Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар мэдээлэл хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүлж, харилцаа, хамтын ажиллагааг ирэх 30 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон түүхэн айлчлал болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Ерөнхийлөгч С.Н.Жапаров албан ёсны хэлэлцээ найрсаг, харилцан итгэлцсэн, ажил хэрэгч уур амьсгалд болж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоноо онцлов.
Монгол Улс 2019 онд Бишкек хотноо Элчин сайдын яамаа, Бүгд Найрамдах Киргиз Улс Элчин сайдын яамаа энэ удаагийн төрийн айлчлалын үеэр Улаанбаатар хотноо нээж буй нь хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Энх тайван, тогтвортой, аюулгүй байдалд заналхийлж буй шинэ болон уламжлалт сорилт, заналхийллийг хамтран эсэргүүцэж, терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтрах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үзэл санааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ хоёр улсын Ерөнхийлөгч нотлов.
Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ идэвхтэй дэмжиж, бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.
Хоёр улсын ард түмэн олон зуун жилийн түүх, соёлын гүн хэлхээ холбоотойг тэмдэглэж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж, улс төрийн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нотлов.
Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Монголын ард түмэнд талархал илэрхийлэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс Хамтарсан тунхаглал гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргалаа
Хамтарсан тунхаглалаас:
Талууд найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ нотолж, дараах зүйлийг тохиров.
Үүнд:
- Улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд аливаа саад тотгор байхгүйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
- Харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай, бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан сонирхсон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэхээ нотлов.
- Олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаагаа тэмдэглэж, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд бие биеийн санаачилгыг үргэлжлүүлэн харилцан дэмжихээ илэрхийлэв.
- Ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг урагшлуулах чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ мэдэгдэв.
- Терроризм, экстремизм, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хууль бус зэвсгийн худалдаа, хил дамнасан гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэж, Төв Азийн аюулгүй байдал, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.
- Дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, цахимжуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов.
- Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, машин механизм, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхээр болов.
- Монгол Улсаас Киргиз Улсад мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, ноос, арьс шир нийлүүлэх, Киргиз Улсаас Монгол Улсад хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн нийлүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
- Хоёр орны аж ахуйн нэгжүүд нэхмэл, оёдлын салбарт шууд харилцаа тогтоож байгааг сайшааж, Монголын тал Киргизийн оёдлын үйлдвэрийн түүхий эдийг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
- Агаарын тээврийг сэргээж, далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, дамжин өнгөрөх харилцааг хөгжүүлэхийн төлөө шаардлагатай арга хэмжээ авахаар болов.
- Ах дүү хотын харилцаа тогтоох, хоёр орны ард түмний харилцааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.
- Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээр болов.
- Монгол, Киргизийн ард түмний түүх, соёл, оюун санааны болон биет өвийн талаар хамтарсан судалгаа хийх сонирхолтой байгаагаа нотлов.
- Монгол Улсын “Тэрбум мод”, Бүгд Найрамдах Киргиз Улсын “Ногоон өв” зэрэг үндэсний төсөл, хөтөлбөрүүдийг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр тогтов.
- Соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй дэмжиж, боловсрол, соёл, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
- Хоёр улсын их, дээд сургуульд монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутан солилцож, сургахаар тохиролцов.