2024-11-10, Ням
-4.9 C
Ulaanbaatar

Би Бад Хомбург хотод аж төрдөг…

Гадаад дахь Монголын анхны мэргэжлийн урлаг соёлын агентлаг Mongolian Step-ийн үүсгэн байгуулагч Цэгмид-Рошийн Гэрлээ нь ХБНГУ-ын Бад Хомбург хотод аж төрж байна. Хэдийгээр эх орноосоо хол ажиллаж амьдарч буй ч түүний зүрх үргэлж Монголынхоо төлөө цохилж явдаг нь хийж буй ажил үйлээс нь бэлхнээ харагдаж байлаа.

МИНИЙ МЭРГЭЖИЛ

Бад ХомбургБи ХБК төгсөөд УАДБЧ-д ажиллаж байхдаа 1994 онд Герман руу анх тоглолтоор явсан юм. Харин дараа нь Германд суралцаж, амьдрах болсноосоо хойш гадаад орнуудад монголынхоо урлаг соёлыг сурталчилсан тоглолтуудад оролцож, зохион байгуулж, эх орноо таниулан сурталчлах ажлуудыг хийсээр ирсэн. Нэг үеийг бодвол монголчууд гадаадад сургууль соёлоо төгсөөд, амьдарч буй нийгэмдээ хөлөө олж, эргээд Монголдоо тустай олон ажлыг хийх болжээ. Жишээ нь, анх зөвхөн ар гэртээ мөнгө илгээж дэмжлэг үзүүлдэг байсан бол одоо буяны хандив өргөж, нийгэм рүү чиглэсэн ажлууд хийх нь их болсон.

Миний хувьд ч гэсэн амьдрал жигдрээд ирэхээр ач тустай, учир утгатай зүйл хийх хүсэлдээ хөтлөгдөн энэхүү агентлагаа байгуулсан юм. Монголын урлаг соёл гайхамшигтай, уран бүтээлчид нь авьяаслаг. Гагцхүү олон улсын тавцанд байр сууриа олоход нь менежмент дутагдаж байгааг, энэ бүхэнд дэмжлэг хэрэгтэйг олж харсан юм. Берлин, Нью-Йорк, Парис хотод амьдарч байсны хувьд урлагийн олон төрлийн бүтээлээр нүд сэтгэлээ баясгаж, хамгийн гол нь театруудын, тоглолтуудын тухай, мөн зохион байгуулалт, бүтэц, менежментийн талаар судалгаа хийсэн. Мөн Монголоос ямар бүтээл, ямар бүтэцтэй байвал гадаадын үзэгчдэд илүү хүрч, тэндхийн урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг бэхжүүлэх боломжтойг мэргэжлийн нүдээр харах давуу тал үүссэн юм. Бид агентлагаараа дамжуулан монголын загвар зохион бүтээгчид, монгол бүтээгдэхүүнүүд болон аялал жуулчлалд гүүр болон ажиллаж байна. Урлаг бол хамгийн хүчтэй сурталчилгаа. Түүнийг дагаад ирж буй зах зээлийн эрэлт хэрэгцээг аль болох хангаж өгөхийг зорьж байна.

МИНИЙ АМЬДАРДАГ ХОТ

Би Германы Бад Хомбург хэмээх Франкфурт хотын яг залгаа хотод амьдарч байна. Үүнээс өмнө Парист амьдарч байгаад нүүж ирсэн болохоор хоттойгоо одоо хэр нь сайн дотносоогүй л байна. Ажлын уулзалтууд, театр, музей үзэх гэх мэтээр багагүй цагийг Франкфуртад өнгөрүүлдэг учир хоёулаа л миний амьдардаг хот гэмээр. Тиймээс энэ хоёр хотын тухай товч танилцуулъя.

Франкфуртад ажилладаг хүмүүсийн ихэнх нь хотынхоо залгаа, манайх шиг хотод амьдрах нь түгээмэл учир хүн амын тоо нь нэг саяд ч хүрэхгүй, 732000 юм. Франкфурт бол өндөр байшин барих зөвшөөрөлтэй Германы ганц хот.

Бас Европын төв банк, ХБНГУ-ын төв банк байдаг Европын санхүүгийн хамгийн том төв учир хүмүүс түр хугацаагаар ирж ажиллах нь их. Тийм болохоор ч тэр үү, “миний хот, манай хот” гэх нийтэч үзэл дутагдаж байдаг нь анзаарагдсан. Франкфурт нь Европын төвд байдаг, хамгийн том онгоцны, галт тэрэгний буудалтай хот учраас энд хүмүүс аялж ирэхээсээ илүү дамжин өнгөрнө. Харин Бад Хомбург бол амьдрахад маш таатай намуухан, ногоон, бас их сайн сургуулиудтай. 50000 гаруй оршин суугчтай. Хот маань Рашаан сувилал болон казиногоороо алдартай. 1890 онд ашиглалтад орсон Kaiser-Wilhelms-Bad рашаан сувиллын газарт нь эрт үеэс л орон орноос хаад ноёд ирж амарч сувилуулах дуртай байсан гэдэг.

Эргэн тойронд нь нов ногоон, зугаалах, гүйхэд тохирсон цэлгэр уудам талбай бүхий гайхалтай амар амгалан парк бий, нэрийг нь Kurpark гэдэг юм. Бад Хомбург хотод хоёр жил тутамд Blickachse нэртэй олон улсын скулптур биенналь болдог. Тэр үеэр хотын парк, цэцэрлэгт хүрээлэн бүрт скулптур байршуулахад гэр бүлээрээ явж үзэн, дараагийн скулптурыг нэгнээсээ түрүүлж олох гэж уралдацгаана. Хүү маань үүнд их дуртай. Франкфуртад ажилладаг хүмүүс Бад Хомбургт амьдрах дуртай болохоор түүнийгээ дагаад орон сууцны үнэ нэлээд өндөр байдаг.

Франкбурт хот♦ ХБНГУ. Франкфурт хот

МАНАЙ ГЭР

Гэр бүлээрээ нэлээд хэд нүүж амьдрахдаа эртний түүхтэй байранд ч амьдарч байсан. Хэдийгээр ийм байрууд харахад ганган сайхан боловч миний хувьд шинээр барьсан, өмнө нь хүн амьдарч байгаагүй байрыг илүүд үзнэ. Нөхөр хүү бид гурав цэлгэр том байранд дуртай. Хүүхэдтэй болсноос хойш амьдрах газрын сонголт шууд өөрчлөгдсөн. Урьд нь том хотод амьдрах дуртай байсан бол одоо сургууль, цэцэрлэг нь чанартай, ногоон байгальтай, чимээ шуугиан багатай, хүүхэдтэй гэр бүл ихтэй орчинг сонгох болсон. Гэхдээ манай гэр Франкфурт руу явдаг метроны буудалтай ойрхон. Учир нь, бид машинаар явахаасаа илүүтэй олон нийтийн унаагаар зорчих дуртай. Нөхөр маань Франкфуртад байдаг ажил руугаа дугуйгаар явахыг илүүд үздэг. Манай хотод нэг бол хөгшчүүл, эсвэл хүүхэдтэй гэр бүлүүд амьдардаг. Харин ганц бие залуус ихэвчлэн том хотод амьдардаг юм.

Бодь мод♦ Манай гэрийн цонхоор харагддаг бодь мод

МАНАЙ ГЭРИЙН ИНТЕРЬЕР

Бид Европ Азийн тавилгыг хослуулан гэрээ тохижуулсан. Нөхрийн маань эмээгээс уламжилж ирсэн эртний хоолны ширээ сандлын хажууд антик хятад шүүгээ байх, час улаан нарийхан ширээний дээр байгаа байхгүй нь бараг мэдэгдэхгүй бүдэг зөөлөн зураг харагдах… гэх мэт.

Хэрэв сайн анзаарвал монгол акцентууд ч байгаа. Гял цал болсон, хармагц “хөөх” гэж дуу алдмаар зүйлд татагддаггүй. Харин, юу ч байсан анзаарагдахгүй юм шиг хэрнээ сайтар харвал гоо сайхан нь туяаран байдаг зүйлсийг илүүд үзнэ. Хадам ээжийн минь шавраар хийсэн далийвтар аяга, бэлгэнд авсан монгол мөнгөн аяга яг адил үнэ цэнтэй. Дурсамж агуулсан ийм л эд юмстай байх нь сайхан санагддаг.

Манайд цонхны хөшиг байдаггүй. Цонхоор байгалийн гэрэл тусах нь гэрийг улам цэлгэр болгодог. Өглөө бүр намайг буйдан дээрээ кофе уугаад сууж байхад хүү минь сэрдэг. Тэгээд орноосоо шууд босоод гүйн ирж өвөр дээр минь эрхлэх тэр л мөчид буйдангийн эсрэг талын цэлгэр цонхоор сагсгар том бодь модны навчис ногоорон байх нь, эсвэл намрын шаргал өнгөөр улбартан уран зураг шиг харагдах нь, басхүү навчсаа нэг нэгээр нь гээхийг харах үнэхээр гайхалтай. Бурханлаг тэр бодь модыг гэр дотроосоо ширтэн суух нь өөрөө бясалгал шиг санагддаг. Тэгэхээр манай цонхоор харагдах энэ том мод ч гэрийн маань интерьерт багтаж байна аа даа.

МИНИЙ ХУВЦАСЛАХ ХЭВ МАЯГ

Бад Хомбург хотХувцасны загвар, бас загвар зохион бүтээгчдийн түүхийг их сонирхдог. Миний хувьд, хувцас хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэгдсэн нь их чухал. Үнэтэй брэнд юм уу, хэт хямд хувцасны араас хөөцөлддөггүй. Би айхавтар загварлаг хувцасладаггүй. Тренд хөөхөөсөө илүү сонирхолтой, эрүүл философитой брэнд миний сонирхлыг татдаг. Яагаад ч юм, ихэвчлэн хар цагаан өнгө, минимал стилийг сонгодог. Харахад энгийн мөртлөө нандин жижиг деталиуд орсон загварууд таалагддаг. Хувцас, гутлын материал нь тренд дагахаас илүү чухал. Харин сүүлийн үед монгол бүтээгдэхүүнээ аль болох их хэрэглэхийг хичээх болсон. Энэ нь намайг Германд үнэтэй брэндийн бараа хэрэглэхээс илүү содон, сонирхолтой харагдуулдаг.

МИНИЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЖОР

Би их өөдрөг хүн. Инээмсэглэх дуртай. Энэ л миний эрүүл байхын үндэс болов уу. Хоол хийх, шинэ жор, шинэ хүнсний бүтээгдэхүүн турших дуртай. Аялалд явахдаа тухайн үндэстний хоолыг амталж таашаах дуртай. Монгол үндэснийхээ хоолыг гараа гарган хийж гадаад найз нөхдөө дайлдаг. Хоолны дэглэм барина гээд хоолны калори тооцоолж суух хүсэл ч, цаг ч байдаггүй. Идэж буй хоол хүнсээ аль болох олон төрлийн байлгах, тэнцвэрийг нь тааруулж хэмжээгээ хэтрүүлэхгүй байлгахад л болно гэж үздэг.

Гоо сайхны хувьд ч энгийн байхыг эрхэмлэдэг, хэтэрхий их цаг үрж түвэгтэй болгох хүсэлгүй. Амарч байх үедээ нүүрээ аль болох буддаггүй, будаггүй байх чинь их сайхан хөнгөн шүү дээ. Харин нүүрний арчилгаандаа анхаарал тавихыг хичээдэг. Иогоор тогтмол хичээллэдэг.

Агаар салхинд алхах дуртай. Энэ нь биеийг чийрэг байлгахаас гадна оюун санааг тайвшруулдаг. Товчхондоо, амьдралд асуудлыг биш гарцыг харж хайх, хүний мууг биш магад ил харагдахгүй байж болох “нуугдмал сувд”-ыг олж харах чадвартай бол бие сэтгэл тайван, эрүүл амьдрахад тустай гэж боддог доо.

скульптур

♦ Бад Хомбургийн Парк дахь Bilckachsen-ий скульптур

НАМАЙГ УРАМШУУЛДАГ ЗҮЙЛС

Хүү, хань хоёроосоо хамгийн их урам зориг авдаг. Амьдралд урам зориг авах зүйл бишгүй. Миний баримталдаг зарчим бол “Хүлээлтгүй амьдрах”. Хамгийн сайн найзаасаа ч “Тэр ингэх ёстой” гэж хүлээдэггүй. Тиймээс жижиг ч бай намайг гэсэн сэтгэлд үнэн сэтгэлээсээ урамшиж баярладаг. Найз нөхөдтэйгөө бүтээлч сэтгэлгээгээр, бие биедээ шинэ санаа өгч ярилцах нь надад их урам зориг, эрч хүчийг өгдөг. Өглөө гарахад тэнгэр цэлмэг, нар сайхан мандаж байх хүртэл хэчнээн сайхан билээ дээ.

МИНИЙ АЯЛАЛ

Би аялах дуртай. Атлантын далайн салхинд би дуртай. Далайн эргийн хад чулууд нь хүний гараар бүтээгээ юу гэмээр гайхалтай сонин хэлбэр дүрстэй. Хоолны тухайд, Бретагнийн хясаа хамгийн амттай байдаг. Аяллуудын төрлөөс би соёлын аялалд хамгийн дуртай. Ийм аяллыг би Баасангаас Ням гарагийн хооронд хийдэг. Сонирхол нэгтэй хүмүүстэй баг болоод ямар нэгэн уран бүтээлийн нээлт юм уу тоглолт үзэж, дараа нь найруулагч, уран бүтээлчидтэй нь уулзалт зохион байгуулдаг үнэхээр сонирхолтой аялал шүү.

Франц♦ Франц. Бретагне

Эх сурвалж: “Нийслэл гайд” сэтгүүл. 2017 он.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img