2024-12-03, Мягмар
-19 C
Ulaanbaatar

Ч.Хашчулуун: Жуулчдын тал хувийг эзэлсэн оросууд шоппинг хийх гэж Монголд ирж байна

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Монголд Хятадын дифляц сөргөөр, Оросын инфляц эерэгээр нөлөөлөх үү?-

-Инфляц буурлаа, гадаад худалдаа ашигтай гарлаа гэсэн эерэг мэдээнүүд дуулдаж байна л даа. Эдийн засагт ажиглагдаж буй давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

-Давуу талын хувьд манай эдийн засагт нэг сонин үзэгдэл ажиглагдаж байна. Манай эдийн засагт болж байгаа үйл явдал гэхээс илүү эргэн тойронд минь болж буй үйл явдал их нөлөөлж байна л даа.

Манай хойд хөршид инфляцийн нэлээд хүчтэй давлагаа эхэлчихлээ. Нэг доллар 65 орчим рубльтэй тэнцэж байсан бол хэдхэн хоногийн дотор нэг доллар 100 рубль болчихлоо. Бараг тавин хувиар огцом уналаа гэсэн үг. Үүнийгээ өөрсдөө төдийлөн муу гэж үзэхгүй яваа.

ОХУ ихэнх орлогоо байгалийн хий, газрын тосны борлуулалтаасаа олдог. Тодруулж хэлбэл эдгээр бүтээгдэхүүнээ доллараар зардаг. Газрын тос, байгалийн хий зарж олсон доллараа рубль рүүгээ хөрвүүлэхээр багагүй тоо гарч ирнэ. Түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөөд яваа дүр зураг ажиглагдаж байна. Улсын төсвийн хувьд тэр нь ашигтай байж болох ч ОХУ-ын импортын урсгал эрс хумигдсан учраас дотоодынх нь зах зээл дээрх бараа таваарын нийлүүлэлт ерөнхийдөө хумигдаж үнэ нь өсөх хандлагатай болж эхэллээ.

Ч.Хашчулуун

Өөрөөр хэлбэл хойд хөрш маань нэлээд том үнийн өсөлтийн давлагаанд өртөх нь гэсэн таамаг байна. Үүнээс шалтгаалж Оросын төв банк бодлогын хүүгээ нэмэх байх. Ноднин огцом уналт үзүүлсэн учраас өнөө жил түүнээсээ бага зэргийн өсөлттэй гарах магадлал бий. ОХУ-ын эдийн засаг асар том. Нөөц маш ихтэй. Ялангуяа хүнс, эрчим хүчээр дотоодын зах зээлээ зуун хувь хангадаг эдийн засаг. Аливаа эдийн засгийн хориг, инфляцаас болж богино хугацаанд салаад уначихгүй. Гэхдээ аажмаар үнийн өсөлт рүү явж байна, рублийн ханш унаж эхэлж байна.

Наад захын жишээ гэхэд Монголд нэг рублийг тавдугаар сард 50 төгрөгөөр сольж байсан бол одоо 36 төгрөг болоод буурчихсан. Хойд хөршийн жирийн иргэдийн хувьд Японоос ирдэг байсан машины импорт тасарч, баруун Европын тоног төхөөрөмж, электроникийн барааны эд анги байхгүй болчихоор өөр улсуудаас хайж эхэлсэн л дээ. Ялангуяа Казахстан, Гүрж зэргээс. Ийм шалтгаанаар эдгээр улс руу Япон, Герман, Европын улсуудын экспортлох хэмжээ огцом өссөн.

-Баруун Европын компаниуд хоригоос болж ОХУ руу бараагаа шууд нийлүүлж чадахгүй байгаа ч эдгээр улсаар дамжиж хангалтаа хийсээр яваа байх нь…?

-Тэгж хэлж болно. Ийм худалдааны урсгал манайд ч ажиглагдаад эхэлчихлээ. Европ талдаа биш Сибирь, Уралаас наашаа байдаг Оросын нэг хэсэг өмнө нь Солонгос, Японтой шууд харилцаж бараа бүтээгдэхүүн авдаг байсан юм. Гэтэл хоригоос үүдэж өнөө урсгал нь хаагдчихсан. Ингэнгүүт өнөө урсгал нь хүссэн хүсээгүй Монголоор явж эхэллээ л дээ. Энэ урсгал манай эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байна. Жишээ нь өнөө жил Монголд ирсэн гадаадын жуулчдын бараг 50 хувь нь оросууд байлаа.

Тэд өмнө нь Япон, Солонгосоос авдаг байсан бараагаа Монголоос авч эхэлсэн. Тэр нь манай үйлчилгээний салбарт эерэгээр нөлөөллөө. Зочид буудлын дүүргэлт сайн байсан нь ийм учиртай. Хоол, худалдаа, тэр бүү хэл захуудын борлуулалтад ч сайн нөлөө үзүүллээ. Монголын эдийн засгийн тухайд уул уурхай, хөдөө аж ахуйг эс тооцвол ерөнхийдөө наймаачин эдийн засаг. Тэр утгаараа орос жуулчдын хөл хөдөлгөөс эрс өссөн нь манай наймаачдад эерэгээр нөлөөлж байгаа нь илэрхий.

-Өнөө жил ирсэн жуулчдын тал хувийг оросууд эзэллээ гэхээр гайхаад байна л даа. Сошиалд хөвөрч буй мэдээллээс анзаарахад солонгосчууд олноороо ирсэн юм биш үү?

Ч.Хашчулуун

-Засгийн газрын огт төсөөлөөгүй урсгал байлаа л даа, оросууд. Орос, буриадууд олноороо ирсэн. Ирсэн хүнийх нь тоо 150 мянга. Солонгосуудын хувьд 77 мянган хүн ирсэн гэсэн тоо байна. Япончуудыг олноороо ирдэг гэж ярьдаг даа. Гэтэл өнөө жил 10 мянган япон л ирсэн. 4000 орчим герман жуулчин ирсэн статистик гарч.

-Манай Засгийн газар Солонгос болоод баруун руу л Монголоо сурталчилж аялахыг уриад байгаа. Гэтэл огт төсөөлөөгүй хойд хөршөөс жуулчдынх нь тал хувь нь ирчихэж. Хойд хөршийн жуулчид манай улсын талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бол гэсэн асуулт тавимаар л юм байна?

-Монголд ирэхийн тулд хамаг мөнгөө нөөцлөөд санхүүгээ бэлдээд ирж байгаа хүмүүс л дээ. Бид Оросыг сайн мэддэг. Тэр утгаараа оросуудыг ч бас “Монголыг сайн мэддэг” гэж төсөөлдөг байж л дээ. Ерээд оны өмнөх Монголыг оросууд мэддэг байсан нь үнэн. Хойд хөршийн иргэдэд тэр үеийн төсөөлөл нь үлдчихсэн байж. Баахан малтай, хөгжил муутай гэсэн төсөөлөлтэй явсан оросууд орчин үеийн Монголд ирээд шоконд орж байгааг сошиалаас нь тод харж болохоор байна л даа. Засмал зам сайн хөгжсөн, дэлгүүр, үйлчилгээ өндөр хөгжсөнд гайхсан шок давамгайлж байна.

Дал, наяад онд, ерэн оноос хойш төрсөн оросууд Монголыг мэддэггүй юм байна. “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс” гэх өөрсдийнхөө төсөөлөл төдийд л мэддэг, зарим нь бүр Монгол гэж ямар улсыг ч мэдэхгүй явсаар ирж л дээ. Түрүүн хэлсэнчлэн манайхыг зорьж ирсэн оросууд Япон, Солонгосоос авдаг байсан бараагаа Монголоос аваад буцаж байна. Товчхондоо дэлхийн брэндүүдийг авахын тулд, Монголын ноолуурыг худалдан авах гэж Монголд ирж шоппингдож байна.

-Хойд хөршийнхөн эерэг сэтгэгдэлтэй л буцаж. Тэгэхээр ОХУ-аас ирэх жуулчдын урсгал нэмэгдэх бололтой шүү?

-Нэмэгдэх байх. Энэ бол манай үйлчилгээний салбарт маш том боломж. Үйлчилгээний салбарынхан нэг зүйлийг анхаармаар юм билээ. Нэр, тайлбар гэх мэт зүйлсээ монгол, англиас гадна оросоор бичиж, тайлбарлах хэрэгтэй санагдсан. Бараа сонгох гэхээр худалдагчид нь нэг бараагаа тайлбарлах гэж хорин минут болсон гэсэн сэтгэгдэл байх жишээний. Орос хэлтэй худалдагч гэж байхгүй учраас google translate ашиглаж л харилцсан байна лээ.

-Өмнөд хөршийн хувьд бидэнд үзүүлэх давуу тал гэж байна уу?

-Урд хөршийн хувьд олон жилийн өмнө Японд бий болсон үзэгдэл буюу маш хүчтэй дифляц ажиглагдалж эхэллээ л дээ. Япон 1989 он хүртэл маш их хэмжээний иенийг үл хөдлөх хөрөнгө рүү оруулж байсан.

Газрын үнэ нь байнга өсч явсан. Ийм эдийн засаг байснаа 1989 онд эдийн засгийн өсөлт нт ерөнхийдөө зогсоод хөрөнгийн үнэ, тэр дундаа газрын үнэ их хэмжээгээр буурч эхэлсэн. Үүний үр дүнд барилга барьцаалж зээл олгосон банкуудын зээл чанаргүйд шилжээд, компаниуд нь маш их өртэй болж, дифляцийн цагаригт орчихсон.

Компаниуд нь өртэй, банкууд нь чанаргүй зээлтэй, иргэд нь худалдан авах чадваргүй, юмны үнэ өсөх биш буурдаг сонин үзэгдэл Японд гучин жил үргэлжилсэн. Наяад онд маш эрчимтэй хөгжиж, дэлхийн номер нэг болно гэж байсан эдийн засаг маань гучин жил зогсонги байдалд орчихсон.

-Яг ийм үзэгдэл Хятадад эхэлчихсэн гэсэн үг үү?

-Тэгж байна. Хятадын хувьд дэлхийгээс хөрөнгийг нь авч, дотооддоо хяналт, хүчээр үйлдвэрлэж, тэгж үйлдвэрлэсэн бараагаа дэлхий рүү буцаагаад гаргаж байсан. Ингэж ашиг олж, ажлын байр үүсгэж, технологитой болж явтал энэ загвар нь 2008 онд ажиллаж чадахаа больсон. Хятадын Засгийн газар тухайн үед маш их хэмжээний нөөцтэй байсан учраас дотооддоо эдийн засгийн эрэлт бий болгоё, гадныхан бараа авахгүй бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулъя гэсэн бодлого руу шилжиж эхэлсэн.

Ч.Хашчулуун

Тийм учраас Хятадын эдийн засаг дотоодын төмөр зам, онгоцны буудал, барилга, дэд бүтцийн төслүүд рүү асар их мөнгө хийсэн. Ингэж хийхдээ зөвхөн төв Засгийн газрын биш, орон нутгийн засаг захиргаанууд ч бонд гаргаж, дээр дурдсан үйл ажиллагааг их хэмжээгээр санхүүжүүлсэн л дээ. Хувийн компаниуд нь яг Японд болж өрнөсөн үйл явц шиг газар, барилгаа барьцаалж зээл авч томоохон хотуудыг богино хугацаанд байгуулах ажил өрнүүлсэн. Ийм шалтгаанаар эдийн засгийнх нь өсөлт арван жил орчим хугацаанд дажгүй байсан.

Гэхдээ байдал 2018 оноос өөрчлөгдсөн. АНУ-тай хийсэн худалдааны дайны нөлөө аажмаар илэрч эхэлсэн. Өнөөгийн байдлаар Хятадын эдийн засаг дахь хөрөнгө оруулалт аажмаар агшсан байгаа.

Америк руу гаргадаг их хэмжээний барааны урсгал нь багасчихсан. Технологиос үүдсэн маргаан зөрчил хурц хэвээр яваа. Энэ мэт шалгаанаар Хятадын эдийн засаг удааширч эхэлсэн. Эдийн засгийн өсөлт нь удааширчихаар өнгөрсөн арван жилийн турш идэвхийлэн барьсан том барилгууд борлуулалтгүй болж эхэлж таарна. Өнөө том барилгуудыг барьцаалж зээл өгсөн банкуудын зээл чанаргүй ангилалд шилжиж таарна. Иргэд нь байр авч чадахаа больсон. Учир нь байрны зээлүүд гарахаа больчихон.

Нөгөө талаас нь харвал барилгын компаниуд нь барилгаа борлуулж чадахгүйд хүрсэн. Найман сарын байдлыг анзаарахад хөрөнгийн үнэ нь буурах хандлагатай болчихож. Хятад бол үүнийгээ дифляцын үзэгдэл бий боллоо гэж байгаа. Эдийн засаг онол талаас нь дифляцийг айхавтар муу үзүүлэлт гэж хардаггүй. Гэхдээ санхүү талаасаа бол аюултай зүйл.

-Тэгэхээр Орост инфляц, Хятадад дифляц үүсчихэж. Оросын хувьд инфляц нь манайд эерэгээр нөлөөлөөд эхэлж. Хятадын дифляц бидэнд ямар байдлаар нөлөөлөх бол?

-Хятадын хувьд үнэ нь буурсан бараагаа борлуулах хүсэлтэй байгаа. Дэлхий даяар эдийн засаг санхүү тогтворгүй, Европ руу бараа заръя гэхээр өнөө улсууд нь хямралтайгаас гадна тээвэрлэлийн бүх суваг нь дайнд нэрвэгдчихсэн, Америкийн эдийн засаг аажмаар хаалттай болж яваа гээд яривал асуудал их байна. Өөрөөр хэлбэл урд хөрш барааны илүүдэлтэй, хойд хөрш барааны дутагдалтай гэсэн зовлонтой нүүр тулаад байна л даа. Ийм сонин үзэгдэл дунд бид аж төрж байна.

Манай улсын сүүлийн хоёр жилийн эдийн засгийн өсөлт үндсэндээ уул уурхайгаас үүдсэн. Уул уурхайгаа харахаар үндсэндээ боловсруулалтгүй, эсвэл маш бага боловсруулалттай бүтээгдэхүүн экспортлодог. Уул уурхайн бүтээгдэхүүнээ жил бүр өснө гэж тооцоолоход хэцүү. Учир нь сая хэлсэнчлэн Хятадын зах зээл эвгүй болж эхлэх гээд байна.

Монголд дургүйдээ ч биш, эдийн засаг нь зогсчихсон учраас манайхаас авах уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэх боломжгүйд хүрч байна гэсэн үг. Тэр утгаараа өнгөрсөн жилийнхээс илүү хэмжээгээр бүтээгдэхүүн авч чадахгүй байх өндөр магадлалтай. Гэтэл манайх жилийн төлөвлөгөө, өсөлтийн прогнозоо хийхдээ улам ихийг зарна гэж тооцдог. Улам их нүүрс, зэс зарна гэж төсөөлж төсвөө хийдэг улс.

-Бас зэс, нүүрсээ улам өндөр үнээр зарна гэж төсөөлдөг…?

Ч.Хашчулуун

-Таны хэлсэн шиг өндөр үнээр төсөөлдөг нь үнэн л дээ. Манайх эдийн засгаа өснө гэж төсөөлдөг, гэтэл эдийн засгийн өсөлтийн маань гол шалтгаан уул уурхайн бүтээгдэхүүний экспортын зах зээл. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын зах зээл унана гэдэг таамаг бол огт бидний хувьд ер тооцоолоогүй эрсдэл. Бид урд хөршөө дэлхийн асар том зах зээл хэвээр, улам л томроод явна гэж төсөөлж байтал Япон шиг хорь, гучин жил хямарч магадгүй эрсдэлтэй нүүр тулчихлаа.

-Хятадын эдийн засгийн өсөлт хэдэн арван жилээр удааширч мэдэх нь гэсэн таамаг таагүй мэдээ шүү, бидэнд. Экспорт маань тэр хэвээр удааширвал өнөө яриад байдаг эдийн засгийн өсөлтийн гоё тоонууд цаасан дээр үлдэж мэднэ…?

-Тийм эрсдэл байна. Ядаж Түркийн хэмжээнд эдийн засгаас өсгөе гэвэл өнөөдөр гаргаж байгаа нүүрс, зэсийнхээ хэмжээг хоёр дахин өсгөхөөс аргагүй. Гэтэл тийм боломж хэцүү болсныг та бид хоёр сая ярилаа.

-Тэгэхээр одоо яах вэ?

-Шинэ мөртлөө өмнө нь ярьсаар ирсэн асуудал руугаа эргэж орохоос аргагүй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох хэрэгтэй. Зэсээ хайлуулах ёстой. Нүүрсээ гүн боловсруулах шаардлагатай.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img