Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв…
Дашдоржийн Нацагдорж
Хүндэт Пагмадулам! Их Нацагдоржийн авааль гэргий, түнэр харанхуйн дундуур харван одсон гэрэлт од минь, Танд гүнээ мэхийн өршөөл эрмүү!
Манай ертөнцөд яах вэ дээ, их хүмүүс зуурдхан оршихдоо үүрдийг бүтээж, бага хүмүүс тэдний гэгээнд амьдравч ихсээ хэмлэсээр хорвоог бардаг нь жам мэт болж дээ. Ямар ч цаг үе, нийгмийн харагдах байдал өөрчлөгдөвч доторх агуулга нь өөрчлөгддөггүй шиг байна.
Энд авааль нөхрийн тань мэндэлсний 110 жилийн ойг сүржин тэмдэглэж, “Миний нутаг”, “Од”, “Жаргалан” зэрэг олон сайхан шүлгээр нь сэлүүр хийн уран зохиолын зах хязгааргүй далайд шумбаж орсон мянга мянган хүн ханиар тань бахархан бужигнаж байна. Бичигч, тэрлэгч гэж өөрийгөө тоодог бүхэн ханийн тань тухай жүжиг, зохиол бичсээр. Гэвч энэ бүхэн, идэр залуухан насандаа нийгмийг гэгээрүүлэхийн төлөө эцсийн дусал цусаа шавхаж явсан ч эцэст нь хог дээр хаягдаж, амтай хэлтэй бүхэнд адлагдсаар орчлонг орхисон их зохиолчийн хувьд, түүний гэргий төдийгүй 1920-иод оны монгол эмэгтэйчүүдийг соёл боловсролд түүчээлж, 1925 онд Бүсгүйчүүдийн тасаг байгуулагдахад эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын шавыг тавьж явсан таны хувьд хүмүүн болж төрсний утга учир болж чадна гэж үү?! Дурсах, дурсагдах нь одоо таны хувьд хэр чухал вэ?
Таны нөхрийн найз, Төрийн хошой шагналт, МУУГЗ, жүжгийн зохиолч Донровын Намдаг “Цаг төрийн үймээн” романыхаа гол баатар Оюундарийн дүрийг бүтээхдээ таныг бодон бодон бичсэн гэх юм.
…Би ч гэсэн Дамдины Пагмадулам таны дүрийг сэтгэлдээ ургуулан захидал бичиж сууна. Ардчилсан нийгэмд амьдарч буй шинэ цагийн бүсгүй 1920-иод онд очиж, үе тэнгийн Пагматай жаргал зовлонгоо хуваалцан, зүрх сэтгэлээ дэлгэн ярилцахыг туйлаас хүснэм. Хувьсгалын салхи сэвэлзсэн 1924 оны нарлаг өдөр Пагма тантай сугадалцан очоод намын II их хуралд сууж, намын бүсгүйчүүдээ төлөөлөн индэр дээрээс цогтой халуун үгсээр уриалахыг тань танхимд суугаа олны дундаас амьсгал даран чагнах сан. Энэ тухайд “Ургинская газета”-д “Монгол ардын намын гурван жилийн ойн баяраар саяхан намд элссэн, туяаран гэрэлтсэн царайтай Д.Пагмадулам үг хэлж “Намын хамгийн том гавьяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан явдал мөн” гэлээ (1924 он. Л.Түдэв) хэмээн тэмдэглэгджээ.
“Амгаланбаатарт байх Жанжин клуб нь Нийслэл хүрээний анхны соёлын төвүүдийн нэг бөгөөд 1924 онд Намын төв хорооны тогтоолоор “Ардын үлгэр жишээ клуб” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Харин хожим жанжин Сүхбаатарын нэрэмжит болсон билээ. Энэ клубийн даргаар Улаанбаатар хотод хамгийн анх байгуулагдсан Амгалангийн бага сургуулийн багш Пагмадулам ажиллаж байв. Түүнчлэн Намын төв хорооны 1924 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн шийдвэрийн дагуу мөн сарын 19-нд сургуулийн багш Пагмадулам нарын хэсэг эмэгтэй хуралдаж Намын төв хорооны дэргэд эмэгтэйчүүдийн тасаг байгуулан, “Бүсгүйчүүдийг сурган боловсруулах” нэртэй энэхүү тасгийн эрхлэгчээр Пагмадуламыг сонгожээ. Энэ нь угтаа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын суурийг тавьсан хэрэг байлаа. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар анхны үндсэн хуулийг баталсан бөгөөд бага хурлын гишүүдийг ширүүхэн маргаан хэлэлцүүлгийн үр дүнд сонгосон.
Энэ шинэ бага хурлын гишүүд дотор цор ганц эмэгтэй байсан нь Пагмадулам. Шинэ цагийн анхны байнгын үйл ажиллагаатай парламентын институцийн анхны эмэгтэй гишүүн Пагмадулам нь сонгодог гэрийн боловсролтой, монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн, зүс царай эрдэм боловсролоороо цуутай, манж, хятад, орос, герман гээд нийт таван хэлтэй, сайхан дуулдаг, хөгжимддөг, зан ааль сайтай, яриа хөөрөөтэй нэгэн байсан нь 1920-1930-аад оны олон сэхээтнүүдийн дурсамжид хадгалагдаж иржээ” (Монголын Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгээс 2011 онд бүтээсэн “Д.Пагмадулам. Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат киноноос)
Таныг ийм өндөр боловсролтой нэгэн атал “…сургууль боловсролын хэрэгт хичээл үгүй, ямагт хойргошин элдвээр шалтгаалцахын дээр язгууртан тайжийн хүүхэн болох тул тус Намын хүрээлэнгээс хөөн зайлуулваас зохилтой…” (МАХН-ын коллегийн 45 дугаар хурлын тогтоол) хэмээн МАХН-ын III шалгалтаар намаас хөөсөн байх юм. Түүхийн энэ эсрэг тэсрэг баримтууд Монголын ирээдүй хойчийг төөрөлдүүлж байна. Бид үнэнийг мэдмээр байна…
…Би жаахан охин байхдаа л ном зохиол уншаад “Эмэгтэйчүүдийг богтолдог тийм бурангуй цаг үед ямар азаар би төрчихөөгүй юм бэ?!” гэж баярладаг байж билээ. Гэтэл ном зохиолын баатар биш, бодит хүн, бүр их зохиолч Нацагдоржийн авааль гэргий урьд нь ноёны хүүд богтлогдон очиж байсан тухай түүхийн баримтуудыг олж хараад ийм зүйл биднээс тийм ч холгүй байсныг мэдэрч, нуруугаар хүйт оргих шиг болж байна.
“Дамдин тайж охиндоо Үүлэн-А гэдэг хүнээр манж, хятад бичиг заалгаж гэрийн боловсрол чамгүй сайн олгосон боловч 14-хөн настай охинд бурангуй засгийн бошго лүндэн буужээ. Учир нь тэрбээр 1920 онд Эрдэнэ чин вангийн агь Паламын гэргий болон хүчээр богтлогдсон юм. Гэвч жилийн дараа Ардын хувьсгал ялахад Пагмадулам зоримог шийдвэр гарган гэртээ буцаж ирсэн. 1922 онд тэрбээр Нацагдоржтой танилцаж, 1924 он гэхэд тэд нэг гэрт орчихсон байсан” хэмээн судлаач Содномын дурсамжид бий. 1925 оны аравдугаар сарын 30-ны Засгийн газрын тогтоолоор эмэгтэйчүүдийг богтлох ёсыг албан ёсоор халсан нь яахын аргагүй шинэ засаг, шинэ цагийн зарим дэвшлийн нэг байжээ. Энэ бүхнийг туулсны дараа их зохиолчтой танилцаж, хайр сэтгэлээрээ холбогдон гэрлэсэн нь Пагма таны хувьд аз байсан уу, эсвэл эз байсан уу?
Өнөө үеийн залуус таны нөхрийг орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч гэдгээр нь л мэддэг болохоос 1921-1925 онд Цэргийн яаманд бичээч, жанжин Д.Сүхбаатарын гарын нарийн бичгийн дарга, Намын төв хорооны туслах түшмэл, Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Дотоодыг хамгаалах газарт комиссар зэрэг нам төрийн олон чухал алба хашиж байсныг нь төдийлөн мэддэггүй. 1925-1926 онд Ленинград хотод таны нөхөр Толмочовын нэрэмжит цэргийн улс төрийн академид, харин та Дорно дахиныг судлах дээд сургуульд сурч байжээ. Мөн 1926-1929 онд та хоёр бусад нөхдийн хамт Германд сургуульд суралцсан байдаг. Тухайн үед “гадаад, дотоод явж галуу шувууны мах зооглосон”, өндөр боловсролтой, бие хаа, зүс царайгаараа өв тэгш, цэл залуухан ийм хос ховор байсан нь ойлгомжтой. Эхнэртэйгээ хамт гадаадад явна гэдэг тэр үед бүтэшгүй асуудал байсан ч таны нөхөр ард түмнийхээ дунд ямархан нэр хүндтэй, хүндлэлтэй нэгэн байсан нь эндээс харагддаг. “Нацагдорж тийм өндөр албан тушаалтай, нэр хүндтэй хүн байж яах гэж Герман явсан юм бол?” гэж доктор Ч.Билигсайхан зохиолч Наваан-Юндэнгээс нэгэнтээ асуухад “Энэ их хэцүү асуудал. Хүү минь чи ийм юм оролдоод яах вэ. Бид чинь шоронгоос суллагдаад дараа нь юман дээр гарын үсэг зурсан улс шүү дээ. Юун дээр зурсан гэхээр ийм юман дээр гээд л ойлгочих” гээд таг болсон тухай “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат кинонд дурдагджээ. Зөвхөн зохиолч Наваан-Юндэн төдийгүй тэр цагийн олон гэрч нар 1930-1940-өөд оны үнэн түүхийг хүүрнэхгүй, ам хамхиж явсан байх юм. Хэн тэднийг ийм байдалд хүргэв?!
Нацаг та хоёрын, өөрөөр хэлбэл цуутай хосын хувь заяа маш богино хугацаанд хэрхэн орвонгоороо эргэж, ямархан эмгэнэлтэйгээр төгсөхийг чухамдаа “уг зохиолыг бичсэн” цөөн хэдэн хүн л мэдэж байсан биз.
1929 онд Монгол Улс гадаадад сурч буй оюутнуудаа эгүүлэн татахад та хоёр ч бас буцаж ирсэн. Тийнхүү Германаас ирээд л хавчлага, шахалт дарамтад өртөж, нийгэмд багтах шингэх газаргүй болсон бололтой, тийм үү?
…Гэрэл зураг түүх үгүүлдэг гэдэг. 1931 оны сүүлчээр авхуулсан, олны дунд алдартай нэгэн зураг одоо ч миний ширээн дээр байж байна. Зурагны ар дээр “Тайж Нацагдоржийн банкет” гэж бичжээ. 1932 оныг угтаж шинэ жилийн баяр тэмдэглэж, өндөр хөгжилтэй улс орнуудын соёлыг нэвтрүүлж буй залуусын дүр төрх. Энд Наваан-Юндэн, Нацагдорж, Намдаг нар байна. Голдуу Германд сурч байсан хүмүүс. Мөн О.Намнандорж орос эхнэр Нина Чистаковагийн хамт уг зурганд багтжээ. Хэн нэг нь энэхүү зургийг баримт болгоод “Шинэ жил бус, дагуурын Засгийн газрын нэг жилийн ойг тэмдэглэж байгаа нь” хэмээн Дотоод яаманд хошуу хүргэснээс болж таны нөхөр 1932 оны 5-10 дугаар сар хүртэл шоронд хоригдсон байх юм. Тэр хооронд та сэтгэлдээ хэчнээн их ганцаардлыг мэдэрч, хэчнээн их шаналал зовлон тээж байсан бол?!… Эр нөхөр тань шоронгоос гараад удаагүй байхад таныг зөрүүлээд шоронд хорьсон тухай баримт ч байна. Үүний сацуу МХЗЭ-ийн их хурал дээр олон гэмгүй хүнийг мөрдөж, хавчиж, ажил төрлөөс нь салгаж, гадуурхаж байгаа тухай шүүмжлэлт үг хэлснээс тань болж намаас хөөжээ. Сүүлдээ сонгуулийн эрхийг тань ч хасаж, ерөөс таныг хэн ч биш болгож орхиж. Энэ бүхэн та хоёрын хувьд ямар их хүнд цохилт болсон нь тодорхой. Таныг шоронгоос гарч ирснийхээ дараа хотын нэгэн гуанзанд ойр дотны хүмүүсээ цуглуулаад “Нацагдорж бол энэ улсын соёл боловсролд үнэтэй хүн. Энэ маань дандаа сонин хэвлэлийн ажилтан гээд явахгүй байлгүй дээ. Тэгэхээр цаашдынх нь замд би саад болно. Тиймээс би замаа хөөе” гэж хэлээд явахад нь Нацагдорж уйлж байсан” хэмээн зохиолч Д.Намдаг дурссан байдаг.
Бүх бурууг өөр дээрээ үүрч, буруугүй ч буруутан болж Нацагаасаа холдох шийдвэр гаргахад танд амаргүй байсан байж таарна. Бурангуй цагийн зарлигаар ноёны хүүд богтлогдон очсон ч бүсгүй хүнээс гарамгүй сэтгэлийн их зоригоор хувь заяагаа өөрчилж чадсаныг тань манай их зохиолч ойлгож, таныг хайрлаж байлаа ч нийгмийн зүгээс ирэх суман мөндөр шиг үзүүртэй үгсийг хуягтай юм шиг өөртөө нялзаахгүй өнгөрөх нь усан нүд цусан зүрхтэй хүмүүн заяанд төрсөн хэнээс ч болов гарамгүй их тэвчээр заах хэрэг байсан биз ээ.
Хэрэв би тэр үед байсан бол, Пагма найзыг минь ингэж хэлмэгдүүлэхийг хараад ямар нэгэн зүйл хийж чадах байсан болов уу?! Эсвэл өөрөө амьд үлдэхийн тулд “эсэргүү” найзыгаа өмөөрч чадалгүй амаа үдүүлээд насыг барах байсан уу гээд бодохоор бас л сонин… Би ч гэсэн айж байна, тэр системээс…
Өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад Нацаг та хоёрын хувь тавилан залуу үеийнхэнд их л романтик, баатарлаг сонстож байж мэдэх… Гэвч үнэн хэрэгтээ монголчууд бид 30-хан настай хоёр сайхан сэхээтнээ хавчиж хяхсаар байгаад үгүй хийснийг бодохоор, энэ мэт олон сайхан үрсээ ямар нэгэн хүчирхэг системийн эргүүлгэн дор нухчин дарснаа бодохоор, үр хойчийнхоо төлөө тэд хийж чадах зүйлээ хийсэн бол бид өнөөдөр арай өөр байж болох байсныг бодохоор хэчнээн харамсалтай вэ… Үр хүүхдээ хамгаалахын тулд өөрсдөөрөө ч овоглолгүй нуухад хүргэсэн ороо бусгаа цаг үед амьдарч асан таны сүнс сэтгэлийг ч болтугай амраахад дусал нэмэр болуужин хэмээн эдгээр мөрийг чадан ядан тэмдэглэлээ, Пагмадулам!