2024-12-03, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Дэлхийн нийслэл Хар Хорумыг үндэслэсэн нь

Монголын театр урлагийн орон зайд “Тэнгэрийн хүү”, “Хаадын хаан. Андгай”, “Ай Нан аа” түүхэн туульсын жүжгүүдээрээ тамгалан гарч ирсэн зохиолч, нийтлэлч, судлаач Битогтохын Цогнэмэхийн “Чингис хаан-Түүхэн товчоо” түүх, соёлын нийтлэлүүдийг nio.mn сайт цувралаар хүргэж байна.

Дэлхийн нийслэл Хар Хорумыг үндэслэсэн нь

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Их эзэн Чингис хаан Их Монгол улсыг 1206 оны барс жил байгуулсан тунхаглахаасаа нэг жилийн өмнөхөн Тангудыг довтлов. Дараа нь хоёронтаа довтлон (1207, 1209 онуудад) өөрийн түшмэг улсаа босгов. 1210 онд дотоодын хүчтэй өрсөлдөгч Дэв Тэнгэрийг дарсны дараа 1211-1214 онд мөнхийн өст Алтан улсыг довтлон Хатан голоос хойших бүх боомт, хотуудыг мэдэлдээ авсан билээ. Ийнхүү Төв Азийн өндөрлөгийн Монголчууд суурин газрынхантай бөөрөө нийлүүлэн амьдрах болов. Эндээс улбаалан, нөгөөтэйгүүр эзэнт гүрний тэлэлттэй холбоотойгоор шинэ нийслэл зайлшгүй хэрэгтэй болохыг Чингис хаан чухалчилж байлаа.

Хар Хорум1219 онд 400 худалдаачныг нь итгэл эвдэн хөнөөсөн Хорезм гүрэн рүү аян дайн хийхээр мордлоо. Их армиа хөдөлгөнө гэдэг Чингис хаан ялна, олон хот балгадыг эзэлнэ гэсэн үг. Тэрээр хэзээ ч ялагдаж болзошгүй тулаанд цэрэг хөдөлгөдөггүй аугаа жанжин билээ. Торгоны зам дагуух өртөөгөөр дэлхий нүүн Монголын тал их тал руу хөврөх нь тодорхой. Гарамгай стратегич Чингис хааны хувьд үүнийг урьдчилан тооцоолсон тул 1220 онд Хар Хорум хотыг байгуулах түүхт шийдвэрийг гаргасан болов уу хэмээн мөхөс бичигтэн би таамагладаг билээ. 1219 оны туулай жилийн их хуралдайгаар л өрнө зүгт хийх аян дайны үр дүн нэгэнт зурагдсан байлаа. Харин 1220 оны луу жилд эзэнт гүрнийхээ нийслэл хотыг цогцлоох их бүтээн байгуулалт яагаад ундрах болов. Дээд өвөг Хүн гүрний нийслэл нь Луут хот нэртэй байсан билээ. Энд нэг учир холбогдол буй за хэмээн сүсэглэнэ.

Хар Хорум1347 онд Хар Хорум хотод босгосон гэрэлт хөшөөний бичигт Чингис хаан их ор 15 дугаар он, цагаан луу жилд Хорумд суух балгасун оршигулсан ажгуу” хэмээн өгүүлсэн нь, 1220 онд монголчууд, их эзэн хаантан маань өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй эзэнт гүрнийхээ нийслэлийг Орхоны хөндий дэх энэхүү өлзийт газар байгуулахаар товлосныг гэрчлэх албан ёсны тод баримт болж байна. Энэхүү бичээст Орхоны их хөндийг зориуд цохон өгүүлж, “Улс байгуулахуйяа зохист газар” хэмээн дээдчилсэн нь бий. Өрөөр хэлбэл, эртний төрт улсуудын уламжлал, газар зүйн онгон дагшин байрлал, эдгээртэй гүнзгий уялдаа холбоо бүхий нүүдэлчдийг, цаашилбаас дэлхий дахинаа энх амгаланг тогтоон захирах хууль ёст засаглалыг өргөнөөр илтгэн харуулжухуй. Их хааны итгэлт хүмүн, суурин иргэншилт Хятаны Елюй Чуцай Их Монгол улсыг нийслэлтэй байх ёстой гэсэн санааг Чингис хаанд дэвшүүлсэн хэмээх нь ч бий. Их хаан Хүн гүрнээс хойш Сяньби, Нирун, Хөх Түрэг, Уйгар нарын хаант улсууд чухамхүү Хангай нурууны ард, Орхон, Сэлэнгэ, Туулын сав газарт л нийслэлээ байгуулж байсны нууцыг сайтар мэдэж байсан хэрэг. Энэ уламжлалыг ч дагав.

Хар ХорумАугаа Чингис 1219-1225 оны хооронд Дундад Азийг байлдан дагуулахдаа эзэнт гүрнийхээ төв рүү зөвхөн газар газрын уран дархчууд, гар урчуудыг илгээгээд байсангүй. Дэлхийд анх удаа ямар ч шашныг хүлцэх төрийн алтан аргамжийн бодлогын дагуу дэлхийн томоохон шашны төлөөлөгчид Хар Хорумд цуглав. Өрнө дорнын дайтаж байсан улс орнуудын төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүд, элч төлөөлөгч нар монголын талд хэрүүл уруулгүйгээр зэрэгцэн оршиж, өөр өөрийн улсын сүм дуганыг байгуулаад энх амгалнаар өрсөлдөнхөн, шашин соёлоо түгээн ном хаялцаж, мэтгэлцэж байв гээд бодоод үзэгтүн. Өнөөгийн соёлт ертөнцөд ч чингэж чадахгүй л байна. өөрөөр хэлбэл, их эзэн хаан маань дэлхийд анх удаа даяаршлын өлгий хот Хар Хорумыг бүтээж, одоотой харьцуулбаас НҮБ-ын анхны үр хөврөлийг Монголын их талд бүрэлдүүлэв.

Тэнгэр газраас тэтгэгдсэн Монголчууд эртнээс усны тунгалаг, өвсний сорыг хөөн малаа адгуулан нүүдэллэх уламжлал ёсоороо хээр талаа амиадаж, Хар Хорумд байнга суугаад байсангүй. Их хуралдай хийх, онцгой ёслол үйлдэх үедээ төвлөрч байлаа. Францын Бушье зэрэг олон орны урчуудын босгосон (Өгөдэйн үед) мөнгөн мод нь эзэнт гүрний эв найрслын бэлгэ тэмдэг болж байлаа. Үүнээс өмнө Чингис хаан хамаг Монгол улсынхаа төвийг хаана байгуулж байсан бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирнэ. Энэ бол Аураг орд юм.

Манай хөлгөн их туульс Монголын нууц товчоонд Хэрлэн голын Хөдөө арал, Шилхэнцэг хоёрын дунд “Чингис хааны их орд” буюу Аураг орд оршиж байсан тухай дурдана. Энэ бол Хэрлэн голын баруун гарын цутгалан Аваргын голын хойд эрэгт Рашаан дэрсний ухаа хэмээх уулын өмнө бэлд орших 4.5 ам дөрвөлжин км талбайтай, нутгийн олон “Аваргын балгас” гэж нэрлэдэг хот билээ. Эл хотыг 1206 оны барс жилд Их Монгол улсыг байгуулж, 1220 оны луу жилд Хар Хорумыг улсын нийслэл болгохоос өмнө Чингис хааны их орд энд байрлаж, тухайн үеийн Монгол орон, монголчуудын улс төр-оюун санааны төв болж байсныг археологийн судалгаагаар баттайяа нотлоод байна. Чингис хааны Аураг ордыг их эрдэмтэн Х.Пэрлээгийн удирдлагаар 1961-1976 онд малтан шинжилж дээрх дүгнэлтийг гаргасан улбаатай. Аураг хэмээх нь ар гэр, гэр хүрээ гэсэн утгатай юм. Одоо эргээд дэлхийн эзэнт гүрний нийслэл байсан Хар Хорум хот руугаа дахин өнгийе.

Хар Хорум бол их талын мегаполис байлаа. Дөрвөн цагийн эргэлтэд байгалийн догшин ширүүнийг монгол хүмүний адилаар тэсвэрлэн өндийсөн нүүдэлчний хот бөлгөө. Аажмаар асар том агтны жүчээнүүдэд нь алтан ургийн төдийгүй алс холын аянчин гийчдийн морьд өвөлжих болов. Алтны адилаар арвай, цагаан будаа, малд зориулсан овъёос өвсний илүүдэл болсон Монголын эзэнт гүрний хувьд Хар Хорум нь тухайн үедээ өрнө дахины хотуудтай харьцуулахад жижиг хэдий ч шүр сувд шиг, музей-хот болон гялалзаж байв. Араб, Турк, Перс, Энэтхэг, Хятадын худалдаачид Торгоны замаар дамжин ирж байлаа. Өөрөөр хэлбэл, Хар Хорумыг байгуулснаар хойд Торгоны зам үүсэв.

Их Монгол улсын Их засаг хуулийг л зөрчихгүй бол өмнө баригдсан Буддын сүм дугануудтай зэрэгцэн лалынхны чулуун сүм (масжид), бас христийн шашны зэрэг зургаа долоон шашны сүмүүд найртайгаар хаяа хаяагаа дэрлэх болов. Хар Хорумд хөл тавих гаднын гийчид, элч нар монголчуудын эртний уламжлалт заншлаар хоёр том түүдэг галын дундуур гардаг байв. Хожим “дэлхийн нийслэл”-д ирсэн В.Рубрук “Хар Хорум хотод хөл тавиад би тэс өөр ертөнцөд очих шиг болж билээ“ хэмээн бичсэн байдаг. Хар Хорумтай их Аураг орд, Саарь хээрийн орд, Чингай балгасан, Хар түнэ-ийн орд, Хөх балгас, Сүрийг бадруулах хот, Хондуй зэрэг нэлээд олон алдартай хот балгад, цэргийн суурин бэхлэлтүүд өртөөгөөр холбогдож байлаа. Хар Хорумтай зиндаа ойртох нэг хот бол Чингис хааны дүү Хавт Хасар, түүний хүү Есүнгэ мэргэний эзэмшлийн төв Хархираагийн хэмээн алдаршсан хот байв. Энэ хотын туурь одоогийн ОХУ-ын Чит мужид буй бөгөөд тухайн үедээ зүүн хойд монголчуудын улс төр соёлын төв болж Хар Хорумаа түшин хөгжиж байв. Түүхэн богино хугацаанд дэлхийн худалдаа, шинжлэх ухаан, соёл урлаг, шашин, гадаад харилцааны төв болсон Хар Хорум нь өрнө дорныг хосолсон өвөрмөц өнгө төрхтэй хот гэдгээрээ алдартай юм.

Хар ХорумМөн төмрийн үйлдвэрлэл, зэр зэвсгийн үйлдвэрлэл өндөр төвшинд хөгжсөн байна. XIII зуунд нийслэл Хар Хорумын гүйцэтгэсэн үүргийг археологич эрдэмтэн Х.Г.Хюттель үнэлэхдээ “..Хар Хорум хот нь эзэнт гүрний засаг захиргааны уураг тархи, соёлын төв, хамгийн дээд шатны шүүх юм. Энд “умард, өмнөд, өрнө, дорно зүгт амьдран суух бүхий л ард олон хүрэлцэн ирдэг. Эзэнт гүрний халдашгүй дархан, өөрийн гэсэн дүр төрхийг илэрхийлэгч төв нь болсон байлаа” гэжээ. Үнэхээр Монгол үндэстний бэлгэ тэмдэг, дэлхий даяарын уулзах цэг болж байлаа. Хар Хорум хэмээх нэр нь “Хар хүрэм” буюу Хар хүрмэн чулуу гэсэн утгатай гэж судлаачид үздэг. Уйгарууд ч эрт үед Хар Хорум гэж нэрлэдэг байсан тухай мэдээ буй. Чингис хаан 1220 онд Хар Хорумыг байгуулах зарлиг буулгаснаар түүний хүү Өгөдэй хааны үед буюу 1235 онд жинхэнэ хотын дүр төрхтэй болсон ажгуу. Тэр Персийн Багдадын адилаар Хар Хорумыг цогцлоох зорилго тавьж байсныг Рашид-ад-диний “Судрын чуулган”-д тэмдэглэжээ. Өгөдэй хавар Хар Хорумд очин, зун цагт Өрмөгт шар ордонд шилжин зусаад, намар цагт Хөх нуурын ордондоо өнгөрөөгөөд Онгийн голын ордонд ирж өвөлждөг байв. Энэ нь Их эзэн Чингис хааны дөрвөн улирлын байдалд уялдуулсан дөрвөн орд аурагтай байх уламжлалыг дагасан хэрэг байв.

Харин алтан ургийн хөвүүд охид, гишүүд, ноёд түшмэдийн төдийгүй энгийн ардаас эрдэм боловсролоор товойсон элит хэсгийг ХарХорумд төвлөрүүлэн тэр үеийн дэлхийн шалгарсан боловсрол, эрдэм мэдлэгээр тэтгэн сургаж байв. Магадгүй, дээд боловсролын анхны стандартыг Монголчууд хар Хорумд тогтоосон болов уу хэмээн зохиолч хүний зөнгөөр би таамагладаг билээ. Энэ хотын оршин тогтож байсан газар нутгийн байршлыг хамгийн анх Н.М.Ядринцевийн удирдсан шилжилгээний анги 1889 онд олж тогтоосон юм. Үүнээс хойш гадаад дотоодын олон судлаач, археологичид тасралтгүй судалсаар байна. Хар Хорумаас олдож буй эд зүйлс тухайн үед бусад улс оронтой хийж байсан худалдаа арилжаа нь нэн эрчимтэй байсныг илэрхийлнэ.

1970-аад оны үед олдсон Египетийн фараоны нүүрний дүрстэй чимэглэл зэрэг олон олдворыг дурдаж болох билээ. Харин Дундад Ази болон хятадаас тээвэрлэн авчирч ирсэн худалдааны эд өлгийн зүйлс арвин олддогийг онцлох хэрэгтэй. Энэ бол Чингис хааны болон түүний дараахь Өгөдэйн байлдан дагуулалтай холбоотой л доо. Хар Хорумаас олдсон зооснууд нь бүр эртний Тан улсын үеэс хожуу үеийн Юань гүрний үеийн цаг хугацааны өргөн цар хүрээтэй юм. Хубилай хаан 1260 онд эзэнт улсын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн тул Хар Хорумын хөгжил аажмаар буурах болж, их эзэн Чингисийн гэрээс зөрчигдөв. Харин Хубилайн хүү Чингимийн Ахмад хүү Гамал (1258-1303)-ны 1292 онд жин ван цол өргөмжлөн Монгол нутгийн хэргийг хариуцуулав. Дашрамд өгүүлэхэд жин ван нь сунжирсээр жонон болсон хэрэг. Үүнээс хойш Хар Хорумд суусан хунтайж нар хааныг тэнгэрт халихадих ор суухаар хуульчлав. Хонгирад эхтэй Гамалын мэдэлд Хар Хорум, Гурван голын сав газар, Бурхан Халдун уул, Ким-Кимчиуд, Сэлэнгэ, Хиргисийн хилд тулах муж, Чингисийн их хориг, Их хэрэм захирагдан, Хар Хорумд төвлөрөн суух болсон юм. Хожим 1368 онд Монголын ноёрхол унасны дараа байгуулагдсан хятадын Мин улс Хар Хорум руу хэдэнтээ довтолж зориудаар сүйтгэсэн нь энэ алдарт хотын түүхийг бүдгэрүүлэхэд хүргэсэн билээ.

Хүн төрөлхтөн нэгэн тэнгэрийн дор, нэгэн нарны гэрлийг тэгш хүртэж, арьс өнгө, шашин соёл, хэл заншил ялгаваргүйгээр энэ бөмбөрцгийн ард түмнүүд зэрэгцэн оршиж болохын аугаа бэлгэ тэмдэг бол их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан эзэнт гүрний их нийслэл Хар Хорум байсан билээ. Эндээс даяаршлын өрхийг татаж, эх дэлхийгээ нэгэн цул гэдгийг олон улсын эрх зүйн төвшинд анх томъёолж байсан юм. Чухам Хар Хорумд л анх удаа хүн төрөлхтөн бие биеэ хүлээн зөвшөөрч олон улсын энх амгаланг сахиж, аюулгүй байдлаа сахин хамгаалж байлаа. Эзэнт гүрний нийслэл Хар Хорумаас л дэлхийн хувь заяаг шийдэж байсан нь аугаа бахархал буюу. Энэ бол цэнхэр бөмбөрцгийн Хаадын хаан, Их эзэн Чингис хааны суу билиг байсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img