2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

БНХАУ дипломатчийнхаа олон улсын дургүйцлийг хүргэсэн дуулиантай ярилцлагаас болж хүнд байдалд орсон нь

БНХАУ-аас Францад суугаа Элчин сайд Лу Шай өнгөрсөн баасан гаригт Францын “LCI” телевизэд өгсөн ярилцлага олон улсын дүргүйцлийг хүргэн дуулиан тарьсан билээ.

Тэрээр ярилцлагадаа,“хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад тусгаар улсын тодорхой статус олгосон олон улсын ямар нэг хэлэлцээр байхгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр орнууд олон улсын эрх зүйн үр дүнтэй статусгүй гэсэн үг” гэжээ. Лу Шайгаас Крым аль улсын газар нутаг болох талаар сонирхоход, “Энэ асуудлыг аль өнцгөөс харахаас хамаарна. Түүх сөхвөл Крым анхнаасаа л Оросынх байсан. ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв л Крымийг Украинд өгсөн шүү дээ” гэж хариулсан юм.

Хятадын Элчин сайдын хэлсэн үгэнд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин болон Балтийн гурван орон хамгийн эмзэг хандсан нь мэдээж. Латви, Литв, Эстонийн Гадаад хэргийн яамд тэдгээр улсад суугаа Хятадын Элчин сайд нарыг дуудаж, дээрх ярилцлагатай холбогдуулан албан ёсны тайлбар хийхийг шаардсан юм.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк, “ЗХУ-ыг задарсны дараа тусгаар тогтносон бүх улс орон олон улсын эрх зүйд заасан тодорхой статустай. Харин ч дан ганц ОХУ-д л тийм статус байхгүй. Учир нь тус улс ЗХУ-ын хууль ёсны залгамжлагч хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний суудлыг хууран мэхэлж өөрийн болгосон. Угаасаа ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болгох эсэх талаар нэг ч санал хураалт болоогүй, энэ талаар нэг ч баримт бичиг байхгүй. Олон мянган жилийн түүхтэй улсын төлөөлөгчөөс Крымийн түүхийн талаар ийм утгагүй зүйл сонсох хачирхалтай санагдлаа. Хэрэв БНХАУ дэлхийн улс төрийн томоохон тоглогч болохыг хүсч байвал Оросын суртал ухуулгыг дагаж давтсаны хэрэггүй” гэж мэдэгджээ.

Тэгвэл Литвийн Гадаад хэргийн сайд Габриелюс Ландсбергис мэдэгдэхдээ, “БНХАУ-д сануулахад, Балтийн улс орнуудыг ЗХУ хууль бусаар эзлэн түрэмгийлж өөртөө нэгтгэсэн билээ. Түүнээс биш бид сайн дураараа бүрэлдэхүүнд нь ороогүй юм. Элчин сайд Лу Шайгийн мэдэгдлийг эрс буруушааж байна. Манай гурван улс БНХАУ-ын Украинд энх тайван тогтооход зуучлах санаачилгад анхнаас нь итгээгүй явдал зөв байсныг дээрх увайгүй мэдэгдэл дахин нотоллоо” гэсэн юм.

Балтийн орнууд үүссэн нөхцөл байдалд туйлын нухацтай хандаж, Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хэлэлцэхийг уриалжээ.

Эх оронд нь суугаа БНХАУ-ын Элчин сайдын ярилцлагын талаар Францын Гадаад хэргийн яам хамгийн түрүүнд мэдэгдэл гаргасан нь ойлгомжтой. Тэрхүү мэдэгдэлд юу гэснийг энд хүргэе.

Хятадын элчин“ЗХУ-ыг 1991 онд задран унасны дараагаар тусгаар тогтносон улс орнуудын талаар БНХАУ-аас Францад суугаа Элчин сайдын хэлсэн үгийг бид түгшүүртэйгээр хүлээн авлаа. БНХАУ тэрхүү мэдэгдэл албан ёсны байр суурь нь мөн үү, биш үү гэдгийг тайлбарлах ёстой. Бид биш гэдэгт найдаж байна. Украины тухайд гэвэл, 1991 онд дэлхийн хамтын нийгэмлэг, тэр дундаа БНХАУ НҮБ-ын шинэ гишүүнээр элсүүлэхдээ тус улсыг Крым зэрэг бүрэлдэхүүн хэсэгтэйгээр нь хүлээн зөвшөөрсөн. ОХУ 2014 онд Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн нь олон улсын эрх зүйн дагуу хууль бус үйлдэл юм. Түүнчлэн НҮБ-ын аливаа улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчим дээр үндэслэсэн дүрэмд газар нутгийг хүчээр булаан авахыг хориглодог билээ.”

Үүгээр дуулиан намжсангүй. Харин ч түймэр мэт дүрэлзэн хүчээ авч, хүрээгээ хурдтай тэлэх болсон нь Европын холбоотой бага багаар ойртон дотносч, тус холбоог АНУ-тай хагаралдуулахыг эрмэлзэж байсан БНХАУ-д гэнэтийн цохилт болов.

Юу гэвэл, манай урд их хөршийн томоохон худалдааны түнш, хамтарсан хөрөнгө оруулалтын цөөнгүй амбицтай төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан Герман хүртэл БНХАУ-тай харилцах бодлогоо эргэн харахыг эрмэлзэж эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Германы Канцлер Олаф Шольцыг Бээжинд айлчлах үеэр хоёр тал уг нь Европдоо томд орох Хамбургийн боомтын терминалын хувьцааны 25 хувийг БНХАУ-ын “Cosco” компанид шилжүүлэн өгөхөөр тохиролцоод байсан аж. Тэгвэл Лу Шайгийн мэдэгдлийн дараагаар Германы Засгийн газар Хамбургийн боомтын терминалыг тус улсын дэд бүтцийн онцгой объект болгох алхмуудыг шуурхай хийж эхэлжээ. Германы хуулийн дагуу гадаадын компаниуд дэд бүтцийн онцгой объектын 10-аас дээшгүй хувийг л эзэмших эрхтэй. Иймд Хамбургийн боомтын терминалыг Германы дэд бүтцийн онцгой объект гэж зарлавал, БНХАУ-ын “Cosco” компанитай байгуулсан гэрээ хэрэгжих ямар ч боломжгүй болох нь тодорхой.

Цаашилбал, Нидерландын Тагнуулын алба тус улсын эдийн засагт заналхийлж буй хамгийн том аюул бол БНХАУ гэж мэдэгджээ. БНХАУ Нидерландын хувьд ТОП-3 худалдааны түншийн нэг болоод байсан аж.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Италийн Ерөнхий сайд Жоржио Мелони ч БНХАУ-тай үүсгээд байсан дотно харилцааг зогсоохыг эрмэлзэх болжээ. Энд тэмдэглэхэд, “G7” буюу Их долоогийн орнуудаас БНХАУ-ын санаачилсан даяар дэлхийн дэд бүтцийг хөгжүүлэх “Нэг бүс нэг зам” төсөлд албан ёсоор нэгдэн орсон нь зөвхөн Итали байв. БНХАУ энэ төсөлд нэг их наяд ам.доллар зарцуулаад байгаа билээ. Гэтэл Франц дахь БНХАУ-ын Элчин сайд Лу Шайгийн телевизэд өгсөн ярилцлагын дараахан Жоржио Мелони мэдэгдэхдээ, Итали “Нэг бүс нэг зам” төслөөс гарах болно гэжээ.

Үүнээс гадна Европарламент дахь Европын ардын намын фракцийн тэргүүн Манфред Вебер индрээс үг хэлэхдээ, “Хэрэв Хятад Тайвань руу довтолбол, Европын холбоо тус улсын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авна гэдгээ эргэлзээгүй мэдэгдэх шаардлагатай. Орос, Хятад мэт улсын удирдлага “хүч чадлын хэл”-ийг л ойлгодог. Иймд Европын холбоо хүч чадлаа харуулж тэдэнтэй хатуу харьцаж байх нь зүйтэй” гэсэн байна.

Хятадын элчинҮүгээр зогсохгүй Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын байгууллагын тэргүүн Жозеп Боррел, “Европт Тайвань маш чухал. Эдийн засаг, худалдаа, технологийн хамтын ажиллагааны хувьд Европт ойр тэр бүс нутагт энх тайвныг сахин хамгаалахад бид гар бие оролцох шаардлагатай. Иймд би маш чухал тэр бүсэд олон улсын далайн тээврийг чөлөөтэй, аюулгүй байлгахын тулд Европын тэнгисийн зэвсэгт хүчинг Тайванийн буланд эргүүл хийж эхлэхийг уриалж байна. Ингэхдээ бид болзошгүй өдөөн хатгалгад өртөхгүйн тулд сонор сэрэмжтэй байх нь чухал” гэж мэдэгдсэн юм.

Нэмж хэлэхэд, далайн тээврийн тэрхүү аюулгүй байдлыг хангах зорилгоор ирэх долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист Филиппин АНУ-тай хамтарсан хээрийн сургууль хийхээр болжээ. Филиппин түүнчлэн АНУ-д цэргийн баазуудаа ашиглуулахаар тохиролцсон сурагтай. Филиппинтэй газар нутгийн маргаантай, хэд хэдэн шүрэн арлыг булаацалддаг БНХАУ-ын хувьд энэ нь тун эмзэг сэдэв болж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нинг тус улсын дипломатч Лу Шайгийн телевизэд өгсөн ярилцлагатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийхдээ, “БНХАУ орон бүхний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг дэмжин баримталдаг. ЗХУ задран унасны дараа шинээр байгуулагдсан улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг нь манай улс бөгөөд тэр цагаас хойш тэдгээр орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэн харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш байх зарчмыг баримталсаар ирсэн билээ” гэсэн юм. Мао Нингийн энэ мэдэгдлийг өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй зүйрлэж болохоор.

Ганцхан дипломатчийн хэлсэн болчимгүй үг улс оронд нь ямар их хор уршиг дагуулдгийг Лу Шайгийн “хэрэг” харин ч нэг яруу тодоор харууллаа даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img