2024-05-18, Бямба
16 C
Ulaanbaatar

Гудамж талбайд бий болсон уул уурхайн популизм улстөрд орж ирсэн нь

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

МАХН/МАН/-“Эх орон- Ардчилал” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулагдав. Гол үйл явдал:

  • Эрдсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ үргэлжлэн өссөөр байв.
  • Байгалийн баялгийн үндэсхэрхэх үзэл дэлгэрч популизм уул уурхайн салбарын
    бодлогод нөлөөлж эхлэв.
  • “Уул уурхай: Ухрах уу, урагшлах уу” мэдээлэл сурталчилгааны компанит ажил явагдав.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрүүд ашиглалтанд оров.
  • Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлав.
  • Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэв.
  • Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компани байгуулагдав.
  • Оюу толгой, Таван толгойн төсөл хэрэгжүүлэх асуудлаар УИХ-ын шийдвэр гаргав.
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал (ҮИТБ)-ын н олон улсын санаачлагад Монгол улс нэгдэв.
  • Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг тодорхойлов.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

2004-2008 он:

МИ-8 нисдэг тэрэгний осол, Азийн чоно, Хонгорын хордлого зэрэг дуулиан нь Засгийн газрын нэр хүндийг ихээхэн унагав

  • “Майнтех 2008” уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулагдав.

2004 оны УИХ-ын сонгуульд долоон нам дангаараа орсон бол гурван нам нь эвсэл болж оролцжээ. Тухайлбал, МАХН буюу одоогийн МАН 37, “Эх орон- Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг хүний суудал тус тус авсан байна. Тиймээс МАХН, “Эх орон- Ардчилал” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулав. Эрдсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ үргэлжлэн өссөөр байв.

Хамгийн доод цэгтээ тултал унасан ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ 1999 оноос эхлэн өсөж эхэлсэн, 2001 он гэхэд тухайлбал нэг тонн цэвэр зэсийн үнэ 1350 доллараас 2000 доллар, нэг унц алтны үнэ 280 доллараас 380 доллар хүртэл өсөв. Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ тонн нь 40-50 долларын түвшинд хэлбэлзэж байв. 2008 он гэхэд нэг тонн цэвэр зэсийн үнэ 7000 доллар, нэг унц алтны үнэ 900 доллар, коксжих нүүрсний үнэ тонн нь 40-50 доллараас 120 доллар хүртэл тус тус өсөв.

ШИГТГЭЭ:

Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтийн үр дүнд дэлхийн хэмжээнд хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтын санхүүжилт өсөж эхлэв. Манай улсад ч хайгуулын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. АМХЭГ-аас гаргасан мэдээллээс харахад 2000 онд хайгуулын лиценз авах өргөдлийн тоо 1340 гаруй байсан бол, 2002 онд 2700, 2004 онд 5200 болж өсчээ. 1998 онд монгол дахь оффисоо хаагаад явсан Би Эйч Пи, Рио Тинто хоёр ээлж дараалан монголд оффисоо дахин нээж, хайгуулд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэллээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Эрдэсийн бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж байсны үр дүнд урьд нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байсан уул уурхайн төслүүд үр ашигтай болж эхлэв. 40 гаруй жилийн турш эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж тооцогддог байсан Тавантолгойн нүүрсний орд түүний хамгийн тод жишээ болов оо. Гэв гэнэтхэн монголчууд бүгдээрээ уул уурхай мэддэг болцгоож, баруун солгойгүй уул уурхайн төслийн үр ашигтай, ашиггүйг мэдэмхийрч, нэг хэсэг нь “гадаадын гар хөл, урвагч”, нөгөө хэсэг нь “эх орончид” болж хуваагдав, хуваагдав ч гэж дээ, тодорхой хүмүүс, улс төрийн хүчин, хөдөлгөөнүүд тэгж хуваав.

Цаашлаад “гадаадын гар хөл, урвагч”-ыг “илрүүлж” нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “нүдэв”. Өдөр тутмын нэг сонины Монголмаа хэмээх сэтгүүлч (нэр нь нууц нэр байсан биз, тийм нэртэй сэтгүүлч, нийтлэлчийн царайг ер хараагүй билээ) дээрх сэдвээр нилээд бичиж байв. Намайг Тавантолгойн нүүрсний ордын эзнээр хүртэл тодруулаад авч билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын баялгийг “цөлмөж” байна гэж хөөж, туух байдал ч ажиглагдах боллоо.
Байгалийн баялгийн үндсэрхэх үзэл дэлгэрч популизм уул уурхайн салбарын бодлогод нөлөөлж эхлэв.

Эрдэсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдсэнээр монголд “Эрдэс баялгийн үндсэрхэх үзэл” (Resource Nationalism) бүрэлдэн бий болж, энэ үзлийг тээгч байгаль орчныг хамгаалах, уул уурхайг эсэргүүцэж шүүмжлэх, гадны хөрөнгө оруулагчдыг гадуурхах зорилготой олон төрийн бус байгууллагууд, улс төрийн хөдөлгөөнүүд байгуулагдаж гудамж талбайд жагсах, уул уурхайн компаниуд руу дайрах зэргээр үйл ажиллагаа нь идэвхжиж эхэлсэн юм. Мөн энэ үзэл дээр суурилсан популист санаа санаачлагууд ихээр гарах болж үүнийг тэр үеийн ихэнх хэвлэл мэдээллийн сэтггүүлчид дэвэргэх болов. Ингэснээр “гудамж талбай”-д бий болсон популизм улс төрд орж ирсэн билээ. Үүнийг 2000 оны УИХ-ын сонгууль, 2005 оны сонгуулийн компанит ажлын сурталчилгааны популист амлалтууд, мэдэгдлүүд харуулдаг юм.

Ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг “Байгалын баялгийн хараал”, “Голланд өвчин” гэсэн шинэ үгс, нэр томъёо сонин хэвлэл дээр байнга гарч, зурагтаар сонсогдож бүгд дээрх өвчний онош тавих, мөн монгол улс уг өвчнөөр өвдсөн эсэхийг, өвдсөн бол өвчний аль үе, шатанд байгааг тодорхойлох аянд мордоцгоодог юм байна.

Хамгийн хачирхалтай нь уг өвчин тусах шалтгаан, буруутан нь хувийн хэвшлийнхэн түүн дотор гадаадын хөрөнгө оруулагчид болж таарав. Тэднийг “эдийн засгийн алуурчдаар тодорхойлов. Тэр бүү хэл Монгол улсын ерөнхий сайд байсан нэг ахмад уул уурхайн ассоциацийг Монголын нэг номерийн эдийн засгийн алуурчин гэж хэвлэлд өгсөн ярилцлагандаа нэрлэж байв. Миний ойлгосноор, бас ойлгосныгоо энгийнээр тайлбарлавал “Байгалын баялгийн хараал” гэж ашигт малтмал болон газрын тосны үнийн өсөлт өндөр байх үед дээрх салбараас орж ирсэн гэнэтийн их орлогыг эдийн засгийн үр ашиг багатай боловч нийтэд таалагдах том төсөл, эсвэл нийтийг хамарсан халамжийг санхүүжүүлэх зэргээр “тансаглах”-ыг, “Голланд өвчин” гэж уул уурхайн орлогоос тухайн орны эдийн засаг хэт хамааралтай болсоноос уул уурхайгаас бусад эдийн засгийн салбарын хөгжил саарах, хөрөнгө оруулалт хумигдах, эдгээр салбарын ур чадвартай хүний нөөц уул уурхайн салбар руу бөөнөөр шилжих, үндэсний мөнгөн тэмдэгт огцом чангарах, сулрах зэргээр эдийн засгийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөөлөхийг тус тус хэлж байх шиг байна..

Түүнээс гадна манай “эх орончид” Дэлхийн хоёрдугаар дайны дараах колонийн задралын үр дүнд тусгаар тогтносон, байгалын баялаг ихтэй боловч, нэг бол хаант засагтай, эсвэл цэргийн дэглэмтэй, заримд нь иргэний дайнтайн улмаас байгалын баялгаас олсон орлогоо зөв зохистой тэгш хуваарилаж хөгжиж чадаагүй Африкийн зарим орныг жишээ болгох татаж Монгол яг тийм болно гэж айлгах болов. Зарим улс төрчид, их хурлын гишүүд гадаадын хөрөнгө оруулалтыг нийгэмчилж эхэлсэн Венесуэлийн ерөнхийлэгч Уго Чавесийг магтаж жишээ авахыг зөвлөсөн тохиолдол ч гарлаа.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН. 2005.9. 13. No 217
Н.АЛГАА: ЭНЭХҮҮ ЧУУЛГА УУЛЗАЛТ МАНАЙ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН НҮҮР ЦАРАЙГ ИЛЭРХИЙЛДЭГ

-“DISCOVER MONGOLIA” гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. Анхны чуулга уулзалтыг өнөөгийн өндөрлөгөөс харахад?

-Энэ бол маш эрсдэлтэй алхам байсан гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй болов уу. Анхны чуулга уулзалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлэхэд зайлшгүй гарах анхны зардлыг “Майн инфо”, “Монруд” ХХК санхүүжүүлсэн. Хэрвээ энэ арга хэмжээ маань амжилтгүй болсон тохиолдолд тэд гаргасан зардлаараа “шатаад” өнгөрөх байлаа. Ер нь анхны юм гэдэг өөрөө асар их шаналал, зовнил таамаглалыг дагуулдаг.

-“DISCOVER MONGOLIA-2005” -ын онцлог нь юу вэ?

-Энэ жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр явагдсан хар PR-ийн уршгаар манай салбарын талаар олон нийтийн дунд таагүй ойлголт, эргэлзээ хардлага үүсэж улмаар хууль бус үйлдлүүд гарах болсон. Тухайлбал, Заамарт хууль бусаар гар аргаар алт олборлогчид компанийн лицензэт талбайд дайрч орох үйлдэл гаргаж байв. УИХ-ын зарим гишүүн гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх хандлагатай зүйл заалт бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Татварын багц хуульд холбогдох татварыг нэмэгдүүлэх, экспортын татвар шинээр тогтоох зэргээр тус салбарын өрсөлдөх чадварыг бууруулах, цаашдынх нь хөгжилд сөргөөр нөлөөлөх зарим хандлагыг дурдаж болох юм. “DISCOVER MONGOLIA-2005” энэ бүхний босгон дээр болж байгаагаараа онцлогтой.

“Уул уурхай: Ухрах уу, урагшлах уу” мэдээлэл сурталчилгааны компанит ажил явагдав.

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци “Уул уурхай: Ухрах уу, урагшлах уу” мэдээлэл суртачлагааны компанит ажлыг 2005 оны 4 дүгээр улиралд эхлүүлж 2006 оны 1 дүгээр улиралд явуулж дуусгав. Энэ компанит ажлыг зохион байгуулахад Монгол нүүрс ассоциаци, Монголын геологийн холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Ашигт малтмал баяжуулагчдын холбоо дэмжиж оролцсон билээ. Оюутолгой ба Таван толгойн ордуудыг ашиглалтанд оруулахын ач холбогдол, ашиг тусыг олон нийтэд ойлгуулах зорилгоор 2007 онд “Хоёр толгой” гэдэг сэдэвт мэдээлэл сурталчилгааны ажил явуулав.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

ӨДРИЙН СОНИН. 2005.11.03. No 265
Н.АЛГАА. САЛБАРЫНХАА ТАЛААР ҮНЭН БОДИТОЙ, ИЛ ТОД МЭДЭЭЛЛИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХҮРГЭНЭ.

…Яагаад бид бусдын амны зугаа, популист сүржигнэлийнх нь бай, ул үндэсгүй цуурхлынх нь эзэд байх ёстой гэж. Тиймээс ч гишүүдийнхээ санал хүсэлтийн дагуу Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци салбарынхаа талаар элдэв цуурхал, эргэлзээтэй, баримт нотолгоогүй бүхэнд хариу барих зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, салбарынхаа талаар үнэн бодитой, ил тод мэдээллийг ард түмэндээ хүргэнэ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг үг байдаг шүү дээ.

ДУРСАМЖ:

2007 оны 8 дугаар сард “Уул уурхай: ухрах уу урагшлах уу” сануулах цуглааныг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын геологийн холбоо, “Монгол нүүрс” ассоциаци, Монголын өрөмдлөгийн холбоо, Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хамтран зохион байгуулав. Цуглаанд 1400 орчим уурхайчин оролцсон бөгөөд дотоодын цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрсний үнийг чөлөөлөх, Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, Геологи, уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны бие даасан төв байгууллагатай болох шаардлагыг УИХ, Засгийн газарт тавьжээ. Хэрвээ шаардлагуудыг есдүгээр сарын 1-ний дотор эс биелүүлбэл нүүрс нийлүүлэлтийг зогсоож, геологи, уул уурхайн салбарын нийт ажиллагсдын нэгдсэн ажил хаялтыг зохион байгуулахаа сануулсан байна. Цуглаанаар хэлэлцсэн гол асуудлуудад 68 хувийн гэнэтийн ашгийн албан татвараас үүдэн гарч буй хүндрэл бэрхшээл, нүүрсний салбарын өнөөгийн байдал, Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой илтгэл тавигдсан байна. Цуглаанд Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулуун, “Алтан Дорнод Монгол”, “Жамп”, “Айвенхоу майнз”, “Вагнер Ази”, Энержи ресурс”, “Эрдэс холдинг” зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн ажилчид оролцсон билээ. Хожим Босоо Ганбаатар УИХ-ын гишүүн байхдаа МУУҮА-ийг Айвонхоу майнз компаниас их хэмжээний их хэмжээний мөнгө авсан гэж Авилгатай тэмцэх газарт мэдээлэл өгч шалгуулж байв. МУУҮА дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар Ассоциацийн Удирдах зөвлөлийн шийдвэр, гишүүдээс цуглуулсан хандивын орлого сурталчилгааны ажлын төлөвлөгөө, түүний биелүүлэлт болон зардалын тайлангийн хамт нийт 200 гаруй хуудас нотолгоог Авилгатай тэмцэх газарт гаргаж өгсөн юм.

ШИГТГЭЭ:

“Уул уурхай: Ухрах уу, урагшлах уу” мэдээлэл сурталчилгааны компанит ажлын гүйцэтгэгчээр А.Батпүрэв захиралтай тухайн үеийн Инфорум төв ТББ, одоогийн Инфорум Консалтинг компани хамтран ажиллаж “Уул уурхай ухрах уу, урагшлах уу?” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд уул уурхайн салбарын бодит байдал, эдийн засаг, нийгмийн нөлөө, бодлогын хувилбаруудын талаар хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандсан контентуудыг бүтээн түгээсэн нь анх удаагийнх гэж хэлж болохоор байлаа.

Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрүүд ашиглалтанд оров

Бороогийн алтны үндсэн орд: Аль 1990-ээд оны эхнээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчид сонирхож ирсэн Бороогийн алтны үндсэн ордод 2000-аад оны эхээр Сентерра Гоулд корпораци (хуучнаар Камеко Гоулд корпораци) нь тус ордыг ашиглах уул уурхай ба баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулахад 75 сая орчим ам.доллар зарцуулсан.

Бороогийн алтны ордын хүдрийн олборлолт, баяжуулалт 2004 оны 3 дугаар сард эхэлсэн бөгөөд тухайн үед Монголын хамгийн том, алтны үндсэн ордын ил уурхай ба баяжуулах үйлдвэр байв.

ШИГТГЭЭ:

Бороо Гоулд ХХК нь Бороогийн алтны үндсэн ордоос 2004-2016 онд 56.7 тонн алт олборлож, улс орон нутгийн төсөвт нийт 340 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төвлөрүүлсэнээс 152 тэрбум төгрөгийн орлогын албан татвар, 83 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байна. Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг сахин биелүүлж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн тус компанийг Үндэсний Татварын Ерөнхий газраас 2007, 2008, 2009, 2010, 2013, 2015 онд Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”-өөр, Нийслэлийн татварын газраас 2011 онд “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр тус тус шалгаруулсан билээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Өмнө өгүүлсэн Моррисон Кнутсон компани Бороогийн орд дээр Зүүн германы хайгуулчдын хийсэн цооногууд дээр хяналтын өрөм тавьж урьд нь тогтоосон нөөцийг баталгаажуулж байв. Ер нь барууны хөрөнгө оруулагч нар улсын төсвийн хөрөнгөөр, төрийн өмчийн компани хайгуул хийж тогтоосон нөөцөд итгэл муутай ханддаг л даа. Нөөцийн ойлголт, ангилал, тэдгээрийг тайлагнах аргачлал, стандарт нь ялгаатай учраас. Тэр үед алтны үнэ унаж явсан ба унц алт бараг 380-400 доллар орчим байсан болов уу даа. 1998 онд хамгийн доод түвшинд буюу 280 доллар хүртэл унасан юм. Энэ компани хяналтын өрөмдлөг хийж нөөцийг нь баталгаажуулахдаа тухайн үеийн зах зээлийн үнийн нөхцөлд эдийн засгийн үр ашигтай баттай нөөц 26-28 тонн орчим байна гэсэн. Германы хайгуулаар бол батлагдсан нөөц бараг 40 гаруй тонн байсан гэдэг. Манай мэргэжилтэнүүд нөөц яагаад бага болов гэж эргэлзсэнээс гадна итгэхгүй, нөөц дарж тооцож байна гэж бодож байсан хэмээдэг. Алтны үнэ үргэлжлэн унаж байсан тул олборлох хүдрийн захын агуулгаа нэмэгдүүлж тооцвол эдийн засгийн үр ашигтай нөөц 28 тонн хүртэл буурч болох л доо. Төлөвлөгөөт эдийн засгийн үед зах зээлийн үнэ гэж байхгүй, үнэ тогтмол тул анх ямар нөөц батлуулсан тэр нь бараг өөрчлөгдөггүй л дээ. Гэтэл алтны үнэ өсөж унц нь 600 доллараас давсан үед Бороогийн алтны ордоос олборлосон алтны хэмжээ бараг 50 гаруй тонноос их болсон байх. Өөрөөр хэлбэл үнэ бага байхад нөөцөд тооцдоггүй байсан бага агуулгатай алттай хүдрийн блокуудыг олборлосоноор тайлбарлаж болно. Миний дээр дурдсан тоонууд ойролцоо тоонууд бөгөөд зөвхөн ашигт малтмалын үйлдвэрлэлийн нөөц нь зах зээлийн үнээс хамаараад үргэлж хөдөлгөөнд байдаг, мөн ангилалаасаа хамаарч өөр өөр тоон утгатай байдаг тул мэргэжлийн бус хүмүүс ялгааг нь мэдэхгүй, учрыг нь олохгүй байж мэддэг юм шиг ярьж бусдыг төөрөгдүүлж байдгийг анхааруулах гэсэн юм. Тийм учраас дээрх 3 тоо тухайн тухайн цаг үеийн нөхцөлд гурвуулаа зөв гэж ойлгоход болно.

Моррисон Кнутсон бараг 1990-д оны дунд хүртэл тэр төсөл дээр ажилласан боловч хөрөнгө босгож чадаагүй, хэлэлцээрээр тохирсон үүргээ биелээгүй тул Монголын талын сааачлагаар хэлэлцээрээс гарч төслөө орхиод гарсан. Дараа нь тухайн үеийн яамнаас Бороогийн алтны ордыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгөхгүй гэсэн бодлого баримталж, дотоодын хувийн компаниудын дунд хаалтай тендер зарлахад Алтай трейдинг, Буян зэрэг дотоодын 4- 5 компани оролцсоноос Алтай трейдинг ялж Бороогийн алтны ордыг ашиглах эрх олж авсан байдаг. Алтны үндсэн ордын олборлолт шороон ордыг бодвол хөрөнгө оруулалт ихтэй, илүү нарийн технологи, илүү нарийн ур чадвар, мэдлэгтэй хүний нөөц шаардагдах ба монголд ер нь алтны үндсэн орд ашиглаж байсан туршлага байгаагүй тул мэдээж Алтай трейдинг компани ч өөрсдөө хөрөнгө босгож, ашиглаж бас чадахгүй тул Канад, Австралийн хэд хэдэн компанитай хамтрах гэж оролдож байсныг сургаар мэднэ.

Эхлээд Канадын Каскадиа, дараа нь Австралийн нэг компани, эцэст нь буцаад Канадын Камеко гэдэг компанитай хамтрахаар эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бараг 10 гаруй жил болсон байх юм. Камеко нь Киргиз улсын Кумторын алтны үндсэн орд, манай Бороогийн алтны ордыг ашиглах гэж Сентерра Гоулд компани байгуулж социалист чиг баримжтай байсан төв Азийн хоёр оронд хөрөнгө оруулсан нь анхны барууны хөрөнгө оруулалт байлаа. Би яагаад үүнийг тодруулан хэлээд байна гэхээр, ашигт малтмалын орд (энэ орд бол олон улсын жишгээр бараг дундаас доогуур орох хэмжээний орд шүү дээ ) уул уурхайн төсөл болж хэрэгжих хүртлээ олон жил шаардагддаг, олон хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгчийг олон удаа дамжин солигддог гэдгийг л хэлэх гэсэн юм. Манай хэдэн технократууд, популистүүдийн хэлдгээр хуруугаа инчдээд л хөрөнгө оруулалт аваад ирдэг юм биш ээ гэж.

Төмөртийн овооны цайрын орд

Сүхбаатар аймгийн Төмөртийн-Овооны цайрын ордыг ашиглахаар Монгол улсын “Металимпэкс” ХХК болон БНХАУ-ын NFC “Өнгөт төмөрлөгийн гадаад барилга зураг төслийн” компаниуд хамтран 1998 онд “Цайртминерал” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Уг компани Монгол улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсанаар уул уурхай ба баяжуулах үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэцийг барьж байгуулан 2005 оны 8 дугаар сард ашиглалтад оруулсан байна.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Сүхбаатар аймгийн нутаг дахь Төмөртийн овооны цайр-хар тугалганы орд нь социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, полиметаллын төрлийн гурван ордын нэг юм. Нөгөө хоёр нь Дорнод аймагт байдаг. Нэг нь Улааны, нөгөө нь Цавын полиметаллын орд. Эдгээр ордууд нь олон улсын жишгээр бол дундаас арай доогуурт орох жижиг ордуудад тооцогдоно.

Төмөртийн овооны ордын хайгуул, ашиглалтын лицензийг манай салбарын гайгүй сайн инженерүүдийн байгуулсан Металлимпекс гэдэг компани 1997 оны Ашигт малтмалын хуулийн дагуу авч уул уурхайн төсөл болгон хэрэгжүүлэх гэж уйгагүй 7-8 жил зүтгэсэнийг би мэдэх юм. Компани үүсгэн байгуулагчид бараг бүгдээрээ миний найзууд л даа. Лицензийн төлбөр төлөхөөс эхлээд, төслийн баримт бичиг бэлтгэх, хөрөнгө оруулагчдийг хайх, уулзах, хэлэлцээр хийхэд маш их зардал гарах нь ойлгомжтой. Энэ их зардлыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө олох гэж тэд их зүтгэсэн дээ, арай л гэр орноо худалдаагүй байх.

Бас л дэд бүтэц байхгүй, боломжит зах зээл нь Хятадынх учир тэд хятадын төрийн өмчтэй нэг компанитай 50:50 хувиар хамтран “Цайрт минерал” гэж компани байгуулан хөрөнгө оруулалтыг зуун хувь хятадын талаас санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэн 2005 онд ил уурхай, баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан билээ. Дээрх жишээ бол хувийн хэвшил уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд гарах эрсдэлийг хэрхэн дангаараа хүлээж, тэвчээртэй, тууштай, сайн менежментэй ажиллаж үр дүнд хүрдэгийг харуулж байгаа юм.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлав. 2006 оны 05 сард Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг УИХ батлав. Хуулийн зорилт нь алт, зэсийн үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах, түүнийг тусгай санд төвлөрүүлэх зорилготой байв.

ШИГТГЭЭ:

Энэ хуульд 2006 оны 12 дугаар сар, 2008 оны 11 дүгээр сард өөрчлөлтүүд орж байсан ба 2009 оны 08 дугаар сараас хүчингүй болсонд тооцсон.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Энэ хуульд алт ба зэсийн зах зээлийн үнэд тогтоосон босго үнээс дээшхи үнэд ноогдох борлуулалтын орлогод 68 хувийн татвар авахаар хуульчилсан тул манай салбарынхан 68 хувийн татвар гэж нэрлэх болсон юм.

Хууль гаргах анхны санааг УИХ-ын гишүүн байсан Батбаяр санаачилсан. Дараа нь тодорхой хэдэн гишүүд нэмэгдсэн. Хууль санаачлагчдын ярьсанаар анх зэсэнд тогтоох санал гаргасан гэдэг. Хуулийн төслийг цаашид намын бүлэг, байнгын хороодоор хэлэлцэх явцад ганцхан зэсэнд тогтоож болохгүй, учир нь уг татвар нь зөвхөн Эрдэнэт үйлдвэрт хамаарах юм байна, энэ нь оросын талд ногдох ашгийн хэмжээг бууруулах учраас улс төрийн асуудал болж магадгүй юм байна гээд алтыг нэмээд ийм татвар тогтоохоор болсон гэж санаачлагчид ярьсан байдаг. Татвар ногдуулах босго үнэ нь алтны хувьд босго 500 доллар/унц, зэсийнх нь 2300 доллар/тонн байхаар шийдвэрлэсэн. Босго үнээс дээшхи үнээр тооцсон борлуулалтын орлологоос 68%-н татвар авна гэсэн үг л дээ.

Ийм босгыг тогтоосон үндэслэлийг хууль санаачлагчид дараах байдлаар тайлбарлаж байв. Алт зэсийн үнэ хамгийн доод хэмжээнд унасан үед Эрдэнэтийн зэсийн баяжмалын өөрийн өртөг 1300 доллар/тонн, алтны компаниудын олборлолтын өөрийн өртөг 250 доллар/унц байсан тул өөрийн өртөгийг 2 дахин нэмээд дээрх босго үнэ тогтоосон гэж.

Үнэ их хэмжээгээр өсөх үед зардал бүрдүүлдэг бусад түүхий эд материал, тоног төхөөрөмжийн үнэ дагаж өсөж байдаг. Тиймээс босгоос давсан үнээр тооцсон борлуулалтын орлогод 68 хувиар татвар ногдуулах нь бизнесийн байгууллагын хувьд дээрэм гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд төрийн өмчтэй учраас улсын төсвийн нэг хармаанаас нөгөө хармаанд орж байсантай ижил утгатай болохоос хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн хувьд тийм хувь хэмжээтэй татвар төлөх нь үнэнхүү хүнд байсан. Алтны салбарт хуулийг хүчээр хэрэгжүүлэх гэж оролдсон учраас алтны салбараас хүлээж байсан 68 хувийн татвар бүү хэл урьд нь төлж байсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжээс авч байсан орлогын татвараа ч авч чадахгүй болоход хүрсэн. Алтны компаниуд Монголбанкинд алт худалдахаа болиод, арилжааны банкуудад барьцаалж эргэлтийн хөрөнгийн зээл авч үйл ажиллагаагаа явуулж, борлуулалтаа хийхгүй, хуульд өөрчлөлт орж магадгүй гэж хүлээлтийн байдалд шилжив. Засгийн газар татварын байцаагч, цагдаа, тагнуулын хүч ашиглан татвар цуглуулах гэж оролдов. Гэвч тухайн үед Монголбанкинд худалддаг алт 20 гаруй тонн хүрч байсан бол 2010-2011 онуудад 5-6 тонн болтлоо буурав. Мэдээж үүнд 2009 онд батлагдсан “Урт нэрт” хууль маш ихээр нөлөөлсөн. Тэгээд үндсэндээ алтны салбар дампуурсан. Компаний эзэд нь гэмт хэрэгтний хэмжээнд хүртэл очсон. Алтны хууль бус худалдааны сүлжээ бий болж, хил гааль дээр алт нууцаар гаргах гэсэн тохиолдол үе үе баригдах болов. Нэг хачирхалтай тохиолдол гарсан байдаг. Шулуун гэдсэндээ алт нуусан 10 гаруй солонгосыг Корейн Эйр онгоцонд суусан байхад нь манайхан баривчилсан явдал. Хил гаалиар гарахад илрүүлж чадаагүй боловч онгоцонд суусаны дараа илрүүлсэн нь тодорхой мэдээллийн дагуу илрүүлсэн байх магадлалтай. Мэдээлэгч нь сүлжээн дотроосоо байх бүр ч их магадлалтай.

Энэ татвартай холбоотой онигоо шиг юм бас гарсан байдаг. Хуулийн анхны төсөлд татварын хувь хэмжээ 80 хувь байснаа хэлэлцэж, батлах явцад 68 хувь болсон. Энэ нь сумогийн 68 дахь их аварга монгол хүн болсоныг бэлэгшээж 68 хувийн татвар тогтоосон гэж. Улсын төсвийн орлого бүрдүүлэх ганцхан зорилгоор татвар төлж чадаж байгаад нь өндөр татвар тогтоох нь хөрөнгө оруулагчид, компанийн санхүүгийн чадавхийг эрсдэлд оруулах, зорьсон үр дүнд хүрэх бүү хэл, бүр сөрөг үр дүн авчирдагийг энэ хууль харуулсан. Энэ хууль Оюутолгойн гэрээ байгуулахад саад болж байсан хүчин зүйлийн нэг нь байсан. Энэ хуулийн “зүсээ” хувилсан хувилбар нь 2011 онд Ашигт малтмалын тухай нэмэлтээр орсон бөгөөд үүнийг “өсөн нэмэгдэх АМНАТ” гэж манай салбарынхан нэрлэдэг болсон. Мөн л ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өсөх дутам АМНАТ-н хувь хэмжээ суурь 5% дээр (борлуулалтын орлогын) ихэнхи ашигт малтталын хувьд 10 хүртэл нэмэгдэх бөгөөд зөвхөн зэсийн хүдэрт 25%, баяжмалд 15% нэмэгдүүлэхээр тогтоосон байдаг. Хамгийн инээдтэй нь зэсийн хүдэр экспортлоход нийт АМНАТ -н дээд хязгаар нь 30% болсон явдал. Яагаад инээдтэй вэ гэвэл зэсийн хүдэр баяжуулаад гарсан баяжмал нийт хүдэрийн зөвхөн 2 хувь нь баяжмал болж гардаг, 98 хувь нь хаягдалын санд очдог. Өөрөөр хэлбэл баяжмалаас 50 дахин их шороо тээвэрлэж экспортод гаргах бололцоотой гэж яаж бодож ийм төлбөр тогтоож “тэнэгтэж” болдог байна аа.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

УЛС ТӨРИЙН ТОЙТ СОНИН. 2015.04.09. Н.Алгаа: Хувьцааг амь оруулахын тулд Тавантолгойг урагшлуулах нь чухал

…Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчилж байхад Оросын ноогдол ашиг багасаад Монголд ордог байсан. Тэр үед Орос юм хэлдэггүй байсан. Яагаад гэхээр манайд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, тэд тойруу замаар Монголын хүн болгоноос зөрүүгээ авчихаж байсан юм. Тэгтэл бид Оросын ноогдол ашиг нь багасаад, бид ихийг авч байна гэж баярлаад байсан. Гэсэн ч тэд маргаж нэг их сүйд болохгүй ч юу хийхээ сайн мэдэж байгаа биз дээ…

Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэв

1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх талаарх олон нийтийн “шахалт” нэмэгдэж нийгэмд хүлээлт үүсгэв. УИХ-н даргын захирамжаар 1997 оны хуулийг өөрчлөх, шинэчлэх хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 2005 оны сүүлчээр байгуулав. Ажлын хэсэгт нь их хурлын гишүүд, дэд ажлын хэсэгт нь холбогдох яамдын мэрэгжилтэн, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдаас оруулсан байв. Нэр бүхий УИХ-ын гишүүдийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөл, мөн Засгийн газрын боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. УИХ-н дарга захирамж гарган дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Уг ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцээд 2006 оны 7 сард наадмын өмнөхөн батлав. 2006 оны хуульд өмнөх хуульд байгаагүй зарчмын хэдэн хэдэн зохицуулалт нэмэгдсэн юм. Стратегийн ач холбогдолтой ордын ангилал бий болгож, уг ангилалд багтсан ордыг ашиглахад төр хувь эзэмшиж оролцохыг хуульчилсанаас гадна “ашиглалтын өмнөх үйл ажиллагаа”, “хайгуулын ажлын зардлын доод хэмжээ” гэсэн нэр томъёо, түүнтэй холбоотой зохицуулалт нэмэгдсэн. Мөн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох арга шинээр өргөдлөөр өгдөг арга дээр нэмэгдсэн билээ. Өмнөх хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээ болгон өөрчилсөн юм.

ДУРСАМЖ:

2005 онд УИХ-ын гишүүн асан О.Энхсайхан хэсэг гишүүдийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөл боловсруулж УИХ-д өргөн барив. Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн УИХ- д өргөн барилаа. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци гишүүдийнхээ саналыг нэгтгээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн өөрсдийн хувилбараа бас бэлдэв.
УИХ-н даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг мэдээлэл, судалгаагаар хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг гишүүн Д.Одхүүгээр ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсэгт нь их хурлын гишүүд, дэд ажлын хэсэгт нь холбогдох яамдын мэрэгжилтэн, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдаас оруулсан байв. Дэд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөлөл гэж Готовсүрэн бид хоёр, эрдэмтэдээс Ч.Хурц, М.Авирмэд гуай хоёрыг оруулсан байлаа. Их хурлын гишүүдийн хуулийн төсөл нь 1994 ба 1997 оны хуулийг механикаар нэгтгэсэн хуулийн төсөл байлаа. Ерөнхийдээ Готовсүрэн бид хоёрын үзэл бодол ойролцоо либерал талдаа, Хурц, Авирмэд гуай хоёрын үзэл бодол бид хоёрынхоос эсрэг учир хэл, яриа нийлэхгүй шинжтэй. Нэг удаа Одхүү гишүүний өрөөнд Авирмэд гуай бид хоёр муудалцаж хэрэлдсэнээс хойш ажлын хэсгийн дарга бидэнтэй тус тусад нь салгаж уулзаж ажилладаг болов. Ажлын хэсгийн дарга, гишүүдийн хувьд хоёр өөр үзэл баримтлалтай хуулийн төслүүдийг нэгтгэх хүнд ажил байсан байх гэж сүүлд нь бодож байлаа. Хэцүү ч учраас “жонхуу” шиг юм зуураад байнгын хороон дээр очсон байх. Байнгын хороодын хуралдаан дээр дэд ажлын хэсгийнхнээс оролцуулдаггүй байсан учир тэнд юу ярьж хэлэлцэдэгийг нь бид мэддэггүй байлаа. Ингээд 2006 оны 7 сард наадмын өмнөхөн их хурал шинэ хуулийн төслийг яаран сандран хэлэлцэж батлаад Их хурлын дарга алхаа цохичихов. Их хурлын дарга нь гишүүдээсээ “жонхуу”- нд найруулгын шинжтэй засвар хийх гэрийн даалгавартай үлдээд тэрнийгээ ч сайн хийгээд “орондоо хууль засдаг” хоч зүүгээд хоцорч билээ.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

ӨДРИЙН СОНИН. 2006.6.12. No 150 (2284)
Н.АЛГАА: ХУУЛЬ ЭНЭ ЯНЗААРАА БАЙВАЛ МАНАЙ АССОЦИАЦИ ОРОЛЦОХГҮЙ

…Уул уурхайн төсөлд төр давуу эзэмшлээ тогтоох, түүнчлэн төрийн маш хатуу хяналт, зохицуулалттай байх гэсэн социалист төвлөрсөн төлөвлөгөөт маягийн үзэл баримтлал эсвэл бизнесийн эрх чөлөөг хангах (ардчилал, зах зээл) гэсэн үзэл баримтлалыг нийлүүлж нэг болгох гэсэн хуулийн төсөл болсон гэсэн үг. Гэхдээ Ашигг малтмалын тухай хуулийн энэ төслөөр бол Монголын уул уурхайн салбарт бизнесийн эрх чөлөө гэж байхгүй болох нь…

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Алтны шороон орд олборлож буй олон жижиг дунд уурхайнуудын хариуцлагагүй байдал (байгаль орчин, мэргэшсэн байдал, санхүүгийн чадавхитай холбоотой) дээр хувиараа алт олборлогчдын замбаараагүй бөгөөд хариуцлагагүй үйл ажиллагаагаар иргэд уул уурхайг төсөөлж төлөөлүүлэх болсоноор уул уурхайг эсэргүүцэх байдал улам бүр нэмэгдэж, улмаар байгаль орчныг хамгаалах, уул уурхайг эсэргүүцэж шүүмжлэх, гадны хөрөнгө оруулагчдыг гадуурхах зорилготой олон төрийн бус байгууллагууд, улс төрийн хөдөлгөөнүүд байгуулагдаж 1997 оны Ашигт малтмалын хуулийг өөрчлөх талаар хууль тогтоогчид ба шийдвэр гаргачдыг шахаж шаардсан үйл ажиллагааг 2004 оноос явуулж эхэлсэн.

Хэдийгээр 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг олон улсын судлаач, шинжээчид Ази тивд тэргүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай эрх зүйн зохицуулалттай хууль байна гэж дүгнэсэн боловч манай улсын цөөнгүй улстөрчид, судлаачид “тухайн үеийн зорилгоо биелүүлсэн хууль”, харин ихэнхи популистууд “хар хууль“ гэж нэр өгөв. Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад түүнийг “муу” болж харагдуулах хоёр хүчин зүйлс хамгийн их нөлөөлсөн бололтой байдаг.

Эхнийх нь бол хайгуулын лицензийн эхний 3 жилийн төлбөрийн хэмжээг 4-7 дахь жилүүдийн шаталсан төлбөрөөс 10-20 дахин бага тогтоосон нь лиценз эзэмшигчид эхний 3 жил дууссаны (2000 он орчимоос) дараа лицензээ буцааж өгөөд дараа нь өөр хүний нэр дээр юм уу, өөр байгууллагын нэр дээр дахин өргөдөл өгөөд шинээр авдаг байдал хавтгайрсан, хоёрдахь нь уул уурхайн ашиглалтын техникийн хяналтыг орхигдуулж дураар нь орхисон явдал юм.

Түүнээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг зохицуулсан Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн заалтууд татварын хувь хэмжээг тогтворжуулах зорилготой Тогтвортой байдлын гэрээнд тусгасан байсныг нь зөвхөн Ашигт малтмалын хуульд хамаатуулж буруутгасан ташаа ойлголт зэрэг нь нийгэмд Ашигт малтмалын хуулийг “муу” харагдуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Энэ үед үүссэн “Эрдэс баялгийн үндэсхэрхэх үзэл” ч хүчтэй нөлөөлсөн.

Мөн 2004 оны УИХ-ын сонгууль, 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил үүнд маш их нөлөө үзүүлсэн байдаг. 2004 оны УИХ-н сонгууль, 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн улс төрийн намуудын хөтөлбөр ч тэр, их хурлын гишүүнд нэр дэвшигчид ч тэр уул уурхайн салбарыг яая даа гэтэл улстөржүүлэв. Хажуугаар нь эх орон, газар нутаг, байгаль орчноо хамгаалах “зорилго”-той энэ талаар үг хэллэг орсон “нэр”-тэй, улс төрийн чиг баримжаатай олон хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд байгуулагдаж мөн л уул уурхайг харлуулж муулна. Зарим нь орон нутгаар овоглож ийм сумын, тийм аймгийн, эсвэл тэр гол мөрнийг, энэ нуур далайг хамгаалах “нэр”-тэй ба “зорилго”-той байна. Зарим нь “хүний”, “хүүхдийн”, “эмэгтэйчүүдийн”, “ахмадын” эрхийг хамгаалахаар урьд нь байгуулагдсан боловч зорилго, үйл ажиллагааны чиглэлээ умартан уул уурхайгаар “оролдоно”. Би дээрх байгууллагууд байгуулагдсаныг буруутгасангүй, зорилгыг нь бүрч буруутгахгүй. Ардчилсан, нээлттэй нийгэмд байх зүй ёсны л асуудал. Гэтэл дээрх байгууллагуудын тэргүүнүүд, ажилтанууд уул уурхайн талаар ямар ч мэдлэггүй атлаа уул уурхайн талаар мэдэмхийрэн ярьдаг, бодит бус ташаа мэдээллийг олон нийтэд тараадаг, үйл ажиллагаа нь зөвхөн хэвлэлийн бага хурал хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргах, талбайд жагсаал, цуглаан зохион байгуулах зэргээр хязгаарлагддагт харамсаж явдаг байв.

2005 оны Ерөнхийлэгчийн сонгуулийн сурталчилгааны компанит ажил 1997 оны Ашигт малтмалын тухай хууль болон уул уурхайн салбарыг хамгийн ихээр харлуулж олон нийтэд ойлгуулсан юм. АН-аас 1996 оноос Ерөнхий сайд хийж байсан М.Энхсайхан, МАХН-аас 2000-2004 онд ерөнхий сайдын алба хашсан Н.Энхбаяр хоёр Ерөнхийлэгчид нэр дэвшиж өрсөлдөв. Энхсайхан ерөнхий сайд байхдаа Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд батлуулж, АН засаг барьж байх үед Төмөртийн овооны цайр, Бороогийн алтны ордны төсөл хэргжүүлэгчидтэй Тогтвортой байдлын гэрээ байгуулж байжээ. Н.Энхбаярыг ерөнхий сайд байх хугацаанд хамгийн олон лиценз олгогдож лицензээр хамрагдсан талбай нь монголын нийт газар нутгийн 40 гаруй хувьд хүрч Айвонхоу майнз Оюунтолгойн орд ашиглах лиценз авч байжээ.

Ашигт малтмалын тухай хууль батлуулахад, хэрэгжүүлэхэд хоёулаа л жинтэй хувь нэмэр оруулсан хувь хүмүүс юм. Гэтэл хоёр нэр дэвшигчийн суртачлагааны багынхан эсрэг талынхаа нэр дэвшигчийг хамгийн их лиценз олгосон, тэр хэмжээгээр байгаль орчин сүйдэж, гол мөрөн ширгэсэн, хэн хэн нь гадаадынханд хамгийн ихээр газар нутгаа “найр” тавьж өгсөн, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын байгалын баялгаар “баяжих” гэж буйд хэн их буруутайг тодорхойлох аянд мордлоо.

Машин барьдаг хүмүүс бүгд санаж байгаа байх даа, FM радиогоор бүтэн 2 сарын турш ярьсныг үнэмших юм бол Монголын газар нутгийн 47 уртрагаас урагшхи нутгийг хоёр “Энх” хятадуудад худалдчихсан болж таараад байдаг. Уг нь 10 дугаар ангийн боловсролтой хүн бол 47 дугаар уртраг Монголоор дайрдаггүй, харин 47 дугаар өргөрөг Монголын газар нутгаар хөндлөн дайрдаг гэдгийг мэдэх ёстой л доо. Ард түмний “тархийг угаана” гэж үүнийг л хэлэх байх даа.

Оюутолгой, Таван толгойн төсөл хэрэгжүүлэх асуудлаар УИХ-н шийдвэрүүд гарч энэ хоёр төсөл олон жилийн маргаан мэтгэлцээний дараа ашиглалтанд орох зам шулуудав. Мөн 2006-2010 оны хооронд Ухаа худаг, Хөшөөтийн нүүрсний ордууд, Олон овоотын алтны, Улааны полиметалл, Таянгийн төмрийн хүдрийн ордууд ашиглалтанд тус тус орсноор эрдэс баялгийн салбар нь эрчимтэй эхэлсэн хайгуулын үе шатнаас уул уурхайн ашиглалт далайцтай хөгжих үе шат руу шилжив. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт ч гэсэн олон дахин нэмэгдэж 2011-2012 онуудад урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрч эдийн засгийн өсөлт анх удаа 2 оронтой тоо давсан үзүүлэлтэд хүрэв. Хэдийгээр энэ хуулийн хэрэгжилтээр ийм үр дүнд хүрсэн хэдий ч популистуудад дөрлүүлсэн улс төрчид, шийдвэр гаргагчид 2006 оны хуулийг шинэчлэх санаагаа өөрчлөөгүйгээр барахгүй эрдэс баялгийн салбарт ихээхэн уршиг тарьсан 4 шинэ хуулийг 2007-2012 онуудад батлуулсан билээ. Энэ тухай хойно өгүүлэх болно.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:

ӨДРИЙН СОНИН. 2006.6.29. No 166 (2300)
САМАР, АЛТ ХОЁРЫН ЯЛГАА, ТӨР ЭРХЭЭ ХЭРХЭН ЭДЛЭХ ЁСТОЙ ВЭ?

…АНУ-аас бусад бүх улсын Үндсэн хуулинд заасны адил манайд ч бас “байгалийн баялаг нь төрийн өмч бөгөөд бүх ард түмний мэдэлд байна” гэсэн зарчим үйлчилдэг. Нэгэнт Үндсэн хуулиар тодорхойлогдсон энэ зарчим дээр маргаад байх зүйлгүй бөгөөд нэг тал нь төрийн өмчийг булааж дээрэмдэх гээд, нөгөө нь хамгаалах гээд байгаа юм огтхон ч байхгүй гэдгийг хаана хаана ойлгож байж дараагийн шийдвэрийг гаргах учиртай…

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img