2024-07-20, Бямба
28 C
Ulaanbaatar

Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз: Эмэгтэй хүнтэй харгис харьцдаг “патаан пастун” овгийн чанга эр

Манай нийтлэлч Д.Аззаяагийн “Баяртай, Маргалла-Могойн толгодын цайз” тэмдэглэл уншигч танд цувралаар хүрч байна. Бидний огт мэдэхгүй, соёл шашин тэс өөр, алс холын Пакистаныг гаднаас нь биш дотроос нь өнгийж бичсэн түүний нийтлэл шинэ мэдрэмж , ховор содон мэдээллээр дүүрэн болжээ.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Буддын шашин болон христийн шашинтнууд шиг хоймроо голлуулан бурхадын хөрөг баримал огт залдаггүй аж. Харин геометрийн гоёмсог дүрс хэлбэртэй хээгээр чимэглэсэн хэсэгхэн хана, өөрсдийнхөө уран бичгээр чимэглэжээ. Тэр зүгт хараад энэ агуу том танхимд 10000 мянганхүн нэгэн зэрэг мөргөж залбирна гээд зүгээр төсөөлөхөд л гайхмаар ч сүрдмээр.

Үүдээр шагайж ийн элдвийг бодон харж байтал мөрөн дээрээс хэн нэгэн зөөлөн татлаа. Эргэн харвал хэсэг хүүхнүүд, цаахан талд нь хэдэн залуус инээмсэглэн зогсож байх юм. Өнөөх хүүхнүүд толгойгоо хоёр тийш нь бөнжигнүүлээд л хуруу гараараа над руу зааж урдү хэлээрээ дуржигнуулан байн байн инээлдэхэд нь, за би л зан үйлд нь харш буруу юм хийсэн бололтой хэмээн бодов. Юу хэлээд байгааг таах санаатай байдгаараа хичээх авч, яаж барахав дээ, үрдү хэлээр тавхан үг мэдэх амьтан чинь. Дэмий л толгойгоо сэгсрэхэд, тэд яг шувуу адил ахиад шулганаж гарав.

Азаар ойрхон зогсож байсан залуу ашгүй орчуулаваа. Энэ улс тосгоноос ирсэн гэнэ, намайг хаанаас ирсэн, лалын шашинтай юу, миний өмссөн хувцасны торго зузаан байна, пакистаны камийз өмс, нимгэн хөнгөн биед эвтэйхэн, хатгамал чимэглэлээр дагуулахгүй дэгжин гоё гэнэ. Хамгийн хачирхалтай нь хүүхнүүд бүгд нэгэн зэрэг уралдан ярих хэрнээ өрөөл бусдынхаа яриаг маш сайн сонсож чаддаг юм билээ. Нээрээ л эдгээр хүүхнүүд тун ганган, мөрөндөө тохсон хатгалмалтай урт алчуураа зааж, “дупатта” гэж хэлээд надтай хамт зураг авахуулахаар болов.

Хөлийн улнаас халуу төөнөж хорсох гэж тэсэхийн аргагүй, хамаг биений хөлс цутган ядаж байхад, нүүрэмгий бор хүүхэн миний нарны хар шилийг гуйж зүүгээд зургаа авахуултал өнөө хэд нь ээлжлэн зүүж зургаа даруулж гарлаа. Ашгүй нөхөр маань ирж, хэцүүдсэн намайг шуугиж шаагьсан хүүхнүүдээс салгаж, би шаахайгаа өмсөөд жигтэйхэн сайхан болоод авсан юм.

Лалын шашинт энэ улсын дийлэнх нь сунни бүлэг, шиа урсгалтай хазарууд бас багтах бөгөөд шиа бүлгийхэн хүн амын 10-15 хувийг эзлэх юм билээ. Шиа бүлгийнхэн “матам” хэмээх гашуудлын ёслол хийх үед мөргөлдөөн үймээн самуун гарахаас болгоомжлон хяналт тогтооно. Гадны бидэнд анхааруулга сануулга байнга ирж, зарим гудамж талбайгаар явахыг зөвшөөрөхгүй байдаг. “Матам” ёслол хийхдээ таван ширхэг өргөн хавтгай, ээтгэр оготор хутгатай төстөй мэсийг ширхэг ширхгээр нь урт гинжинд оосорлоод, өөрийнхөө нуруу биеэ гуядан шавхуурдаж хамаг цус нөжөө урсгана. Зарим нь хутга мэсээр өөрийнхөө цээж, толгойгоо зүсэж цусаа дуслуулан гашуудах нь их аймаар. Юуны учир сунни, шиа хэмээн салж, өөр хоорондоо таарахгүй өнөөг хүртэл цусаа асгаруулан хоорондоо үзэлцэх тэмцлийн эхэлсэн түүх нь тэнгэрт хальсан зөнч Мухаммедыг хэн залгамжлах вэ гэдгээс үүдэлтэй юмсанж.

Бурханы элч Мухаммед 632 онд таалал болохдоо залгамжлагчаараа дотныхоо нөхөр Абу Бакрыг сонгожээ. Шашнаас холуур байсан худалдаачин Абу Бакр мөн л өөрийнхөө залгамжлагчаа сонгож, цаашаа үргэлжилсээр сунни урсгал болон салжээ. Бурханы элч Мухаммедын жинхэнэ цусан төрөл, залгамжлах ёстой үр сад болох шиа урсгалын тэргүүн ач хүү Имам Хуссуйн 680 оны 10 сарын 10-нд, 54 насандаа одоогийн Иракийн Карбала хотын нутаг дэвсгэрт тулалдаж байхдаа амиа алдсанд эмгэнэн гашуудаж, түүнээс хойш “матам” ёслол хийдэг болсон юмсанж.

ПакистанХарин хотын захаар христын шашинтнуудын амьдрах хэсэгхэн газар бусдаас илт ялгаатай. Тусгаарлан салгасан энэ хороолол харваас ядуу зүдрүү амьдрал нь нүдэн дээр харагдана. Бөөгнөрч шаваад, будаг шавар нь халцарч унасан, нурсан хана туурга, бороо усанд өнгөө гээж загал татсан халтар байрууд, шороо тоос хог новшин дундуур хүүхдүүд хөл нүцгэн туучин гүйлдэж, өдрийг хагас өлсгөлөн өнгөрөөнө. Оромжуудын зарим нь тааран цонх хаалгатай, хаа нэгэнтээ олдсон зайнд урц маягийн шовгор оромж босгож толгой хоргодон амиа зогооно. 2005 онд болсон аймшигт газар хөдлөлтийн ул мөр байнга л таарна, барилга байшингийн тавин хувь нуран сүйрч, 80-87 мянган хүний амь үрэгдсэн гэхэд, өөр тооцоогоор амиа алдсан хүний тоо 100 мянгаас хол давсан гэнэ.

Дөрвөн сая хүн орон гэргүй болж нүүлгэн шилжүүлэх, байр савтай болгох нүсэр их ажил хийгдсээр байлаа. Гэрээсээ гарч амжилгүй нуралтанд дарагдаж, амиа алдсан швед охины дурсгалд зориулан босгосон жаахан хөшөөний нээлтэнд, эхнэр хүүхдүүдээ бүгдийг алдаж орь ганцаар хоцорсон нэгэн швед залуу ирж билээ. Охиных нь ангийн хүүхдүүд эгнэн зогсоод түүнд зориулан дуулахад, шил шиг цэнхэр нүдээрээ хүүхдүүдийг гунигтай ширтэн, хэнгэтэл санаа алдах нь хажуугийн бидэнд тод сонсогдож билээ. Өдөр тутам донслох бужигнасан амьдралыг даана гэдэг хүнээс сэтгэлийн ихээхэн хүч чадал шаардана. Зурагтаар орон нутгийн суваг үзэх, сонин хэвлэл унших, хүмүүстэй уулзаж ярих, нүдэн дээр болж буй бүхий л үйл явдлууд хамаг сэтгэл санааг донслуулан үймүүлж орхино.

Амралтаа авсан Миэгүл баяртай аргагүй нутгийн зүг явж, түр орлох хүн нь гээд бавгар сахалтай, нүсэр том биетэй эр манайд ирлээ. Дүрэмт хувцсандаа багтаж ядах эр надтай үл харьцах бөгөөд, намайг хармагц жишүү харж нүд буруулан холдоно их төвөгтөй. Намайг огт хүн гэж харахгүй дорд үзэж байгаа юм уу, аль эсвэл харж ярьж болохгүй хориотой амьтан гэж боддог юм уу, хажуугаар зөрөхдөө бараг л нүдээ аньж маань мэгзэм унших нь холгүй сүйд болно. Тийм хэрнээ нөхөр хоёр хүүд минь сүйд, инээж хошигнож мар мар хийж байснаа намайг хармагц өнөөх инээд ханиад нь ул мөргүй арилна, би ч нэг их тоосон ч үгүй. Шинэ он гарах орой, Музаффарабадад байдаг найз маань утасдаж, би ирчихсэн, танай яг хажуугийн зоогийн газар, оройн хоолонд урьж байна гэв.

Би ч бөөн баяр, хоёр хүүгийнхээ хоол ундыг гялалзуулан бэлдэж өгч, томилолтоор яваа нөхөр лүүгээ утас цохиж сониноо хөөрч аваад, хувцсаа сольж өмсөөд гарах гэтэл өнөөх үлэмж биет намайг гаргадаггүй ээ, хашааны хаалга халхлаж зогсов.

-Нөхрийгөө байхгүй хойгуур, орой үдшийн цагаар чи юу хийх гэж гарч байгаа чинь энэ вэ? гэх нь тэр. Миний нүүр өөд халуун ус цацсан мэт хамаг арьс чимчигнэх хэдий ч биеэ барив.

-Монгол найз хүүхэн маань Музаффарабаас иржээ. Энэ хажуугийн хоолны газар, бид хоёр шинэ оныг хамт угтах юм гээд учирлан хэлтэл хөдөлсөнгүй хар хад адил дүнсийв.

Би юм дуугаралгүй, шууд хажуугаар дайрч гараад хашааны хаалгаа хамаг хүчээрээ түлхэн гарлаа. Уурлан цочирдож, гайхаж хөших адил хөдлөхгүй зогсох нүсэр эр, нүдний үзүүрт бүүр түүрхэн харагдсаар хоцров. Үүнээс хойш, би ч ёстой жинхэнэ нүүр буруулж, холын зайнаас дөлж явтал Миэгүл ч ирэв. Ашгүй өнөөх хүн нэг юм манайхаас ховхорч миний дотор цэлмэн уужирч жигтэйхэн сайхан болж билээ. Хожим мэдэхэд, эмэгтэй хүнтэй хамгийн хатуу чанга харгис харьцдаг, хууль дүрэм үйлчилдэггүй, засаг захиргаагүй, афганистан, туркментэй хиллэдэг алс хязгаарын бөглүү тосгоноос ирсэн “патаан, пастун” овгийн чанга эр байсан юм билээ.

Эмэгтэй хүнийг сонсох л чихтэй, хэлэх амгүй, эр хүний амнаас унасан үг бүхнийг нь дагах ёстой гэдэг, түүний өөдөөс хамгийн анх удаа зөрсөн эмэгтэй би байсан ч байж магад. Исламабад хотод урлаг үзвэр тоглолтын тусгай заал танхим, кино театр гээд онцлох юмгүй, хаа нэгтээх том барилгуудын нэгэн дотор байх магадлалтай ч кино театр орлоо, жүжиг концерт үзлээ гэсэн хүнтэй огт тараагүй.

Pakistan Caid Bookstore

Туркийн элчин сайдын яамныхан нутгийнхаа нэртэй дуучид хөгжимчдийг урин авчирч Пакистанд амьдрах гадаадынханд зориулан том тоглолтыг хаа нэг хийнэ. Харин америкийн элчин сайдын яам дээр үе үе нижгэр арга хэмжээ зохион байгуулахад бидний олон хүмүүс тасалбараа худалдан авч, бүгдээрээ журамтай гэгч зогсож, хамгаа нэгжүүлэн шалгуулж, цаасан бугуйвчаа зүүгээд л орно доо. Өнөөх хүмүүсийн дурладаг диско, рок, хип поп гээд ээлжлээд явж өгнө, ингээд л Нью-Йоркт очоод ирсэн мэт болчихдогсон. Танил найз нөхөдтөйгөө хамгийн их тааралдах газар хотын төвийн “Cаийд номын дэлгүүр”, чансаатай сайхан зохиолууд, эрэлт ихтэй шинэ номнуудыг ёстой зориуд шилж сонгон авна. Худалдагч нар нь ном зохиолоо уншаад мэдчихсэн, зааж, зөвлөж тусладаг нь үнэн талархууштай.

Үргэжлэл бий.

“Чимээгүй салхи” номноос авав.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img