2025-02-09, Ням
-12 C
Ulaanbaatar

Төрийн ордонд өрнөсөн жорлон, хөрсний бохирдлын талаарх яриа

Төрийн ордны их танхимд нийслэлийн хөрсний бохирдлын талаар яриа өрнөж байлаа. Ардын их хурал хуралдаж байсан том танхимыг иргэд дүүргэжээ. Энэ үеэр  Залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, хөрс судлаач  П.Оюунбат ийнхүү ярив.

-Улаанбаатар хотын гол бохирдолтой газар бол Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр орчимд хром зонхилсон хүнцэл, хар тугалгын бохирдол их байдаг. Тэр тусмаа арьс ширний үйлдвэрүүдэд ашиглаж байгаа хромын давс хөрсөнд хуримтлагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд 700 өрхийн 2400 орчим иргэд хромын бохирдолд их бага хэмжээгээр өртөж байгаа.

Бидний судалгаагаар тухайн бүст амьдарч байгаа орон сууцны оршин суугчдад хромын бохирдолтой холбоотойгоор арьс загатнах, амьсгалын замын эрхтэн гэмтэх, хамар битүүрэх, харшил үүсгэх шинж тэмдэг илэрдэг байна. Хромын давс малын арьснаас  үсийг нь салгах зориулалттай химийн бодис шүү дээ. Хромын давсаар хөрс нь бохирлогдсоноор гүний усанд нөлөөлж, хаврын хуурай  салхиар дамжин бохирлогдсон хөрс тоос шороо агаарт дэгдэн, амьсгалын замаар орж, арьсанд наалдаж, өвчлөл үүсгэж байна. Хөрсийг саармагжуулж, бохирдлыг бууруулах арга хэмжээ авахгүйгээр удаан хугацаагаар явбал хүн амын дундах өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. Мутацын өөрчлөлтөд орох аюултай.

Дэлхийн бүх л хотод хөрсний бохирдлын асуудал тулгарч байсан. Нүхэн жорлонгийн нянгийн бохирдол хөрсний хүнд металлын бохирдлоос ялгаатай. Нянгийн бохирдол дулааны улиралд богино хугацаанд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Улаанбаатарт авсан нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой байсан. Гэдэсний халдварт өвчин үүсгэдэг бактериуд илүү ихээр илрэх болсон.

Бид ядаж эхний ээлжинд нүхэн жорлонгийн тоог гаргах ёстой.

Агаар сансрын зураг ашиглан 2022 онд нүхэн жорлонгийн тооллого хийсэн. 144992 ширхэг нүхэн жорлон тоологдсон. Байршлын хувьд гүний усанд нөлөөлөхүйц, голын ус, ундны усанд ойрхон, тухайн бүсүүдийн хүн амын нягтаршил зэргийг харгалзан дөрвөн бүсээр ангилсан. Голын хамгаалалтын бүс, орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхүйц 9400 орчим нүхэн жорлон байна. Дунд зэргийн сөрөг нөлөөтэй 41 мянга, захын буюу харьцангуй бага сөрөг нөлөөтэй 71 000 нүхэн жорлон байна.

Энэ бүсчлэлээр хөрсний бохирдол бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.

Эхний ээлжинд 9400 нүхэн жорлонгийн асуудлыг шийдчихвэл бас учиртай.

Ундны усны худгийн  хамгаалалтын бүсэд гэхэд л 1500 нүхэн жорлон байна шүү дээ.

Хөрсний бохирдлыг гэр хорооллын асуудал гэж ойлгох хэрэггүй. Нянгийн бохирдол  орон сууцны оршин суугчдад ч хамаатай. Ундны усны эх үүсвэрээс крантаасаа авдаг шүү дээ гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ийм байр суурьтай байна.

-Хөрсний бохирдлыг шийдэх, нүхэн жорлонг халах үйл ажиллагааг  манай Чингэлтэй дүүргийнхэн маш хариуцлагатайгаар эхлүүлж байна.

Хөрсний бохирдолыг гэр хорооллын асуудал мэтээр яриад байдаг. Гэтэл хөрсний бохирдлын хохирогч нь орон сууцны оршин суугчид байгааг эрдэмтэн ярьж байна. УИХ, Засгийн газраас 2015 оноос агаар, хөрсний бохирдлыг шийдэхийн тулд гурван бүст хуваагаад зохион байгуулалтын ажил эхлүүлсэн ч төвийн бүсэд орон сууцжуулах ажил ковидоос болоод хойшилсон. Гэр хорооллын асуудлаар Ц.Даваасүрэн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  Агаар хөрсний бохирдлын 60 гаруй хувийг бүрдүүлж байгаа дундын бүсэд  дэд төвүүд бий болгох, нүхэн жорлонг эко жорлонгоор солих ажилд шуурхай орох хэрэгтэй байна. Засгийн газрын бодлогод есөн дэд төв барихаар тусгаж, Сүхбаатар,Чингэлтэй дүүрэгт эхлүүлэхээр болсон ч Сүхбаатар дүүргийнх хэрэгжиж чадаагүй. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд энэ асуудлыг араас нь хөөцөлдөж, шаардлагатай мөнгийг  төсөвт суулгасны үр дүнд 230 айлыг хамарсан дэд төв амжилттай хэрэгжиж байна. Нисэх, Сэлбэ,  Дэнжийн мянгын дэд төвүүдээ ашиглалтад оруулчихвал агаар, хөрсний бохирдлыг 50 хувь шийдэх бололцоотой.

Эхний ээлжинд эко жорлонтой болох хэрэгтэй байна.

Нүхэн жорлонгийн асуудлаа шийдвэл урамшуулал, хөнгөлөлт олгох  ногоон зээлэнд хамруулбал маш хурдан хэрэгжих боломж бий.  ҮАБЗ хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрчээ гэсэн дүгнэлт гаргасан.

 Чингэлтэйчүүд үүнийг манлайлж шинэ жишиг тогтооё хэмээн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гэлээ.

-Эко  гэдэгтээ ямар жорлонг хамруулж байна вэ?

-Хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийнхнээс тодруулаарай. Том дэд бүтцийн асуудал шийдэхийг хүлээхийн зэрэгцээ эко нолийн асуудлыг шийдээд явах хэрэгтэй байна. Лаг ялгадсыг хөрсөнд шингээхгүйгээр, стандартын түвшинд шүүгээд, бохирдлыг 70-80 хувиар бууруулна гэсэн үг.

-Жорлонгийн санхүүжилтийг яаж шийдэх боломжтой вэ?    

 – УИХ төсөв хэлэлцэх үед нийслэл болон улсын төсөвт суулгаад, хаана бохирдол ихтэй хэсэгт санхүүжилт суулгах, дэд төвөө барих замаар шийдвэрлэхээр явж байгаа гэв.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д. Цэсэнжаваас  жорлонгийнх нь нөхцөлийг тодрууллаа.  

-Танайх аль хавьд байдаг вэ?

  -Долоон буудлаас дээшээ өгсөөд байдаг.

-Ямар жорлонтой вэ?

-Манайх хашаандаа модон жорлонтой.

-Танай жорлон хэдэн удаа дүүрсэн бэ, байрлалыг нь  сольж байсан уу?

-Би гучаад жил хашаандаа амьдарч байна.

Энэ хашаанд ирээд  хуучин жорлон нь нэлээд  муудаад, жорлонгийнхоо байрлалыг нэг л сольсон.

-Хашаа чинь хэр зайтай вэ?

-Манайх 0,7-доо хүрдэггүй шүү дээ. Энэ эко жорлонг л их сонирхож байна. Муу усны нүх  бас болохоо байсан. Аргаа бараад кольцо тавиулах боломж юу байдаг юм бол гэж бодоод явж байна.

-Та өмнө нь жорлонгоо өөрчлөх талаар бодож байсан уу, жорлонгийн талаар судалж байв уу?

-Дүүрээгүй байхад нь нэг их боддоггүй байсан. Шороо нь орсоор байгаад бас дүүрэх гээд байна. Жорлонгийн талаар өмнө нь судалж байгаагүй.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Хоёулаа.

-Та одоо ямар жорлон хүсч байгаа вэ?

-Соруулдаг, кольцотой жорлон тавиулах санаатай байна.

-Өөр илүү тухтай жорлонгийн талаар та судалж үзсэн үү?

-Үгүй.

-Жорлонгоо өөрчилвөл  хэр их зардал гарна гэж төсөөлж байна, төрөөс шийдээд өгөх болов уу гэж найдаж байгаа юу?

-Талыг нь ч гэсэн хөнгөлөөд өгвөл сайн гэж бодож байна. Кольцог нь тавьж өгөөд бусдыг нь өөрөө хийдэг ч юм уу, 50 хувийг нь хийлцээд өгвөл их л сайн байна.

Гурав, дөрвөн сая төгрөг гарах байх аа. Газраа янзлуулна, бохироо янзлуулна. Зээл, хөнгөлөлттэй юм юу байдаг юм бол, хороо дүүргээс судлах асуух, иймэрхүү юмнууд харж л байх юм.

-Та юу хийдэг хүн бэ?

-Би монгол гутал оёдог, насандаа суусан. Үйлдвэрт ажиллаж байгаад, үйлдвэр татан буугдаад, гэрээрээ ажиллах болсон гэлээ.

  “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ санаачлан зохион байгуулжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img