2024-12-07, Бямба
-28 C
Ulaanbaatar

Оросын Европын холбооны эсрэг хийж буй байгалийн хийн дайн

Украин руу цэргийн хүчээр цөмрөн орохдоо ОХУ нэгэн зэрэг Европын эсрэг байгалийн хийн дайн өдөөсөн боловч яаж ч хичээгээд тус тивийг эрчим хүчний болон эдийн засгийн хямралд хүргэж чадаагүй билээ. Гэвч Европ дараагийн өвлийг хүндрэлгүй давах нь одооноос нэлээд эргэлзээ төрүүлж эхэлжээ.

IEA буюу Олон улсын эрчим агентлагийн тэргүүн Фахит Бирол мэдэгдэхдээ, “Кремлийн хүссэнчлэн Европ өнгөрсөн өвөл хөлдөөгүй, эдийн засаг нь нурж унаагүй. Гэвч дараагийн өвөл өмнөхөөсөө амаргүй байж болзошгүй” гэсэн юм. Европын холбооны эрчим хүчний комиссар Кадри Симсон ч түүнтэй санал нэг байна. Тэрээр, “Одоогоор тодорхой биш ч, айсуй өвөл нэлээд хүнд болох шинж тэмдгүүд байна” гэжээ.

В.Путин өнгөрсөн өвөл янз бүрийн шалтаг тоочин ОХУ-ын Европ руу байгалийн хийн нийлүүлэлтийг 80 шахам хувиар бууруулсан билээ. Үүнээс үүдэн Европын холбоонд байгалийн хийн үнэ бараг дөрөв дахин нэмэгдэн тэнгэрт хадаж, тус холбоо иргэдээ болон бизнесээ тэтгэхэд 650 гаруй евро зарцуулахад хүрчээ.

Байгалийн хийн үнэ огцом өссөнөөс болж Европын холбоо өнгөрсөн жил ОХУ-аас нийлүүлсэн тус түүхий эдийн төлбөрт даруй 53 тэрбум евро зарцуулсан ба энэ нь Украинд үзүүлээд буй тусламжаас нь хавьгүй их юм. Хэдий тийм ч тус тив ОХУ-тай хийсэн байгалийн хийн дайнд тэсч үлдэн ялалт байгуулсан гэж хэлж болно. Учир нь ОХУ-ын байгалийн хийн экспортоос олдог орлого бараг дөрөв дахин буурч эдийн засгийн хүнд байдалд орсон.

Өнгөрсөн оны долдугаар сард Европын холбооны гишүүн орнууд өвөл хэрэглэх байгалийн хийн хэмжээгээ 15 хувиар бууруулахаар тохиролцсон нь үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Хэмнэлт төлөвлөснөөс ч илүү болж, 17.7 хувьд хүрсэн байна. ОХУ-аас авдаг байгалийн хийн хэмжээгээ хамгийн ихээр Финланд (55 хувь) болон Балтийн орнууд (30-40 хувь) бууруулжээ. Украины дайнаас өмнө ОХУ-ын байгалийн хийн гол хэрэглэгч байсан Герман ч 17 хувиар бууруулж дөнгөсөн юм.
Жилийн өмнө ОХУ Европын байгалийн хийн хэрэгцээний 50 шахам хувийг хангадаг байсан бол өдгөө энэ үзүүлэлт найман хувьд ч хүрэхээ больжээ. Европын холбоо эрчим хүч хэмнэх горимд шилжсэнээс гадна эрс шийдмэгээр сэргээгдэх эрчим хүч рүү шилжих болсон нь үүнд хамгийн ихээр нөлөөлсөн аж.

ПутинХэдий тийм ч Европын хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн тэмдэглэснээр, тус тивийн аж үйлдвэр байгалийн хийн өндөр үнээс болж хамгийн ихээр хохирчээ. Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд гуравт жагсдаг Европын холбоонд тус түүхий эдийн үнэ Хятадынхаас 23, АНУ-ынхаас 53 хувиар их байгаа юм. Иймээс ч үндэстэн дамнасан компаниуд үйлдвэрүүдээ Европоос нүүлгэж эхэлжээ.

Хур бороо багатай халуун зун эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна түүний үйлдвэрлэлийг бууруулдаг аж. Учир нь усан цахилгаан станцуудын усан сан ширгэж, гол мөрнүүдийн халсан ус атомын цахилгаан станцуудын реакторууд хөргөж хүчирдэггүй байна. Үр дүнд нь өвөлд зориулж нөөцөлсөн байгалийн хийг зундаа хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг.

Тэгвэл өнгөрсөн зун Европын түүхэнд хамгийн халуун зун болжээ. Хэдий тийм ч Европын холбоо арваннэгдүгээр сар гэхэд байгалийн хийн газар доорх агуулахуудаа 90 хувь дүүргэх төлөвлөгөө баталж, түүнийгээ бүр давуулан хэрэгжүүлж чадсан юм.
Аз болж харьцангуй дулаан өвөл болсон тул энэ хавар тус тивийн байгалийн хийн нөөц ердийнхөөсөө их байна. Түүнийг дүүргэх ажил өдгөө ид өрнөж байгаа аж. Европын холбоо нэн ялангуяа шингэрүүлсэн байгалийн хийн импортоо 63 хувиар буюу 16 тэрбум шоо метрээр нэмэгдүүлжээ.

Ковид-19-ийн цар тахлаас үүдсэн хөл хориогоо бүрэн цуцалсан Хятадын эдийн засаг эргэн сэргэж, байгалийн хийн хэрэгцээ нь нэмэгдсэнээр үнийг нь улам хөөрөгдөхөөс урьтаж байгаа нь энэ.

Иймд Европын холбооны байгалийн хийн дайнд зарцуулах хөрөнгө удахгүй нэг их наяд еврогоос давна гэж үнэлгээ, судалгааны “Bruegel” нийгэмлэг тооцжээ. Ийм хэмжээний зардал угаасаа зогсонги байдалд орсон Европын холбооны эдийн засгийг хойш чангаан өрсөлдөгчдөөсөө улам бүр хоцроход хүргэх гэнэ.

Үүнээс гадна их хэмжээний татаас хэрэглэгчдэд байгалийн хийн үнийн өсөлтийг анзаарагдуулаагүй ба энэ нь тэднийг хэт тайвшруулжээ. “Bruegel”-ийн шинжээчдийн үзэж буйгаар, байгалийн хийн үнийн өсөлтийг хязгаарлан татаас олгох явдал тус түүхий эдийн хэрэгцээг харин ч нэмэгдүүлж, эдийн засагт нэмэлт дарамт учруулсаар байгаа аж.

Үүнээс гадна олон жижиг бизнес дампуурч, ажилгүйдэл илт нэмэгдэх болжээ. Европын хүн ам Украины дайнаас залхаж, түүнээс болж орлого нь буурах болсонд дургүйцэх явдал ч өсчээ. Үүн дээр дөрөөлөн Орост буулт хийхийг уриалах улстөрчдийн нэр хүнд ч дээшлэх болсон байна.

Байгалийн хийн дайнд Орос асар их алдагдал хүлээж буй. Үүний сацуу Европын холбоо ч дээд дурдсанчлан багагүй хохирол амсах болжээ.

ПутинХэдий тийм ч Европын холбоо дайн өдөөсөн түрэмгийлэгч улсаас байгалийн хийн хамааралгүй болох зорилтоосоо ухрахгүй нь тодорхой. Европын комиссийн дарга Кадри Симсон мэдэгдэхдээ, “Бид 2022 оны хоёрдугаар сарынх шиг эмзэг байдалд дахин хэзээ ч орохгүй. Үүний тулд Оросоос байгалийн хий зэрэг аливаа түүхий эдийн хамаарлаас ангижрах бодлогоо тууштай баримтлах болно” гэсэн юм.

Харин Олон улсын эрчим агентлагийн тэргүүн Фахит Бирол, “Оросын эрчим хүчний хямд түүхий эд дээр суурилсан Европын эдийн засгийн загвар үгүй болж байна. Буцах зам байхгүй” гэдгийг онцолжээ.

Францын олон улсын харилцааны институт, “Орос улс Европын холбоо руу чиглэсэн байгалийн хийн бараг бүх хоолойгоо хааснаар эхэндээ санхүүгийн ноцтой хохирол учруулж, өөртөө нэмэлт орлого оруулсан. Гэвч эцэст нь хамгийн том, хамгийн шилдэг зах зээлээ алдахад хүрлээ. Орост Европын холбоо шиг өөр зах зээл олдохгүй. Тус улс нэг ёсондоо байгалийн хийн хөлөө өөрийн гараар тайрч, эрчим хүчний гүрний статусаа аажмаар алдах болов” гэж дүгнэжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img