2023-11-29, Wednesday
-23 C
Ulaanbaatar

Охиноо татвар төлөгчдийн мөнгөөр Америкт сургасан Ц.Даваасүрэн гэж хэн бэ?

Боловсролын зээлийн сан тойрсон мэдээлэл Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дуулианы араас шуугиан тарьж байна. Энэ санд цугладаг төсвийн мөнгөөр, бүр тодруулж хэлбэл бидний төлдөг татварын мөнгөөр хүүхдүүдээ сургасан улстөрчдийн нэрсийг Zarig.mn зарласныг олон нийт дургүйлхэн хүлээж авлаа. Арга ч үгүй, өчнөөн айлын хүүхэд дэлхийн топ их сургуульд элсэх урилга авдаг ч төсвийн мөнгөнөөс тэтгэлэг, зээл хүртэж чадахгүй явсаар өнөөг хүрсэн нь ил үнэн. Дэлхийн топ их сургуульд тэнцсэн ч Боловсролын зээлийн сангаас татгалзсан хариу сонссон өчнөөн жишээ бий. Аав, ээжийнхээ хамгийг шавхаад АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн хэд хэдэн залууг ойр мэдэхийн хувьд хүүхдээ төсвийн мөнгөөр сургасан шударга царайлсан УИХ-ын гишүүдийн өмнөөс нүүр улайх ч багадаж байна.

Олонд ил болсон нэг кейс хэлье. УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдал Харвард төгссөн нэгэн. Тэрээр 2013 онд Ерөнхийлөгчийн санаачилсан (тухайн үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байсан) дэлхийн топ-100 сургуулийн шалгаруулалтад ороод шалгаруулалт шударга бус явагддагийг хэлээд гарч байж. О.Батнайрамдал энэ тухайгаа “Сүүлд намайг Харвардад сурахад боловсролын дэд сайд Б.Ургамалцэцэг манай сургуульд айлчилсан юм. Миний нөхцөл байдлыг сонсоод яагаад Харвардад сурч байгаа хүүхдийг тэнцүүлээгүй юм. Ил тод, шударга болгож шийдэл дээр нь ажиллана гээд явсан. Түүнээс хойш арван жил өнгөрөхөд ямар ч алхам хийгээгүй. Гэхдээ аль нэг сайд буруу ажилласан гэхээс илүү тогтолцооны гажуудлыг засч залруулах ёстой. Нам хамаарахгүй шийдэх ёстой асуудал” гэж ярьсан байдаг.

Хөгжлийн банкны луйвартай тэмцэгч Б.Энхбаяр, тэгш боломж, ардчилал, шударга ёс ярьдаг Т.Доржханд, эх оронч гэж тойргийнхондоо шүтэгдсэн Ц.Даваасүрэн нар хүүхдээ, зарим нь бүр эхнэрээ улсын мөнгөөр гадаадын том их сургуулиудад сургасан гээд бодохоор элдэв хэрэгт орооцолдсон бусад улстөрчид түмний хүүхдийн сурч боловсрох боломжоос хэрхэн яаж хулгайлж суугааг яриад ч хэрэггүй. Улайрсан улстөрчид ганц хүүхдээ биш хамаатан садан, ойр тойрны хүмүүсээ Боловсролын зээлийн сангийн мөнгөөр гадны том сургуулиуд руу сургадаг гээд бодохоор толгойгоороо тэнцсэн ч төлбөрөө төлөх чадамжгүй энгийн айлын хэчнээн хүүхэд хохироод үлдсэн бол.

Энэ шуугиантай зэрэгцэн Б.Болдсайхан эмч уншсан улстөрчид ичиж улалзмаар пост оруулаатхав. Зүрхний асуудалтай олон хүүхдийг аймаг сум дамжин явж эмчилдэг хүмүүнлэгийн том төсөл хэрэгжүүлдэг Болдсайхан эмчийн “Долоон хүүхэд минь дэлхийн эхний хорьд ордог гадны их сургууль төгссөн. Нэгэнд нь ч боловсролын тэтгэлэг, зээл аваагүй. Би өөрөө л төлсөн. Учир нь энэ миний үүрэг, хариуцлага. Бусад хүүхдийн боломжийг булаацалдахыг хүсээгүй. Төр ба татвар төлөгчдөд өртэй байгаасай гэж хүсээгүй” гэсэн постод одоогоор 31 мянган хүн лайк дарж, 1400 гаруй хүн дэмжсэн коммент үлдээсэн байна. Эмчийн постыг 1800 гаруй хүн бусадтай хуваалцжээ. Нийгмийн сэтгэл зүй энэ асуудал дээр ямар реакци үзүүлж буй эндээс харчихаж болно. Жинхэнэ үнэ цэн, жинхэнэ зарчим гэж энэ л дээ.

Гэтэл Боловсролын зээлийн сангийн мөнгөөр суралцах боломжтой өчнөөн залуусын боломжийг хулгайлан барин эхнэр, хүүхдээ сургасан улстөрчид өөрийгөө өмөөрсөн мэдэгдэл хийцгээж байна. Ц.Даваасүрэн гишүүн гэхэд хүүхдээ мундаг учраас бүрэн тэтгэлэгт хамрагдсан, зээл аваагүй гэсэн пост хийх жишээний. Эх орныхоо төлөө тэмцэгч “жинхэнэ баатар” улстөрчөөс лав гарах хандлага биш.

Б.Болдсайхан эмчийн хандлагын хажууд ямар жижиг эрх ашиг, ямар өчүүхэн хандлагатай харагдаж буйг нь өөрийгөө өмөөрч бичсэн постынх нь доорх бухимдсан, шүүмжилсэн комментуудаас харчихаж болно. Ц.Даваасүрэн гишүүний хувьд хүүхэд нь мундаг байлаа ч халааснаасаа мөнгө гаргаад сургачих дайны бэлтэй улстөрч. Олонд харагддаг эх оронч дүр төрхөөс нь харахад “Түмний хүүхдийн боломжоос хулгайлахгүй. Охиныхоо төлбөрийг төлөх боломж бий учраас би өөрөөсөө мөнгө гаргаад охиноо сургана” гэж хэлээд сууж байх учиртай улстөрчдийн нэг. Харамсалтай нь мань эр тэгсэнгүй. Миний охин тэтгэлгээр сурсан учраас зээлийн өр байхгүй гэж мэдэгдсэн шигээ данайж сууна. Сүүлийн хэдэн парламентад тойргоос торойж гарч ирсэн, ирэх сонгуулиар ч тойргоосоо торох юмгүй гарч ирэх гишүүдийн тоонд багтаж буй түүний өнгөрсөн цаг руу хамтдаа өнгийе.

Ц.Нямдорж: Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна

Түүнийг улстөр, бизнесийн хүрээллийнхэн “арван хувийн” гэж өөр зуураа ёгтлон дуудацгаадаг. Нэг том бизнесэнтэй уулзаж суухад “Бизнесийнхан мань эрийг мистер тэн гэлцдэг юм” хэмээн мушилзсан удаатай. Баргийн асуудал дээр голтой, зоригтой дуугарчихдаг Ц.Нямдорж 2017 оны хавар “Одоо наад алба чинь ямар өнгөтэй болох нь тодорхой. Даваасүрэнгийн сонгуулийн ажилд явж байсан хэдэн хүнийг л тавина. За Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. Ийм учраас ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэсэн удаатай. Мань эрийн төсвийн судалгааны алба байгуулах санаа Ц.Нямдоржийг хатуу үг унагахад хүргэсэн юм. Ц.Даваасүрэн сайдыг Сангийн яаманд ажиллаж байхдаа ярьж бүтээж өгсөн ажил бүрээсээ арван хувийг нь авдаг байсан гэх дам ярианууд чих дэлсдэг ч яг тэр төслөөс тэдийг авсан гэсэн баттай ноттой баримт олонд ил болоогүй. Хөшигний ард юу өрнөж байгааг мэдэх цөөн улстөрчдийн тоонд багтдаг Ц.Нямдорж “арван хувийн Даваасүрэн” гэж чуулганы хуралдаан дээр хэлэхийг бодоход оргүй үг биш байх. Дашрамд дурдахад Ө.Энхтүвшин нэг удаа бүлгийнхээ хурал дээр “Хамгийн муу хүн, адгийн урвагчийг олоод ир гэвэл Ц.Даваасүрэнг аваачиж өгвөл яг таарна” гэж ярьж суусан гэсэн ам дамжсан яриа ч тухайн үед чих дэлсч байв.

Ц.Нямдорж сайдыг хатуу үг унагахад хүргэсэнтэй ижил төстэй нэг явдлын тухай дуулиан 2018 онд болсон юм. Эрчим хүчний сайд тэр жилийн долдугаар сарын 9-ний өдөр тушаал гаргаж, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох Сургалт үйлдвэрлэлийн төвийг бие даасан хуулийн этгээд болгох шийдвэр гаргаж байв. “Эрчим хүчний хөгжлийн төвийн хувьд Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай. Засгийн газраас шийдэх ёстой асуудлыг сайд тушаал гаргаад шийдчихлээ” гэх шүүмжлэл тухайн үед ид өрнөж байв. Эрчим хүчний хөгжлийн төвийн нэг хэлтсийг сургалт судалгааны төв нэртэй салбар байгууллага болгох шийдвэр албан ёсоор гарч, тус төвийн захирлаар Хөвсгөл аймгийн угшилтай М.Отгонням гэх бүсгүйг томилсон нь өнгөрсөнд болсон бодитой явдал юм. М.Отгоннямын талаар тухайн үед “1991 онд төрсөн, МУБИС-ийг мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн, 2013 оноос хойш Ц.Даваасүрэнгийн туслах, зөвлөхөөр ажилласаар өнөөг хүрсэн, сайдын хамаатан, нөхөр нь төрийн өмчит эрчим хүчний компанид ажилладаг” гэх мэдээлэл цацагдаж байлаа.

Сайд ийм шийдвэр гаргасныхаа дараа яамныхаа харьяанд байдаг 32 ТӨХК руу Эрчим хүчний зохицуулах хороогоор дамжуулан албан тоот явуулж байсныг тухайн үед цацагдсан мэдээллээс харж болно. Уг албан тоот, ТӨХК-иудаас авах мөнгөн дүнгийн жагсаалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв. ДЦС-4-өөс 81, ДЦС-3-аас 47, УБЦТС компаниас 53 сая, ДСЦТС ХК-иас 21 сая гэх мэтээр мөнгө татаж сургалт судалгааны төвийг санхүүжүүлэх санаа нь цаасан дээр буусан нь ил болж хэсэгтээ л шуугианы сэдэв болсон нь өнгөрсөнд өрнөсөн бодитой үйл явдал. Тухайн үед буюу Эрчим хүчний сайдын ажлаа авснаасаа хойш төрийн өмчит компаниудын захиргаа, санхүү, хүний нөөцийн албадад хүнээ томилуулахаар улайрах болсон гэх мэдээлэл ч нэр ус, баримт сэлттэйгээ хэвлэлээр хөвөрч байв.

Б.Жавхлан: Таны цаана харамсмаар зүйл их болж байгаа шүү, Даваасүрэн гишүүнээ

Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа дээр дурьдсанаас өөр гавьтай зүйл амжуулаагүй эрхэм гишүүн одоо арьс ширний салбар руу хошуу, гар дүрчихсэн явааг элдэв тайлбаргүйгээр, Сангийн сайд Б.Жавхлангийн байр сууриар дамжуулан хүргэе. Сангийн сайд Б.Жавлан өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр “Дарханы Арьс ширний цогцолборын дэд бүтцийг 40 тэрбумаар хийсэн гэх тайлан тавьсан. Гэтэл давхар ТЭЗҮ-ийг Ц.Даваасүрэн оруулж ирсэн. Энэ бүтээн байгуулалтын ажилд 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байтал Ц.Даваасүрэн 159 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх хүсэлт явуулсан. 159 сая еврогийн хөрөнгө оруулалтын 130 сая нь зээл, 19 сая нь төсвийн мөнгөнөөс, үлдсэн 30-иад сая төгрөгийг Эрдэнэтээс гаргана гэсэн байсан. Энийг хүлээж авах боломжгүй. Тоо нь буураад хөрөнгө оруулалт нь өссөн байгаа. Тэгээд ч дөнгөж байгуулагдаад нэг жил байгаа компанид ажил өгнө гэж байхгүй. 103 сая евро дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын баталгаа гаргуулъя гээд хүсэлт явуулсан байна. Энэ бол батлах боломжгүй төсөв. Монгол улсад жилдээ 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Бүтэн боловсруулахад 13-14 сая доллар хэрэгтэй. Богийн сая ширхэг арьс шир боловсруулахад 3-4 сая төгрөгийн тоног төхөөрөмж шаардлагатай” хэмээн ярьсан юм.

Сангийн сайд энэ байр суурийнхаа дараахан буюу энэ оны эхээр “Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэлээ, доромжиллоо. Олон удаа парламентад суусан, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүн гэж боддог. Гэтэл цаана нь харамсмаар зүйл их болж байгаа шүү. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэж залууг Дарханы арьс ширний төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилуулсан. Монгол Улс жилдээ 600 мянган үхрийн шир боловсруулдаг, 130-140 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь 159 сая евро болсон. Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон. Энэхүү арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргая гээд ороод ирсэн. Таны яриад байдаг үнэлэмжээр үнэн шударга байдал энэ үү. Бүгдийг нь та хийж байгаа. Нэг хэсгийг нь би хэлж байгаа” хэмээн хэлсэн юм.

Сангийн сайдын удаа дараагийн байр сууриас нэг зүйл тодорхой байна. Хар үгээр товчхон тайлбарлавал Дарханд арьс ширний цогцолбор байгуулах төслийн дэд бүтцийн гэх мэт том бүтээн байгуулалтуудыг хувийн компани мөнгөө гарган гүйцэтгэж, ажил нь аль хэдийнэ дундаа орчихсон явж байхад эрхэм гишүүн дундуур нь орж “бантан хутгаж” яваа бололтой юм билээ.

Танилц, Ц.Даваасүрэнгийн намтар

ДаваасүрэнЦ.Даваасүрэн сайдын намтрыг сөхье. Хөвсгөлийн уугуул. ЗХУ-ын Украины Харьковын политехникийн дээд сургуулийг 1989 онд, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагийн менежерийн ангийг 1994 онд, Япон улсын Сайтомогийн их сургуулийн эдийн засгийн ангийг 1998 онд дүүргэсэн, эдийн засаг, удирдахуйн ухааны магистр гэсэн өгүүлбэр намтарт нь дурайдаг. Эрчим хүчний автоматикийн инженер мэргэжилтэй. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байж. Тэр утгаараа эрчим хүчний салбарын зовлон, жаргалыг гадарлахтайгаа нэгэн. 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсныг намтраас нь харчих боломжтой. Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж яваа. Тэр зуураа МАН-аас МАХН руу орж, бие дааж, буцаж МАН руу орж байв. Товчхондоо УИХ-д нэр дэвшихийн тулд нам солихоос бие даах хүртэл байж болох бүх л аргыг хэрэглэсэн улстөрч. Соцдек угшилтай гэх нь бий. Сангийн яаманд ажиллах үедээ П.Цагаан, н.Гансүх, Я.Очирсүх нартай ойр байсан гэсэн яриа дуулддаг. Ч.Улаан, Н.Энхбаяр гэсэн томчуудтай ойр явсан он жилүүд, хамтдаа ярьж тохирсон мөнгөний ажлууд бий гэсэн хардлагыг учир мэдэх улс өөр зуураа ярьдаг. “Тэнхлэг” клуб, “Залуу лидер” клуб гэх мэт улс төрийн чигийн төрийн бус байгууллагатай холбоотой байсан гэх мэдээлэл ч сонсогддог.

Хөвсгөл аймгаас Улсын их хуралд дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууц, барилга байгууламжийн тухайд нэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр барилга байгууламж, нэг нийтийн орон сууцтай хэмээжээ. Нийт үнэлгээ нь 371 сая аж. 23 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй бол 85 саяар үнэлэгдэх 206 хонь, 63 ямаа, 1 тэмээ, 149 адуутай гэж ХОМ-тээ дурджээ. Автомашины тухайд 371 саяар үнэлэгдэх 2 суудлын автомашинтай бол Ц.Даваасүрэнгийн дотоодын банк санхүүгийн байгууллагад байрлах нийт хадгаламж мөнгөн хөрөнгө нь 33.3 сая төгрөг бөгөөд 21.5 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Ди Эл Өү “Ээж-мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/ Цолмон хээр дэлгүүр ХХК, Өег Мебель ХХК-аас 50-100 хувийн хувьцаа эзэмшдэг түүнийг жилийн орлогоо зуу гаруй сая гэж худлаа мэдээлсэн байж магадгүй гэх хардлага хэвлэлээр хөвөрдөг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img