2024-12-05, Пүрэв
-22 C
Ulaanbaatar

С.Оюунтуяа: Зөвхөн эмэгтэйчүүд нэр дэвшиж өрсөлдөж болдог тойргуудыг бий болгох шаардлагатай

“Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай сонгогчийн боловсрол, сонгох сонгогдох эрхийн тухай ярилцлаа.

-Сонгогчийн боловсрол гэж их ярьдаг. Ямар мэдлэг боловсролтой бол боловсролтой сонгогч гэж үзэх вэ. Ямар нэг шалгуур байдаг уу?

-Сонгогчийн боловсрол маш өргөн хүрээтэй ойлголт. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгт заасан ард түмэн засгийн эрх барих тухай асуудал, ардчилал, олонхиороо засаглах, төрийн бодлого шийдвэрт төлөөллийн байгууллагаараа дамжуулж оролцох гэх мэт сонгогчдын боловсролыг өргөн утгаар нь яривал энэ бүгд багтана. Явцуу утгаар авч үзвэл сонгох сонгогдох эрхийн асуудал. Ардчиллын оролцооны нэг хэлбэр болох сонгуульд мэдлэг мэдээлэлтэй оролцох гэж ойлгож болно. Сонгуулийн өдөр санал хураах байр руу очих, сонгуулийн системээ ойлгох, саналын хуудсан дээр саналаа яаж тэмдэглэх утгаар бас ойлгож болно.

Сонгогчийн боловсролтой байна уу үгүй юу гэдгийг хэмжих тухай ярих түвэгтэй л дээ. Ерөнхийдөө сонгууль, Засгийн газар, төрийн байгууллагад итгэх итгэлтийг сонгогчдын ирц оролцоогоор  хэмждэг байж болно.

-Та олон жил энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд Монголд сонгогчийн боловсрол дээшилж байна гэж үздэг үү эсвэл эсрэгээрээ байна уу?

– Манай улс харьцангуй сонгуулийн ирц, оролцоо өндөртэй шүү дээ. Сонгогчдын боловсрол сайн, боломжийн байна гэж дүгнэж болно. Яагаад сонгогчдын боловсрол сайн биш байна гэж хэлэх дургүй гэхээр сонгогчдыг бэлтгэдэг албан ёсны хөтөлбөрүүд байхгүй учраас. Бусад улс орнуудад ардчиллын боловсрол, сонгуулийн боловсролын хөтөлбөртэй. Тэр нь албан ёсны боловсролын хөтөлбөртөө багтдаг. Сургуулийн өмнөх боловсрол, дунд сургуульд байхад нь, оюутан байхад нь, их сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлж байхад нь ч албан бус боловсролын хөтөлбөрүүдээр дамжуулж, сонгууль, ардчилал, төр засгаас хариуцлага нэхэх, төр засгийн бодлого шийдвэрт иргэд оролцохтой холбоотой арга хэлбэр механизмуудыг  боловсролын хөтөлбөрүүдээрээ дамжуулж хүргэдэг. Бид сонгогч нартаа боловсрол олгоогүй, албан ёсны хөтөлбөргүй өдийг хүртэл явчихаад сонгогчдын боловсрол хангалтгүй байгаа талаар ярих зохимжгүй л дээ.

-Сонгогчдод боловсрол олгох ажлыг хэн хэрэгжүүлэх ёстой вэ, намууд уу, ТББ-ууд уу, төр нь үү?

-Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар сонгогчдын боловсролыг  сайжруулах чиглэлээр ажиллах бүрэн эрх чиг үүрэг нь Сонгуулийн ерөнхий  хороонд байдаг. Саяхныг хүртэл СЕХ сонгогчдын боловсролын чиглэлээр юу хийх ёстойгоо ойлгоогүй, үүнийг хийдэг нэгж байхгүй, хэрэгжүүлдэг бүтэц, төсөв хөрөнгө байхгүй явж ирсэн шүү дээ. Өнгөрсөн жил СЕХ Мэдээлэл судалгаа  сургалтын төвтэй болсон. Сонгогчдын боловсролын тухай ярьдаг боллоо.  Сонгогчдын боловсролын сургагч багш нарыг бэлтгэж эхэллээ. Хамгийн гол субьект нь мөн. Нөгөө талаасаа Боловсролын яам, Засгийн газрын чиг үүрэгт байх ёстой. Боловсролын албан ёсны хөтөлбөрт нь сонгогчийн боловсролын хөтөлбөрүүд нь үе шаттайгаа  байх учиртай. Улс төрийн намын үндсэн чиг үүрэг нь улс төрийн боловсрол, сонгуулийн боловсрол намын гишүүн, дэмжигч нартаа олгох, сонгогч нартаа чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг байх ёстой.

Төрийн бус байгууллага төр орж хийхгүй байгаа орон зайг нөхөх чиг үүргийнхээ хүрээнд  хувь нэмэр оруулах, эсвэл төрийн хүрэхгүй байгаа өнцөг, хэсэг рүү хүрч ажиллах ёстой.

-Та эмэгтэй сонгогчдын санал өгөх хувь харьцангуй өндөр байдаг тухай ярьсан. Гэхдээ эрчүүдийн хувь арай бага байгааг зөвхөн сонгуулийн идэвхигүй гэдгээр тайлбарлах нь учир дутагдалтай шиг байна. Уул уурхай гэх мэт салбарт эрчүүд олноор ажиллаж байна. Тэднийг санал өгөх боломжоор хэр хангадаг тухай нарийвчилсан судалгаа байдаг уу?

-Нарийвчилсан судалгааны тоо баримт хэлж чадахгүй байна. Яагаад ийм байгааг бид зайлшгүй судалж үзэх ёстой. Судалж үзсэнийхээ дараа магадгүй зохицуулалт бий болгох хэрэгтэй. Яг ямар шалтгаан байна, улирлын хүчин зүйлээс хамаарч байна уу, ажлын байртай холбоотой байна уу, эрхэлж байгаа ажил хөдөлмөртэй холбоотой байна уу? Эсвэл нас, шилжин суурьшиж байгаатай холбоотой асуудал байна уу гэдгийг судалж байж тэр хэсэгт чиглэсэн санал авах тусгай зохицуулалтуудыг бий болгох шаардлага байна гэж үздэг.

Яагаад гэхээр энэ зөрүү сонгуулиас сонгуульд хэвээр байна. Байгаад л байна гэдэг тэнд тодорхой сонгогчдын бүлэг санал өгч чадахгүй үлдээд байна гэсэн үг.

Магадгүй  эрчүүдэд чиглэсэн зуны түр ажлын байруудтай холбоотой болов уу гэж таамаглаж байна.

Уул уурхайд олон хоногоор ээлжээр  ажилладаг. Нэг том суурь шалтгаан нь Сонгуулийн хууль тогтоомжид сонгогч зайлшгүй иргэний үнэмлэхний үндсэн хаяг дээрээ санал өгөх хуулийн шаардлага магадгүй эдгээр хүмүүст сонгуульд оролцохгүй үлдэх чөдөр тушаа болоод байна уу гэдгийг бид тодруулах шаардлагатай.

-Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо  ойрхон хоёр сонгуулийн үеэр зөрүүтэй байсан гэлээ. Энэ сонгууль зориуд будлиантуулж байгаатай холбоотой юу?

-Би яг тэгж хэлж чадахгүй байна. Санал өгөх сонгогчдын тоо гэж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид л сонгуульд оролцож санал өгөх эрх эдэлнэ гээд байгаа юм.    Хэн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдэхгүй гэхээр хорих ял эдэлж байгаа, гадаадад оршин сууж байгаа, түр хугацаагаар гадаадад зорчиж байгаа хүмүүс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгддэггүй. Магадгүй энэ хоёрын хооронд механик бус зөрүү байвал бид бас тодруулж лавлаж судалж үзэх шаардлагатай.

-Олон улсын байгууллагууд, манай төрийн бус байгууллагынхан эмэгтэйчүүдийн квотыг нэмэхээр ажиллаж байна. Квот ярихаар эмэгтэйчүүд яахаараа “ногоон гэрэл” шаарддаг юм гэсэн дургүйцэл бий болох магадлалтай юу?

-Сонгуулийн эрх гэдэг хүний суурь язгуур эрх шүү дээ. Эрх нь зөрчигдсөн тодорхой бүлгүүдийн хувьд төр тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг  улс орнууд олон улсын гэрээ конвенциудаар хүлээсэн байдаг. Сонгуулийн эрх дотор сонгогдох эрх, ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудал бэрхшээлтэй байгааг бид маш олон статистикаас харж байна л даа.

Хүчин зүйл нь олон байж болно. Сонгуулийн системтэй холбоотой, сонгуульд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө зэрэг олон шалтгаан байсан ч  тодорхой эрх нь зөригдөөд байгаа бүлгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд төр тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлдэг үүргийнхээ хүрээнд квотын системийг улс орнууд хэрэглээд байгаа юм.

Квот хэрэгжүүлж байна гэдэг  эмэгтэйчүүдэд давуу тал олгож байгаа хэрэг биш юм.

Төлөөллийн байгууллагын онцлог бол ямар  бүлгүүд байна тэдний төлөөлөл парламентад очиж сонгогдох ёстой. Хүн амын бүлэг дотроо 50,8 хувь нь эмэгтэйчүүд бол УИХ-д ч ийм хэмжээний төлөөлөл байх учиртай.

Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэх, ялгаварлагдаад байгааг, зөрүү байгааг тэнцвэржүүлэх  гэж л энэ  системийг хэрэглэж байгаа учраас олон нийтийн зүгээс дургүйцнэ гэж бодохгүй байна.

-Эмэгтэй нэр дэвшигчдийг хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүй бүрдсэн гэж үзэж байгаа юу?

-Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулахад зөвхөн квот хангалттай биш л дээ. Маш өргөн хүрээнд урт хугацаатай тогтвортой стратеги хэрэгтэйг бусад улс орны туршлагаас харж байна.

Гэхдээ хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол квот. Харин энэ квотын системтэй хамт ямар квотын арга хэрэглэж байгаа нь асуудал.

-Тийм олон квот байдаг юм уу?

-2012 оноос хойш бид квотын систем хэрэглэж ирсэн шүү дээ. Энэ нь нэр дэвшигч нарт тавигдаж байгаа квот. Нэр дэвшүүлэх явцдаа улс төрийн намууд аль нэг хүйсийн хүн 20 хувь байна. Одоо парламентын гадна байгаа бүх улс төрийн намууд квотыг 40 хувьд хүргэх амлалт өгсөн.

Нэр дэвшигч нарт өгч байгаа квот шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог илүү олон болгох хангалттай хөшүүрэг биш.

Бусад улс орны хэрэглэдэг өөр квотын арга буюу  сонгогдсон гишүүдийн 30-40 хувь нь эмэгтэй байх гэдэг  системийг авах шаардлага байна.

-Сонгогдохгүй бол яах вэ?

-Зөвхөн эмэгтэйчүүд нэр дэвшиж өрсөлдөж болдог тойргуудыг бий болгох шаардлагатай. Одоо хувь тэнцүүлсэн сонгуулийн систем хэрэглэх юм шиг байна л даа. Энэ тохиолдолд жагсаалтад байгаа нэр дэвшигчдийн хоёр хүн тутмын нэг нь аль нэг хүйсийнх байх гэдэг илүү өргөн хүрээтэй стратеги хэрэгтэй юм.

-Лу.Гантөмөр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тойрог гэж хэлээд  шүүмжлүүлээд байсан.  Бусад улс орнууд хэрэглэгддэг арга юм байна шүү дээ.

-Тийм. Тийм улс орнууд бий.

-Зөвхөн эмэгтэй нэр дэвшигчид өрсөлдвөл тэндээс эмэгтэй хүн л сонгогдох юм байна?

-Улс төрийн намуудыг ажиглаад байхад маш хүчтэй нэр дэвшигчтэй эмэгтэй нэр дэвшигчийг өрсөлдүүлэх, сул тойрог гэж албан бусаар нэрлэдэг байдал ажиглагддаг шүү дээ. Энэ бүх сургамжууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулаагүй гэдгийг харж болж байна л даа.

– Цахимаар санал өгөх боломжийг нээх нь залуусын санал өгөх идэвхийг нэмж, гадаадад байгаа сонгогчдыг  сонгуульд  оролцуулах асуудлыг шийдэх юм биш үү?

-Мэдээж бүх л зүйлд технологи нэвтэрч байна. Нийт сонгогчид дунд залуусын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байна шүү дээ. Залуусын улс төрийн оролцоо муу байгаа нь маш олон шалтгаантай. Магадгүй нэг шалтгаан нь сонгуулийн процедурын түвэгтэй байдал байж магадгүй.  Сонгуулийг автоматжуулсанаар залуусын оролцоог сайжруулна гэж батлах боломжгүй байна л даа.

Илүү хялбар байлгах нь цахим санал хураалтын шийдэл мөн. Гэхдээ цахим санал хураалт хийж байгаа улс орнуудыг ажиглаад байхад сонгууль зохион байгуулж байгаа байгууллага, сонгуулийн үр дүн,  улс төрийн намууддаа итгэх итгэл өндөртэй. Өөрөөр хэлбэл тэр үр дүнг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх суурь хүчин зүйл байна уу гэдгийг бодолцох ёстой шиг байгаа юм.

-Та Ази соёлын тухай ярьсан. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй, “Хар машинаас боллоо”, тэрнээс энэнээс боллоо гэдэг нь зөвхөн манайханд байдаг бус азиуд бас тиймэрхүү хандлага гаргадаг гэсэн үг үү?

-Ялагдахаараа “Би сонгуулийн системийн алдаанаас боллоо” эсвэл “Миний өрсөлдөгч сонгогчдын саналыг худалдаад авчихлаа” гэдэг. Бусдыг буруутгадаг ийм соёл  зөвхөн бидэнд л байдаг асуудал биш  юм байна л даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img