2024-09-16, Даваа
1 C
Ulaanbaatar

С.Насанбат: Малын хөлийн татварын бүрдүүлэлт манай аймагт 67 хувьтай байна

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбатаас Малын хөлийн татварын төлөлт, тариаланч, малчдын зөрчлийг хэрхэн зохицуулдаг талаар тодруулсан юм.

-Саяхан танай аймагт Малын хөлийн татварын харэгжилтийн талаар хурал болсон гэсэн. Малын хөлийн татварыг малчид яаж хүлээж авч байна вэ?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд Малын хөлийн татварын хуульд их ач холбогдол өгсөн. Юу гэвэл Монгол Улсын Засгийн газраас Дархан, Сэлэнгийн районыг Газар тариалангийн бүс болгож зарласан. Тийм учраас бид мал аж ахуйг анхааралдаа авч үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” зарлаад, 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхэд Дархан, Сэлэнгийн бүс газар нутаг, хөрсний хувьд хамгийн таатай учраас газар тариалангийн бүс гэж зарлагдчихаад байхад нөгөө талд нь уламжлалт мал аж ахуй байх нь зохилдолгоо таарахгүй байгаа юм. Бид нөхцөл байдлыг үнэлж дүгнээд, бэлчээрийн мал аж ахуйн татварыг улсын дундажаас арай дээгүүр түвшинд бусад аймгуудынхаас арай өндөр байх ёстой гэж үзсэн.

Цаашдаа бид малын хөлийн татварыг нэмэгдүүлэх ёстой. 2022 оны малын хөлийн татварын бүрдүүлэлт манай аймгийн хэмжээнд 67 хувьтай байна. Анх хэрэгжиж байгаа гэхэд боломжийн гэж бид дүгнэж байгаа. Малын хөлийн татвараар орж ирж байгаа мөнгийг мал аж ахуйд нь, хөдөө аж ахуйд нь зарцуулах хуулийн заалттай. Хэрэв бид малын хөлийн татвараа сайн татаж оруулж ирвэл газар тариалангийн үйлдвэрлэлээ хамгаалах, малаа эрчимжүүлэхэд зарцуулах боломжтой.

Цаашдаа малын хөлийн татвар өндөр байна шүү гэдгийг иргэддээ тайлбарлаж, танилцуулж яваа.

-Өндөр хувиар гэдэг нь яг хэр хэмжээг хэлж байна вэ? Малчид Малын хөлийн татвар төлөх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа гэсэн үг үү?

-Дээд хязгаарыг нь хуульд заагаад өгчихсөн. Энэ хүрээнд орон нутгийн иргэдийн хурал нь тогтоох хуулийн заалттай. Бид цаашдаа хуульд заасан татварын дээд хэсэг рүү шахна. Нөгөө талдаа эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй хөгжүүлж байгаа иргэд аж ахуйн нэгжид орон нутгийн төсөл хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх байр суурьтай байна.

-Газар тариалангийн бүс нутагт малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг. Олон жил яригдсан ч шийдэгдэхгүй байгаа асуудал. Энэ бүхэн Малын хөлийн татвар нэмэр болох уу, орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?

-Нэгдүгээрт малын хөлийн татварыг өндөр тавьж байна. Хоёрдугаарт мал бүхий газар тариалангийн үйлдвэрлэл бүхийн сумын Иргэдийн хурлаас бүсийн асуудлыг улирлын шинжтэй шийдэж өгсөн. Газар тариалангийн үйлдвэрлэл явж байхад Хонгор сумын нутгийн энэ хязгаараас мал бүхий иргэд тариалалт дуустал орж болохгүй гээд тухайн шатны Засаг даргын захирамж гарч, цаг хугацаатай бүс тогтоож өгсөн. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар орон нутгаас зайлшгүй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлах, өсөн нэмэгдэж байгаа хүнсний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд эрчимжсэн мал аж ахуй байгуулах иргэнд бид орон нутгийнхаа төсөв болон Засгийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, бусад сангаас эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж байна.

-Гурилын үнийн нэмэгдэл ч иргэдийн санааг зовоог байна. Ирэх жилийн гурилын үнэд олон хүчин зүйл нөлөөлөх байх?

-Манай аймагт дөрвөн том гурилын үйлдвэр ажиллаж байна. Аймгийнхаа гурилын хэрэгцээг 120 хувиар хангаад, Улаанбаатар хот руу нийлүүлэлт хийж байна. Орон нутгийн хэмжээнд үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөр хийх бололцоо байхгүй. Махны нөөц бүрдүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарч байна. Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд аймаг орон нутагт төсвийн боломж байхгүй. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаад явна.

-Энэ жилийн хувьд цаг агаар газар тариалангийн үйлдвэрлэлтэд хэр нөлөөлөхөөр байна?

-Энэ жил манай аймагт хөрсний чийгшил олон жилийн дундажийн түвшинд байсан. Тариалалт хэвийн явж байна. Зорилтот төлөвлөгөөнийхөө дагуу тариалалт нэмэгдлээ. Тэр тусмаа рапсийн тариалалт урд онуудынхаас өндөр байгаа. Цаг агаар нөхцөл байдлын хувьд зургадугаар сар гарснаас хойш хур тунадас жигд орсон. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр долоо, наймдугаар сард хур тунадас олон жилийн дундажийн түвшинд байна гэсэн мэдээтэй. Цаг агаар таатай байвал энэ намар төлөвлөсөн ургацаа бүрэн дүүрэн авах төлөвтэй байна.

-Бэлчээр талхагдаж байгаа тухай яригддаг. Дархан-Уул аймгийн хувьд энэ асуудал ямар түвшинд байна вэ?

-Бэлчээрийн талхагдалт улсын дунджаас илүү байгаа. Бид газар нутаг багатай.
Эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, тоо толгойг бууруулах замаар цөлжилтийн эсрэг тэмцэж байна даа. Улирлын шинжтэй бүсүүдийг сумаас тогтоож, хадлан тэжээл авах газруудаа нөөцөлж үлддэг. Хамтын хүчээр шийдэх ёстой, хөрөнгө мөнгө шаардлагатай ажил. Хөрөнгө мөнгө шийдээд өгвөл зохион байгуулалтыг нь орон нутаг хийх, хамтын ажиллагааны дүнд цогцоор шийдэх асуудал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img