2023-12-10, Sunday
-31 C
Ulaanbaatar

Туркийн хувь заяа хаашаа эргэх нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатнаас хамаарах болов

Өнгөрсөн ням гаригт болсон Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын сонгуулийн насны иргэд маш идэвхтэй оролцож ирц нь 88.92 хувьд хүрчээ. Гадаадад буй Туркийн иргэдийн оролцоо харин хавьгүй доогуур, 52.9 хувь байсан тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн юм.

Сонгуулийн дүнгээс үзвэл өнөөгийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 49.51 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, нэгдсэн сөрөг хүчнээс нэр дэвшсэн Кемал Кыличдароглу 44.88, үндсэрхэг баруун жигүүрийн улс төрчдийн төлөөлөл болох Синан Оган 5.7 хувийн санал тус тус авчээ. Ийнхүү Режеп Тайип Эрдоганд сонгогчдын 50 хувийн санал авч нэгдүгээр шатанд шууд ялалт байгуулахад ердөө 0.49 хувь дутсан байна.

Туркийн энэ удаагийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг түүхэн ач холбогдолтой гэж үзэж буй. Учир нь Режеп Тайип Эрдоганы төр барьсан 20 жилийн дотор анх удаа сөрөг хүчнээс нэр дэвшигч ялах бодит боломж гарч ирсэн гэнэ.

2016 оны төрийн эргэлт хийх оролдлогын дараа эрх мэдлээ үлэмж нэмэгдүүлсэн түүний засаглалд цэг тавихын тулд сөрөг хүчнийхэн хоорондын зөрчлөө түр умартан нэгдсэн нэг нэр дэвшигч гаргаж ирж чадсан аж.

Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж буй хоёр нэр дэвшигч сонгуулийн эхний шатны үр дүнгийн талаар юу гэж хэлснийг дор сонирхуулья.

ТуркРежеп Тайип Эрдоган:

“Би сонгуулийн эхний шатанд шууд ялалт байгуулна гэдэгтээ эргэлзээгүй. Яахав, өчүүхэн бага саналын хувь дутлаа. Хоёрдугаар шатанд намайг дэмжигчдийн тоо үлэмж нэмэгдэх нь тодорхой.”

Кемал Кыличдароглу:

“Хоёрдугаар шатанд бид гарцаагүй дийлнэ. Туркийн нийгэмд өөрчлөлтийг хүсэгчид 50 хувиас хавьгүй их болсон учраас тэр.”

ТуркЭнэ сонгууль угаасаа хоёр шаттай болохыг Туркэд хийсэн бараг бүх социологийн судалгаа харуулж байв. Гэхдээ Эрдоган бус Кыличдароглу илүү олон санал авна гэх таамаглал давамгайлж байсан юм. Үүнээс гадна Эрдоганы нам парламентад дахиад олонхи болж болзошгүй ажээ.

Хоёр долоо хоногийн дараа болох сонгуулийн хоёр дахь шат ямар ч үр дүнд хүргэж болно. Гэхдээ Туркийн нийгэм эрс тэс хоёр хуваагдсаныг саяын сонгууль яруу тодоор харууллаа.

Үүний гол шалтгаан нь мэдээж эдийн засгийн хямрал. Инфляц 44 хувьд хүрсэн явдал Эрдоганы олон дэмжигчдийг үргээжээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн 11 мужийг хамарч 50 гаруй мянган хүний аминд хүрсэн удаа дараагийн газар хөдлөлтийн үеэр Засгийн газар нь зохих ёсоор шуурхай ажиллаж чадаагүйг ихээр шүүмжлэх болсон билээ.

Хэдий тийм ч Эрдоганыг дэмжигчид ийм их хэвээр гэдэгт шинжээчид гайхаж байна. Түүнд саналаа өгөгсдийн дийлэнх нь хөдөө орон нутгийн мужууд аж. Харин тус улсын Стамбул, Анкара, Измир зэрэг хотуудад сөрөг хүчнээс нэр дэвшигч эргэлзээгүй ялалт байгуулжээ.

Туркийн Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны дүнгээ энэ сарын 19-нд мэдэгдэх ч, нэг зүйл тодорхой. Одоогийн Ерөнхийлөгчөө хөдөөнийхөн голдуу дэмждэг бол, Кемал Кыличдароглуд том хотуудын сэхээтнүүд, оюутнууд саналаа өгчээ.

Сонгуулийн хоёрдугаар шатанд хэн ялахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл эргэлзээгүй. Эрдоган ялбал Турк өрнөдийн ардчилсан ертөнцөөс улам бүр зайгаа барьж, нийгмээ лалын шашны дэг жаягийн хэт их нөлөөнд оруулан технологийн хувьд бүр их хоцрогдоно. Харин хэлж бичихэд хэцүү нэртэй сөрөг хүчний удирдагч Кыличдароглу Ерөнхийлөгч болбол тус улс даяар ардчиллын тэргүүлэгчдийн эгнээнд орж тун ч болзошгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img