2024-12-03, Мягмар
-23 C
Ulaanbaatar

С.ЖАРГАЛАН: Дэлхий даяар критикал металыг судалж, эрж хайж байна

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Технологи, эрдэс судлал, инновацын төвийн захирал, профессор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жаргалангаас газрын ховор элементийн зах зээл, Монгол Улсад хэрэгжиж байгаа газрын ховор элементийн төслүүдийн талаар тодрууллаа.

-Та газрын ховор элементийн судалгааг 2005 оноос хийж эхэлсэн. Үелэх системийн Лантанойдын бүлгийн элемент гэдгийг товчхон тайлбарлана уу?

-Би 2005 оноос газрын ховор элементийн судалгааг хийж эхэлсэн. Химийн элементийн үелэх системийн лантанойдын бүлгийн 15 элемент, үүн дээр (Y) болон (Sc) оруулж нийт 17 элементийг газрын ховор элемент хэмээн нэрлэж байна. Эдгээр элементүүд нь геохимийн хувьд бүгд хоорондоо төстэй, байгаль дээр явагдаж буй геологийн болон геохимийн бүх процесст ямагт хамт байдаг, ижил валентаар исэлддэг тул ялгахад хүндрэлтэй элемент.

-Дэлхийд газрын ховор элементийн эрин үе ирж байна. Нэршлийн хувьд одоогоор янз бүрээр тодорхойлж байх шиг байна. Критикал минерал, критикал метал гэх нь бий?

-Дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор ирээдүйн технологийн тогтвортой хөгжил чухлаар тавигдсан. Энэ цаг үед зарим ашигт малтмалын өнөөдрийн нөөц, нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүйд хүрээд байгаа.

Эрэлт нийлүүлэлт тун эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд критикал метал (critical metal) критикал эрдэс (critical mineral), критикал түүхий эд (critical raw material) гэх зэргээр нэрлэх болсон. Тэдгээрийн дотроос хамгийн их эрэлт хэрэгцээтэй нь газрын ховор элементүүд. Иймд дэлхий даяар газрын ховор элементийн судалгаа, эрэл хайгуул, эрэлт нийлүүлэлтэд чухал ач холбогдол өгч байна. Европын Эдийн засгийн холбооноос 2010 онд өндөр технологийн түүхий эдийг критикал метал нэршлээр анх олон улсад зарлаж, 2020 онд дахин шинэ мэдээлэл түгээхдээ хангалтын эрсдэл өндөртэй ашигт малтмалаар газрын ховор элементийг нэрлэсэн.

-Газрын ховор элементийг (ГХЭ) ихэвчлэн юунд ашиглаж байна вэ?

-Газрын ховор элементүүдийг ихэвчлэн салхин турбин, нарны панел, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашин, гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг хувийн болон ахуйн хэрэглээ, өндөр технологийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байна. Анагаах ухааны дэвшилтэт технологи бүтээхэд ч газрын ховор металыг хэрэглэдэг. Жил ирэх бүр энэ ашигт малтмалын хэрэглээ нь ихэсч, нийлүүлэлт багасаад байгаа учраас эрдэмтэн судлаачид дэлхий даяар критикал металыг судалж, эрж хайж байна.

-АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 2021 онд дэлхийд 124 сая тонн газрын ховор элементийн ислийн нөөц бүртгэгдэж. Үүний 35 хувь нь Хятад улсад ногдож байна. Харин үйлдвэрлэлийн хувьд?

Жаргалан-2021 онд дэлхийн хэмжээнд 270 мянган тонн ГХЭ-ийг үйлдвэрлэснээс 60-70 хувь нь Хятад улсад ногдож байна. Эндээс судлаачид ГХЭ-ийн үйлдвэрлэл нэг улсаас хараат байдалтай боллоо гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа. Америкийн геологийн албаны статистик мэдээллээс харахад 1901 онд дэлхийн хэмжээнд жилд 1000 тонн ГХЭ-ийг үйлдвэрлэдэг байсан бол 2020 онд 248 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. 1960-аад оноос ГХЭ-ийн үйлдвэрлэл аажмаар нэмэгдсэн. Учир нь энэ үеэс өнгөт телевизорын дэлгэцэнд европи хэмээх газрын ховор элементийн нэгийг хэрэглэх технологи гарсантай холбоотой.

-Японы Геологийн албаны судалгаагаар 2040 он хүртэл газрын ховор элементийн эрэлт улам өсөх үзүүлэлттэй гэжээ. Хятадын эрдэмтэд ч мөн ийм таамаг хийсэн байна?

-2010-2012 онд дэлхийд газрын ховор элементийн үнийн “бүүм” болж байсан. Үнийн хувьд нэг хэсэг тогтвортой байснаа 2020 оноос дахин өсөх хандлагатай болж эхэлсэн нь өнөө л хэрэглээтэй холбоотой. Хос хөдөлгүүрт автомашин, дан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийн харьцуулсан үзүүлэлтээс харахад, хос хөдөлгүүрт машины үйлдвэрлэл нь 2030 он хүртэл ихээхэн өсөх нь. Тээврийн хэрэгслийн зарим томоохон үйлдвэрлэгч 2030 он гэхэд турбо хөдөлгүүрээ бүрэн халж, цахилгаан автомашин нийлүүлэх талаар илүүтэй ярьж байна. Энэ нь газрын ховор элементүүдийн эрэлт улам бүр өсөх нь тодорхой болсныг харуулна.

-Манай орны хувьд одоогоор ГХЭийн 6 орд бүртгэгдээд байгаа. Үүний нэг нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт илрүүлсэн Халзан Бүрэгтэй. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Монгол орны эрдсийн санд бүртгэлтэй 6 орд байгаа хэдий ч хүдрийн биетийн хэлбэр, ашигт бүрдвэрийн агуулга, нөөц зэрэг нь баттай болоогүй ер нь хайгуулын эхний шатандаа явж байна гэж үзэж болно. Өнөөдрийн бүртгэгдээд байгаа ордуудаас Халзан Бүрэгтэй орд агуулга дунд зэрэг хэдий ч нөөцийн хувьд боломжтой нэмэлт хайгуул хийж хүдрийн биетээ бүрэн хүрээлж өнөөгийн нэмэгдсэн үнээр нөөцийн тооцооллыг дахин хийвэл дэлхийн хэмжээнд ГХЭ-ийн томоохон ордуудын нэгд очиход ойрхон. Дэлхийн хэмжээнд газрын ховор хүнд элементийн эрэлт хэрэгцээ их, үнэ нэмэгдэх чиг хандлагатай. Халзан Бүрэгтэй орд нь энэ эрэлт хэрэгцээг хангах нэг боломж байгаагаас гадна манай орны хувьд геополитикийн таатай нөхцөлд байрлаж байна. Тиймээс Монгол Улсад боломж байна. Хайгуулыг аргачлалын дагуу зөв хийснээр ашиглалт, баяжуулалтын үеийн эрсдэл буурдаг тул Халзан Бүрэгтэй ордын ГХЭ-ийн нөөцийг баталгаажуулах шаардлагатай. Энэ ордын ГХЭ-ийн нийлбэр ислийн нөөцийг барагцаалбал 1.4 сая гаруй тонн гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн энэ төрлийн нөөцийн 1 хувиас илүү гэсэн үг бөгөөд багад тооцогдохгүй. Гэхдээ дунд зэргийн агуулгатайд багтана.
-Ярилцсан Танд баярлалаа.эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img