2024-11-11, Даваа
-7 C
Ulaanbaatar

“Амьд барби” хэмээн алдаршсан 91 настай Тэцуко Куроянаги

Хүний гадаад төрх, гоо сайхан хамгийн түрүүнд нүдэнд тусч хараа булаадаг. Яриа өрнүүлж, харилцаа гүнзгийрэх хэрээр дотоод мөн чанар, ухаан, сэтгэл нь уншигддаг.

Монголчууд энэ үнэнийг “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” гэж товхийтэл оноод харин хэлчихсэн. Ийм замаар хүмүүс биесээ таньж, өөр өөрсдийнхөөрөө үнэлж цэгнэдэг. Нэг бол сайн, үгүй бол муу гэсэн үнэлэмж ингэж л бий болдог. Гэхдээ өнөөдөр сайхан сэтгэгдэл төрүүлсэн хүн хэдэн жилийн дараа таагүй мэдрэмж төрүүлж ор танихгүй хүн мэт холдон одох нь бий.

Тэцуко Куроянаги

Анх уулзахад ааш нь олдохгүй тавгүйтүүлж байсан танил сэтгэлээ ойлголцдог дотно найз болчихсон тохиол ч өчнөөн. Энэ мэтээр бидний бодолдоо бүтээчихсэн яваа “сайн”, “муу” хүмүүс яг хүн гэдэг утгаараа хүнлэг, гэрэлтэй оршиж чадсан эсэхийг чин үнэнээр нь шалгадаг хүчирхэг шүүгч бол цаг хугацаа. Сайн хүн цаг улирах бүр улам гялалзаж, түмэнд гэрлээ түгээж аж төрдөг бол муу хүн бусдыг шархлуулж, тэр хэрээрээ дотоод дахь гэрлээ бөхөөсөөр чив чимээгүй, хэн ч анзаарахгүй орчилд гээгдэж мартагддаг нь амьдралын хатуу жам.

Гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтсээр оршдог хүмүүсийн түүхийг унших, сонсох урамтай. Тийм гэрэлтэй хүмүүсийн нэгд өдгөө 91 настай Тэцуко Куроянаги зүй ёсоор багтана. Тэцуко гадаад гоо үзэсгэлэнгээ зүрх сэтгэлийнхээ төгс сайхнаар гэрэлтүүлж чадсан нэгэн юм. Үсээ уламжлалт янз донжоор толгойнхоо орой дээр шууж, дэгжин гэгч зангидсан нь “бөөрөнхий сонгино” мэт нэг л онцгой. Тэр бусдаас тэс ондоо. Хэний ч харцыг булаахаар хээнцэр гоёмсог эмэгтэй. Өөрт нь зохисон гэж жигтэйхэн содон өвөрмөц үс нь Тэцуког илэрхийлэх бэлгэ тэмдэг гэчихэд дэгсдүүлэл болохгүй.

Тэцуко Куроянаги

Толгойноосоо хөлөө хүртэл гял цал, хээнцэр чамин, гоёмсог хувцаслах түүнийг яг л “Амьд барби”, “Японы хөөрхөн хүүхэлдэй” шиг хэмээн гадныхан онцлон ярих нь олонтоо.“Амьд барби” гэх нэр нь жинхэнэ амьдрал дээр биеллээ олж, улаан алаг ганган кимонотой Тэцуко хэмээх “барби” таван жилийн өмнө худалдаанд гарчээ. Тэрээр шүтэн бишрэгчдийнхээ хамт барбигаа баяр хөөртэйгээр угтан авсан билээ.

Тэцуко Куроянаги

Тэцукогийн энэ “барби” нь байдаг л нэг хүүхэлдэй, олон мянгаар үйлдвэрлэдэг тоглоом биш юм. Тусгай бүртгэлтэй цувралаар гаргадаг хүүхэлдэй. Бүр тодруулж хэлбэл залуу хойч үедээ үлгэр жишээ, дуурайлал болсон бодит хүмүүсийн “тусгай бүртгэлтэй” барби ажээ. Хүүхэд багачуудын төдийгүй “цуглуулагч”-дын хүсэн хүлээдэг чухал хүүхэлдэй гэсэн үг.

Тэцуко Куроянаги

Тэцуко Японы хэвлэл мэдээллийн салбарт ажилласан анхны бүсгүйчүүдийн нэг. Одоо ч телевизийн салбартаа ажилласаар байна. Тэрээр яг одоо ажиллаж буй телевиздээ хагас зуунаас илүү хугацаанд ажиллаж буй нэгэн. Чихэнд төвөг дараагүй, сонсголонтой зөөлөн хоолойтой, жигтэйхэн хөөрхөн охин анх зурагтаар гарахад олон сая хүн ихэд сонирхон шагшин хүлээж авсан гэдэг. Тэр дундаа Японы эрэгтэй үзэгчдийн хандалт илт давамгайлж, Тэцуког зурагтаар гарах цагийг тэсэн ядан хүлээдэг байж.

Түүний ажилладаг “ TV Asahi ” телевиз АНУ, Канад, Латин Америк, Европ, Ази, Ойрхи Дорнод болон Африкийн орнуудад нэвтрүүлэг, мэдээллээ цацдаг. Гайхамшигт энэ эмэгтэй “Тэцукогийн өрөө – Тэцуко хо Хея” хэмээх нэвтрүүлэгтээ 2000 гаруй улс төрч, урлаг спортын алдар цуутнуудыг урьж уулзан ярилцлага авч, 11000 цуврал программ гаргажээ. Тэцуко 2011 онд “ Геннисийн дээд амжилт” тогтоож чадсан, урт удаан хугацаанд хичээнгүйлэн ажилласан туйлын хөдөлмөрч нэвтрүүлэгч юм.

Тэцуко Куроянаги

”Тэцукогийн өрөө – Тэцуко хо Хея”ярилцлага шоу нь япончуудын “Хамгийн дуртай – маш сонирхолтой нэвтрүүлэг”-ийн шалгаруулалтад 14 удаа шалгарч байжээ. Цэнхэр гарагт алдартай олон эрхэм түүний урилгаар ярилцлага өгч байв.

Тэцуко Куроянаги

Английн хатан хаан Элизабет II, Михаил Горбачёв, Леди Гага, Том Круз гээд жагсаавал олон алдартныг тоочих хэрэг гарна. Японы жинхэнэ супер одод Тэцукод ярилцлага өгөхийгөө нэр төрийн хэрэг гэж үздэг. Саяхны нэгэн ярилцлагын зочин нь Олимпийн хоёр удаагийн аварга уран гулгагч Юзуру Ханю байсан юм. Алдарт уран гулгагч Тэцукогийн гарын бэлгийг өмнө нь сөхөрч суугаад хүндэтгэлтэйгээр гардан авсан билээ.

Тэцуко Куроянаги

Тэцуко охин 1933 онд Токио хотноо хийлчийн гэр бүлд төрж өсчээ. Телевизийн хөтлөгч, жүжигчин, дуу оруулагч, зохиолч энэ эмэгтэйг нутаг нэгтнүүд нь “Тотто -чан”, “Тотто” хэмээн дууддаг. Ингэж дуудах болсон нь учиртай.

Тэцуко 1981 онд “ Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тото” гэдэг хүүхдийн ном бичиж байж. Хүүхэд насны дурсамж, багшийнхаа тухай бичсэн түүний энэ ном Японы түүхэнд хамгийн их хувь буюу 9 сая ширхэг борлогджээ. Гадаадын 36 орон (Англи, Хятад, Орос, Герман, Энэтхэг, Араб)-нд 25 сая гаруй хувь хэвлэгдсэн байна.

Энэ ном монгол хэлнээ ч хөрвүүлэгдсэн. Өдгөө “Интер ном, “Аз хур” зэрэг дэлгүүрүүдэд зарагдаж байгаа юм билээ.

Тэцуко уг номондоо багш хүний хүүхдэд суулгах хүмүүжил улс орон нийгэмд хэрхэн нөлөөлдгийг гайхалтай тод харуулжээ.

Тэцуко Куроянаги

“Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тото” номыг Японы боловсролын системд томоохон хувь нэмэр оруулсан гэж өндрөөр үнэлж, сурагчдын заавал унших номын жагсаалтанд албан ёсоор оруулсан байна. Тото охины тухай номоор 114 минутын хүүхэлдэйн кино бүтээж, 2023 оны сүүлээр хийж дэлгэцнээ гаргасан билээ.

Тэцуко номноосоо олсон мөнгөө сонсголын бэрхшээлтэй олон арван жүжигчдийг мэргэжлийн өндөр түвшинд сургах өртөг ихтэй зардалд зориулжээ.

Түүний сайн үйл номын ашгаа олонд зориулсан төдийгөөр хязгаарлагдахгүй. Тэр 1984 оноос эхлэн сайн үйлсийн төлөө, UNICEF-тэй хамтран ажиллаж буй. UNICEF-тэй хамгийн анх хамтарсан, хамгийн удаан хугацаанд нэгэн үзүүр сэтгэлээр ажиллаж байгаа Ази эмэгтэй гэдгээр нь дэлхий Тэцуког мэднэ.

Тэцуко Куроянаги

Тэцуко 1980 – 1990 онуудад Ази, Африкийн дайн байлдааны хөлд нэрвэгдсэн, байгалийн гамшигт өртсөн ядуу зүдүү орнуудын хүүхдүүдэд эрүүл мэнд, хоол хүнс, сургууль боловсролын үйлчилгээ үзүүлэхэд 20 сая гаруй ам.доллар хандивлаж мянга мянган хүүхдийн амь нас, амьдралыг аварч чадсан бүсгүй юм.

Тэцуко Куроянаги

Байгаль дэлхийгээс устан үүрд алга болох аюул тулсан ховор амьтдын нэг болох панда баавгайг аварч үлдэхийн төлөө олон жил шаргуу ажиллаж явааг нь онцлон дурдах учиртай.

Тэцуко Куроянаги нийтдээ 55 сая ам долларыг бусдын сайн сайхны төлөө зориулж босгосон, бүх л амьдралаа нийгмийн сайн сайхны төлөө зориулсан хүндэтгэм намтартай нэгэн. Япончууд Тэцукотой тун адилхан робот хийж дуу хоолойг нь хүртэл суулган зурагтаар гаргаж үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан нь энэ эмэгтэйг улс даяараа хэрхэн хүндэтгэж хайрладгийн тод жишээ юм.

“Өөрчлөлт том үйлээс эхэлдэггүй. Хэн хэнийгээ анхаарч хайрлахаас л эхэлнэ. Өлсөж зовж буй хүүхдийг харвал юунаас болов гэдгийг бодож жаахан ч гэсэн тус хүргэхийг хичээх төдийд өөрчлөлт үрээ тарьж эхэлдэг” гэсэн Тэцуко Куроянагийн үгээр бичвэрээ өндөрлөе.

Тэцуко Куроянаги

 Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги

 Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги

Тэцуко Куроянаги Тэцуко Куроянаги

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img