2023-12-11, Monday
-22 C
Ulaanbaatar

Боловсролын багц хуульд орох онцлох 8 өөрчлөлт

УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдээс анхаарал татсан хоёр төсөл бий. Нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Нөгөө нь Боловсролын багц хууль юм. Боловсролын хуульдаа олон жил гар хүрээгүй манай улс анх удаа багц шинэчлэлийг боловсролын салбартаа хийх гэж буй нь энэ. Боловсролын багц хуульд туссан 8 гол өөрчлөлтийг онцолъё.

  • Монголын боловсрол сайн муу, тэр сургуул сайн, энэ нь муу гэх мэт аман үнэлгээг халах нь. Анх удаа боловсролын салбараа олон улсын үнэлгээгээр үнэлж хэмжих боломжийг хуульчилж өгөхөөр болж. Хууль батлагдснаар Монголын боловсрол дэлхийн хаахна яваа нь дэлхийн жишиг болсон үнэлгээгээр гараад ирнэ гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (OECD) үнэлдэг аргачлалаар Монголын боловсролыг менежмэнтийнх нь хувьд, хүүхдүүдийн мэдлэг, багш нарын чадварынх нь хувьд үнэлэх юм байна. Хөндлөнгийн үнэлгээний ийм системийг гурван жил тутам хийнэ гэж хуулийн төсөлд тусгажээ. Боловсролын ерөнхий хуулийг дагаад хүүхэд залуусын хүмүүжлийг анхаарсан тусгай хууль орж ирж байгааг энэ дашрамд онцолъё.
  • Боловсролын багц хуулиар санхүүжилтын реформыг хийнэ гэж хуулийн төсөл дээр ажиллаж буй гишүүд онцолж байна. Өмнө нь байгууллагыг санхүүжүүлдэг байсан бол одоо хүүхдээ санхүүжүүлэх нь. Багц хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж буй Г.Дамдинням гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Хүүхдээ санхүүжүүлэх гэдэгт олон юм орж байгаа. Хүүхэд бүрийн хэрэгцээ өөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ өөр байх нь ойлгомжтой. Алслагдмал аймаг орон нутагт амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээ ч ондоо. Гоц авьяастай хүүхдийн хэрэгцээ ялгаатай. Сурч буй чиглэл, төрөлжилтөөсөө хамаараад хэрэгцээ өөр байх нь бий. Хэрэгцээнд нь таарсан хувьсах зардал олгодог зохицуулалтыг тусгаж өгч байгаа. Алслагдсан аймгийн хүүхдэд өгөх хувьсах зардал нь илүү болчихоор тухайн сургуульд ажиллаж буй багш нарт илүү цалин өгдөг болно гэсэн үг” хэмээн онцолжээ. Мөн сургууль, цэцэрлэгүүдийг хагас бие даасан санхүүгийн тогтолцоо руу шилжүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
  • Багш нарыг дэмжих заалтууд хуулийн төсөлд тусчээ. Тодруулж хэлбэл багшийн нийгмийн баталгааг маш хүчтэйгээр дэмжих зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Хууль батлагдаж хэрэгжсэнээр хөдөө орон нутагт ажиллаж буй залуу багш нарын орон сууцны санхүүжилтын асуудлыг төрөөс шийдэх зохицуулалт ажил болох юм байна. Орон нутаг, алслагдсан аймаг, суманд очиж багшилж буй багшид эхний таван жилд зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгох заалт хуулийн төсөлд тусаад байна. Энэ урамшуулал цаашид гурван жил тутамд олгогдоно гэхээр хөдөө орон нутагт ажиллах багш нарт өгөх урамшуулал тогтмолжиж байна гэсэн үг.
  • Сургуульд ажилладаг багшаас гадна бүх л мэргэжлийнхэнд нэг том боломжийг Боловсролын багц хуулиар олгох гэж байна. Боловсролын орчинд 15-аас дээш жил ажилласан хүмүүсийн нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
  • Өндөр оноо авсан хүүхдүүдийг МУБИС-д үнэ төлбөргүй сургахыг өмнө нь журмаар зохицуулдаг байсан бол одоо хуулиар баталгаажуулж өгөхөөр болж. Мөн дөрөвдүгээр курсэд сурч буй төгсөх ангийн оюутнуудад хичээл заах эрх олгодог зохицуулалтыг хуулинд тусгаж байгаа аж. Мөн багш биш мэргэжилтэй хүмүүсийг түргэвчилсэн сургалтаар багш болгох зохицуулалтыг ч тусгажээ.
  • Боловсролыг зөвхөн танхимд өгдөг гэсэн ойлголтоос татгалзаж буй нь энэ удаагийн хуулийн төслийн нэг том онцлог болж байна. Сонирхуулж хэлэхэд цар тахлын үеэрх цахим хичээлүүдийг яг хуулиараа зөвшөөрөгдөөгүй зохицуулалт аж. Гэрийн сургалт, амьдарлын орчноос авах сургалт, онлайнаар авч буй сургалт гэх мэт олон төрлийн сургалтыг хууль ёсны болгож тооцох зохицуулалтыг хуульд тусгаж өгөхөөр болжээ. Монгол орны аль ч өнцөг булангаас хамгийн шилдэг багшын хичээлд цахимаар сууж шалгалтаа өгөөд тооцуулж болдог болгож буй нь Боловсролын багц хуулийн хамгийн том өгөөжүүдийн нэг болж байна. Боловсролын багц хуулийн ажлын хэсгийг ахлаж буй Г.Дамдинням гишүүн “Хамгийн шилдэг багшийн хичээлийг бичиж аваад онлайн дээр тавихад аль ч аймгийн хүүхэд нээлттэй үзэх боломжийг нээж өгч байгаа. Салбарын яамны medle.mn гээд сайтаас хамгийн шилдэг багшийн хичээлийг үзэх боломж нээгдчихсэн. 16 мянган гаруй хүүхэд аль эрт бүртгүүлчихсэн Монголын хамгийн шилдэг багш нараас сураад явж байна. Боловсролын ерөнхий хуульд энэ мэт өөрчлөлтүүд орсны үр дүнд боловсрол олох тэгш гараа, тэгш хүртээмж, тэгш боломжууд нээгдэх юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
  • Олны анхаарлыг татаж буй англи хэлний тухайд хоёр гол заалт Боловсролын багц хуулийн төсөлд тусчээ. Боловсролын ерөнхий хуулинд гадаад хэл үзэх бол хамгийн түрүүнд англи хэл үзнэ, бусад хэлийг сурах нь нээлттэй гэсэн зохицуулалтыг тусгажээ. Хэддүгээр ангиас англи хэл үзэхийг хөтөлбөрийн мэргэжилтнүүд шийдэх учиртай аж. Мөн дунд ангиас шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэлээр зааж болно гэсэн зохицуулалтыг тусгаж өгчээ.
  • Хувийн хэвшлийн сургуультай холбоотой хэд хэдэн чухал заалтууд багтжээ. Эцэг, эхчүүд Кембрижийн, IB гэх мэт гадаадын нэртэй хөтөлбөрүүдийг заадаг гэж итгээд хүүхдүүдээ өгдөг. Гэтэл яг тэр хөтөлбөрөө бүрэн зааж чадаж байгаа эсэхэд дотоодод хэн ч үнэлгээ хийдэггүй, хуульд энэ чигийн зохицуулалт байгаагүй юм. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд туссанаар бол олон улсын хөтөлбөрөөр сургаж байгаа сургуулиуд эрх авсан газраасаа чанараа үнэлүүлсэн үнэлгээгээ нийтэд нээлттэй зарлаж БШУЯ-нд мэдээллээ хүргүүлж байх үүрэг хүлээх нь. Мөн сургалтын төлбөрийн зарцуулалтад эцэг эхийн хяналт заавал байх эрхийг нээж өгч байгаа аж.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img