2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

БСШУСБХ: Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төслийн талаарх танилцуулгыг хийв. Тэрбээр, тус байнгын хороонд харьяалагдах БШУ-ны сайд, Соёлын сайд, Биеийн тамир, спортын улсын хорооны нийт 2281 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Үүнээс гүйцэтгэл үр дүнгээр санхүүжих 2059 байгууллагыг нэгтгэсэн байна. Төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага, цэвэр зээлийн дүн 3 их наяд 985 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 3 их наяд 580 тэрбум төгрөг , хөрөнгийн зардалд 388 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлд 16,8 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх мэтээр танилцуулсан.

Түүний дараа Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг аудитын дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 6.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн 151 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.9 тэрбум төгрөгийн 235 зөрчлийг арилгах албан шаардлага, 2.4 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 338 зөвлөмж өгч, 10 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн.

Нийцлийн асуудлаар нийт 11.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 8.9 сая төгрөгийн зөрчилд 13 төлбөрийн акт тогтоож, 8.0 тэрбум төгрөгийн 109 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 3.1 тэрбум төгрөгийн зөрчилд 124 зөвлөмж өгсөн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 5.5 тэрбум төгрөгийн алдаа илэрснийг аудитын явцад залруулсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 481.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 74.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 87 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс шилжин хэрэгжих 379.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 49.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 62, шинээр хэрэгжих 32.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 7.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 25 төсөл, арга хэмжээ байна гэв.

Дараа нь байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн өргөтгөл ашиглалтад орохгүй удаж байна. Хэзээ ашиглалтад орох тухай лавлав. Ажлын хэсгээс, тус сургуулийн барилгын ажил одоогийн байдлаар 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газрын тогтоолоор ачаалал өндөртэй буюу 3 ээлжтэй сургуулиудын барилгын ажлыг эрчимжүүлж, 2023 онд ашиглалтад оруулах боломжтой гэв.

БШУ-ын сайд Л.Энх-амгалан, 2023 онд боловсролын салбарт 329 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Нийт 1,8 их наядын төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт хийнэ. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт зэрэгт тогтолцооны шинэчлэлийн асуудлыг ярилцах хэрэгтэй. Үүнийг цэгцлэхгүй бол олон жил дамнан баригдаж буй сургууль, цэцэрлэг олон боллоо. Цаашид нэг обьектыг 3 жил дотроо л барьж дуусгахын тулд асуудлыг цогцоор нь төлөвлөдөг байхаар ажиллана гэв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар сургуулийн өргөтгөл, Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн барилгууд тус тус хэзээ ашиглалтад орох талаар болон Шинжлэх ухаан технологийн санг хэрхэн сайжруулах вэ хэмээн асуув.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Засгийн газрын тусгай сангуудын ажил хаалттай явж ирсэн. Харин Засгийн газраас “Таван Ш” ажиллагааны хүрээнд тусгай сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгосон. Шинжлэх ухаан технологийн санд өнгөрсөн 15 жилийн хугацаанд 170 гаруй тэрбумын санхүүжилт хийжээ. Энэ хөрөнгөөр 4 мянга гаруй судалгааг санхүүжүүлсэн байна. Үр дүнтэй судалгаанууд байгаа ч тайлагнал байхгүй явж ирсэн. Эдүгээ Шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтийн журам өөрчлөгдсөн. Цаашид хөрөнгө оруулалтын үр дүнд анхаарч байна гэв. Харин Сэлэнгэ аймгийн дээрх сургуулиудын барилгын төсвийг нэмж батлуулах шаардлагатай учраас 2024 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгагдана гэв.

Түүний дараа Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж 35 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан. Харин төрийн өмчийн их, дээд сургуулиудын аж ахуйн удирдлагыг эрдмийн удирдлагаас салгах зохион байгуулалт хийх заалт хуулийн төслийн 23.3-т орсныг сургууль тус бүрт байхаар ойлгогдож буй тул боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага дээрээ төвлөрч, хөрөнгийн удирдлагын нэгж байгуулах зарчмын зөрүүтэй нэг санал гарсан. Үүнийг дэмжиж өгөхийг хүсье гэв.

Энэхүү Ажлын хэсгийн саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж дууслаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай хэлэлцэв.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй 9 заалтаар санал хураалт явагдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх саналуудыг дэмжив.

Байнгын хорооны хуралдаанаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

ДамдиннямЭнэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням горимын санал гаргав. Тэрбээр, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсэн заалтын дагуу хоёр хэлэлцүүлгийг нэгтгэх санал гаргасан. Түүний горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүний дараа Хууль дагаж мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням өмнөх хуулийн төслийг хэлэлцэх үеэр гаргасан горимын санал гаргаж, мөн олонх дэмжив.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр байнгын хорооны хуралдаан үргэлжилэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гарсангүй. Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 39.2-т заасны дагуу хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсэн заалтын дагуу анхны бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг нэгтгэх санал гаргав. Түүний горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувиар дэмжигдлээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар боллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img