2024-12-05, Пүрэв
-8 C
Ulaanbaatar

Газрын ховор элементийн МОНГОЛ АМБИЦ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сүүлийн айлчлалуудын тоймыг анзаарах нь ээ гуравдагч хөршүүд нэг л зүйлийг сонирхож байна. Тэр нь газрын ховор элемент. Өмнөд Солонгосоос газрын ховор элементийн судалгааны төв байгуулах санаа хүртэл тавьсан. Украйн Оросын асуудал дэлхийн геополитикийг тэр чигт нь өөрчилж, дараагийн хүйтэн дайн эхэлсэн гэх үгийг шинжээчид давтамжтай хэлэх болсон энэ үед АНУ тэргүүтэй улсууд газрын ховор элементийн төлөө нэгдье гэж бусдыгаа уриалаад эхэллээ. Үүний цаана нэг том шалтгаан бий. Хятад, Оросын бодлого дэлхийг сандаргаж эхэлсэн учраас хүчирхэг гүрнүүд ийм нэгдэл яриад эхэлсэн хэрэг. Бүр тодруулъя. Хүн төрөлхтний маргаашийг гар утас, нөүтбүүк, цахилгаан машин, эко хөгжилгүйгээр төсөөлөх аргагүй болсон учраас, энэ бүхнийг газрын ховор элементгүй бол бүтээж чадахгүй учраас, газрын ховор элементийн ихэнх нөөц, боломжийг өнөө гар барилцсан хоёр гүрний нэг атгаж суугаа учраас Азийн Монголыг гуравдагч хөршүүд өөрөөр харж эхэлсэн хэрэг. Тийм учраас Жо Байден Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр онгоцноосоо буунгуутаа “Самсунг” компанийн байрыг зорьж очиж, Газрын ховор элементийн нэгдэл байгуулах яриа үүсгэсэн юм.

Газрын ховор элементийн баялаг нөөцөөрөө дэлхийн анхааралд орчихсон урд хөршийн тухайд энэ төрлийн ашигт малтмалын ихэнх нөөц нь Өвөр Монголд бий. Манай улс газрын судлаараа ойрхон бүс гэдэг утгаараа газрын ховор элементийн нөөц ихээр илэрч болох өндөр магадлалтай орон.

Дахин онцлоход энэ давуу тал маань гуравдагч хөршүүдийн овоо хараанд орчихсон, Монголыг “моод”-ноос гаргахгүй яваа. Газрын ховор элементийн хэд хэдэн илэрц, ордтой Азийн Монголын хувьд эрэл хайгуул дээр жаахан анхаарчихвал газрын ховор элементийн нөлөө бүхий ордууд нээгдэх өндөр магадлалтай. Тийм учраас АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй гүрнүүд бидэнтэй найрсгаар гар барьж байна. Өнөөхөндөө бидэнд шинэ хэвээр байгаа газрын ховор элементтэй холбоотой танин мэдэхүйн болон сүүлийн үеийн мэдээлэл бидний хувьд сонин содон сэдэв. Өмнө хэлсэнчлэн хүн төрөлхтний амьдралыг ухаалаг гар утас, нөүтбүүк, планшет, компьютерийн хэрэглээгүйгээр төсөөлөх аргагүй болж. Сүүлийн үед бензин бус цахилгаанаар ажилладаг автомашины хэрэглээ ч мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Хэдхэн жилийн өмнө сураггүй байсан цоо шинэ технологиуд амьдралд нэвтрэн ердийн хэрэглээ болсоор яваа. Тэр бүхэнд хамгийн ихээр шаардагддаг нь газрын ховор элемент. Бүгд мөнгөлөг саарал өнгөтэй, химийн төстэй шинж чанартай скандий, иттрий, лантан, неодим, церий, празеодим, порметий, европий, самарий, тербий, гандолиний, диспрозий, гольмий, тулий, эрбий, лютеций, иттербий гэх 17 металл бодисыг ийн хамтатган нэрлэдэг.

ХХ зууны сүүл гэхэд газрын ховор элемент зүй ёсоор даяар аж үйлдвэрийн үндсэн “амин дэм” гэгдэх болсон юм. Учир нь тэрхүү элементийн аль нэгийг нэн ялангуяа электроникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд хэрэглэдэг хайлш, химийн бусад нэгдэлд өчүүхэн бага нэмэхэд л шинж чанарыг нь үлэмж сайжруулдаг нь тогтоогдчихсон. Гэвч байгалийн эл баялгийг олборлох, баяжуулах нь төвөгтэйн дээр ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Шалтгаан нь газрын ховор элемент бусад бодистой холилдсон байдагтай холбоотой. Үүнээс гадна газрын ховор элементийн аль нь ч хүчил төрөгчтэй хормын зуур урвалд орж, галд асар их тэсвэртэй исэл үүсгэдэг хэмээдэг. Хэдий тийм ч уул уурхайн технологи боловсронгуй болох тусам энэ хүндрэлийг аль болох бага зардлаар даван туулдаг болж байна. Үүний нэг тод жишээ нь фосфорын бордооны хаягдлаас химийн аргаар неодим, церий, диспорзий, тербий, лантан, празеодины ислийг ялган авдаг болж.

Үүнээс гадна газрын ховор элементийг ашиглаж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах тал дээр ч мэдэгдэхүйц ахиц гарчээ. Жишээлбэл, газрын тосноос бензин гарган авахад ашигладаг церий, лантаны хэмжээг хэд дахин багасган үлэмж хэмнэлт хийх боломж нээгдсэн юм. Ер нь дэлхий дэх инновацийн хөгжлийг газрын ховор элемент ашиглахгүйгээр цаашид төсөөлөх аргагүй гэдэг дээр эрдэмтэд санал нэгдэж байна. Дэлхийн аливаа улсыг био болон нанотехнологи, цөмийн ба сансрын аж үйлдвэр, “ногоон” эрчим хүчинд шилжихэд газрын ховор элементээс өөр чухал эрдэс үгүй. Ийм ч учраас улс орнууд тэрхүү эрдэсийн зохих нөөцтэй болохыг үндэсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай стратегийн ач холбогдолтой гэж үзэх болжээ. Дахиад онцлоход газрын ховор элементгүйгээр компьютер, планшет, ухаалаг гар утасны эд ангийг үйлдвэрлэх боломжгүй, “Tesla”, “Apple” компаниудын дэвшилтэт аккумуляторууд ч газрын ховор элементгүй бол ажиллахгүй. Төмөрлөгийн аж үйлдвэрт лантан, празеодим, церийгүйгээр автомашины, батлан хамгаалахын салбарт ашигладаг металл бүтцийн ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ч аргагүй. Түүнчлэн пуужингийн хөдөлгүүр, хэт халуунд тэсвэртэй шил гээд олон төрлийн нэн шинэ технологид газрын ховор элементийг орлох эрдэс үгүй.
Дэлхийн эдийн засагт тэргүүлэгч АНУ, Европын холбоо, Австрали гээд бүгд БНХАУ-ын газрын ховор элементийн нийлүүлэлтээс хамааралтай болсон энэ үед Азийн Монголд газрын ховор элементийн

төслүүд хэрэгжиж эхэлбэл гуравдагч хөршүүдээ хөрөнгө оруулалт татах асуудал биш. БНХАУ чухал түүхий эдийн импортоо зогсоож болзошгүй гэсэн ганцхан мэдэгдэл дэлхийн томоохон IT корпорацуудын үйл ажиллагааг доголдуулж, бараа бүтээгдэхүүний үнийг огцом нэмэгдүүлэх эрдсдэлтэй өрнөдийн эдийн засгийн шинжээчид анхааруулж буй ийм үед газрын ховор элементийн төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлмээр байна. Өөр нэг баримт дурдъя. Сүүлийн 40 жилд шинэ технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас тус байгалийн баялгийн олборлолт 11 гаруй дахин нэмэгдчихэж. 1980 онд дэлхийд 25 мянган тонн газрын ховор элемент олборлож байсан бол энэ тоо 2022 онд 280 мянган тоннд хүрчээ. Монгол Улсын хувьд газрын ховор элемент бүхий Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүргэдтэйн орд газрууд илрээд байна.

Үнэ цэнтэй түүхий эдийн дэлхийн зах зээлд манай улс нөлөө бүхий тоглогчдын нэг болохын тулд олборлолт, үйлдвэрлэлийн үнэ ихтэй нарийн технологитой гадаадын компаниудыг татан оролцуулж таарна, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо ойлгомжтой, тодорхой болгох шаардлага бий. Газрын ховор элементийн төслүүдээ урагшлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхлоо салбарын сайд олон улсын хайгуулч олборлогчдын PDAC чуулганд хөрөнгө оруулагчдад нээлттэй зарлачихлаа. Монголыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчидад ч энэ мэдээ соргог байлаа. Жил ирэх бүр хөрөнгө оруулагчдын бизнесийн гол талбар газрын ховор элемент болох нь дамжиггүй болж байна. Тиймээс монголчууд энэ ховор металын төслүүдээ дээр нэг цул ойлголттой байж, хамтын хүчээр дэлхийн зах зээл дээр цойлон гарах цаг айсуй.

Б.БУЯННЭМЭХ

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img