2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз: Зорчигчдоосоо олон цэрэг хөлхсөн Исламабадын нисэх буудал

Манай нийтлэлч Д.Аззаяагийн “Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз” тэмдэглэл уншигч танд цувралаар хүрэх гэж байна. Бидний огт мэдэхгүй, соёл шашин тэс өөр, алс холын Пакистаныг гаднаас нь биш дотроос нь өнгийж бичсэн түүний нийтлэл шинэ мэдрэмж , ховор содон мэдээллээр дүүрэн болжээ.

Ямар нэртэй гудамж байлаа даа, огт санадаггүй. Бүр таг мартаж орхиж. 2006 оны сүүлийг эргэн дурсаж суугаа болохоор тэр бүгдийг яаж санах билээ гэж өөрийгөө зөвтгөж орхиё. Их сонин гудамж байсан… Жирийн дэлгүүрт байдаг шиг бараанууд энд огт байхгүй. Исламчууд, лалын шашинтнуудад зориулсан болоод тэр. Мөргөлийн олбог, түмэн өнгийн авсаархан хивсэнцэр, ногоон хавтастай алтан үсэгт коран судрууд, залбирлын өмнөх угаалгын ваар сав, цэцэг навч, охид хүүхнүүдийн уужуу өргөн, саа шигтгээтэй хувцас бидний нэрлэдгээр тоорцог эднийхээр куфи малгай, эрээн мяраан алчуур, элдэв янзын шаахай гутал гэх мэт содон, түмэн бараанд нүд төөрнө. Хаанаас нь ч эхэлж сонирхохоо мэдэхээ байж билээ. Сингапур дахь лалын шашинтнуудын худалдааны том төв яахын аргагүй мөн бололтой.

ислам

Буурал ягаан сахалтай, навчин тамхи шиг хүрэн бор, хатингир жаахан малайз өвгөн харин туршлагатай худалдагч аж. Таазаа тултал давхарлан хураасан олон зуун барааныхаа өмнө нуруугаа үүрэн зогсч байгаад үе болгон нь товойсон ясархаг хурууныхаа өндгөөр хөзөр имрэн үзэх мэт гялгар ууттай даашинзуудыг сурмаг аргагүй хурдан хурдан гүйлгэж үзнэ. Тэгж байснаа эргэж нэг сүрхий харах нь надад таарах хэмжээг нүдээрээ барагцаалан баримжаалж буй бололтой. Тэгснээ амандаа юуг ч юм бувтнан өнгө сонгох гэж бодолхийлэн толгойгоо бага зэрэг хазайлгана.

Өвгөн интоорын өнгөт улаан хүрэн даашинзыг суга татан гаргаж ирээд “бажи курунг, бажи курунг” гэж давтан хэлж өөдөөс сарвайн өмсөөд үз гэж буй бололтой жижиг өрөөний зүг толгойгоо донжтойхон сэжлээд инээмсэглэлээ. Би ч толгой дохиж өнөө заасан өрөөнд ортол умгар давчуухан гэж жигтэйхэн аж. Нисэх онгоцонд баймаар аварга цагаан сэнс данхалзан, хөлийн шилбэнээс салхи шуугитал эргэнэ. Хөлс сэврээд сэрүүн таатай мэдрэмж төрүүлэх авч үс гэзэг сэгсийлгэн хийсгэх нь төвөгтэй.

burkaБажи курунг гэх хоёр талтай урт оноотой даашинзны хормой шувууны далавч адил дэвэхэд нүүр ам бүтээж, өргөн дэлхгэр шарваар өмд салхинд алгадуулан ус цохин хурдлах дарвуулт онгоц мэт сүр сархийсэн чимээ гаргана. Хам хум углаж үзэхэд таарч байна. Өрөөнөөс гарахын түүс болж таварцагласааар гартал нямбайлан давхарласан тэвэр дүүрэн хувцастай хоёр хүүхэн нутгийнхээ хэлээр намуухан ярьж, намбатайхан аргагүй зөрөн өнөө өрөөнд оров.

Долоо хоногтоо хоёрхон удаа Пакистан руу нислэгтэй учир хүмүүс хоцрохгүйг хичээн эртлэн ирцгээжээ. Би ариун цэврийн өрөөнд орж лалын хүүхнүүдийн өмсдөг даашинзаа гаргаж өмсөөд бусдаас ялгарахгүй болсондоо сэтгэл амрав. Хаа газрын онгоцны үйлчлэгчид голдуу бүсгүйчүүд. Гэхдээ бүр шилж сонгосон гэмээр нуруу туруу, зүс царай, нас нь хүртэл жигд байдагт би аль хэдийнэ дасаж орхиж. Пакистан онгоцны үйлчлэгчид харин сахалтай эрчүүд. Ер түүртсэн шинжгүй тээшийг гараас авч өргөж тавьж өрж хураагаад л шалмаг гэж жигтэйхэн юм. Сахалтай эрчүүдийн шалмаг үйлчилгээг сонирхож харсан шигээ суух зуур тэнгэрийн замд гарахад бэлэн болжээ.

Исламабадын нисэх буудал онгож гандсан мэт зэгэл ногоон хувцастай армийнхан, хар хөх цэрэг хувцастай цагдаа нараар дүүрчээ. Бараг зорчигдоосоо олон мэт цагдаа цэргийнхэн бараг зорчигчдоосоо онгоцны буудал дээр ийн багшралдах нь жигтэй сонин үзэгдэнэ. Буу үүрч, урт цагаан хулсан саваа атгачихсан нааш цааш холхих нь сүрдэм гэж. Ямар нэгэн үймээн самуун дэгдэх аваас буудахыг нь буудаж, арьс махыг нь тасартал гуядан саваадаж нам дарчих шинжтэй.

burka

Хот орох замын дагуу 100 метр тутамд л буутай цэрэг зогсоно. Ийм юмыг харсан хүн гэдэг амьтан юу эсийг бодохов. Тувт таагүй бодлыг хөврүүлэн эргэлдүүлж, тааварлах аргагүй өдрүүдийн төлөө битүүхэндээ сэтгэл зовнино.

Исламабадыг жараад оны дундуур нийслэлээ болгохоор Карачи хотоос нүүлгэн шилжүүлэхдээ их олон талаас нь харьцуулан судалж сонгосон гэдэг. Хамгийн эхэнд газар зүйн хувьд зөв байрлалтай байгаа эсэхийг харж. За тэгээд таатай цаг агаар, хөрш зэргэлдээ хот суурин зэрэг олон хүчин зүйлийг тооцоолжээ. Хүн ам шигүү, ачааллаа дийлэхгүй нүсэр том Азийн нийслэл хотуудаас сургамж санаа авч, хүн сийрэг байлгахаар зохион байгуулж чаджээ.

Гацаа түгжрэл гайгүй давхисаар захисан буудалдаа иртэл хаалгач гэх хачин өндөр эр угтав. Ирсэн зочдыг угтаж зургаа татуулж, буцах улсыг үдэж мөн л зургаа авахуулсан тайван чөлөөгүй хүн. Ийн наашаа цаашаа харайж хамаг бүхнээ амжуулахдаа сэтгэл нь тун хангалуун бололтой, нүүр дүүрэн инээмсэглэл цацруулах нь саяхан л түмэн таагүй бодолд ээрэгдэж суусан сэтгэлд гэгээ татуулав. Надтай зургаа авахуулж болно гэж найрсаг хэлэх нь цаанаа нэг дадамгай. Зураг дарахдаа ч сүрхий сурамгай эр юм.

Хаалгач эр ёстой л зуны дэлбээлж буй мандарваа цэцэг гэмээр өнгөлөг час улаан цамцтай. Хувцасных нь товч тодоос тод алтан шар. Халхгар шарваар өмд нь цасан цагаан. Шаахай нь хүртэл нүүрээ тольдчихмоор гялгар. Хар лакан гялгар шаахай, алтан товчтой мандарваа цэцгийн өнгөт цамц, цасан цагаан шарваартай мөнөөх эх хоёр метр гаруй өндөр байж өндөөр турбан малгайг дэгжин нь аргагүй тавьжээ. Нимгэн хоргой торгоор хэдэн ч удаа давхарлаж ороосон юм бүү мэд, турбаныхаа төгсгөлийн үзүүрийг дэвүүр шиг нугалж, орой дээрээ босгосон нь өндөр хүнийг улам сүрлэг болгоотхож.

Аливаа улс орноор хэд хоног аялж өнгөцхөн хараад өнгөрөх нэг хэрэг. Харин нутгийн олонтой холилдон дунд нь ороод он жилээр удаан амьдрах гэдэг огт өөр.

Пакистаны өдөр тутмын амьдрал үнэхээр сонин. Хачирхалтай явдлууд барагдана гэж үгүй. Яг л эцэс төгсгөлгүй адал явдалт олон ангит кино мэт. Хаашаа л харна тэнд эрэгтэйчүүд хог цэвэрлэж хоол хийнэ. Худалдаа эрхэлж мод цэцэг арчилж байгаа нь ч эрчүүд. Эрчүүд хивс нэхэж, оёдол хатгамал урлана, угааж арчина. Ер тогоо шанаганы бүх ажил дээр эрчүүд бужигнана. Жинхэнэ эрчүүдийн ертөнц гэмээр орчин. Эндэхийн муж хотууд, нутаг нуга болгоно хоорондоо маш ялгаатай.

Жишээ нь Исламабад, Карачи, Лахор гэх мэт том хотуудад эмэгтэйчүүд сургууль, албан газруудад ажиллаж машин тэргээ барина. Тэгэхэд нийслэлээс гучин минутын зайтай Равалпиндид огт өөр амьдрал угтана. Гудамж талбайд эмэгтэй хүн тун цөөн үзэгдэнэ. Алчуураар толгойгоо заавал ороож бооно. Эсвэл хоёр нүднээсээ бусдыг халхалсан хар өнгийн хижаб өмсөнө. Зарим нь бүр нүүр байтугай нүдээ ч гаргахгүй. Битүү халхалсан бурка өмсөх аж.

Орсон дэлгүүр болгонд байх афган эмэгчтэйчүүдийн өмсдөг буркаг углаж үзэхэд толгойноос эхлээд хөлийн шагай хүртэл битүү халхлагдаж самбай нимгэн даавуу нүд нүүрийг таглах тул юмс бүрэг бараг харагдах юм билээ. Хамгийн зовлонтой нь хажуу талаа харах ямар ч боломжгүй. Тиймээс ч бурка өмссөн афган эмэгтэйчүүд замаар гарахдаа автомашины осолд их ордог аж. Хуучин мотоцикльдоо яаж багтав аа гэж гайхмаар, эхнэр дөрвөн хүүхдээ бөндийтөл чихэж суулгасан эр хурдны замаар том том машинуудтай зэрэгцэн сүлжиж, бүр ана мана ач тач уралдаж гүйцэж түрүүлэхээр улангасан давхихыг харсан ямар ч хүний зүрхний цохилт хурдасна.

poor children

“Бандар бандар” хэмээн хүүхдүүд хашгиралдахад хүзүүндээ нарийнхан гялгар гинжтэй, улаан хүрэн хамба хилэн цамц, богино өмдтэй бяцхан сармагчин цовхчиж сүйд хийж өгч байна. Сургуультай сармагчин эзнээ тойрон гүйж, элдэв шидийг үзүүлэн харайж үсчин түмэн ааш мянган аяг гарган бужигнуулж хүмүүсийг баясган мөнгө гуйна. Найз маань хажуугаас “Цүнх халаасаа мэдээрэй, чиний инээж баясах ч яахав. Ээмгээ алдаж түрийвчээ туулгав. Наад Бандар чинь мэргэшсэн хулгайч шүү” гэж чихэнд анхааруулан шивнэнэ.

burka

Хотын захын зам дагуу тахир дутуу, өвдөж зовсон хүүхэд, эмэгтэйчүүд гуйлга гуйхдаа алгаа дэлгэн тосохгүй, хэрзийсэн нарийнхан хуруунуудаа нийлүүлж ам руугаа заана. Юм идмээр байна гэсэн үг. Өлсч харангадсан тэдэнд юм идэх хүсэл ямар их байгаа нь андашгүй. Ядуугийн зовлон, өлсөхийн шаналанд автсан тэдний харц сэтгэл зүсч өр өвтгөм. Тэдний төрх бодолд өнөө ч тод харагддаг. Сэтгэл ховсдох мэт үе үе санаанд орох нь хачин эвгүй, бас ихэд гунигтай.

Үргэлжлэл бий.

“Чимээгүй салхи” номноос авав.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img