2024-10-06, Ням
-6 C
Ulaanbaatar

Компаниа томруулсаар яваа төр & хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж буй компаниуд

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компани байгуулагдав

1998 онд татан буугдсан төрийн өмчит “Монгол Эрдэнэ” компанитай адилхан зорилго, чиг үүрэгтэй компани арван жилийн дараа 2007 онд “Эрдэнэс Монгол” нэртэйгээр байгуулагдав. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудад төр хувь эзэмших заалт орсонтой холбоотойгоор уул уурхайн компаниуд дахь төрийн оролцоог хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан гэж ойлгож болно.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Ашигт малтмалын анхны хууль хувьчлалын эхний шатанд, хоёрдахь хууль нь хоёрдахь шатны хувьчлалын үед батлагдсан онцлогтой байх юм. Түүх давтагддаг нь үнэн гэсэн шиг 10 гаруй жилийн дараа дахин байгуулагдсан төрийн өмчит энэ компани нь стратегийн ач холбогдолтой 15 ашигт малтмалын орд ашиглах компани ба төсөл, түүнчлэн уул уурхайтай холбоотой дэд бүтцийн төслийн төрийн хувь оролцоог хамааран хэрэгжүүлж байгаа бөгөөд охин болон хараат компануудын одоогийн болон ирээдүйн үнэлгээгээр Монголын хамгийн том уул уурхайн компани болоод байна.

“Эрдэнэс Монгол” компани байгуулагдсанаас нь хойш “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, 2016 оноос хойш “Эрдэнэс Алт”, “Эрдэнэс Силвер Ресурс” зэрэг төрийн өмчийн уул уурхайн охин компаниуд шинээр нэмэгдэн байгуулагдсаар байгаа билээ. Засгийн газар тогтоол гаргаж, түүнийг үндэслэн эдгээр компаниудад тусгай зөвшөөрөл олгодог болов. Ямар ч тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар олгох ёстой баймаар, Засгийн газар нь өөрөө хуулийг “гууль” болгов. Дээрх компаниудын хэрэгжүүлэх гэж буй зарим ашигт малтмалын ордуудын нөөцийг хүчээр нэмэгдүүлэн бүртгүүлж байгаа талаар яриа гарах болов. Үнэн бол удахгүй тэдгээр төслүүд нь дампуурахад гайхах зүйлгүй.

Би төрийн өмчийн компаниудыг үгүйсгээд байгаа юм биш, гэхдээ өнөөгийн манай нөхцөлд төрийн өмчийн компаниуудын засаглал муу (улс төрийн оролцоо ихтэй, хараат), мэргэшсэн бус, үйл ажиллагаа нь ил тод биш (ялангуяа санхүү) учир өрсөлдөх чадвар байхгүй, бизнесийн шийдвэр хурдан гаргаж чаддаггүй, үр ашиг муутай байна.

ОҮИТБС-ын олон улсын санаачлагад Монгол Улс нэгдэв

2002 онд Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейр Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор зохиогдсон “Дэлхийн Тогтвортой Хөгжлийн дээд хэмжээний уулзалт”-ын индэрээс “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ыг хэрэгжүүлэхийг олон улсад уриалсан юм. 2005 онд тухайн үеийн ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монгол улс энэ санаачлагад нэгдэхийг уриалсан юм. Монгол Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын 2005 оны 10 дугаар сарын хамтарсан хуралдаанаар Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д нэгдэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэний дагуу Засгийн газар 2006 оны 1 дүгээр сард тогтоол гаргаж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээ албан ёсоор нийтэд зарлав.

Энэ тогтоолын дагуу төр, иргэний нийгэм, компаниуд ба холбоодын төлөөллөөс бүрдсэн гурван талт Үндэсний зөвлөл ба Ажлын хэсэг байгуулагдав. Монгол Улсын Засгийн газраас 2007 онд 80 дугаар тогтоол гаргаж, Санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон Төрийн захиргааны төв, орон байгууллагуудын чиг үүргийг баталсан байна. Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгоно гэсэн энгийн дүрэмтэй.

ШИГТГЭЭ:

Шар овогтой Цолмон 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. 1984 оноос 1994 он хүртэл Гадаад худалдааны Монголэкспорт, Монголимпэкс нэгдэл, Арьсимпэкс фирмд гадаад худалдааны мэргэжилтнээр ажиллаж, Монгол Улсын экспортын төрөл бүрийн барааны гэрээ, ачилтыг хариуцаж байв. 1994-1996 онд Нефтьимпорт концерн дэд захирлын алба хашиж, газрын тосны бүтээгдэхүүний импортыг бүхэлд нь хариуцаж байлаа. 1996-2000 онд Петромон ХХК ийг үүсгэн байгуулан, бөөний худалдаа эрхэлж байсар тэрээр 2000-2001 онд Германы Детекон ХХК-аас АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Монголын харилцаа холбооны салбарыг либеральчлах төслийн орчуулагчаар ажиллаж, хууль эрх зүй, орчуулгын чиглэлээр туршлагажсан байна. 2002-2007 онд Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах төслийн менежерээр ажиллаж, гадаад хамтын ажиллагаа, төсөл чиглэлээр туршлага хуримтлуулсан болно. 2007 оноос өнөөг болтол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагчаар ажиллаж байна. Санаачилгыг Засгийн газар, Компани, Иргэний нийгмээс хамтран хэрэгжүүлэхэд өдөр тутмын зохицуулалтаар хангаж, олборлох салбарыг ил тод хариуцлагатай болгохын төлөө ажиллаж байна.

ДУРСАМЖ:

Би Ассоциацийн нэрийн өмнөөс компаниудыг төлөөлөн 2006 оноос ОҮИТБС-ын Ажлын хэсгийн гишүүнээр 2014 он хүртэл, 2014 оноос 2017 он хүртэл Үндэсний зөвлөлийн гишүүнээр тасралтгүй ажиллажээ. Ажлын хэсэг ба Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Ассоциацийн гишүүн компаниудын төлөөлөл бас ордог байсан юм. Эхний үед Ажлын хэсэг тайлангийн маягт боловсруулах, ямар татвар, төлбөрөөр тайланг гаргах, баталгаажуулалтын аудит хийх компани сонгон шалгаруулах, баталгаажуулалтын тайланг урьдчилан хэлэлцэх зэрэг асуудлаар байнга хуралдаж тодорхой шийдвэр гаргана. Компанийн ба иргэний нийгмийн төлөөлөл зарим асуудлаар санал зөрөлдөж ширүүхэн маргалдах явдал гардаг ч эцсийн дүнд зөвшилцөн асуудалаа шийдвэрлэж чаддаг байв. Цөөн биш тохиолдолд компаниудын төлөөлөл аядуу хандаж, буулт хийж байж зөвшилцөлд хүрч байв.

ШИГТГЭЭ:

2006 оны 3 дугаар сард олон талт оролцогчдын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг эмхлэн байгуулав. 2007 оны 3 дугаар сард Засгийн газрын тогтоол гаргаж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын чиг үүргийг тогтоов. Мөн оны 6 дугаар сард Ерөнхий сайдын захирамжаар ОҮИТБС-ын ажлын албыг байгуулав. 2007 оны 10 дугаар сард Монгол Улсыг ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч” орноор дэлхий нийтэд зарлав. 2008 оны 5 дугаар сард Монгол Улсын ОҮИТБС-ын анхдугаар нэгтгэл тайлан хэвлэгдэн гарав. 2009 оны 10 дугаар сард Монголын ОҮИТБС-ын 2007 оны нэгтгэлийн тайланд 38 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Монгол Малайзын Эрнст энд Янг аудит компани хийв. 2010 оны 10 дугаар сард Монгол Улс ОҮИТБС-ын “шаардлагыг бүрэн хангасан” дэлхийн 4-дэгч орноор шалгарав. 2011 оны 3 дугаар сард Парис хотноо зохиогдсон ОҮИТБС-ын Олон улсын V бага хурлын үеэр Олон Улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал гардав. 2013 оны 6 дугаар сард Сидней хотноо зохиогдсон ОҮИТБС-ын 6 дугаар бага хурлаар Олон улсад мөрдөгдөх ОҮИТБС-ын стандартыг батлав. 2016 оны 2 дугаар сард Перу улсын нийслэл Лима хотноо зохиогдсон ОҮИТБС-ын Олон улсын 6 дугаар бага хурлын үеэр ОҮИТБС-ын цахим тайлагналыг амжилттай нэвтрүүлсний төлөө Монгол улсыг Олон Улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал гардав. 2018 оны 9 дүгээр сард Засгийн газрын 289 дугаар тогтоол батлагдаж Үндэсний зөвлөлийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагчаар УУХҮЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов. 2019 оны 1 дүгээр сард ОҮИТБС-ын Ажлын албыг УУХҮЯ-ны мэдэлд шилжүүлэв.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

2006 онд хамгийн анхны тайланг 64 компани гаргасан бөгөөд тулган баталгаажуулалт хийхэд компаниудын төлсөн татвар, төлбөрийн дүн нь Засгийн газрын хүлээн авсан орлогоос 4 тэрбум төгрөгөөр илүү гарав. Ийм зөрүү хэмжээний хувьд жилээс жилд багасч ирсэн бөгөөд 2017 онд 1489 компаниийн гаргасан тайлангийн нэгтгэлийн аудитын зөрүү 236 сая төгрөг болсон нь Санаачлагын үр дүнгийн хувьд том амжилт юм. Эхний жилүүдэд компаниудаас орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад болон зарим төв байгууллагуудад өгсөн хандив орлогод бүртгэгдээгүйгээс их хэмжээний зөрүү гардаг байсан боловч сүүлийн жилүүдэд ийм зөрүү бараг гарахаа больсон билээ.

ОҮИТБС-ын Ажлын албыг олон жил Дэлхийн банк санхүүжүүлж тогтвортой ажиллуулж чадавхийг нь бэхжүүлсэн юм. Мөн нэгтгэлийн аудитын зардалыг эхний жилүүдэд санхүүжүүлж, өөрийнхөө худалдан авалтын журмын дагуу олон улсын сонгон шалгаруулалт хийдэг байсан тул гадаадын аудитийн компани шалгарч байв. Ажлын хэсэг ба Үндэсний зөвлөлөөс нэгтгэлийн аудитад үндэсний аудитын компани оролцуулах санал тавьсаныг Дэлхийн банк хүлээн авч гадаадын ба үндэсний аудитийн компаниуд хамтарч консорциум болж орохыг зөвшөөрсөн тул Далай ван, Улаанбаатар зэрэг үндэсний аудитын компаниуд нэгтгэлийн аудитад оролцож энэ талын туршлагатай болов.

Ажлын хэсэг ба Үндэсний зөвлөлд иргэний нийгмийг “Төлсөн авсаны нийтэл” төрийн бус байгуулага, бизнесийн төлөөллийг МУУҮА төлөөлж гурван талт хамтын ажиллагааны үр бүтээлтэй платформ бий болгож чадсан түүхтэй.

Үндэсний зөвлөл ба Ажлын албаны эрх зүйн статус ба санхүүжүүлэлтийг (Ажлын албыг донор орнууд одоо хүртэл санхүүжүүлж байгаа, үе үе урт хугацаагаар саатдаг) илүү тодорхой болгох зорилгоор Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах оролдлогыг хоёр удаа хийсэн боловч бүтэлгүй болов. Эхний удаад төсөл нь Хууль зүйн яаманд хүрээд буцсан. Хоёрдахь төслийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьж байв. УИХ дээр тухайн үед гишүүн байсан Г. Уянга ахалсан ажлын хэсгийн гишүүд энэ хуулийн төслийг илт дэмжээгүй тул батлагдаагүй юм. Одоо гуравдахь удаагаа УУХҮЯ-нд дээр ажлын хэсэг байгуулагдан энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа гэсэн. Нэгэнт л олборлох салбартай хууль учир тусад нь хууль гаргах шаардлага байгаа ч юм уу, одоо шинэчлэх гэж буй Ашигт малтмалын тухай хуулийн нэг бүлэг болгоод оруулчихмаар санагддаг.

Хэвлэлийн хуудаснаас:
ӨДРИЙН СОНИН. 2012.5.7. No 113

…Ялангуяа уул уурхайн салбарт үйл ажнллагаа явуулж буй компаниудын ил тод байдлыг олон нийт ихээхэн шаарддаг болжээ. Ил тод байхад компаниудын өөрсдийнх нь идэвхи санаачилга хэр байна вэ?

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш жилээс жилд оролцогч компаниудын тоо нэмэгдэж байна. Хувийн хэвшлийнхэн ил тод байх зарчмыг маш сайн хүлээж авдаг. Ашшт малтмал, уул уурхайн салбар ихэнхдээ хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмалын орд нь тэнд байдаг учраас. Газрын төлбөр, усны төлбөрөөс бусад нь бүгд улсын төсөвт ордог учраас орон нутгийнхан тухайн уул уурхайн компаниас хандив нэхдэг. Овоо тахилга, ой, наадам гэх мэтийг ивээн тэтгүүлэх гэх зэргээр дуртай юмаа нэхнэ. Үйл ажиллагаагаа явуулахын тулд өгөхөөс өөр аргагүй. Өнөөх хандив нь хаашаа орж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор томоохон аж ахуйн нэгжүүд энэ хандивын асуудлыг ил тод, нээлттэй болгох ёстой гэдгийг ухамсарлаж байгаа.

Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг тодорхойлов

2007 онд уул уурхайн компаниудын төлөөлөл, төр ба иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран өөрсдийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг тодорхойлов. Улмаар эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх Тунхаг бичигт оролцогч талуудыг төлөөлсөн 80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдэж гарын үсгээ зурсан юм.

ДУРСАМЖ:

2006 оны наймдугаард сар МУУҮ Ассоциацийн зөвлөлийн хурлаар Монгол Улсын хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга гарган, хэрэгжүүлэх шийдвэр гаргаж Азийн сангийн дэмжлэгтэйгээр төр, төрийн бус, хувийн болон бизнесийн байгууллагууд, судлаачид бүхий оролцогч талуудын уулзалтуудыг зохион байгуулж уг асуудлыг хэлэлцэж улмаар хариуцлагатай уул уурхайн үзэл санаа, эрхэм зорилго, тодорхойлолт ба үйл ажиллагааны зарчим боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Тухайн оны 12 дугаат сард хуралдсан бүх гишүүдийн хурлаар “ МУУҮА-н эрхэм зорилго нь Монгол улсын эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож….” гэж өөрийнхээ дүрэмд өөрчлөлт оруулсан билээ. 2007 онд уул уурхайн компаниуд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг тодорхойлж, улмаар эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх Тунхаг бичигт оролцогч талуудыг төлөөлсөн 80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдэж гарын үсгээ зурав. Оролцогч талууд хариуцлагатай уул уурхайн зарчимыг хэрэгжүүлэх институтчлагдсан бүтэц хэрэгтэй гэж үзэн “Хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ байгууллаа.

ШИГТГЭЭ:

2017 онд НҮБХХ, ИБУИНВУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэй Хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ-аас боловсруулсан “Хариуцлагатай уул уурхайн гарын авлага”-тай болсон бол 2018 онд НҮБХХ-ийн “Байгаль орчны нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төсөл”-н хүрээнд “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-ыг боловсруулсан юм. НҮБХХ нь дээрх аргачлалыг хэрэгжүүлэх асуудлаар УУХҮЯ-н дээр МХЕГ, АМХЭГ, МУУҮА болон бусад сонирхогч талуудын төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогсодын олонх нь жишиг шаардлага ба аргачлалыг МУУҮА хэрэгжүүлэх нь зохимжтой гэж үзэв. МУУҮА -ын санаачлагаар “Хариуцлагатай Уул уурхайн сайн дурын кодекст” олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх зорилготой “Хариуцлагаар Нэгд” аян 2019 оны 6 дугаар сард салбарын тэргүүлэх 8 компани нэгдэж харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тухайн санаачлагын хүрээнд Канадын Уул уурхайн ассоциацийн зүүн өмнөд Азийн 5 оронд амжилттай хэрэгжсэн “Тогтвортой уул уурхайн төлөө” буюу “TSM” (Towards Sustainable Mining) хөтөлбөрийн танилцуулах сургалтыг Канадын Уул Уурхайн ассоциацитай хамтран 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулав. 2020 онд НҮБХХ нь өөрсдийн боловсруулсан “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-ыг Монголын уул уурхайн салбарын хөгжлийн түвшин, салбарын бүтцийн олон янз төлөв байдал, компаниудын засаглалын төлөв ба соёлыг харгалзан ассоциацийн гишүүн байгууллагуудад нэвтрүүлж туршихаар тохиролцож санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Энэ дэмжлэгийн хүрээнд МУУҮА нь гишүүн компаниудын нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, тэдгээрийн дунд манлайлагчдийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Хариуцлагатай уул уурхайн кодексийн төслийг Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрийн үндсэн баримт бичиг болгон боловсруулав. “Хариуцлагатай Уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн гишүүн компаниудад уг кодекс хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтийг үнэлэх сургалт явуулав. Дараа нь эдгээр компаниуд үнэлгээний тайлан туршилтаар гаргаж эхлэв. Туршилтын үр дүнг оролцогчдын дунд хэлэлцүүлж, гарсан саналыг тусгаж Ассоциацийн зөвлөл ба Чуулганаар хэлэлцэж дэмжвэл цаашид ассоциацийн гишүүн байгууллага бүр Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр болгон хэрэгжүүлэх юм.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Хариуцлагатай уул уурхайн зарчмыг тунхагласанаас хойш тэдгээрийг хэрэгжүүлэх талаар “Хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ нилээд чармайсан боловч ямар арга хэрэгсэлээр хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлага дутмаг байлаа. Зорилго нь компанийн сайн засаглал, эсвэл компанийн нийгмийн хариуцлагатай ижил төстэй боловч аль альнийг нь монголд хэрэгжүүлсэн туршлага байсангүй. Энэ төрийн бус байгууллагын удирдлагууд миний санаж байгаагаар хоёр ч удаа хариуцлагатай уул уурхайг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд боловсруулж оролцогч талуудад танилцуулж санал болгосон ч талууд санал нэгдэж хүлээн авсангүй. Уг шалтгаан нь хэн хэдийд яаж дүгнэх нь тодорхойгүй, яаж дүгнэх талаар талууд хүлээн зөвшөөрсөн заавар, аргачлал санал болгоогүй юм.

Ийм байдлаар 10 гаруй жил явсан бөгөөд энэ хооронд хариуцлагатай уул уурхайн асуудал төрөөс баримтлах бодлого, засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдав. Хариуцлагатай уул уурхай гэдэг 3 үг моодонд орж бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийнхэн амны уншлага болтол ярив. Сүүлдээ бүр УИХ-д сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн “Пи Ар”-ын сэдэв болов. Гэвч хариуцлагатай уул уурхайн зарчмыг ямар шалгуур, арга хэрэгсэлээр хэрхэн, хэн яаж хэрэгжүүлэх талаар тодорхой санал дэвшүүлдэггүй байлаа.

НҮБХХ-н санхүүжилтээр МУУҮА дээр “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр” нэртэй цогц баримт бичиг боловсруулсан юм. Энэ баримт бичиг нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс (Шаардлага”), “Хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлэх заавар”, “Хариуцлагатай уул уурхайн кодексийн хэрэгжилтийг үнэлэх заавар” болон сургалтын гарын авлагаас бүрдэж байна. Кодекст хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагын (МУУҮА) бүтэц зохион байгуулалттай холбоотой шаардлагыг бас тусгасан билээ. “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр” хэрэгжсэнээр уул уурхайн компаниуудын засаглал, нийгмийн хариуцлага сайжирч, цаашлаад нэр хүнд нь өсч олон нийтийн итгэлийг хүлээх байдал нь дээшлэх юм.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img