2024-05-03, Баасан
8 C
Ulaanbaatar

Монголоор дайрах “Сибирийн хүч-2” цаасан дээрээ үлдэх нь

ОХУ Хятад руу нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд “Сибирийн хүч-2” хоолойг барихаар олон жилийн турш төлөвлөж байна. Нэг хэсэг нь Монголын нутгаар дайрах энэ хоолой Хятад, Орос, Монгол гэсэн гурван улсад ашигтай гэж үзэн энэ төсөлтэй холбоотойгоор олон жил ярьж, бичиг цаас боловсруулж, уулзалт, хэлэлцээр хийсэн ч төдийлөн урагшилсангүй.

2023 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жинпинь Москвад айлчлах үеэр хоёр тал “Сибирийн хүч-2” хоолойн төслийн талаар эцэслэн тохиролцсон гэж ОХУ мэдээлж байсан ч Хятадын тал энэ төслийн тухайд дорвитой хариу өгөөгүй гэж барууны орнуудын хэвлэл мэдээлж байсан юм.

Харин үүний араас Орос, Монголын хамтарсан уулзалтууд идэвхжиж, хийн хоолойн барилгын ажил хэзээ мөдгүй эхлэхээр болсон талаар ч сураг дуулдаж, хоёр талт хэлэлцээрүүд ар араасаа хийгдэж байв. Гэтэл энэ төсөлд гол үүрэг гүйцэтгэх тал буюу хийг худалдаж авах Хятадын тал дорвитой хариу өгөөгүй хэвээр л байна.
Владимир Путин ийнхүү “Сибирийн хүч-2” хоолойг барихыг Хятадын талд ятгаж байх зуур Хятад өөр газраас хийн хэрэгцээгээ хангаж байгаа юм.

Энэ удаад Катарын QatarEnergy төрийн корпораци БНХАУ руу байгалийн шингэрүүлсэн хйи нийлүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурахаар бэлдэж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.

Байгалийн шингэрүүлсэн хийн дэлхийн томоохон экспортлогчдын нэгд тооцогддог QatarEnergy өмнө нь Хятадын СРСС—тэй 27 жилийн гэрээ байгуулсан. Үүний араас БНХАУ даа үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр хоёрдугаарт бичигддэг Sinopec газрын тос, хийн компанитай мөн л гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Франц, Итали, Британи, Амщрикийн компаниудтай ч урт хугацааны гэрээ байгуулахаар зэхэж байгаа аж.

Ингэснээр, дайны улмаас хоригт орж, хийн нийлүүлэлт нь өнгөрсөн онд эрс унасан Оросын хийг Европ, Хятадад Катарын хий орлохоор болж байна.

Нэгэнтээ Европын томоохон ханган нийлүүлэгч байсан “Газпром” өнгөрсөн онд 28 тэрбум кубметр хий шахсан нь 1975 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон бол 22 тэрбум кубметрийг нь Хятад руу заржээ. 2024 онд “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулах хий 30 тэрбум куб болж өсөх хэдий ч хийн хоолой бүрэн хүчин чадлаараа буюу жилд 38 тэрбум куб хийг шахсан ч гэлээ өмнө нь Европ руу нийлүүлдэг байсан хэмжээнийхээ ердөө тавны нэгд л хүрэх юм.

Путин Хятадад хандан жилд 100 тэрбум кубметр хий шахах санал тавьсан. Гэвч өнгөрсөн оны гурав болон 10 дугаар сард болсон Путин, Ши нарын уулзалт үр дүнд хүрээгүй бөгөөд БНХАУ “Сибирийн хүч-2” төслийн гэрээнд гарын үсэг зураагүй юм.
Шинээр хийн хоолой барихад Хятад улс нэг ч юанийг гаргах хүсэлгүй байгаа, хийн хоолой барих олон тэрбумын хөрөнгийг Орос өөрөө гарган барих саналыг Хятадын тал тавьсны дээр Оросоос нийлүүлэх хийнд их хэмжээний хямдрал шаардаж байгаа талаар үйл явдалтай ойр, Москва дахь эх сурвалж The South Chine Morning Post сонинд өгүүлж байв.

“Оросоос илүү хүчтэй байр суурин дээр байгаа учраас өөрийн болзлыг тулгаж болно гэдгийг Бээжин сайтар ойлгож байгаа. Хий хоолой барих тал дээр ч тэр, Бээжин, өөрөөс нь нэг ч зардал гарахгүй, ямар ч эрсдэлгүй байхыг хүсэж байгаа. Хийн хоолой барих бүхий л зардлыг бүрэн гаргах тал нь ОХУ болж байгаа юм” хэмээн эх сурвалж өгүүлж байлаа.

Энд дуулгахад, Олон жил яригдсан “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой нь Монголын нутгаар дайрч Хятадыг чиглэхээр төлөвлөгдсөн. Хоолойн нийт урт нь ойролцоогоор 6,7 мянган километр байх бөгөөд үүнээс 2,7 мянга нь Оросын унтгаар дамжин өнгөрөх аж. Энэ хоолойн хүчин чадал нь жилд 50 тэрбум куб метр хий шахна гэж төсөлд тусгагджээ.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

    • Ийм хогийн дээрэлхүү төр засагтай байх юм бол хол байсан нь дээр.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img