2024-07-18, Пүрэв
27 C
Ulaanbaatar

Шилжилтийн үеийн уул уурхай

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Монгол Улс ардчилал зах зээл рүү шилжихэд 360 депутаттай Ардын Их Хурал, түүнээс сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал байгуулагдаж Уул уурхайн инженер П.Очирбат Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон олон намын “Эвслийн Засгийн газар” байгуулагдсан юм. Тэр үед өмч хувьчлал эхэлж, Алт хөтөлбөр батлагдаж, Монгол Улс Үндсэн хуулиа баталж байв. Дэлхийн банкны Техник туслалцааны төсөл ч эхэлсэн билээ.

Уул уурхайн инженер П.Очирбат Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу 1993 онд бүх ард түмний санал хураалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсон түүхтэй. Анхны Ерөнхийлөгчөөр уул уурхайн инженер хүн сонгогдсон нь эрдэс баялгийн салбарын инженерүүдийн хувьд бахархалтай үйл явдал байлаа. Энэ үедээ тэрээр “Алт хөтөлбөр”-ийг санаачлан Засгийн газраар батлуулсан юм. Алт хөтөлбөрийн алдаа оноог хойно өгүүлнэ. Тэрээр салбарын бодлого, зохицуулалт ба эрх зүй мөн техник, технологи, байгаль орчин ба тогтвортой хөгжлийн талаар олон бүтээл туурвисан хөдөлмөрч зан чанараараа үлгэр дуурайлал болсныг тодотгоё. Олон залуу инженерүүдийн мастер, докторын ажлыг нь удирдаж судалгаа шинжилгээний замд оруулсан гээд яривал энэ хүний салбартаа оруулсан хувь нэмэр үлэмж.

ШИГТГЭЭ:

Пунсалмаагийн Очирбат 1961-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхай ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн юм. Хөдөлмөрийн гараагаа Шарын голын уурхайн ерөнхий инженерээр эхлэн улмаар салбарын яамны орлогч сайд, сайдаар дэвшин ажилласан намтартай энэ эрхэм Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, бүх ард түмнээр сонгогдсон анхны Ерөнхийлөгчөөр 1993-1997 онд ажиллаж байв. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг (1992) боловсруулан батлуулахад удирдан оролцсон түүхтэй. 1990-1992 онд төгрөгийн ханшийг хоёр дахин унагаж, өргөн хэрэглээний барааны үнийг хоёр дахин нэмсэн “20-р тогтоол”, “алт дилерийн хэрэг” зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийн бай болж байв.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилж эхэлсэнээр эрдэс баялгийн салбарт хувийн хэвшил үүсэв. 1990 онд Улсын Бага хурал “БНМАУ-ын Yндсэн хуулийн нэмэлтийн хууль”-иар социалист өмчийг халж, нийтийн ба хувийн өмчийн хоёр хэлбэрийг хүлээн зөвшөөрч, жилийн дараа “БНМАУ-ын өмч хувьчлах тухай” хууль батлагдсанаар Засгийн газрын дэргэд Өмч хувьчлалын комисс байгуулагдан төрийн өмчийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг ягаан, цэнхэр тасалбараар хувьчилж эхэлсэн бөгөөд энэ үйл явц бараг 1996 он хүртэл үргэлжилсэн юм.

Манай салбарт төрийн өмчлөлд байсан улсын геологийн экспедициуд болон гянтболд, цагаан тугалганы зэрэг 2-3 жижиг уурхай үйлдвэрүүд хувьчлагдав. Хувьчлах үйлдвэрийн газруудын жагсаалтанд алтны уурхайг оруулаагүй бөгөөд тэр үед Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Монгол-Оросын хамтарсан Толгойтын, Баянхонгор аймагт Монгол-Болгарын хамтарсан Дөвөнтийн алтны уурхай ажиллаж, Төв аймгийн Заамарт Хайлаастын алтны уурхай (анхны үндэсний төрийн өмчит) дөнгөж ашиглалтанд орж байлаа.

Алт хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоол 1991 оны 11 дүгээр сард гарсанаар алтны шороон ордод хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрч, 1992 оноос хэрэгжиж эхэлсэн түүх өнгөрсөнд бий. Алт хөтөлбөр хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч 1993 онд “Эрэл” компанид Өвөрхангайн Уянга сумын нутагт алтны шороон ордод алт олборлох зөвшөөрөл өгсөнөөр эрдэс баялгийн салбарт хувийн хэвшлийн компаниуд ажиллаж эхэлсэн түүхтэй.

Шинэ Үндсэн хууль батлагдав

Шинэ үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, мөн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх ба өмчийн эрх зэргийг хуульчлан хамгаалсан билээ. Үндсэн хуулиа монголчууд “Эцэг хууль”, “Эх хууль” гэж бас нэрлэдэг.

ШИГТГЭЭ:

Шинэ Үндсэн хуулийн 5.1-д “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэсэн бол 5.2 –т нь “Төр нь нийтийн өмч болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт бий.
Үндсэн хуулийн дагуу шинэчлэгдсэн Иргэний хуулийн 99.1-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна” гэж тус тус заасан.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Шинэ Үндсэн хууль ба Иргэний хуулиар Монгол улсад нийтийн болон хувийн өмчийн хоёр хэлбэрийг зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах баталгааг бий болгосон юм. Ингэснээр манай салбарт өмнө өгүүлсэн хувьчлал эхэлж, уул уурхайн үндэсний үйлдвэрүүд үүсэж бий болох, гадаадын хувийн шууд хөрөнгө оруулалт татах бололцоог бий болгосон билээ. Өмч хувьчлалтай зэрэгцэн эрдэс баялгын салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэн хувийн өмчит уурхай үйлдвэрүүд буй болсныг онцолъё. Хувийн өмчийн тухай ойлголт нийгэмд төлөвшиж, амжаагүй, дөнгөж л хувийн өмчтэй болох эхний алхам хийгдэж байсан цаг. 2000-д оны дунд хүртэл Үндсэн хууль ба Иргэний хуульд баталгаажуулсан “нийтийн болон хувийн өмч ”-н талаарх ойлголтуудын утга учрын талаар бид тун бага анхаарч иржээ. Харин ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ өсөж, эрдэс баялгын салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа идэвхжиж ирсэн нь олны анхаарлыг татах болов. Үүн дээр дөрөөлөн популист хандлагатай улс төрийн хөдөлгөөнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрчид Үндсэн хуулийн 6.2-ын “…газрийн хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэсэн заалтыг ишлэн уул уурхайн томоохон төсөл дэх хувийн хэвшил ба гадаадын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэж, гадуурхах болсон учиртай. Бидний баялгийг гадны хөрөнгө оруулагчид эзэмшиж, ашиг олж байна, энэ юу болж байна хэмээн хашгирч эхэлсэн нь цаанаа ийм шалтгаантай. Үндсэн хуулиараа зах зээлийн эдийн засагт шилжиж байгаагаа тунхаглан, хувийн өмчийн эрх чөлөөг баталгаажуулсан, төр засаг нь гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө, техник технологоо уул уурхайн салбарт оруулсаныг умартаж ийн олныг турхирч эхэлсэн билээ.

Тэгвэл нийтийн, төрийн, хувийн өмчийг олон улсад юу гэж тодорхойлж байна вэ? Англи хэл дээрх хуулийн толь бичгүүдэд тодорхойлсоноор бол “Нийтийн өмч (Public property) гэж хүмүүс нийтээрээ хамтран өмчилж буй эд хөрөнгө юм. Харин хувийн өмч (private property) гэж эсрэгээр нь хувь хүн, эсвэл хувь хүний санхүүгийн сонирхлыг төлөөлүүлэхээр зохион байгуулагдсан компани гэх мэт бизнесийн нэгдлийн өмчилж буй эд хөрөнгө юм. Харин төрийн өмчлөлд (State ownership) эсвэл нийтийн өмчлөлд (public ownership), Засгийн газрын өмчлөлд (government ownership) байх, өөрөөр хэлбэл нийтэд нь төрийн өмч (state property) гэж нэрлэдэг энэ ойлголт нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх дэх хувь хүн эсвэл хамт олны бус, харин төрд олгогдсон (шилжүүлсэн ) эд хөрөнгийн эрх (property interest )-ын тухай ойлголт юм” гэжээ.

Дээр дурдсан тодорхойлолтын эхний өгүүлбэр нь өмчийн эрх зүйн ямар нэгэн субъектэд хамаарах эд хөрөнгийн тухай бол дараагийн өгүүлбэр нь өмчийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн эд хөрөнгийн шаардлагатай холбоотой тэдгээрийн субъектив эрхийн тухай ярьж байна. Ингэж ойлгож бас хэрэгжүүлж чадвал Ашигт малталын тухай хууль илүү тогтвортой элдэв маргаангүй хэрэгжих байсан юм.

Засгийн газрын дэргэдэх уул уурхайн товчоо ба Монгол Эрдэнэ компани

Зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжиж байх үед тухайн үеийн Хүнд үйлдвэрийн яамыг татан буулгаж, Засгийн газрын дэргэдэх Уул уурхайн товчоо, Улсын геологийн газар гэдэг төрийн захиргааны хоёр байгууллага шилжилтийн үеийн төрийн бодлого хариуцан ажиллаж байв.

Уул уурхайн товчооны дэргэдэх “Монгол эрдэнэ” төрийн өмчит аж ахуйн нэгж тухайн үеийн ашиглалтад байсан төрийн өмчит уул уурхайн үйлдвэрүүд болон ашиглалтад орох, ашиглалтад орж болох уул уурхайн (өнгөт төмөрлөгийн ) төслийг хариуцан ажиллаж байлаа. Тухайлбал Эрдэнэт, Монголросцветмет зэрэг хамтарсан үйлдвэрээс гадна Баян-Өлгийн Улаан овооны гянтболд, Төв аймгийн Авдрантын хар тугалга, Хэнтий аймгийн Хүжхаан, Модотын цагаан тугалга, Төв аймгийн Заамар сумын Хайлааст, Сэлэнгэ аймгийн Их даширийн алтны уурхай зэрэг үндэсний уурхай, Сэлэнгэ аймгийн Бороогийн алтны үндсэн орд, Төмөртэй, Баянгол, Төмөртолгойн төмрийн ордууд, Сүхбаатар аймгийн Төмөртэйн овоо, Дорнод аймгийн Улаан, Цавын полиметаллын ордууд, Дорноговь аймгийн Цагаансуварга зэс-молибден, Баян-Өлгийн Асгатын мөнгөний ордын ашиглалт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлого зэрэг асуудлыг зах зээлийн эдийн засагт шилжих үед хариуцан ажиллаж байсан юм.

ДУРСАМЖ:

1990 онд Монгол улс ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийг сонгож байх үед би Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд Хүнд үйлдвэрийн яамны (тэр үеийн нэрээр) шийдвэрээр Япон улсад Жайка (JICA)-ийн шугамаар мэргэжил дээшлүүлэх сайхан боломж тохиож билээ. Бүтэн жилийн дараа Монголдоо эргээд ирэхэд Эрдэнэт үйлдвэр намайг ажлаас халчихсан, хуучин яам ч байхгүй болчихсон байдаг юм байна. Эрдэнэт үйлдвэр надад Улаанбаатар дахь өөрийн төлөөлөгчийн газарт ажиллах санал тавьж байна. Нэгэнт л Улаанбаатарт шилжиж ирэхээс хойш хуучин яамны ор залгасан газар ажилд орох бодол төрж сураглавал Засгийн газрын дэргэдэх Уул уурхайн товчоо гэдэг нэртэй манай салбарыг хариуцсан яамны статустай байгууллага буй болсоныг олж мэдэв.
Тэгээд Уул уурхайн товчоо/УУТ/-ны даргатай очиж уулзвал ажилд авахаар болов. Ингээд 1991 оны 8 сараас эхлэн уг товчоонд ахлах мэргэжилтэнээр ажиллаж эхлэв.

Шилжилтийн үеийн уул уурхайн үйлдвэрүүд

Монгол Улс зах зээлд шилжиж байхад Монголын уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдений баяжмал, Монголросцветмет нэгдэл, Монголчехословак үйлдвэрийн харъяа жоншны уурхайнуудын бүхэллэг жонш (зэргийн жонш ч гэж ярьдаг ) болон Бор өндөрийн баяжуулах үйлдвэрийн жоншны флотацийн баяжмал эзэлж байв. Зэсийн баяжмалыг ЗХУ-н Уралын нуруу хавийн зэс хайлах үйлдвэрүүдэд шилжих рублээр тооцож, алдагдалтай үнээр нийлүүлж байсан ба бүхэллэг жоншийг одоогийн Орос, Украины нутагт орших гангийн үйлдвэрүүдэд, жоншны баяжмалыг Оросын нутаг дахь химийн үйлдвэрт нийлүүлж байсан юм. Бага зэргийн бүхэллэг жонш, цагаан тугалга, хар тугалга, гянтболдын баяжмалыг ЗХУ болон ЭЗХТЗ-н орнуудад нийлүүлж байсан байх. Харин Багануур, Шивээ овоо, Шарын голын зэрэг нүүрсний уурхайнууд зөвхөн дотоодын зах зээлд төвийн болон орон нутгийн дулааны цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлж байлаа.

Ямар ч гэсэн энэ үед зэс, жонш, нүүрс олборлолт тоон үзүүлэлтээр хамгийн дээд түвшинд хүрээд байсан билээ.

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр уул уурхайн үйлдвэрүүдийн хувьд шинэ нөхцөл байдалд зохицож ажиллах асуудал тулгарав. Үйлдвэрүүд өөр өөрсдийн боломж, бололцоогоо ашиглан ажиллаж эхлэв. Цагаан тугалга, хар тугалга, гянтболдын болон орон нутгийн жижиг уурхайнуудыг хувьчлав. Нүүрсний уурхайнуудад Дэлхийн банк болон донор орнуудын тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлж дэмжлэг үзүүлэв. Монголросцветмет Орос, Украйнд бүтээгдэхүүнээ
үргэлжлүүлэн нийлүүлж бартерийн худалдааны төлбөрөөр өөрөө өөрийгөө болгоод байв. Харин Эрдэнэт үйлдвэр Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийн зүтгэл, чармайлт, хөдөлмөрийн хүчээр зэсийн баяжмалыг Лондонгийн металлын бирж дээр зарлагддаг “А” зэрэглэлийн зэсийн үнийн баримжаагаар экспортлон үйлдвэрийг зах зээлийн нөхцөлд зохицуулж чадсанаар барахгүй, экспортын валютын орлого олдог болсон нь тухайн үед улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Монгол улс нийгэм, эдийн засгийн энэ өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлэхэд АНУ, Япон зэрэг улсууд манлайлан дэмжиж, хандивлагч орнуудын уулзалт зөвөлгөөн зохион байгуулж, хандив, тусламжийн гараа сунган олон төсөл хэрэгжүүлсэн билээ.

Дэлхийн банкны Техник туслалцааны төсөл ба уул уурхай

Тэдгээрийн хамгийн анхны төсөл нь Дэлхийн банкны Вашингтон дахь оффисоос (Монголд хараахан оффис нээгээгүй байсан) хэрэгжүүлсэн Техник туслалцааны төсөл байсан бөгөөд манай улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, газар тариалан, тээвэр, эрчим хүч зэрэг секторыг хамарсан том төсөл байсан юм. Төслийг Дэлхийн банк 1991 оны 12 дугаар сард баталж, 1997 оныг дуустал хэрэгжүүлсэн ба тайланг 1998 оны 6 дугаар сард хийж дуусгасан байна. Төсөл эхлэхэд багийн ахлагч нь Хонгжоо Хан нэртэй солонгос гаралтай Дэлхийн банкинд ажиллаж байсан хүн байсан санагдаж байна.

Энэ төслийн нэг чухал бүрдэл хэсэг нь геологи, уул уурхайн салбар байсан бөгөөд энэ хэсгийн судалгааны багийг Дэлхийн банкны ахлах зөвлөх Крис Вордейл ахалж, багийн 4 зөвлөх мэргэжилтэн Монголд хагас жил орчим хугацаанд судалгаа хийж 4 тайланг зөвлөмжийн хамт боловсруулж Монголын Засгийн газарт хүлээлгэн өгч байв. Энэ багийн зөвлөхүүдтэй бүгдтэй нь тодорхой хугацаанд ямар нэг хэмжээгээр ажиллах тийм хувь тохиол надад тохиосон билээ.

ДУРСАМЖ:

Уул уурхайн товчоог эдгээр зөвлөхүүдтэй холбож ажиллахыг товчооны дарга надад даалгасан тул тэдгээрийг Монголын нөхцөл байдалтай танилцуулах, үйлдвэр аж ахуйн газруудаар хамт дагалдаж явах, албаны хүмүүстэй уулзахад нь хамт явж орчуулга хийх үүрэгтэй байв. Зөвлөхүүд Уул уурхайн товчоо болон Монгол Эрдэнэ компаний удирдлагатай уулзахад Монгол Эрдэнэ компанийн дэд ерөнхийлөгч байсан Д.Жаргалсайхан өөрөө орчуулчихдаг, сүүлд манай товчоонд Хонолу-д нэг жил мэргэжил дээшлүүлээд ирсэн Д.Сарангуа гэдэг англи, орос хэл чадамгай эзэмшсэн бүсгүй бүх орчуулгыг хийдэг байж билээ.

Нэгэнт Дэлхийн банкний зөвлөхүүдтэй бүгдтэй нь ажилладаг байсан тул хэн нь ямар чиглэлийн судалгаа хийж тайлан бичсэнийг би ерөнхийд нь гадарлах юм.

Нэг дэх тайланг нэлээд олон оронд ажилласан туршлагатай Пол Айман гэдэг хүн Монгол улс ер нь хэр зэргийн геологийн потенциалтай, өөрөөр хэлбэл ирээдүйд ашигт малтмалын орд нээгдэх боломж хэр их байна вэ гэдгийг судалж тайлан бичсэн түүхтэй. Энэ тайлангаар Монгол улсын хувьд газар нутгийнхаа хэмжээтэй харьцуулахад геологийн судалгаа, хайгуул бага хийгдсэн боловч тухайн үеийн судлагдсан байдал болон газар нутгийн хэмжээг харгалзан үзвэл геологийн потенциал сайтай гэсэн гол дүгнэлт хийсэн билээ.

Хоёр дахь дахь тайланг Монголросцветмет, Эрдэнэт , Шарын гол, Шивээ овоо зэрэг манай улсын томоохон уул уурхайн үйлдвэрүүд зах зээлийн нөхцөлд хэр зэрэг зохицож ажиллаж чадахаар байна вэ, ялангуяа, гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж, өрсөлдөх чадвар, техник, технологийн дэвшилтэт байдал зэрэг асуудлыг судлаад бас нэг тайлан бичсэнийг санаж байна. Энэ тайланг Терри гэж зөвлөх (овгийг нь санахгүй байна) бичсэн юм. Гол дүгнэлт нь ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдээс зах зээлийн нөхцөлд зохицож ажиллаж чадаж байгаа нь (гол нь дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа) Эрдэнэт үйлдвэр юм байна, түүнчлэн техник, технологийн хувьд ч сайн үйлдвэр, харин Монголросцветмет үйлдвэр зөвхөн Орос, Украйны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг, бүтээгдэхүүний борлуулалтыг бартерын худалдаагаар хийдэг учир эдийн засгийн үр ашиг сайнгүй, өрсөлдөх чадвар тааруу, нүүрсний уурхайнууд нь зөвхөн дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, нүүрсний үнийг улсаас тогтоодог, техник, технологи нь хуучирсан учир мөн л өрсөлдөх чадвар муутай гэж дүгнэсэн байдаг.

Гурав дахь тайланг Джек Гарнет гэдэг зөвлөх салбарын төрийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг судлаж тайлан бичсэн юм. Тайлангийн гол утга нь салбарын удирдлагын тогтолцоог бодлогын яам, бодлого хэрэгжүүлэгч болон тохируулогч агентлагийн бүтэцтэй байх зөвлөмж өгч, дээрх байгууллаггуудын үйл ажиллагааны ерөнхий чиг үүргийг тодорхойлж өгсөн нь бий.

Пол Фортин гэдэг хуульч зөвлөх Монгол улсад геологи, уул уурхайн хайгуул олборлолтын харилцааг зохицуулах эрх зүйн орчныг судалж үзээд 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай хуулиар энэ харилцааг зах зээлийн эдийн засгийн үед зохицуулах боломжгүй гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг англи хэл дээр боловсруулж өгсөн байдаг.

Дээр дурдсан тайлан, бичиг баримтууд нь бүгд зөвлөмжийн шинж чанартай байсан бөгөөд зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэх эсэх нь Монголын Засгийн газрын эрх мэдлийн асуудал байлаа.

Тэр үед Засгийн газрын байгууллагуудын ажилтанууд Дэлхийн банкны зөвлөмжийг хэрэгжүүлэхийн төлөө боломжийнхээ хирээр ажиллаж байсан ба бодлогын том өөрчлөлт хийх хүсэл, тэмүүлэлээс өөр ашиг сонирхолгүй байсных биз дээ, чин сэтгэлээсээ л ажиллаж байцгаасан даа. Дэлхийн банкны төсөл 1997 оныг дуустал үргэлжилсэн бөгөөд дээр өгүүлсэнчлэн Дэлхийн банк төслийн хэрэгжилтийн тайланг 1998 онд бичсэн байдаг юм.

Улмаар Шинэ Үндсэн хуулийн дагуу чөлөөт сонгуулиар байгуулагдсан 76 гишүүнтэй Улсын их хурал байгуулагдав. Сонгуульд дийлэнхи олонхын саналаар ялсан МАХН Засгийн газраа байгуулав.

Тухайн үед өрнөсөн гол үйл явдал:

  • Засгийн газар “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
  • Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдав.
  • Анхны Ашигт малтмалын тухай хууль батлагдав.
  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль батлагдав
  • Анхны хувийн хөрөнгө оруулалттай үндэсний компаниуд байгуулагдав.
  • Канад, Австралийн хайгуулын жижиг компаниуд орж ирэв
  • Алт олборлогчдын улсын анхдугаар зөвөлгөөнийг МУУҮА зохион байгуулав.

1992-1996

Энэ үед инфляц 325 хувь хүрсэн хямралаас хоёр жилийн дотор гарч, картын системийг халсан юм.
1992 оны сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд геологи-уул уурхайн бодлогын асуудлыг 1992-1994 онуудад Эрдэс баялгийн яам, 1994-1996 онуудад Түлш эрчим хүч, геологи уул уурхайн яам хариуцаж байв. Яам нь Геологийн, мөн Уул уурхайн газартай байсан ба уул уурхайн газрын үндсэн бүрэлдэхүүн нь бараг өөрчлөгдөөгүй тул бодлогын залгамж чанар огт алдагдаагүй юм. Засгийн газар нийт 1З яамтайгаар үйл ажиллагаа явуулж байлаа.

Энэ хугацаанд алт хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний алтны уурхайнуудыг дэмжин хөгжүүлж, валютын орлого нэмэгдүүлж эхэлсэнээс гадна, геологи хайгуул, уул уурхайн олборлолтод гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн Ашигт малтмалын тухай анхны хууль батлуулж, хэрэгжүүлсэнээр зах зээлийн эдийн засагт шилжих бодлогын суурийг тавьж чаджээ.

ДУРСАМЖ:

Миний бие 1991-1992 онд Уул уурхайн товчоо, 1992-1994 онд дээр дурдсан яамдын Уул уурхайн газарт ажиллаж байв. Энэ үед миний хариуцаж байсан гол ажлын нэг нь Ашигт малтмалын тухай шинэ хууль боловсруулж, батлуулах ажил байсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл эрдэс баялгийн талаарх төрийн бодлого, түүний дотор ашигт малтмалын тухай хуулиас ажил төрлийн хувьд холдоогүй гэж хэлж болно. Уул уурхайн салбарт ажилласан нийт 40 гаруй жилийн бараг 30 жилд нь энэ хуультай ямар нэгэн байдлаар холбоотой явж иржээ.

Ашигт малтмалын тухай анхны хууль батлагдсанаас хойш энэ хууль хоёр удаа шинэчлэгдэн батлагдав. Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд томоохон нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд түүнээс хойш нэмэлт, өөрчлөлтүүд өнөөг хүртэл орсоор байна. Хууль хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл, бэрхшээлийг шийдэхийн тулд нэмэлт өөрчлөлт оруулдаг гэж ойлгож болох боловч, зарим тохиодолд урьдахь хуулиа үгүйсгэж, улс төрийн санаа сэдлээр, зарим үед популист үзэл санааны дор бас өөрчлөгдөж ирсэн. Энэ ажилд тун цөөн мэргэжлийн хуульчид оролцдог байв. Ялангуяа үндэсний мэргэжлийн хуульчдын зүгээс онолын тайлбар, урьдах хуулийн хэрэгжилтэнд хийсэн судалгаа, түүнээс олж авсан сургамж, мэдлэгийн аль нь ч хүчтэй сонсогдоггүй байлаа. Тийм учраас би 53 насандаа МУИС-ийн Хууль зүйн сургуульд, эрх зүйчдийг бэлтгэдэг гал тогоон дотор нь орж суралцаж үзэхээр шийдвэрлэж, улмаар ХЗС-ийн эчнээ ангид 2009-2012 онд суралцаж бакалаврын боловсролтой эрх зүйч болсон юм.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img