2024-12-11, Лхагва
-14 C
Ulaanbaatar

​Т.ИЧИННОРОВ: Хан тэнгэрийн 4200 метр оргил дээр хоол ундгүй долоо хоноход ус, эрвээхэй хоёр л миний амийг аварсан

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровтой ярилцлаа.

-Таныг нэлээд хожуу, дөч гарсан хойноо уулын спортын хүн болсон гэж сонссон. Уулын спортод яагаад гэнэт дурлачихав?

-Уулын спортод орсон түүх гэвэл их дээрээс эхлэлтэй. 16-хан настайдаа аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт алдарт эсгүүрчин Цэмбэл гэж хүний шавь болж байлаа, 1951 онд. Гутлын үйлдвэрт орохоосоо өмнө бүжигчин байсан юм. Тэр үед чинь үйлдвэрийнхнийг юм юманд “хөөнө”. Нэг өдөр эвлэлийн үүрийн дарга “Багшийн дээд сургуулийн зааланд очиж уран сайхны гимнастикаар шалгуул” гэж байна. Үйлдвэр бүрээс дөрөв, таван хүн очихоор нэг орой гэхэд л гуч, дөчин хүнийг хувцсыг нь тайлуулаад шалгуулж байгаа юм. Очсон анхны өдөр бүгд тэнцсэнгүй. Айгаад орсонгүй буцчихлаа. Ажлаа хийгээд хоёр хонож байтал эвлэлийн үүрийн дарга “Биеэ тоосон амьтан бэ чи, чамаас гоё тарган цатгалан хүүхнүүд очоод тэнцэхгүй байна. Их зан гаргалгүй зүгээр л оч” гээд тачигнаж гарлаа. Аргагүйн эрхэнд очлоо доо. Мөрдорж гуайн эхнэр циркийн Цэрэндулам гэж сайхан хүн шалгуулах бүсгүйчүүдийг оруулж байна. Мөн л бүгд тэнцсэнгүй. Сүүлд нь нэг бүсгүйтэй үлдлээ. Цэрэндулам гуай наашаа, цаашаа хар гээд их сонирхож байна аа. Тэгснээ циркийн гялтганасан дотуур хувцас өмсгөөд орууллаа. Удвал дарга, Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга Самбуу, Зөвлөлтийн хоёр мэргэжилтэн гээд шалгаж байгаа улс нь жигтэйхэн сүртэй. Золтой л уйлаад гараад гүйчихсэнгүй. Хий гэсэн хөдөлгөөн бүрийг нь хийлээ. Гэтэл нөгөө хоёр орос хөтөлж гүйгээд дарга нарт намайг тэнцлээ гэж хэлдэг юм. Долоо, найман зуун хүнээс дэлхийн оюутан залуучуудын их наадамд явахаар шалгарч байгаа нь тэр. 1955 онд Чехословакт болсон их наадмаас Монголын залуус анхны хүрэл медалийг авчирсан даа.

-Ирэхэд чинь баяр хүргээд сүйд болсон уу?

-Одооных шиг сүйд болоогүй ээ, ирээд шууд ажилдаа орсон. “Сайн явж ирсэн үү” л гэж асуусан байх (инээв). Тэр үед Биеийн тамирын хороо дуудаж баярын бичиг өгснөөс өөр сүйдтэй юм болоогүй. Спортын ордны үүд хаалгыг 1955 онд ийм түүхтэйгээр татаж байлаа. Дараа нь уулын спорт залгасан даа.

-Уулын спорт руу дахиад л үйлдвэрээсээ “хөөгдөж” орсон уу?

-Бараг тийм дээ (инээв). УИХ-ын гишүүн байсан Бурмаагийн аав Раднаа гэдэг хүний санаачилгаар уулчин эмэгтэйчүүдийн баг байгуулагдсан түүхтэй. Нэг их олон үйл явдлын ой тохиосон жил гарсан санаачилга л даа. Аж үйлдвэрийн комбинатын намын хорооны дарга Дангаа гэж мундаг хүн байлаа. Хүнээ ч гаргая, хөрөнгө мөнгө ч гаргая гээд дэмжсэн байдаг. “Гутлын үйлдвэрийн Ичинноров үйлдвэрлэлийн гимнастик хийлгээд зогсч байгаа харагддаг” гээд намайг багийн ахлагчаар сонгосон байгаа юм. 18 эмэгтэйгээс хурдан Алгаа, волейбол тоглодог Оюунцэцэг, хөнгөнд гүйдэг Галя бид дөрөв шалгарлаа. За тэгээд Раднаа гуайтай уулын бэлтгэлд гарлаа даа. Уулын бэлтгэл гэж аймаар. Өдөрт тав, зургаан километр газар гүйлгэнэ. Бидний хөлийн ул бөөн ногоон цэврүү. Орой нь цэврүүгээ утас сүвлэсэн зүүгээр хагалаад бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Сүүлийн 14 хоногт нь Тэрэлжийн өндөр хаднаас зүүгээд орхичихсон. Хэзээ хад өөд авирч гарна, тэр цагт л буулгана. Сүүлдээ хэдэн хурууны өндөг ногоон цэвтрүү татаад. Уулын бэлтгэл гэж ийм хатуу.

-Таныг уулчин бүсгүйчүүдтэйгээ хамт дүн өвлөөр Их Богд руу авирахаар Улаанбаатараас явган гарч байсан гэж дуулсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Манай үйлдвэрийн мастер Цэцэгмаа, хурдан Алгаа, Заяа, бид дөрөв л дөө. 1982 онд санагдана. Уулын “өвчин” туссан улс зүгээр сууж чадахгүй хоорондоо ярьж байгаад Их Богдод авирахаар Улаанбаатараас гарахгүй юу. Нэгдүгээр сард гурван ес эхэлж байсан үе. Нэг нэг цанатай. Өмссөн гутал нь хариугүй, цанын ботинк. Цанаа чахар чахар дуугаргасаар Лүн хүрлээ. Лүнгээсээ цааш зам дагаад явж байтал харанхуй нөмрөв. Хөлдөх нь ээ. Ганцхан нимгэн майхантай. Нөгөөхдөө дөрвүүлээ орж суугаагаараа хонох юм боллоо. Майхнаа зам бараадуулж барьсан юм. Тэр шөнө өвс ачсан машин манай майхны дэргэд зогсч, жолооч нь “Аминаасаа уйдсан улс вэ” гэж гайхсаар явлаа. За тэгээд цааш явган нүцгэн явсаар Баянхонгорт дөхлөө. Арай гэж машин олж суугаад аймгийн Спорт хороон дээр яваад очив. Даргад нь зад загнуулав аа. Ингээд ар тал нь задгай аавын цээж олж өгч байгаа юм. Өнөө аавын цээжийн жолооч биднийг Богд суманд хүргэж өгөх даалгавартай. Би багийн ахлагч гэж даргархаад кабинд нь суулаа. Өнөө гурав маань машины дээр брезентээр биеэ ороосон болоод суудаг юм. Дүн өвлөөр шүү дээ. Тэгж явсаар Богд суманд очлоо. Цэцэгмаагийнхаа хамаатан Даваа гэж айлд халуун хоол унд идээд жаргалтай гэгч нь нэг хонолоо доо. Тэмээний махтай нэг их гоё амттай бууз хийгээд өгтөл Алгаа маань хордлого тусчихдаг байгаа. За тэгээд сумын Засаг даргын унаагаар ууландаа хүрлээ. Тэгээд зогсоогүй ээ, замаасаа малчин айлын хоёр залууг ууланд авируулна гээд дагуулчихсан. Өнөө хоёр нь бахиал, дээлтэй. Их Богд чинь бэл рүүгээ хад ихтэй. Авирлаа даа, явж байтал тээр дээр утаа гарч байна. Дөхөөд очтол нэг айл байна шүү. Гомбо, Жавзмаа гэж хоёр хөгшнийд тэгж л анх очиж байлаа. Уулчид их очдог байсан даа.

-Хэр өндөрт амьдардаг байсан юм бол?

-Бараг 1500 метрийн өндөрт байх шүү. Хоёулаа хот үзээгүй. Жавзмаа гуай гав шав хийсэн хөгшин. Гомбо гуай уулчдад жим гаргаж өгнө. Ямаанууд нь уулан дээр янгир шиг л харайлгана. 1957 оны айхтар газар хөдлөлтөөр тэнд амьд үлдчихсэн гэдэг юм. Тэгээд л тэр газраасаа нүүх дургүй, сумынхан нь хүнсийг нь дөхүүлж өгдөг байсан санагддаг. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёр хөгшин. Сүүлд сураг сонсох нь ээ, Гомбо гуай өөд болж, Жавзмаа гуайг сум руу татсан гэсэн.

-Гомбо гуайнд амарч аваад цааш авирсан уу?

-Тэгсэн. Хордлого авсан Алгаагаа Цэцэгмаагийн ах Даваатай наана, хөндийд, жижигхэн хөлдүү горхины захад модонд ойрхон үлдээгээд цааш явсан. Гал түлэхээр урдаас халаад, араас хөлдөөчих гээд бэрх л дээ. Өнөө хоёр модоо түлээд үлдлээ. Алхсаар байтал шөнө болдог юм. Их Богддоо ч дөхөөд ирэв. Нэг их олон үхэр хадан дотор ороод суугаагаараа унтлаа даа. Өнөө хэддээ хөлөө хөдөлгөөд байгаарай л гэнэ. Нөгөөдүүл дуг хийгээд байх юм. Би унтаж чаддаггүй. Үүр цайдаггүй ээ. Од дээрээс уначих гээд. Дөнгөж үүр хаяарангуут цааш явлаа. Цэцэгмаа, Заяа хоёр нэлээд дөхөж очсоны дараа явж чаддаггүй. Хамаг цас нь шуураад урдаа хунгарлачихсан, ар талдаа хадны завсруудаар гялайсан ногоон мөснүүдтэй. Яг тэр мөстэй хэсгээр нь өнөө хоёр залуутайгаа мөлхсөөр байж орой дээр нь гараад далбаагаа мандуулж билээ. Хөндийд үлдээсэн Даваа, Алгаа дээр ирэхэд нүүр нь тас хар, нүд нь гялалзсан хоёр хүн сууж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Хятадын Хан тэнгэрийн 4200 метрийн мөсөн оргилд таныг хоол ундгүй, нимгэн хөнгөн хувцастай долоо хоносон гэхээр нэг л сэтгэлд бууж өгдөггүй юм. Ардчилсан хувьсгал ид өрнөсөн үеэр гэдэг байх аа?

-Тийм ээ, 1991 онд 62 настайдаа Хан тэнгэрт авирсан юм. Хил давж гадаадын ууланд авирахсан гэсэн хүсэлд автаад сүрхий том өргөдөл бичээд Ерөнхийлөгч П.Очирбат гуайд явуулчихав аа. “Энэ хүний саналыг дэмж” гэсэн бичиг Олимпийн хороонд ирүүлчихлээ. Багаараа явна гэсэн чинь бүтдэггүй. Тэр үе чинь өлсгөлөн зарласан цаг. Багаараа явна гэхээр хүн бүр 80 мянган төгрөг олоод ир гэнэ. Мөнгөтэй хүн гэж байхгүй. Сүүлдээ намайг дасгалжуулагчтай явуулах шийдвэр гарсан. Сангийн яамнаас 2500 ам.доллар баталж өглөө. Тэр мөнгийг дасгалжуулагч маань чек болгоод авсан юм. Хантэнгэр рүү 63 кг жинтэй хүн 54 кг болоод ирсэн. Тэгж л 62 настайдаа олон улсын хэмжээний мастер болж байлаа. 17 орны уулчид байсан. Дан залуус. Улс бүрээс тав, таван уулчин авирсан юм. Намайг тэд зураач л гэж бодсон гэсэн. Хан тэнгэрийн ёроолд юм бүгдийг үзсэн дээ. 5400 дээр гарчихаад эргээд бууж байлаа. Гэтэл манай дасгалжуулагч Украины нэг хүүхэнтэй буцахаар болдог юм. “Дээр хоёр орос бий, эндээ үлд” гээд 4200 метрийн өндөрт орхичихлоо. 4200 метрийн доохон ганцаараа явж бууж болдоггүй газар байдаг юм. Мөсөн антай учраас заавал дэм дэмэндээ гарахаас аргагүй газар л даа. Тэгээд л тэр өндөр орой дээр ганцаараа долоо хоносон.

-Нөгөө хоёр орос уулчин бууж ирээгүй хэрэг үү?

-Дээр ямар ч орос уулчин байгаагүй. Эхний өдөр дээрээс ирэх хоёр оросоо хүлээгээд өнжсөн. Түнэр харанхуй нөмрөөд ирэнгүүт уулчдын үдэлдэг ганц хүний бариатай майхан руугаа шургалаа. Өглөө сэртэл дээрээс чулуу овоолчихсон юм шиг хүндрээд жигтэйхэн. Цасаар шуураад хунгар дарчихаж. Шөнө майхандаа шургаж, өдөрт нь цас мөсөн дороос сэрвийсэн хадан дээр сууж өнжинө. Аман дээрээ цас тавих төдий л амь зууж байсан даа. Хааяа хадныхаа хажууд зогсоод ийш тийш хараачилна. Хүний урманд шувуу ч нисэхгүй. Гурав хоночихоод байтал хэсэг улс ирлээ. Хоёр казахстан залуу нэг америк хүүхэнтэй. Уул өөд авирах гэж яваад цасны нуралтанд даруулж хамаг хувцас нь урагдаж, цус нөж болсон хүмүүс намайг яаж авч явах вэ дээ. Үлдээсэн улаан лоолийг нь маргааш нь бүтэн өдөржингөө шимж өнжлөө. Үүргэвчинд уулын орой дээр тавих дотоодын үйлдвэрийн хэдхэн чихэр, тугнаас өөр юмгүй. Тугаа илж уйлж, тугнаасаа адис авч, чихрээсээ ганцыг хүлхсэн болоод долоо хоносон.

-Хүн иртэл тэндээ байя л гэж бодсон уу?

-Тав хоночихоод эндээ үхсэнээс доошоо явъя гэж шийдсэн л дээ. Үхсэн ч яахав, явж байгаад л үхье гээд майхандаа шургаад хөнжлөө үүргэвчиндээ хийх гэтэл нүдний хажууд сэрвэс гээд нэг юм хөдлөх шиг боллоо. Лавлаад хартал майхны орой дээр хүрэн эрээн том эрвээхэй наалдчихаж. Уулын оргилд тав хоноход анх харж байгаа амьд амьтан. “Нутаг орноос минь илгээсэн аврагч минь, ямар сайхан юм бэ, би олон үр хүүхэдтэй, ханьтай хүн” гэж ирээд өнөө эрвээхэйтэйгээ яриад, уйлж гарлаа. Бас болоогүй ээ, ээжийн тухай нэг дуу аялж байгаа юм. Би чинь дуулдаггүй хүн шүү дээ. Сүүлдээ дуундаа уярч уйлаад, тэр өдөржингөө эрвээхэйтэйгээ уйлж ярьж хэвтсэн. Маргааш нь бас л өдөржингөө ярьж хэвтлээ. Эвэр нь хөдлөөд нүд нь бүлтийгээд байгаад л байсан. Жижигхээн майхан болохоор өнөө эрвээхэй яг нүдэн дээр. Ингээд долоо хоночихлоо. Гараас халуун юм барих шиг болохоор нь нүдээ нээтэл хоёр орос ирчихэж. Судсыг минь бариад “Бос, өндий, Андрей аваад ир гэсэн” гэж байна. Андрей гэдэг нь доор байгаа баазын захирал. Тэр залуу “Хоёр монгол байсан алга болчихлоо, ууланд л үхсэн байх, эрж олъё” гээд хоёр оросыг чарга чирүүлээд явуулсан юм билээ.

-Хамт явсан дасгалжуулагч чинь баазад байгаагүй хэрэг үү?

-Мөс судалдаг бааз дээр явж байсан гэдэг юм. Өнөө хоёр орос биднийг хайхаар явах замдаа таарч миний байгаа газар руу дагуулаад явсан байдаг. Дасгалжуулагчтай явсан украин бүсгүй “Дээр ганцаараа үлдсэн шүү дээ, одоо хүртэл ирээгүй юм уу” гэж Андрейд хэлсэн байгаа юм. Бас надтай таарсан америк хүүхэн “Ази царайтай эмэгтэй 4200 дээр байсан” гэсэн юм билээ. Нэг орос нь газаар цас хайлуулж аяганы тал ус өгсөн чинь нүд онгойгоод л явчихсан. Ус шиг нандин эрдэнэ байхгүй гэдгийг тэгэхэд л биеэрээ мэдэрсэн. Ус, эрвээхэй хоёр л амийг минь аварсан даа.

-Тэгээд Хан тэнгэрийн оргил руу гаралгүй буучихсан уу?

-Тэгсэн. Майхандаа ирээд маргааш нь царайгаа хартал харлаж хавдаад яг сармагчин. Сэтгэлээр унаад уйлаад сууж байтал Оросын уулчин Люба ороод ирдэг байгаа. Уулчид цасны бар гэнэ. Их сайхан эмэгтэй л дээ. Монголын хоёрыг тоож харна гэж үгүй. Любаг ороод ирэхээр нь гайхсан гэж. “Шөнө манайхан хуралдлаа, чи бид хоёр Хан тэнгэр явахаар болсон” гэхээр нь тэврээд уйлж гарлаа. Өнөөх маань ч уйлаад. Тэнд Любатай хамт саунд орж, Оросын уулчдын гал тогооноос хооллож цасны бараас хоёр хоног салсангүй. Хан тэнгэрт гарах уулчдыг үзэх эмчийн үзлэг эхэллээ дээ. Гадны уулчдыг дуудаж шалгаад, бид хоёрын нэрийг дуудаж өгдөггүй. Миний дасгалжуулагч орж гарж хүлээгээстэй. Дөрөв дөхөөд иртэл Монголын хоёр ир л гэж байна. Дасгалжуулагч тэнцчихлээ. Миний шалгуулах ээлж ирлээ. Зүрхээ чагнууллаа. Үзлэг хийж байсан эмч сүүлд нь нас асуудаг юм. 62 гэсэн чинь нүд нь эргэлдээд явчихав аа. Би ч “Яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ, насыг минь сонсоод явуулахгүй гэж байгаа юм байх даа” гээд уйлж гарлаа. Гэтэл өнөөдүүл чинь “Таныг газар үзэж яваа жуулчин, эсвэл уул зурахаар ирсэн зураач гэж бодсон. Уулчин гэж огт төсөөлөөгүй. Баяр хүргэе. Та тэнцлээ” гэдэг байгаа. Гараад харайсан чинь байна шүү, домбор хөгжмийн дуу хангинаад, морин туурай тачигнаад байгаа юм шиг хачин сайхан мэдрэмж төрөөд, Алтай Таван Богд тэр аяараа нүдний өмнө зурайгаад ирсэн. Тэнд чинь гараад л мөсөн уул. Майхнуудын дунд мөс ойгоод ойгоод хөлдчихсөн газар. Люба нэг мөсөн дээр зогсч байна. Өнөөх чинь “яасан” гэж байна. “Хан тэнгэр явахаар болсон” гээд Любагаа тоохгүй харайж байгаа юм. Хүн гэж тийм сонин амьтан.

-Хаанахын уулчидтай Хан тэнгэрийн оргилыг зорьсон бэ?

-Тэнцсэн уулчдаас Японы 24 настай бүсгүй, Голландын алиа гэж жигтэйхэн 37-той эмэгтэй, Люба бид дөрөв эмэгтэй. Эрчүүд гэхээр Любагийн багийн хоёр орос, Голландын хоёр, манай дасгалжуулагч. Люба рапорт өгөөд гарч өглөө. Өглөө тавд гарсан улс өдөржин явж орой таван цаг 37 минутад миний долоо хоносон уулын орой дээр очиж байгаа юм. Бүгд л ядарцгаачихсан, гэтэл би хөнгөн гэж жигтэйхэн. Агаарт нь дасчихсан хэрэг. дасгалжуулагч бид хоёр идэх юмгүй учраас оросуудтай хооллолоо. Суугаагаараа дуг хийцгээсэн юм. Шөнийн гурван цагт Любагийн дуу хадаж байгаа юм. Эрт хөдлөхгүй бол цас хад чулуутайгаа нурдаг уул л даа. Өдөржин нурах нь сүртэй гэж. Эрт өгсөхөөр цас нь царцанги учраас ажрахгүй л дээ. Гэтэл япон охин хордлого авчихсан бололтой гүйлгээд болдоггүй. Багийнхантай нь холбогдож мэдээ дуулгаад өнөөхөө орхин цаашиллаа. Бидний очоод буцаад байсан 5400 дээр очиход дасгалжуулагч маань явж чадахгүй хэвтчихэв ээ. Хоноод өглөө эрт явъя гэж байна. Люба 5900 дээр хорогдох байрандаа хүлээе гээд бид хоёрыг үлдээлээ. Үгүй гэлтэй биш, тэндээ хамт хонодог юм. Сэрээд уулаа харсан чинь гэрээ цэвэрлэсэн айл шиг. Хан тэнгэр чинь зүрх шиг зүмбэрлээд. “За одоо хүрээд ир” гэж байгаа юм шиг. Дан будан манан, цасан шуургатай байдаг уул шүү дээ. Тэгэхээр нь бүр баярлаад дасгалжуулагчаа явъя гэлээ. Явж бай гэхээр нь хувцсаа аваад явж өглөө. 100 метр авираад л хоёр алхаад амьсгаадаж амрахаас аргагүйд хүрлээ. Сүүлдээ бүр нэг хөлөө тавиад, нөгөө хөлөө хаана тавьдаг билээ гэж бодоход хүрэхээр эгц болоод ирэв. Дасгалжуулагч тээр доор шувуу шиг юм явж харагдах. 5400-5900 хүртэл иймэрхүү маягаар өдөржин явчихаж байгаа юм. 5900 дээр цасан хананы мөс цасыг цоолоод хорогдох байр хийчихсэн. Тийшээгээ шургаж ордог. Намайг дороос яваад байсныг Люба харж л дээ. Дөхөөд очтол хашгирч байна. Тэгж хорогдох байр руугаа шургаж байгаа юм. Гэтэл голланд хүүхний хамраас цус алдаад болдоггүй. Ууланд нохой шиг аахилна шүү дээ. Хүчтэй аахилснаас болж голланд хүүхэн уушгинаасаа цус алдсан хэрэг. Голланд залуус багийнхаа хүүхнийг аваад буулаа. Гэтэл хоёр орос залуу 5900-гаасаа 6800 дээр очиж хоноод өглөө эрт уулынхаа орой дээр гарна гэж ярьж байна аа. Манай дасгалжуулагч цуг явна гээд Люба бид хоёрыг үлдээчихлээ. Чадвал тосч авна гэнэ. Манай хүн “Чи Монголын рекордыг хол давуулж биелүүллээ. Эндээсээ буцахыг бод” гэдэг юм. Тэгэнгүүт л уул нүүрэн дээр, хэдхэн зуун метр алхаад хүрчихээр ойр харагдаж байгаа юм чинь. Дуугарсан ч үгүй. Любатай хэвтсэн, хэвтээгүйн дунд байтал нэг орос нь манай дасгалжуулагчид хувцсаа өгчихөөд буугаад ирлээ. Нөгөө орос нь 7000 гаруй метрт түүнтэй гарахаар үлдэж л дээ. Намайг унжийгаад байхаар тэгсэн үү, өглөө нь Люба “Явъя” гэж байна. Ахисаар байгаад том нуруун дээр гараад ирж байгаа юм. 6100 метрийн өндөрт. Тэрнээсээ дээш нуруугаа дагаж явсаар Хан тэнгэрийнхээ ёроолд нь дөхөж очоод гарах байхгүй юу. Яг ёроолд нь очиход 6800 боллоо. Дээрээс бууж ирж байгаа хоёр “Та хоёрыг оргилд гарсан гэж тооцно, бид бууж байна. Наанаасаа буцацгаая” гэлээ. Гарсантай ялгаагүй л дээ. Бөөн баяр боллоо. Любатайгаа тэврэлдэж уйллаа. Нулимс хацар дагаж хөлдөөд. Тэр оргил тийм хүйтэн. 4200 дээр үдлээд харанхуй бүрэнхийгээр бааздаа иртэл цэцэг навч болсон улс угтсан даа. 6800 дээр гарсан хүнийг 7000-д гарсанд тооцдог юм. Таван хүн баг гэж яваад хоёр нь гарвал гурав нь гарсанд тооцдог дүрэмтэй. Алма-Атад ирсэн хойно дасгалжуулагч маань сертификатаа бичүүлээд ирдэг юм. Намайг 6400, дасгалжуулагчийг 7000 метрт гарсан гэсэн бичиг байсан. “Муусайн юмнууд алдаад биччихэж, оросууд манайд муу юм, хоёр өөрөөр бичсэн байгаа юм даа” гэж билээ.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img