Оны эхний улиралд “Говь” ХК 41.1 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ. 2023 оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Говь” ХК болон охин компаниуд нь гурван тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласныг мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үед 7.2 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласантай харьцуулбал 57 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Тайлант хугацаанд тус компани 41.1 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллажээ. Өмнөх оны мөн үед 25.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулбал ойролцоогоор 60 хувийн өсөлт үзүүллээ.
Үүнээс гадна үйл ажиллагааны зардал нь тогтвортой түвшинд хадгалагдсан нь тус компанийн алдагдал буурахад голлон нөлөөлснийг тайлангаас харж болохоор байна. 2022 онд алдагдлын хэмжээгээ 79 хувиар бууруулсан бол 2023 онд борлуулалт нь түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг “Говь” ХК-ийн Стратеги хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан онцолж байсан юм.
Тус компани урт хугацаандаа гадаад зах зээлд түлхүү анхаарч, цахим худалдаанд төвлөрч ажиллахаар төлөвлөж байгааг мэдээлээд байна. Түүнчлэн бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа ажээ.