2024-09-16, Даваа
-0 C
Ulaanbaatar

Ц.Агиймаа: Англи хэлийг бага ангиас үзлээ гээд хэлний дархлаанд сөргөөр нөлөөлөхгүй

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), профессор Ц.Агиймаатай англи хэлний талаарх байр суурийг нь тодрууллаа.

-Боловсролын багц хуульд англи хэлийг хуульчлах гэж байгаад унагачихлаа. Үнэхээр хуульчлах шаардлагагүй хэрэг үү?

Агиймаа-Хэлний бодлогын судалгаа манай сургууль дээр нэлээд нарийн хийгддэг. Энэ судалгааг анх эхлүүлж, хөгжүүлж, шавь сургууль үүсгэсэн байгууллагын хувьд монгол болон гадаад хэлний асуудалд хэн дуртай нь үзэмжээр, хөөрлөөр хандаж байгаад харамсч байна. Гадаад хэлийг хэдэн наснаас заах асуудлыг шинжлэх ухаан эцэслэн тайлж, тогтоогоогүй. Заан сургах асуудлыг улс орон бүр өөрийн онцлог, боловсролын бодлого зэрэг олон нөхцөл байдлаас болж янз бүрээр л тогтоодог. Гэхдээ хэлний асуудлыг хатуу хуульчилдаггүй. Хүнийг яг ингэж тэгж ярь гээд тулгаад байж болохгүйтэй адил асуудал. Хэлний асуудал нь аливаа улсын төрийн бодлогын нэг хэсэг нь байдаг. Гадаад хэлийг буруу хуульчилж зааснаас иргэний дайн ч үүссэн тохиолдол бий. Тэгэхээр болгоомжтой хандах хэрэгтэй. Жишээ нь Шриланк улсад хоёр хэлтэй ард түмэн оршдог байхад нэгнийх нь хэлийг албан болгосноос оюутнууд бослого гаргаж, олон оюутан амиа алдсан тул НҮБ- ээс жил бүрийн хоёрдугаар сарын 21-нийг Эх хэлний олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болсон.

-Англи хэлний заалтыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүдийн хүүхдүүд багаасаа англи хэл үзсэн, ийм байхад жирийн иргэдийн хүүхдүүд яагаад бага ангиасаа англи хэл үзэж болохгүй билээ гэсэн дургүйцэл ажиглагдаад байна л даа. Хуульчилж байж л англи хэлийг бүх нийтээрээ бага ангиасаа үзэх боломж нээгдэнэ л дээ?

-Бид цугаараа монголчууд. Бүгдээрээ монгол хүүхдийг хөгжүүлэхийг бодож зорьж яваа. Нийгэмд үүсээд буй шуугианы хувьд мэргэжлийн бус хүмүүс мэдэмхийрэх явдал газар авсныг харуулж байна л даа. Боловсролын салбарынханд салбарынхаа ажлыг хийх боломжийг олгох хэрэгтэй л гэж бодож байна.

-Ер нь дэлхийн чиг хандлагыг харвал хүүхдэд хэддүгээр ангиас нь гадаад хэл заавал боломжтой гэж үздэг вэ?

-Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад гуравдугаар ангиас нь сургавал зохимжтой гэж анзаарагддаг.

-Англи хэлийг бага ангиас үзвэл үндэстний дархлаанд муугаар нөлөөлнө, хэл соёлд сайн нөлөөтэй биш гэсэн шүүмжлэл дуулдах юм. Энэ хэр ортой шүүмжлэл вэ?

-Хэл мөхөх гэдэг нь тухайн хэлийг хэрэглэх шаардлагагүй, хэрэглэгчгүй болсноос харилцааны үүрэг гүйцэтгэх чадваргүй болох, бусад хэлэнд уусах, нийлэн нэгдэх үзэгдэл. Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид хэлний мөхлийг тодорхойлохдоо хэлний залгамж чанарыг үндэс болгон авч үздэг. ЮНЕСКО-гоос “харилцагчид нь хэлийг хэрэглэхээ больсноос хэрэглээний хүрээ нь багасаж үр хойчдоо өвлүүлэхээ больсон үед хэл мөхөх аюулд орно. Өөрөөр хэлбэл хэлэнд шинэ хэрэглэгчид бий болохгүй байгаа үед хэл аюулд орно” хэмээн тодорхойлсон байдаг. Харин Германы эрдэмтэд нэг ч амьд хэрэглэгчгүй болсон үед хэл мөхөх үзэгдэл явагдана гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, бидний тохиолдолд англи хэлийг бага наснаас нь үзлээ гээд эх хэлний дархлаанд аюул учрах, мөхөх, устах асуудал үүсэхгүй гэж үзэж байна.

Харин ч англи хэл нь дэлхийн олон оронд лингва франкийн үүргийг гүйцэтгэхээс гадна олон хэл бүхий орчинд өргөн хэрэглээний хэлний үүргийг гүйцэтгэх нь элбэг байна. Өнөөдөр англи хэлээр харилцагчдын дөнгөж 20 хувь нь эх хэлтэн, харин үлдсэн 80 хувь нь уг хэлийг хоёр дахь хэл болгон сурсан хүмүүс байна. Иймээс бид зөв насанд нь монгол хэлийг нь дэмжинэ, хөгжүүлнэ. Мэргэжлийн судлаачдын мэдлэг боловсролыг ашиглаад л шийдвэрээ гаргах газар нь явуулмаар. Зөвхөн англи ч биш бүхий л гадаад хэлийг сурах нь тухайн хүнд шинэ ертөнц, шинэ соёл,шинэ мэдлэгийг олж авах хэрэгсэл болно. Хэлтэй байлаа гээд ярих зүйл байхгүй бол яах юм. Иймд мэдлэг боловсрол олгох асуудалд нь анхаармаар болохоос ганц англи хэл сурчихвал дэлхийн хүн болчихно гэж ч юу байхав. Манайх орос хэлийг заан сургасан том туршлагаас ухарсан нь англи хэлийг сурахад ч муу нөлөө үзүүлж байгаа.

-Англи хэлний хичээлийг багаас нь үздэг боллоо гэхэд багшийн нөөц бололцоо хэцүү гэж байна. Энэ тал дээр бодлоо хуваалцаач?

-1990 оноос англи хэлийг заан сургах багшлах боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн байдаг. Тэр үед орос хэлний багш нарыг богино хугацааны сургалтаар бэлтгэсэн нь зохих амжилтанд хүрсэн. Орос хэлийг сайн хөтөлбөр, сайн багш, сайн аргаар зааж эхэлсэн бол англи хэлийг тийм бэлтгэлтэй эхлээгүй. Заах үед шашны урсгал, нөлөө их орж байсан. Сүүлийн жилүүдэд хэл төлөвлөлтийн онол, арга зүйн судалгаа ихээхэн эрчимтэй хийгдэх болсон.

Хэл төлөвлөлтийн нэг хэлбэр болох хэл эзэмшихүйн төлөвлөлтийг бодлогын түвшинд оновчтой хийх нь орчин үед чухлаар тавигдаж байна. Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь дээд боловсролтой хүмүүст зориулсан англи хэлний орчуулагчийн бакалаврын хөтөлбөрийг 2004 онд анх Монгол улсад нэвтрүүлсэн. Бид монгол хүнд гадаад хэлийг богино хугацаанд заахтехнологийг үндэсний хэмжээнд бүрдүүлсэн туршлагатай. Ажлын байранд гадаад хэлний бэрхшээл ихээхэн тулгарч байгаагаас үзэхэд англи хэлний суурийг бага наснаас нь зөв тавих нь чухал. Иймд шинжлэх ухааны үндэслэлтэй хэлний бодлогыг зөв, оновчтой хэрэгжүүлж нь зүйтэй гэж үзэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img