2023-12-11, Monday
-22 C
Ulaanbaatar

Хайгуулын талбайн гадна амьдардаг айл өрхүүдэд цацрагийн нөлөө байхгүй

Цацраг гэж яг юу вэ? бид хэр хэмжээний цацрагийн тунг өдөр тутамдаа авдаг вэ? цацраг нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? гэсэн асуултуудад хариулт авахаар МУИС-ИЙН ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ЭРХЛЭГЧ, ПРОФЕССОР Н.НОРОВ гуайд хандсан юм.

ЦАЦРАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Бодисын атомтой харилцан үйлчилж түүнийг хасах цэнэгтэй электрон, нэмэх цэнэгтэй цөм болгон ионжуулах цөмийн цацраг (альфа бөөм, бета бөөм, гамма цацраг),ионжуулдаггүй цацраг (жишээ нь гар утасны богино долгион) гэж байна. Химийн элемент ураны изотопууд өөрөөсөө бөөм цацруулан аяндаа өөр цөм болж хувирах үзэгдлийг цацраг идэвх гэнэ. Уран нь дэлхийн царцдаст маш өргөн тархсан учраас сансараас ирэх цөмийн цацрагийн хамт байгалийн цацрагийн дэвсгэр түвшинг бий болгоно.

БИД БАЙГАЛИЙН ЦАЦРАГИЙГ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ АВДАГ ВЭ?

Цөмийн цацрагийн хүнд үзүүлэх нөлөөг үнэлдэг хэмжигдэхүүн бол цацрагийн эквалент тун юм.Түүний СИ систем дэх нэгж нь милиЗиверт (мЗв). Жишээ нь бид хэвийн нөхцөлд цацрагийн тунг эргэн тойрноосоо авч байдаг. Дэлхийн хүн амын жилд дунджаар 2.4 мЗв цацрагийн тун авч байна. Жилд 365 хоног,хоногт 24 цаг гэвэл цацрагийн тунгийн чадал 2.4 мЗв/ 365×24= 0.27 мкЗв/ цаг болно. (1000 мкЗв = 1мЗв). Энэ бол дэлхий дээрх дундаж байгалийн цацрагийн дэвсгэр түвшин юм. Гэхдээ цацрагийн дэвсгэр түвшин газар газар газар өөр байна. Жишээ нь Ираны Рамзар хот, 33000 хүн амтай, жилд 10 мЗв байх жишээтэй. Манай байгууллагын хэмжилтээр Халзан бүрэгтэй ГХЭ-ийн төслийн талбай 0.52 мкЗв/цаг*24 цаг*365=4.6 мЗв байгаа. Энэ нь тухайн бүсэд оршин суугчдын дундаж тун гэсэн үг.

Цацрагийн тунгийн чадлыг бид дозиметрийн багажаар хэмждэг. Дэлхийн үүссэн он хугацааг уран 235-ийн хагас задралын үеэр үнэлдэг. Уран бол дэлхийг анх үүсэхэд бий болсон бөгөөд одоог хүртэл задарч дуусаагүй байгаа нь түүний изотопуудын хагас задралын үе урт байдагтай холбоотой.

БАЙГАЛИЙН ЦАЦРАГИЙГ ЮУНААС АВДАГ ВЭ?

Хөрснөөс, сансраас авна. Түүнээс гадна бидний өдөр тутамдаа хэрэглэж заншсан хүнсний бүтээгдэхүүн, ууж буй усанд цацраг идэвхит изотопууд агуулагдаж, тэдгээрэс цөмийн цацраг гарна.. Үүнийг хүний дотоод шаардлага гэж нэрлэдэг. Тэр авч байгаа цацрагийн тун нь дотоод шаардлагын хэлбэрээр хүн хоол ундаараа дамжуулан авдаг. Эдгээр нь бүгд нийлж цацрагийн дэвсгэр түвшинг бий болдог. Цацраг идэвхт элементүүд болох уран, тори нь дан ганц ураны хүдэрт агуулагдах бус мөн нүүрс болон нүүрсний үнс, газрын ховор элементийн хүдэрт дагалдан оршдог. Гэвч эдгээрийн цацраг идэвхийн хэмжээ нь ураны хүдэрт агуулагдах ураны хэмжээнээс бага байна.

ЦАЦРАГ ИДЭВХТ ЭЛЕМЕНТҮҮД ЮУНД ИХЭВЧЛЭН АГУУЛАГДДАГ ВЭ?

Бүх ашигт малтмал, түүхий эд нь байгалийн цацраг идэвхтэй уран, тори агуулдаг. Үүн дотроо зарим ашигт малтмал, түүхий эдтэй холбоотой үйл ажиллагаа нь цацраг идэвхт бодисын нөлөөллийн түвшин нь ердийн суурь түвшнээс арай өндөр байх боловч хүн амын болоод цацрагтай ажилагсдын цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байна.

Манай орны хүрэн нүүрсний ордын давхаргын дээд хэсгийн нүүрс уранаар баяжсан байдаг. Үүнийг цахилгаан станцад шатаах үед дахин ойролцоогоор10 дахин баяждаг юм. Манай IV цахилгаан станцын үнсэнд агуулагдах ураны хэмжээг нь массын нэгжээр хэлбэл 1 тонн үнсэнд 70 грамм уран байх жишээтэй.. Шатааж байгаа 1 тонн нүүрсэнд 10 грамм байдаг бол үнсэнд нь 70 грамм болж баяжигддаг. Энэ нь цацрагийн нөлөөтэй гэсэн үг. Нүүрс шатаах, бордоо ашиглах, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаанаас цацраг идэвх үүснэ.

Газрын ховор элементийн ордод бага хэмжээний уран, тори нь мөн ордыг дагаж оршдог. Энд 1 тонн хүдэрт дунджаар 30 грамм уран агуулагдана.. Өөрөөр хэлбэл цахилгаан станцаас хаягдаж байгаа үнснээс 2-3 дахин бага ураны агуулалтай байдаг. Ийм учраас хүний авах цацрагийн тунгийн хэмжээ мөн адил 3 дахин бага гэсэн үг. Орд болгон мөн өөр өөрийн онцлогтой, агуулалт нь харилцан адилгүй байдаг.

ЦАЦРАГИЙН НӨЛӨӨЛЛИЙГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?

Тухайн хүн ба цацрагийн үүсгүүрийн байгаа байршлаас хамаарах бөгөөд мөн хэр удаан тэнд байна вэ гэдгээс хамаарна .Жишээ нь цацраг гаргаж буй изотопийн хажууд байвал нөлөөлнө. Бид уушигны рентгенд харуулахад жишээлбэл энэ ионжуулах цацрагийн тунг авдаг. Тэр багажны хажууд удаан зогсоод байдаггүй шүү дээ. Цацраг ялгаруулж буй үүсгүүрээс холдох тусам цацрагийн нөлөөлөл багасах дүрэмтэй. Иймээс цацрагийн үүсгүүрээс хол зайтай, аль болох богино хугцаанд байж цөмийн цацрагийн нөлөөллийг бууруулна.

ГХЭ-ийн орд нь бага хэмжээний байгалийн цацрагт элементийг агуулдаг. Хайгуулын явцад үүнээс гарах цацрагийн нөлөө нь зөвхөн ойр ажиллаж буй ажилчид биеэрээ хүрэлцэхээс эхлээд ганц хоёр метрт нөлөөлөх магадлалтай. Хувийн дозиметр болон бээлий, маск, ажлын шил зэргийг тогтмол хэрэглэснээр нөлөөллийг багасгах боломжтой. Хайгуулын талбайн гадна амьдарч буй айл өрхүүдэд хайгуулаас үүсэх цацрагийн нөлөө байхгүй.

-Ярилцсан Танд баярлалаа.эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img