ЧИНГИС ХААН ЧАН ЧУНЬ БУМБАТАЙ УУЛЗСАН НЬ
Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
Их эзэн Чингис хаан өрнө зүг аян дайн хийж байх үедээ буюу 1223 оны намар Хятадын гүн ухаантан Чан Чунь Бумбыг дуудан уулзсан нь эдүгээ ч түүхчдийн сонирхлыг татаж, аазгайг хөдөлгөсөөр билээ. Зарим нэг нь Даогийн шашны их хүмүн Чан Чунийг Монголын байлдан дагууллыг тагнах гэж явсан, нөгөө Чингис хаан их аршаас мөнх наслах эм гуйх гэж залсан хэмээдэг нь тун өнгөц төдий харсан, эрдэм түүхийн төвшин арвингүй хүмүүсийн тулга тойрсон яриа гэлтэй. Мэдээж суурин газрын эрдэмт хүмүн тул Чан Чунь бумбаас улс орныг засан жолоодох, ард иргэдийг амар амгалан илбэн тохинуулах талаар суут хоёр хүмүн харилцан санал солилцож, мэдлэг оюун юүгээн юүлэлцэх гэсэн нь лавтай. Их эзэн хаанаас их арш нүүдлийн соёл иргэншлийн амин учир, ахуй соёлын талаар шим мэдлэг хураан хүртсэн нь ч мадаггүй юм. Ялангуяа дэлхийн түүхийг өөрчилсөөр ирсэн Хүн гүрэн, Хөх Түрэгийн аугаа хаадын өлгий нутгаас хүчирхэгжин гарч ирсэн Чингис хааны урилга заллагыг хүлээн эс авбаас тун бэрхэд ойчихын зэрэгцээ уулзан учрах нь эрдэмт хүмүний энэ насны дээд хүслэнгийн нэгэн оргил байхаас өөр юу сан билээ?!
Гэхдээ Чан Чунь бумба бол 1219 онд өмнөд Сүн улсын хаан болон 1216 онд Зүрчидийн Алтан улсын хаан урьж залахад очоогүй “том толгойтой” их арш байлаа. Өдгөөгийн өрнө дорнын зөв ухааралт түүхч эрдэмтдэд өөрийнх нь “урилга”-аар түмэн газрын хэцүү бэрх замыг огтоос төвдөлгүй ирсэн их арштай уулзсан нь Чингис хаан зөвхөн цуут байлдан дагуулагч байсангүй, үүний зэрэгцээ энх төрийг эмхлэн засахад эрдэмтэн мэргэдийг ашигладаг, дэлхий дахины энх амгаланг тогтоох чинхүү эрмэлзэлтэй, төрийн гүн бодлоготой байсныг томруун харуулна.
Чан Чунь арш гэдэг нь Сүн улсын бумбын шашны бясалгагчийн цол юм. Анх нэр нь Цю Чу Цзи бөгөөд өргөмжит нэр нь Тун Ми аж. Чингис хаан Хорезм гүрнийг дайлаар мордож явсан 1219 оны тавдугаар сард өөрийн хятад шадар барлаг Лю Чжун Лу болон лал мөргөлт Жабар нарт барсын толгойт алтан пайз (пайзан дээрээ “хаан биеэрээ морилж ахуй мэт асартугай” гэсэн бичигтэй)-ыг өгч Чан Чунь бумбыг уриулахаар Шаньдун мужийн Лайчжоу зүг рүү захидал хэлбэртэй зарлигийг бариулан томилсон юм. Уг захидалдаа их аршийг хэдэнтээ “Эрхэм багш” хэмээн хүндэтгэн цохсон байна. Эл захидлаас Чингис хааны алдарт хэдэн үгийг эшлэсүгэй. “Алтан улсын жаргал цэнгэл хэтийдсэн учир мөнх тэнгэр буруу үзжээ. Хаан миний бие ар газар төрсөн тул тугал хурганы хамт өсч, хүчир бэрхшээлийн дунд бойжин, идэж уух, өмсч эдлэх маань борогжуун бөгөөд хүсэл тачаалд үл тунана. Ард иргэдээ үр хөвүүдийн адил үзэж, цэрэг байлдагчдадаа ах дүү мэт ханддаг” хэмээн бага ахуйн зовлонт бэрх амьдралаа ч дэлгэн өөрийгөө тодорхойлсон байна.
“Долоон оны дотор таван өнгө, дөрвөн харь улсыг нэгэн жолоогоор шударгатгавай. Бодвоос энэ нь манай Шаньюйгийн улс (Хүн гүрнийг хэлжээ)-аас нааш олон зуун жилд ер байгаагүй хэрэг болжээ” хэмээн бичсэн нь Монголчууд бол мянга гаруй жилийн өмнө оршиж байсан Хүн гүрний шууд удам, угсаа залгамжлал, тэд бол манай өвөг дээдэс юм гэдгийг тов тодорхой цохон заажээ. Энэ нь Хүн гүрнийг Монгол бус Түрэг гаралтай байсан гэж үздэг эдүгээгийн түүхчдэд шууд хариу цохилт болсон үг аж. Эл захидлын түүхэн үнэ цэн үүнд оршино.
“Төр гүрний энх үйлсийг засахуйд эс хүрэлцэх газар бас байх тул бэрхшээмүй. Онгоц салыг үйлдэх нь гол мөрнийг гатлах хэрэгцээ мэт, мэргэн эрдэмтнийг урин сонгох нь дэлхий дахиныг төвшитгөх хэрэгцээ болжээ” хэмээн онцолсон нь их хааны “Бие баатар бөгөөс ганцыг ялъюу, билиг баатар бөгөөс мянгыг ялъюу” гэсэн билиг сургаалиа чандлан баримталж байсны яруу илрэл ажгуу.
Чан Чунь арш ч Чингис хааны урилгыг хүлээн авч 19 шавийн хамт 1219 оны билгийн улирлын 12 дугаар сарын 18-нд уугуул нутаг Шандуныг Лайжоу хотоос гарч Алтан улсын нийслэл Жүн Дү (одоогийн Бээжин)-д 1220 оны хоёрдугаар сард хүрч очжээ. Гэтэл тэр үед Чингис хаан Хорезм гүрний гүн рүү дайлаар одсон тул их хааныг хаа байгаа газарт яаралтай очуулах зарлиг ёсоор Чан Чунь 1221 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Бээжингээс хөдөлж, Их Монгол улсын газар нутгаар дайран, улмаар Дундад Азид Чингис хаанд бараалхахаар очсон билээ. Чан Чунь арш Бээжинд анх очдог нь Чингис хааныг Монголдоо буцаж иртэл тэнд хүлээж байх бодолтой байсан бөгөөд энэ талаараа их хаанд айтгал өргөсөн байдаг. Гэтэл Чингис хаан өмнөх хүндэтгэлт захидлаас арай шаардангуй зарлиг ирүүлсэн тул баруунш явахаар аргагүйд хүрчээ. Тэрээр тус оны тавдугаар сард одоогийн Хэбэй муж дахь бумбын шашны сүмд зуныг өнгөрөөжээ. Тухайн үед Их Монгол Улсын төрийг их хааны дүү Отчигон ноён хамаарч байсан тул 1221 оны дөрөвдүгээр сард ордонд нь хүрэлцэн очив. Тэндээ арав гаруй хоног амраад Хөлөн нуурыг дайрч Хэрлэн голыг даган явсаар Туул, Орхон, Сэлэнгэ мөрнийг өнгөрөн зургаадугаар сарын 28-нд Идэрийн голд хүрэлцэн очжээ. Тэнд Чингис хааны бага хатан Хятад, Тангуд гүнжийн ордон байсан тул элэг түшсэн мэт санагдам. Улмаар Хангайн нурууг даван долдугаар сарын 25-ны өдөр Алтайн нурууны ард орших Их Монгол улсын их сайд Чингайн балгасанд хүрэлцэн очив. Чингай нь Монголын баруун хэсгийн газар тариаланг хариуцаж байсан Хэрэйд гаралтай Чингис хааны итгэлт сайд билээ. Чингайтай уулзаад их арш “Би нэгэнт өтөлжээ. (72 настай) Хаан хоёр удаа зарлиг буулган дахин давтан дуудсан тул арга буюу хэдэн мянган газрын хол замыг туулж танай харьяа газар хүрч ирэв. Би энд өвөлжиж хааныг буцаж ирэхийг хүлээвээс ямар бол” гэж өчив. Харин Чингай сайд үл зөвшөөрөөд “Одоо цааш явахад зам хэцүү, бартаа ихтэй тул тэрэг хөсгөө орхиж мориор морилбоос зохино. Би таныг хүргэж өгөх болно” гэж эрс тулгасан байна. Чан Чунь арш ч аргагүйдэн есөн шавиа үлдээн нэгэн сүм байгуулахыг хүсчээ. Одоогийн манай улсын Ховд аймгийн нутагт бариулсан эл сүмээ өвгөн арш “Цисягуань” гэж нэрлэсэн нь алс холын эх нутгаа ихэд санагалзсаны илэрхийлэл юм.
1221 оны наймдугаар сарын 8-ны өдөр арван шавь, монголын далан морьт улаач нарын хамт Алтайн нурууг даван Булган гол, Зүүнгарын цөлийг туулан Тэнгэр ууланд хүрч, тэндээсээ Бишбалыг хотод очив. Энэхүү Уйгарын хот нь одоогийн Шиньжаан мужид оршдог билээ. Улмаар Или голыг гатлан хэд хэдэн хотыг өнгөрөн нэгдүгээр сарын эхээр Хорезмын хил давж Ташкентээр дайран шинэ нийслэл Самаркандад нь хүрэлцэн очив.
Гэтэл тэр үед их эзэн Чингис хаан халуунаас дайжаад Гиндикүш ууланд заларч байлаа! Харин Чингис хаан “уулыг цас, эрийг нас” дардгийг мэдэрч байсан юм. Чан Чуныг ирсэн мэдээ сонсонгуут итгэлт хүлэг Боорчид мянган цэрэг өгч их аршийг хамгаалан залах зарлиг буулгав. Ийнхүү Чан Чун бумба 1222 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр Чингис хаанд ёслол төгөлдөр бараалхлаа. Дэлхийн хоёр их хүмүн ийнхүү золгов. Ингэж л Хятадын өвгөн гүн ухаантан их хааны зарлигаар нутгаас гарсан 1219 оноос хойш хоёр жил гаруйн хугацаанд маш хол замыг туулан тэсвэрлэн иржээ. Мэдээж их аршийн энэ аялал нь дундад зууны хосгүй аялалд өргөмжлөгдөхөөс гадна аян замын тэмдэглэлээ шавь нараараа дамжуулан яруу сайхнаар сийлбэрлэн бичиж үлдээсэн нь “Баруунш зорчсон тэмдэглэл” нэрээр өнөө үеийнхэнд түүхийн, байгаль газарзүйн, соёлын үнэт баримт болон үлджээ. Тухайлбал монголчууд хар мухлаг тэрэг хэрэглэж, цагаан гэрт суудаг, эрд гарсан эмэгтэйчүүд хоёр тохой өндөр малгай өмсдөг гэхчилэн бичжээ. Энэ нь богтаг малгайг хэлж байна. Идэрийн гол дахь Чингис хааны бага хатны орд харш нь Хүннүгийн их хаад ч хараад биширмээр сонин байв гэжээ. Чан Чун нас хэдий дал гарсан боловч зам зуурын хүмүүстэй ярилцсанаа шүлгээр илэрхийлэн бичиж явсан нь гайхалтай. Чан Чун их хаан Чингис хаанд бараалхахдаа сөгдөөгүй, өчүүхэн мөхөсхийж таягаа тулан зогссон гэж “Баруунш зорчсон тэмдэглэл”-д дурджээ. Шавь нар нь багшаа өргөмжлөн ийн бичив үү, эс бөгөөс Чингис хаан өтөл их аршийг хүндэтгэснийх үү, үүнд эгдүүцэлгүй суудал зааж суулгасан байна.
Их хаан зорин ирсэнд талархаад хэдэнтээ “Ёс ёмбогор, төр төмбөгөр” үг хэлэлцжээ. Ярианыхаа явцад Чингис хааныг их аршаас “Та надад мөнхрөх эм авчрав уу” хэмээн асуухад их арш “Биеийг тэжээн засах эм бий. Насыг уртасгах арга байна. Харин мөнхрүүлэх эм надад байхгүй” гэж айлтгасан тухай шавь нарынх нь тэмдэглэлд бий. Үүнийг нарийн нягтлууштай. Төрөх үхэх ертөнцийн жам хийгээд Тэнгэр, Газрын ивээл дорхи ертөнцийн суу залийг эзэмшсэн их хаантан маань Чан Чунаас мөнхрөх эм асуусан гэдэг нь их эргэлзээтэй. Их аршийн шавь нараа багшаа өргөмжлөх үүднээс насан уртасгах эм асуусныг мушгин бичсэн байж ч болох. Гэхдээ энэхүү асуултыг би Чингис хаан өөрийн өндөр наст ижий Өэлүн эхийн өмнөөс асуусан болов уу хэмээн мунхаглан боддог билээ. Чингис хаан Чан Чун бумбыг хэрхэн дуудаж нэрлэж байх вэ гэхэд Чингай сайд “Гэгээн багш хэмээн нэрлэвэл зохих уу, хаантаан” гэхэд зөвшөөрсөн ажгуу. Тийнхүү Чингис хаан Гэгээн багштанаа Гиндикүш уулан дахь өргөөнийхөө зүүн талд хоёр байр гарган суулгахаар зарлиг болжээ. Дараахан нь Афганистаны Кабулын ойролцоох Гиндикүш уулнаас Чан Чун Самарканд руу Чингис хааны мянган цэргийн хамгаалалт дор очив. Хойноос нь удалгүй Чингис хаан заларчээ. Их хаантан Чан Чунтай гурван удаа уулзаж ном айлдахыг нь сонсчээ. Магад ном хаялцсан ч байж болно.
Нэгэн удаагийн уулзалтаар Чингис хааны улсыг хэрхэн засах тухайд ярилцахад Их арш:
-Их улсыг залах нь бяцхан жараахайг шарах лугаа адил. Хэт чанга үрвэл мах нь үлдэхгүй унана. Бага шарвал түүхий. Хэт шарвал түлэгдэнэ. Улсыг засах нь үүн лүгээ адил хэмээн айлтгажээ. Энэ мэтчилэн төр ёсны олон зүйлийг хөндөн зөвлөлдөв. Харин Их арш Чингис хаанаас “Голд хувцас угаах, талд мөөг түүхийг яагаад цаазлан хориглов. Үүнийг цуцалж болох уу” хэмээн Монголын уламжлалт байгаль дэлхийгээ хайрлах үзлийг ойлгоогүйн улмаас асууж байсан нь сонирхол татна.
Нэгэн удаа хаан ан хийж байтал унасан морь нь гахайнаас үргэн хааныг санамсаргүй байтал хөсөр унагажээ. Их арш үүнээс хойш ан хийхээ умартахыг ятгасан ч их хаан “Бидний Монголчууд хар багаас харвах, намнах, алавхийн давхих дуртай тул ав хийхээ больж чадахгүй”-гээ өчсөн байна. Сурвалжийн мэдээгээр хаан, арш хоёрын яриаг Чингис хааны итгэлт дархан Хишилиг тэмдэглэн авдаг байсан бөгөөд энэ үед Чан Чуныг эхэндээ таатай хүлээн авч байсан сайд Еоюй Чуцай ч тэмдэглэл хөтөлж байжээ. Түүний үзлээр бол Чан Чун нь эцэстээ ямар ч мэргэдийн мөн чанаргүй, зальхай этгээд хэмээн дүгнэсэн нь гайхам. Чан Чун ийнхүү Чингис хааны дэргэд хоёр жил байсны эцэст асар их хишиг хүртэн буцсан байна. Их арш нутагтаа ирээд ертөнцийн ёсыг номлосоор их хаан тэнгэрт дэвшсэн 1227 онд насан элээсэн билээ. Буцах үедээ Цагадай хан хүүтэй нь уулзаж ном тавьсан мэдээ ч бий. Чан Чун бумбын Чингис хааны зарлигаар яаравчлан ирсний цаад үзүүрт бумбын сургаалыг хятад даяар дэлгэрүүлэхэд их хааны соёрхлыг олж авахыг гол зорилгоо болгож байсан нь өнөө мэдэгдэнэ. Чингис хааны хувьд Алтан Улс, Хорезм зэрэг олон улс гүрнийг эзэлсэн, цаашдаа Тангуд, Сүн улсыг хураах нь Монголын эзэнт гүрний зорилго байсан тул төр улсыг жолоодох суурин ухаан хэрэгтэй байсных бөгөөд шашны нөлөөг ч ашиглахыг зорьж байсан нь харагдана. Энэ уулзалтын дам үр нөлөө бол Монголын эзэнт гүрний нийслэл Хар Хорумд Будда, Дао, Христ, Лал, Манихей, Бөө мөргөлийн зэрэг шашны сүмүүд дэлхийд анх удаа энх тайвнаар зэрэгцэн орших болсон явдал биз. Ингэхэд их хаан хийгээд, их арш хоёр зөвхөн энэ ертөнцийн явдлыг ярилцаад зогсолгүй огторгуйн чинад дахь хар нүхийг ч ярьсан байхыг хэн үгүйсгэх билээ!