар тамхи хэрэглэж эхэлсэнд гайхах зүйлгүй биз ээ. Арвангурван настайдаа жирэмсэн болсон тэрээр ээжээсээ мөнгө хулгайлаад аав руугаа зугтсан аж. Аавындаа очоод амиа хорлохын тулд цэвэрлэгээний бодис уужээ. Хордлогын улмаас тэрээр зулбасан байна.
Энэхүү эмгэнэлт явдлаар түүний амьдралын хар үе дууссан гэлтэй. Түүний аав эмээ шиг нь хатуу шаардлагатай ч охиндоо маш их итгэж, “Чи өөрийнхөө тухай боддогоосоо хавьгүй илүү шүү. Улам ч мундаг болно” гэж хэлэн урмаар тэтгэдэг байжээ. Үүнээс гадна аав, охин хоёр хамтдаа байнга номын сан орно. Тэгэхдээ аав нь Опрад өдөр бүр таван шинэ үг сурахыг даалгадаг байсан гэнэ.
Тэрээр дунд сургуульд байхдаа л телевизийн хөтлөгч болохоор шийджээ. Тэр үед энэ нь хар арьст хүмүүс мөрөөдөж ч зүрхэлдэггүй, хэзээ ч биелшгүй мэт зорилт байв. Гэвч Опра бууж өгөөгүй.
Эцэст нь тэрээр 19 насандаа “CBS” телевизийн мэдээний хөтлөгчийн туслах болжээ. Ийм албан тушаалд түүнээс өмнө нэг ч хар арьст эмэгтэй дэвшиж байсангүй. Энэ нь түүний гайхамшигт карьерын дөнгөж эхлэл байв.
22 настайдаа тэрээр Балтимор хот дахь “АВС” телевизийн үдшийн нэвтрүүлгийн хөтлөгч болжээ. Гэвч түүнд атаархсан мэргэжил нэгтнүүдийнхээ хэл аманд өртсөнөөр рейтинг чансаа хамгийн муутай өглөөний “Балтимор ярьж байна” нэвтрүүлэгт шилжсэн аж. Гайхалтай нь ганцхан сарын дотор тэр нэвтрүүлгийн үзэгчдийн тоо эрс нэмэгджээ. Залуу хөтлөгчийн чадварыг Чикаго дахь “АВС” телевизийн салбар анзаарч мөн л өглөөний “AM Chicago” нэвтрүүлгийн нэр хүндийг өргөхийг даатгасан аж. Сарын дараа л тэр нэвтрүүлэг Чикагод үзэгчдийн тоогоор тэргүүлсэн юм. 1986 онд “AM Chicago” нэвтрүүлэг “Опра Винфрийн шоу” гэж нэрээ өөрчлөн АНУ даяар цацагдах болсон түүхтэй.
Тэр цагаас л хар арьст эмэгтэй хөтлөгчийн нэвтрүүлгийг АНУ-гаас гадна дэлхийн 64 оронд шимтэн үзэх болсон юм. Хэдхэн жилийн дотор л Опра Винфри АНУ-ын хамгийн баян, хамгийн алдартай хар арьст эмэгтэй болж чадсан билээ. Гэвч тэрээр тайвшраагүй. 1988 онд Опра Винфри Чикагогийн нэгэн кино студийг 20 сая доллараар худалдан авчээ. Мөн албан хаагчдынх нь 70 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэх “Harpo Productions” (Oprah гэх өөрийн нэрээ тонгоруулан бичжээ) хэмээх аварга том мультимедиа компани байгуулсан юм.
Хувийн амжилттай бизнестэй болсон тэрээр 2011 оны тавдугаар сарын 25-нд сүүлчийн буюу 4561 дэх удаагаа “Опра Винфрийн шоу”-гаа хөтөлжээ. 25 жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсан тус нэвтрүүлгийн нууц нь юунд байсан нь сонин. Опра Винфрид хориотой сэдэв байсангүй, түүний студид Ерөнхийлөгчид, зохиолчид, тэр ч бүү хэл порно киноны жүжигчид, неонацист үзэлтнүүд оролцож байв. Нэвтрүүлэг бүрийг нь үзэгчид баяр наадам мэт хүсэн хүлээж, Опра Винри ч үнэхээр баяр наадам болгож чаддаг байсан нь мэдээж. Нэгэн нэвтрүүлэгтээ тэрээр студид уригдсан 300 үзэгч бүрт цоо шинэ “Pontiac” автомашин бэлэглэн дуулиан тарьж байв.
Тэрээр нэвтрүүлэгтээ олны танил хүмүүсээс гадна энгийн хүмүүстэй ч хөөрөлддөг нь шүтэн бишрэгчдийнх нь тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ хамгийн гол нь сэтгэлийн асар их хөдөлгөөнтэйгөөс гадна чин сэтгэлээсээ ярилцдаг нь сая сая үзэгчдэд таалагдсан биз ээ. Ямар сайндаа л Америкийн телевизэд “Опрагийн үр нөлөө” гэсэн нэр томъёо гарах вэ.
Маш хүнд бага насыг туулсан, гойд сайхан гадна төрхтэй биш ч өөрөөрөө байж чаддаг хүчирхэг эмэгтэй тэрээр олон мянган эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж амжилтад хүргэсэн гэдэг. Опра Винфригийн нэвтрүүлэг телевизийн “Оскар” гэгддэг 48 “Эмми” шагнал авснаас гадна түүнийг гурван тэрбум доллартай хур баян эмэгтэй болгосныг эцэст нь тэмдэглэе.