2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

“Дорнын Ром” хэмээн шагшин гайхагдаж байсан Самарканд

Ташкентаас Самарканд руу суудлын галт тэргээр сүнгэнүүлж болно. Машинаар явахад ч таатай. Сайхан замтай тул 4-5 цаг давхиад л орно. 360 километрийн зайтай газар.

Намрын сар гарчихсан, халууны эрч суларч, тааламжтай цаг эхэлсэн тул машинаар явахаар боллоо.

Узбекийн зун айхавтар, заримдаа халууны хэм 50 хэмээс дээш гарна. Энэ үед бүх байгууллага ажлаа зогсооно. Их халуунд хэд алхахад хэл аман дотроо аргах мэт хуурайшина. Амьсгалах агаар бүлээн халуун байна гэдэг хүсэх юм биш.

Узбекийн газар нутгийн 80 хувь нь говь цөл, бидний мэдэх Каракум, Кызылкум цөлүүд байгаа хойно аргагүй биз. Гэхдээ л хот суурин газруудад үзэсгэлэнт ногоон цэцэрлэг, өнгөт цэцэгс алаглаж усан оргилуурууд хуурай агаарыг чийглэн сэрүү татуулан оргилж, амьдралыг аятай тавтай болгоно.

Дэлхийн 15 дахь том Кызылкум – улаан элс (түрэг үг) цөл Казак, Узбекийн нутгийг дамнаж, хоёр талаар нь Амударья, Сырдарья хэмээх хоёр сайхан гол урсана.

СамаркандХөдөөний замд явахад өөдөөс том том ачааны машин сүнхийтэл зөрж, хаа нэгтээ илжиг хөллөсөн эр инээмсэглэн далласаар ард хоцорно. Одоо л элс, цөл харагдах байх хэмээн андаад л явлаа байдаггүй ээ.

Юун элс, юун цөл, зам дагуулж сагсайж сугсартал тарьсан мод бут, залгуулаад дан тариалангийн талбай, хөвөнгийн талбай гээд хөвөрч гарлаа.

Бургасны төрлийн олон янзын мод бут, чавганы мод, улиангар, далан хальс, өргөст нохойн хошуу, хурган чих гээд ургаж болох бүхнийг тарьсан харагдана.

Самарканд

Энд аж төрөгсөд өнө эртний түүхээсээ л гайхалтай цэцэрлэгчид байж. Аль эртнээс өтөл модны үрийг авч чулуурхаг элстэй хөрсөнд шилүүлэн цэцэрлэгжүүлж чадсан нарийн ухаан, ур чадвартай зон олон аж. Тухай үедээ олон орны хүмүүс гайхан шагшиж байсан хэмээдэг. Худалдаачид нь харийн нутгаар явж байхдаа тэр орныхоо мод ургамлын үр, суулгацыг нутагтаа зөөж авчраад тордон тордсоор ургуулж чаддаг увидастай улс байжээ. Доголон Төмөр хаан их аян дайнаас гэртээ ирэх бүрдээ, дэлгэрэн дэлбээлэх цэцэгс, анхилам үнэрт жимс жимсгэнэтэй сайхан цэцэрлэгийг шимтэн харж суух дуртай хүн байсан гэдэг юм билээ.

СамаркандТиймээс бүдүүвч зургийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгээ босгож, цэцэгс хагдран унахад залгуулаад л дэлбээлэн ургаж байхаар тооцож элдэв ургамал, мод, цэцэгс тарьдаг байж. Эмзэг моддыг халуунд тэсвэртэй моддын сүүдэрт ургуулах хэрнээ хооронд нь халхлуулахгүй тарьдаг тийм ур ухаантай, цэцэрлэгийг УРЛАГ хэмээдэг байжээ.

Ургацаа хураасан хөвөнгийн талбай тун гоё. Нүцгэрэн үлдсэн бут ургамлын гол, иш мөчир нь өтгөн гүн хүрэн бор өнгөөр харагдах нь содон, өөрийн эрхгүй хараа булаана.

Укбекууд хөвөнгөө “Цагаан алт” гэдэг аж. Хөвөнгөөс хаях юм огт гардаггүй, цасан цагаан хөвөнгөө түүгээд авчихна, үр нь 15-20 хувийн тослогтой тул шахаад хүнсний тос гаргачихна, үлдсэн бутныхаа мөчир ишийг байр сав, малын хашаа хороо барихдаа ашиглана.

Дэлхийн тав дахь том хөвөн тариалагч энэ улсад жил бүр зөвхөн хөвөн хураахад хоёр сая хүн гар хумхилгүй ажилладаг. Хөвөн хураана гэдэг амар биш. Гараар түүж авдаг нүсэр, хүч шаардсан ажил аж. Хоёр сая хүн зөвхөн хөвөн хураахад ажилладаг гэхээр бид мэт нь ихэд гайхаж хүлээж авна. Харин тэд “Узбекууд бид чинь 35 саяулаа, тэгэхээр хоёр сая гэдэг бас тийм ч их тоо биш юм аа” гэж хэлээд хөгжилтэй инээцгээнэ. “Бид хар багаасаа хөвөн түүн хурааж аав ээждээ тусладаг байсан, харин одоо цаг өөр болж хүүхдээр хөвөнгийн ажил хийлгэхийг хориглодог болсон” гэцгээнэ.

СамаркандАжилсаг Узбекууд тарьсан бүхнээ ургуулж, ургуулсан болгоноо арилжаална. Машины замын хоёр талаар хар ногоон, судалтай судалгүй тарвас, шаргал өнгөт амтат гуа, алим жимсээ овоо мэт босгож, жирийтэл өрж өнгө алаглуулна. За тэгээд өнөө их жимс ногоогоо хүүхэд хөгшидгүй даллан дуудаж зарцгаана даа. Явуулын хүмүүс зогсоод үнээ тохирон худалдаж аваад явцгаана.

Зөвхөн шийгуа, амтат гуа гэхэд 100 гаруй төрлийг тарина. Миний хувьд, тэр олон төрлийг олж үзээгүй ч зургаан төрлийн тарвас идэхэд үнэр, амт, хэлбэр нь хоорондоо адилгүй өөр өөр байх.

СамаркандЖил бүрийн наймдугаар сард “Тарвасны баяр” гэдэг их сайхан наадам болно. Аль дундад зууны үеэс уламжилан ирсэн түүхтэй хуучны баяруудынх нь нэг.

Олон зууны тэртээд, чихэрлэг амттан хомс байх үед, шүүслэг сайхан тарвас, амтат гуа жимснүүдээ хурааж дууссан тариачид нуруугаа тэнийлгэн ихэд баярладаг байжээ. Сайн ургац хурааж авсандаа баярлаж найз нөхөд, хөршүүдээ дуудан биднийхээр бол “хундага тавилгүй дарс тамшааж, хутга тавилгүй мах зооглож” цэнгэн найрладаг байсан гэнэ.

Торгоны замын тэмээн жинчид, гадаадын худалдаачид ховор, амтат жимснээс нь худалдан авч, нутгийнхаа ихэс дээдэст бэлэг болгон өргөн барьдаг байж. Үзэмтэй хольсон хатаасан амтат гуаг ихээр нь ачиж өөр оронд үнэ хүргэж зардаг байсан түүх өнгөрсөнд бий. Тухайн цаг үед тарвас, амтат гуа нь өөр бусад оронд ховорхон жимсний нэг байжээ.

СамаркандТарвасны энэ баярыг Хива хотынхон өргөн сайхан тэмдэглэнэ. Өнөөдрийн Хива хот нь, эртний Хорейзмийн эзэнт улсын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг байсан түүхэн газар. Хотын талбайдаа тонн тонноор тарвас авчирч, өндөр тавиур дээр эгнүүлэн өрнө. Асар том тарвасан “суварга” босгож, энд тэндгүй жимсээ эгнүүлэн битүү дэлгэж, хоол унд, дуу бүжиг, худалдаа наймаагаа хийж дуу шуу болон бужигнаж гарна.

Тарвасны баяр дээр нэгэн сонирхолтой уралдаан болно. Тарвас дээр сийлбэр хийхийг ёстой гайхуулна даа, тэр үеэр. Цэцэг ургамал, амьтан, уул нуруу өдөр тутмын амьдралыг хүртэл зорсоныг харахад нүд унам хачин чамин.

Энд жилдээ хоёр удаа ургац авна. Узбек хүн гэдэг туйлын аж ахуйч, уйгагүй хөдөлмөрч, олон зуун жилийн туршлагатай тариаланч хүмүүс болохыг өнгөрсөн, өнөөдөр алхам тутамд харуулах аж.

СамаркандБид давхисаар замынхаа талд орж, биеийнхээ чилээг гаргангаа хөдөөний хоолны газар орохоор болцгоов.

Узбек жолооч ч дуртай нь аргагүй:

-Миний мэдэх, маш сайхан хоолтой газар энүүхэнд бий. Би бас тамхиа сайн татаж авъя гээд хөгжилтэй инээлээ. Төв замын хажууханд, уртаас урт хуучин намхан байшингийн гадаа ирлээ.

Жижигхэн модон хайсаа будаж, үүд босгоо цэмбийтэл шүүрдэж угаасан хоолны газрын гадаа олон машин зогсож, бөөн бөөн хүмүүс орж, гарч байх нь хоол унд сайтайг илтгэнэ.

Урт урт ширээнүүдийг жирийлгэн тавьж, улаан хүрэн хивсэнцэрээр битүү бүрсэн вандан сандлуудад хүмүүс олноороо эгнэн сууж, нутгийн хоолоо амтархацгаана. Шаазан гүцнээс ногоон цайгаа хийж оочлонгоо, хатгамалтай дэр, жинтүүгээ түшин налайж, замын алжаалаа тайлан биеэ амрааж тухлацгаана.

Бүлтгэр том нүдтэй, биерхүү зөөгч хүүхэн зан сайтай гэж жигтэйхэн. Төд удалгүй бид хоёр бараг төрсөн эгч дүү мэт боллоо. Ингээд бид самса идэхээр болцгоов.Самса гэдэг нь узбекийн үндэсний хоолны нэг. Хонины мах, сүүл, шар хулуу, сонгино дээр нутгийн амтлагч хольж шанз бэлдэнэ. Ингэж бэлдсэн шанзаа давхраат боовны гуриланд ороон гурвалжлан бөөрөнхийлж чимхэнэ. Эцэст нь өндөгний шар түрхэж, гүнжидийн үр цацна. Ер нь л илчлэг өндөр, тос ихтэй хоол.

СамаркандЗөөгч дүү “Би та нарт зуухнаас шинэ самса өгнө, шавран халуун зуухнаас самса яаж гаргахыг харуулна” болоод явчихав. Бид ч дуртайяа даган гарлаа, самсаны шавран том зуух тандыр гэгч нь тусгай байранд байдаг аж. Тонгойн харахад сүрдэм, хэт их тонгойвол хүн уначихаар гүнзгий. Хүнхэр аварга том шавар зуухны дугуй ханаар битүү самса өрж, халуун илч нүүр цоргино. Зөөгч хүүхэн зуухны амсарт ойрхон самсанаас гаргаж байгаад нэгийг алдчихав. Халуун самса хагарч тос шөл гоожиж, жаахан бөөрөнхий мах бөмбрөн зуухны үнс тос болсон хар болсон амсарт дээр уналаа. Хүүхэн өнөө самсаг “Хайран юм” гэж уулгалан шүүрч аваад амандаа хийсэнд жолооч залуу санаа зовж буй нь илт. Бидний зүг ичингүйрэн харж, толгойгоо үл мэдэг сэгсрээд л, инээмсэглээд л…

Дараа нь машиндаа суусан хойно оо “Манай хөдөөний хүүхнүүд мөн чиг хээгүй шүү, унасан халуун мах, хүүе гэхийн завдалгүй шүүрч үмхэж байдаг. Ичиж нэрэлхэх гэдэг чинь эмэгтэй хүнд байтугай эр хүнд ч байдаг даа” гээд толгой сэгсрэв. Тэгснээ “Гэхдээ манайд мах ер нь үнэтэй, аав ээжийнхээ ажлыг сайн хийлгэхгүй бол махтай хоол чи идэхгүй шүү гэж узбекууд хүүхдүүддээ хэлдэг. Энэ ч зүгээр нэг үг биш юм шүү” хэмээн бүсгүйн үйлдлийг далдхан зөвтгөх нь дотно, дулаан мэдрэмж төрүүлнэ.

СамаркандХөдөө тосгоныхон даруухан хэрнээ амьдрах эвээ цаанаа л нэг олчихсон, амьжиргаатай гэж жигтэйхэн хүмүүс юм.

Тэдний ахуйг холоос хараад өнгөрөхөд их гоё зураглал нүдэнд тусна. Намхан байрууд, гэрийнхээ гаднаа жимсний мод цэцэрлэгээ арчилж зогсоо хөдөөх эр, жижиг шавран зуухнаас шинэхэн барьсан хавтгай талхаа гаргаж буй эхнэр, түүнийг тойрон тоглон гүйлдэх жаахан хүүхдүүд. Яг л эртний энгийн ахуйг тансаг урласан уран зураг шиг.

Зэргэлдээх айлын хүүхэн том улаан түмпэн дүүрэн хувцсыг хөөсөртөл гараараа угааж суух нь нүднээ содон. Бүсгүйн толгой дээгүүр татсан алд алд хэцээр дүүрэн өнгө өнгийн хувцас, орны давуу нарны гэрэлд нэвт харагдах нь нэн гоёмсог. Найман литрийн хувин дүүртэл алим түүчихээд алхаж яваа томоо хөвгүүний хажууд илжгэн дээр сундалласан хоёр бяцхан хүү инээд алдан юуг ч юм дуржигнуулна. Ахыгаа дагаж яваа дэггүй жаахнууд гэдэг нь андашгүй. Хараад л баймаар, саатан байж ажмаар ийм энгийн хэрнээ гоёхон зураглалууд энд хаа сайгүй… Цагтай, завтайсан бол бийр будаг нийлүүлж зураад суучихмаар ер бусын ахуй юм аа.

СамаркандҮлгэр домогт үлдсэн 2500 жилийн түүхт Самарканд сая хүрэхгүй хүнтэй, 120 км2 багавтар хот байлаа. Ганц нэгээрээ явахад амар амгалан, төөрч будилах юмгүй цомхон. Өргөн сайхан гудам, цэцэрлэг талбайтай, цэвэрхэн сайхан, хоол ундны газар элбэг дэлбэг. Өдрийн цай, оройн хоолны цагаар агаарт Самаркандын плов, амтат шошлогийн үнэр агаарт ханхийж хорхой хүргэнэ.

Самарканд гэдэг үг нь: самар- чулуу, хад, канд- хэрэм бэхлэлт, хот гэсэн маш эртний согд үгээс гаралтай. Хамгийн харамсалтай нь согд хэлийг үхмэл хэл гэдэг. Түүхийн нэгэн цаг үед, согд хэл нь дорно дахины олон улсын худалдаа, дипломат харилцааны хэл болж байсан ч устан алга болоод 1000 гаруй жил өнгөрч буй юмсанж.

Эртний соёлт иргэншилт Согд улсын нийслэлийг Мараканда хэмээдэг байв. Хотын сайхан нь үлгэр домог мэт яригдсан алдартай газар байлаа. Үзэсгэлэнт сайханаараа түүхийн буурал нугачаанд шагшигдсаар ирсэн энэ хот өнөөдрийн Самарканд юм.

Афрасиаб гэх сайхан толгод дээр сүндэрлэсэн, гайхамшигт хотод хөл тавьсан олон хүн “юутай үзэсгэлэнтэй, ямар сайхан” хэмээн бахдан гайхаж, нутаг орондоо буцаж очсон хойноо ч мартаж чадахгүй, санан дурсдаг тийм л гайхамшигт хот байсан гэдэг.

Төв Азийг эзлэн дагуулж явсан Александр Македонский хот дундуур явж, ямар сайхан болохыг нь гайхаж, “миний төсөөлөн бодож байснаас хамаагүй илүү гоёмсог юм” гэж хэлж байсан нь түүний намтарт үлджээ.

СамаркандНутгийн язгууртан Оксиарт Македонскийн эзлэн түрэмгийлэгчдээс гэр орноо хамгаалан, эхнэр хүүхдээ уулын хад асганд нуужээ. Харамсалтай нь бүгд олзлогдож, Оксиартын гоо охин Рохшанакийг олж харсан А.Македонский анхны харцаараа дурлаж, шууд гэрлэсэн гэдэг.

Үзэсгэлэнт Рохшанак охиныг харсан Македонскийн цэрэг дайчид ”Азийн хамгийн үзэсгэлэнт хүүхэн” хэмээн нэгэн зэрэг шагшин магтсан хэмээдэг.

Манай тооллын өмнөх 327 онд А.Македонский уг нутгийн зан заншлыг даган нүсэр хурим хийж, тэр өдөр армийнхаа 10.000 цэргийг, нутгийн охидтой гэрлүүлж нижгэр баярлажээ.

А.Македонский Самаркандын пловыг амтархан зооглож, дайн дажинаа зогсоосон түүхтэй юм. “ Гоо сайхан дэлхийг аварна” гэдэг үгийн жинхэнэ жишээ бол Рохшанак ажээ. Түүний эцэг эхээс заяасан гоо сайхан эх нутгаа дайн үхэл хагацлын аюулаас аварч чадсан түүхтэй.

Азийн эртний Самарканд хотын төв хэсэгт хааны өргөө харш сүндэрлэж, олон тансаг орд, өтгөн ногоон цэцэрлэгт үзэсгэлэнт модод шуугиж, эмх цэгцтэй орон сууцнууд, цэвэр цэмцгэр өргөн цэлгэр талбай хараа булаадаг байж. Тэр бүү хэл усан сан, цөөрөм хүртэл байжээ. Дэлхийн хамгийн эртний усаар хангах систем энд ажилладаг байсан хэмээдэг. Усаа дамжуулахдаа хоолой ашиглаж, наймаа худалдаа, ууш хоолны газар, дэн буудлууд цэцэглэн хөгжиж байж.

712 онд Арабын дайчин Кутейба Ибн Муслим тэр гоёмсог, дэндүү хээнцэр хотод ирээд нүдэндээ итгэж ядан, догдлох сэтгэлээ барьж дийлэлгүй “Цэцэрлэгт хүрээлэн тэнгэр лугаа

Орд харш нь тэнгэрийн одод мэт

Гол мөрөн нь тал нутгийн толь шиг…”

хэмээн дүрслэсэн нь өдгөө түүх болон үлджээ. Арабийн дайчид хотыг галдан шатааж, эзлэн авснаар тэр үзэсгэлэнт хотыг ахиж хэн ч, хэзээ ч хараагүй гэдэг.

СамаркандОлон зууны тэртээгээс энэ сайхан хотыг ”Цөлийн сувд”, “Дорно зүгийн диваажин”, “Дэлхийн гялалзсан оргил”, “Дорнын Ром ” гэх зэрэг магтан олон сайхан нэрээр магтан нэрлэсээр өнөөг хүрчээ.

Самарканд

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img