1939 оны тавдугаар сарын дөрөвний өдөр Перугийн нийслэл Лима хотын нэгэн эмнэлэгт эмч нар ээлжит нэгэн нярайг эх барин авав. Энэ нярай 2.7 кг жинтэй, эрүл саруул хүү байлаа. Энгийн л нэгэн төрөлт. Гэхдээ ээжийнх нь насыг сонсвол хүн бүр цочирдоно. Эрүүл саруул хүү төрүүлсэн ээж нь ердөө таван нас долоон сартай хүүхэд байлаа.
Итгэхэд хэцүү ч дэлхийн хамгийн залуу ээжээр таван нас гаруйхантай охин тодров. Хүүхэлдэйгээр тоглодог насан дээрээ охин хүүхэд төрүүлсэн юм.
Лина 1933 онд Тикрапо хэмээх жижиг хотод төржээ. Аав нь гоёл чимэглэл хийдэг, харин ээж нь есөн хүүхдээ асран хүмүүжүүлдэг байж. Лина охины бага нас бусдын л адил өнгөрсөн ч биеийн хөгжлийн тал дээр бусдаас түрүүлж, ээж болчих нь тэр.
Нэгэн удаа ээж аав нь Линагийн гэдэс нүдэн дээр л томорч байгааг гэнэт анзаарчээ.
Ихэд айж цочирдсон тэд эмчид үзүүлэхээр болов. Гэвч эмчид үзүүлэхэд амаргүй байлаа. Тэдний амьдардаг тосгонд эмнэлэг байсангүй. Ингээд аав нь охиноо аван Писко хотыг зорьжээ.
Хол замыг туулсны эцэст аав охин хоёр эмнэлэгт хүрэв. Аав нь аль болох хурдан охиныг нь үзэж өгөхийг эмч нараас хичээнгүйлэн гуйж царайчилж байлаа. Аав нь охиноо хүнд өвдсөн, тун удахгүй үхэх нь хэмээн айж байсан аж.
Эмч Херардо Лозадо үзлэг хийгээд цочирдов. Бяцхан Лина Медина хорт хавдаргүй, харин найман сартай бие давхар байх нь тэр. Ердөө тавхан настай ч түүний нөхөн үржихүйн систем хэдийнэ бүрэлдсэн байж. Энэ мэдээг хамт олон болон охины аавд дуулгасны дараа эмч шууд л цагдаа дууджээ.
Тибурело Мединыг охиноо хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн тэр дор нь баривчлав. Гэвч тун удалгүй түүнийг суллажээ, учир нь түүнийг буруутгах үндэслэл байсангүй.
Линагийн жирэмслэлтийг таслан зогсоох шаардлагагүй гэж үзсэн эмч нар дэлхийн хамгийн залуу ээжийн эрүүл мэндэд хяналт тавихаар болов. Хожим ил болсноор, охины сарын тэмдэг гурван настайд ирсэн ч ээж аав нь эмнэлэгт хандаагүй байж. Магадгүй тэд энэ талаар мэдээгүй өнгөрсөн ч байж болох юм.
Лина жирэмсэн байх үедээ эмч нарын хяналтанд байсан бөгөөд жирэмслэлттэй холбоотой бүхий л таагүй өөрчлөлтүүдийг бяцхан охин хялбархан даван гарсан нь эмч нарын гайхшралыг төрүүлж байв. Ингээд удахгүй охиныг Лима хотын эмнэлэг рүү шилжүүлжээ.
Чухамхүү нийслэлийн энэ эмнэлэгт 1939 оны тавдугаар сарын 14-ний өдөр төлөвлөгөөт хагалгаа хийж, 2.7 кг жинтэй хүүг эсэн мэнд гардан авсан байна.
Хэдийгээр Линагийн нөхөн үржихүйн систем хангалттай хөгжсөн, хүүхэд тээхэд бэлэн болсон байсан ч эмч нар хүүхдийг хагалгаагаар төрүүлэх шийдвэр гаргасан аж. Учир нь охины аарцаг яс хүүхэд гаргахад хангалттай тэлж чадахгүй гэж эмч нар үзжээ.
Хүүг эх барьсан эмчийнх нь нэрээр Херардо гэж нэрлэжээ.
Хүүгийн эцэг хэн бэ?
Дэлхийн хамгийн залуу ээж ч, түүний эцэг эх ч хүүгийн эцэг хэн байсан талаар ямар ч тайлбар өгдөггүй байв. Лина ярилаа гэхэд тэр энэ талаараа санахгүй байх магадлал өндөр, учир нь жирэмслэх үедээ тэр ердөө дөрөвхөн настай байсан шүү дээ. Гэр бүлийнхнийх нь ам алдсанаар, охин юм угаахаар гол руу явах үедээ хүчиндүүлсэн байж болзошгүй гэнэ.
Гэвч цагдаагийнхан Херардогийн эцэг хэн байсныг тогтоож чадаагүй юм. Мөрдөн байцаалт явуулсан ч мухардалд орж, Линагийн аав болон бусад төрөл төрөгсөд охиныг хүчиндсэн гэж буруутгах ямар ч нотлох баримт олдсонгүй.
Түүний зэрэгцээ, Линагийн гэр бүл бөөгийн уламжлал дагадаг Перугийн индиануудын нэгэн бүлгэмийн хэсэг байлаа. Хэдийгээр 20 дугар зуун гарсан ч баярын дараа самуун үдэшлэг зохион байгуулах уламжлал хэвээр хадгалагдаж байсан бөгөөд чухамхүү ийм үдэшлэгйин золиос нь Лина болсон байж болзошгүй гэж цагдаагийнхан таамаглаж байсан юм.
Ердөө тавхан настайдаа ээж болсон Линагийн организмыг олон хүрээлэн, судалгааны лабораториуд судлахыг мөрөөдөж байлаа. Анагаах ухааны хүрээлэлд энэ бол жинхэнэ ховор үзэгдэл. Гэвч ээж аав нь түүнийг “туршилтын туулай” болгохыг хүссэнгүй, ингээд охин төрөлх тосгон руугаа буцжээ.
Амьдрал үргэлжилсээр
Линагийн хүү Херардо ээжтэйгээ эгч дүүс шиг л тэрсхэн өсчээ. Энэ хугацаанд Линагийн хүүхдийг эх барьж авсан эмч түүнийг орхисонгүй, хүүгийн эрүүл мэндэд хяналт тавьсаар байв. Хожим нь Херардо хүүг сайн боловсрол эзэмшихэд нь тусалсан бол Линаг өөрийн ажилладаг эмнэлэгт нарийн бичгийн даргаар ажилд авчээ.
Ердөө тавхан насны зөрүүтэй ээж хүү хоёр өсөн торнисны дараа Лина 33 настайдаа нөхөрт гарч, хүү төрүүлжээ. Харамсалтай нь түүний ууган хүү ээжээсээ өмнө өнгөрсөн байна. Херардо 40 настай байхдаа тархины хорт хавдраар өвдөж, нас баржээ. Хүүгээ алдсаны дараа Лина хэрхэн амьдарсан талаарх мэдээлэл тун хомс.
Зарим шар хэвлэлийн мэдээлснээр, Лина бүхий л насаараа нөхөр, бага хүүгийн хамт нийслэлийн ядуу дүүрэгт амьдарчээ. Дэлхийн хамгийн залуу ээж болсон Лина 2015 онд 82 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан аж.