2024-12-03, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Төрийн соёрхолт С.Саранцацралт: Өмчилж, атгах нь хайр биш, хайр бол эрх чөлөө

Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралттай ярилцлаа.

-Өмнөх ярилцлагадаа та Л.Өлзийтөгсийг “Ямар ч амбицгүй, дотогшоогоо урссан шүлгүүдтэй. Зүгээр л энэ ертөнцөд зүв зүгээр байгааг олоод харчихсан нь гоё” гэж байсан. Тантай ярилцаад суухад ч яг ийм мэдрэмж төрдөг шүү. Ингэхэд та Л.Өлзийтөгс найрагчтай хэр дотно вэ?

-Л.Өлзийтөгстэй өдөр бүр уулзалдаж тэврэлдээд гүйлдэх хэмжээний ойр биш. Таарахаараа мэндийн зөрүүтэй л хүмүүс. Бүтээлийг нь уншихаар ойрын найз шиг мэдрэмж төрдөг. Ер нь уран бүтээлч хүмүүс өөртэй нь авцалдах, дотоодтой нь ойрхон энергийг мэдэрдэг шиг байгаа юм.

-Яруу найрагчдын шүлгийн мөртийг зурагтай хослуулсан таны үзэсгэлэн сонирхолтой санагддаг. Шүлгүүдээ яаж сонгож байсан бэ?

-Таны онцолсон үзэсгэлэнгийн тухайд уран бүтээлээс уран бүтээл төрүүлэх туршилт хийж байсан юм. Найрагчдын шүлгээс яг хайку шиг нэг юм уу хоёр үгэн дээр нь сэрэмж авч, тэр сэрэмжээсээ улбаалж бүтээлээ хийсэн. Нэг эмэгтэйн тухай шүлэг уншлаа гэхэд яг тэрийг нь давтаад хөрвүүлчихэж байгаа хэрэг биш. Орчлон хорвоо дээр он цагаар хэлхэгдсэн уран бүтээлч хүмүүсийн нэг тийм гоё сүлжээ байдаг даа. Үлдээсэн мөрөн дээр чинь өөрийнхөө мөрийг нэмье гэдэг шиг нандин сүлжээ. Надад ингэж л мэдрэгдлээ гэсэн мөртүүдийг сонгож бүтээл хийсэн.

Мэдээж миний мэдэрч чадаагүй өчнөөн сайхан цаана нь бий. Д.Батбаяр гуайн “Салхи” гээд гурав, дөрөвхөн мөртэй богино шүлэг байдаг юм. Эр хүний тухай шүлэг. Салхинд итгэх хэрэггүй, орхиж явах мөн чанартай шүү гээд. Энэ санаа мэдрэмж дээр дөрөөлөөд яг тэр уран бүтээлээс нь ахиад нэг уран бүтээл гараад ирчихэж байгаа юм.

-Хэзээ нэг цагт Соосай зураачийн хөргийг бичвэл тантай уулзаж хуучин нийгмийн үед тод гялалзаж явсан тэр зураачийн тухай яриулна гэж боддог юм. Төгс-Оюун зураач та гурвыг ойр дотно байсан гэж сонссон…?

Сранцацралт-Оюутан байх үед сэтгэлийн утсыг хөдөлгөсөн мундаг зураач л даа, манай Соосай гуай. Ярилцаад суухад их гоё. Надаас хорь, гучин насаар ах биш юм шиг яриа өрнүүлнэ. Соосай гуайг анх Төгс-Оюунтай хамт ханын шигтгэмэл хийж байхад нь харсан юм. Төгсөө Соосай гуайтай их ойрхон. Хоёулаа мундаг зураачид. Төгсөө бид хоёр Соосай гуайг зорьж их очдог байлаа. Төгс-Оюун надаас ес билүү арав эгч. Намайг Дүрслэх урлагийн сургуульд байхад төгсчихсөн байсан л даа. Нэг их гоё эгч үе үе сургууль дээр ирнэ. Бидний бахархал байлаа. Одоо ч миний хувьд тэр мэдрэмж хэвээрээ. Модерн эмэгтэй зураачдын түүчээ болсон хүн.

-Төгс-Оюун зураач та хоёр одоо ч ойр холбоотой юу?

-Төгсөөтэйгөө одоо ч холбоотой. Өдөр тутам уулзаад ярьж хөөрөөд байдаггүй ч сэтгэл зүрхэндээ байнгын холбоотой улсууд байдаг даа. Бид тийм улс. Би хүнтэй ингэж найзлах дуртай. Холоос санаад байж байх нь илүү хүндэтгэлтэй, илүү гоё санагддаг. Ер нь ямар ч хүнтэй идэж уугаад, хоол ундаа хольж солилцох хэмжээнд дотно байж чаддаггүй. Хэдийчинээ дотно байх тусмаа төдийчинээ хол байх дуртай. Хэн хэндээ үргэлж шинэ, үргэлж нууц байвал харилцаа нандин янзаараа удаан үргэлжилдэг.

-Таны “Оюун санаагаа аваръя” контемпорари үзэсгэлэнгийн алтан жорлон ихийг өгүүлж байсан шүү. Та тэр үед “Жаахан хүүхдүүд аавынхаа авч өгсөн дугуйг гайхуулдаг шиг гайхуулбал л бах нь ханадаг хандлага нийтлэг болчихож. Жорлонгоо хүртэл гайхуулна” гэж байсан. “Арай ч алтан жорлон суурилуулчихаад, тэрийгээ гайхуулахдаа тултлаа сэтгэлгээ ядуураагүй байлгүй дээ” гэж бодож байснаа гэнэт саналаа…?

-Алтан жорлонгоо гайхуулахтай таарч, тэр явдлаас сэдэл авч хийсэн бүтээл шүү дээ.

-Хөөх, гайхмаар сэтгэлгээ байна…?

-Харин тийм байгаа биз. Тухайн үед “Алтан жорлонгоо гайхуулж байна шүү дээ, ямар сонин сэтгэлгээ вэ” гэж бодсон шүү.

-Алтан жорлонгийн дэргэдэх алтан шар өнгийн чихэвчээр нэг дуу сонссон, хуучны хүрээ маягийн дууны аян дээр үг зохиогоод дуулчихсан байсан… Ямар дууны ая байсан бэ?

Сранцацралт– “Хэен хуар” гээд хуучны дуу. “Уудаг л усыг минь сураглаад асуувал ай хө Урд талын гурван худагны дунд талын алтан худаг аа ай хө Хэен хуар хэзээнээсээ мөн дөө” гэсэн үгтэй. Тэрнээс санаа аваад “Суудаг жорлонг минь сураглаад асуувал …” гэж ирээд одоо цагийн хэт гайхуулалтыг харуулсан утгатай үг зохиочихсон юм. Нийгэм ийм ядуу байхад гайхуулах сэтгэлгээ ингэж газар авсныг бүтээлээрээ шүүмжилсэн хэрэг. Өнгөрсөн зууны хориод оны гайхуулах сэтгэлгээ одоо ч хэвээрээ байгаа биз. Ингээд анзаарахаар хүн төрөлхтний гайхуулалт дуусахгүй байх.

Гэхдээ гайхуулмаар санагдаад тэвчихгүй бол зиндааны хүмүүс дотроо гайхуулах хэрэгтэй. Нийгэм ийм ядуу байхад шулсан яс авч шөл гаргаж ууж байгаа хүнд алтан жорлонгоо гайхуулна гэдэг ухамсрын хэт доройтол. Мөнгөтэй байж болно, хураасан мөнгөөрөө алтан жорлон худалдаж авч болно, энэ бол байх зүйл. Өөртөө л кайфтай хэрэглээд явбал болоо биш үү. Алтан жорлон гэдэг модтой чихэр шиг хүн бүрд гайхуулдаг эд мөн үү. Гээд ухвал өчнөөн асуулт гарч ирнэ. Нийгэм ийм дорой байхад энэ мэт гайхуулалт ихэсвэл үзэн ядалт илүү ширүүснэ, нийгмийн зааг ялгаа улам томорно.

-Та энэ жилдээ багтаж контемпорари үзэсгэлэн гаргах уу?

-Ирэх жил гаргахааар төлөвлөсөн. Уг нь энэ оны есдүгээр сард гаргах бодол байсан ч амжихааргүй болчихлоо. Эрэгтэй хүний 100 ширхэг пиджак авах шаардлагатай байгаа юм. Солонгос руу захиалсан чинь дөч гаруй нь ирчихээд, үлдсэн хүлээгдэх янзтай байна.

-Нууц биш бол сая хэлсэн 100 пиджакаа ямар бүтээлд ашиглах гэж байгаа вэ?

-Эрх мэдэлтнүүдийн увайгүйтлийг харуулсан бүтээл хийхдээ ашиглана. Оффшор, хулгай гээд өчнөөн увайгүйтэл байна шүү дээ.

-Пиджакууд эрх мэдэлтнүүдийг төлөөлөх нь ээ?

-Тэгнэ. Пиджакууд олон халаастай, халааснууд нь цоожтой байх юм.

-Илэрхийлэх гэж байгаа санааг тань ойлгочихлоо. Ганц бүтээлд 100 пиджак гэхээр үзэсгэлэнд нэлээд зардал орох юм байна даа?

-Ер нь контемпорари үзэсгэлэн зардал ихтэй байдаг.

-Уран бүтээлийн дэмжлэг өгдөг сангуудад хандах тохиолдол гарах уу?

-Гадны улсуудын тухайд ийм сангууд ажилладаг. Уран бүтээлчид нь үзэсгэлэнгийнхээ концепцийг бичээд орвол бүтээлд нь ашиглагдах зарим зүйлс дээр донэйшн өгдөг юм. Иймэрхүү сан манайд байхгүй учраас хувь уран бүтээлч өөрсдөө л зардлаа хариуцна.

-Ингэхэд та бид хоёрын сая ярьсан алтан жорлон жинхэнээсээ алтаар бүрсэн эд байсан уу, эсвэл алтан шаргал өнгөтэй суултуур ашигласан уу?

-Жинхэнээсээ алтан шармал суултуур байсан. Бээжингээс захиалж авчирсан юм.

-С.Саранцацралт гэдэг хувь хүн рүү өнгийсөн асуултуудаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хүмүүс би ээжээсээ тийм чанарыг нь, ааваасаа тийм талыг нь авсан гэж ирээд ярьдаг даа. Аав, ээжээсээ авсан зан чанар гээд яривал…?

-Ээж, аавынхаа хүчтэй энергиэс бүтсэн ч аав, ээжийнхээ тэр, энийг нь дуурайжээ гэх мэт бодол төрдөггүй. Өөрөө өөрийгөө хөгжүүлэхийг л боддог. Аавдаа, ээждээ дулдуйдаад муу байгаагаа аавынхаа тэрийг дуурайснаас болоод ингэчихлээ гэх мэтээр харж, сэтгэж амьдрах нь утгагүй.

Би дуураймал нэгэн байхыг хүсэхгүй, ээж, аав хоёр маань ч намайг өөрсдөөсөө тасалж үлдээсэн зомби маягийн зүйл гэж харж төрүүлж, өсгөөгүй нь тодорхой. Ер нь генд нэг их ач холбогдол өгдөггүй. Би гэдэг чинь тусдаа ухамсраас бүтсэн хувь хүн шүү дээ. Тэр утгаараа ухамсар, оюун санаагаа илүү ихээр хөгжүүлж, өөрийнхөө ертөнцийг бүтээж амьдрах сонирхолтой. Багаасаа л тийм хүүхэд байсан.

-Хэнд ч сэтгэл үймрэх үе гардаг. Жишээ нь би гэхэд л сэтгэл дэнсэлгээтэй хэцүү үедээ ширээн дээрээ цэцэг тавьчихаар сэргэчихдэг. Сэтгэл үймэрсэн үедээ юунаас сэргэлт авдаг вэ?

Сранцацралт-Ноход маань миний хамгийн том сэргээгчид. Хөөрхөн бор шувуу, хэрэмнээс эхлээд манай зуслангийн хашаанд цугладаг амьтад бас бөөн сэргээшүүд. Зориулж авсан бяслаг, талх, будаагаараа хэрэм, шувуугаа тэжээгээд эхлэхээр л элдэв стресс ор мөргүй алга болдог. Байгалийн тэр их хүч, цэвэр тунгалаг энерги хүний сэтгэлийг тэр дор нь тэнцвэрт байдалд нь оруулчихдаг шидтэй.

-Танай хоёр нохойны түүхийг сонсоод муур үрчилж авсан, нээрээ?

-Дүүрэн хайр байгаа биз.

-Өмнөхөөсөө ч халуун дулаан уур амьсгал бүрддэг юм билээ.

-Гоё шүү дээ. Бөөн хайрууд. Мэдээж нөхөр, хүүхдээ гэх хайр эрхэм. Гэхдээ амьтдын хүнд өгч байгаа хайр шиг тийм том хайрыг хүн хүндээ өгч чаддаггүй. Хайрлаж байна гээд зовоохоос цаашгүй аж төрдөг. Ер нь хайр гэдэг хүний ертөнц дотор зовлонгийн нэг үндэс болчихоод байдаг шиг санагддаг.

-Хайрыг өмчлөх гэж буруугаар ойлгоод байдаг нь эргээд зовлон болчихдог шиг. Танд тэгж санагддаг уу?

-Тийм шүү, ингээд ирэхээрээ хэцүү. Хайр гэдэг нэрэн доор хүчирхийлэл явагдаж байдаг. Би хайртай учраас чамайг ингэсэн, хайрлаж байгаа учраас тэгсэн гээд эхэлдэг. Оюун санааныхаа анатомиор өөрийгөө мэдэрчихсэн хүн ингэдэггүй. Бусдыг тэр хэмжээгээрээ хайрлаж, чөлөөлж чаддаг. Ер нь хайр бол эрх чөлөө. Хайрлаж байгаа бол чөлөөлөх хэрэгтэй. Хайртай хүнээ савраараа атгачихвал хайр биш өөр зүйл болоод хувирчихна.

-Таны хоёр нохой их содон нэртэй шүү…

-Би уг нь найман нохойтой байсан юм. Бурхандаа явсаар ганц нь л үлдсэн. Таны асуусан хоёр нохойны нэг нь Тодмагнай, нөгөө нь Хандаа. Хамгийн залуу нь болох Хандаа маань л хамт байна. Одоо 13 настай. Нохойндоо хөгшин гэдгийг нь мэдрүүлэхийг хүсдэггүй. Хажууд нь залуу сайхан, эрүүл саруул гэж магтана. Эмч нарт нь “Дэргэд нь муухай юм ярьж болохгүй шүү” гээд захичихсан болохоор үзүүлэх гэж очих бүрд нь “Яасан сайхан, ямар бяцхан охин бэ, эв эрүүл байна шүү” гэнэ шүү дээ (инээмсэглэв).

Ер нь бүх нохойндоо муу үг хэлдэггүй байсан. Бясалгалд явж байхдаа нэг түүх сонссоноосоо хойш байнга магтдаг болсон юм. Хэсэг эрдэмтэд хоёр мууран дээр туршилт хийж л дээ. Нэгэнд нь аль сайхан үгсийг хэлээд байж. Харин нөгөөд нь хэцүү, муухай үгс хэлж шүүмжлээд хэсэг хугацаа өнгөртөл магтуулж байсан нь залуужиж эрүүлжээд, байнга шүүмжлэл сонссон нь сэтгэлээр унаад үхчихсэн гэдэг. Тэр түүхийг сонссоноос хойш амьтан бүрийг магтдаг болсон. Аалзыг ч гэсэн магтдаг. Зуслан дээр аалз таарвал магтаж өгнө. Тэгэхээр айхаа болиод гутал, гаран дээр гарч ирдэг юм. Хорхой шавж хүмүүсээс айгаад юмны доогуур шургаж зугатдаг бол магтаад байхаар тайван болоод огт зугатдаггүй. Сэтгэлээс гарсан эерэг үгийн шид ийм хүчтэй. Чи нэг туршаад үзээрэй.

СранцацралтЕр нь амьдарч буй орчлонгоо бүр томоор харвал бидний амьтай, амьгүй гэж боддог бүхэн энергийн, эрчим хүчний солилцоо, долгион дунд оршдог. Ийм байхад амьтдыг хөнөөж, яргалах нь надад ямар үр нөлөө үзүүлэх вэ гэж өөрөөсөө асуух ухаан сэхээтэй аж төрөх учиртай. Өөрийнхөө нэг эд, эсийг үхүүлж байгаагаас ялгаагүй шүү дээ. Нисэж байгаа шувуу руу чулуу шидэж унагавал өөрийнхөө бүхэллэг юмнаас хэсгийг нь тасдаад шидэж буйгаас өөрцгүй. Ийм том шалтгаан байдаг учраас бүх зүйлтэй хармонилог, эв зохицолтой найрсалтайгаар амьдрахыг боддог. Би жаахнаасаа амьтанд хайртай хүүхэд байсан.

-Таны хамгийн их олзуурхдаг зүйл…?

-Хамгийн том олзуурхал гэвэл “Азтай савар”-ын залуус байна. Эзэндээ хаягдсан, гэмтэж бэртсэн амьтдыг өчнөөн зуугаар нь олж, сайн эзэнтэй болгож, эмчилж эдгээдэг мундаг залуус. Залуус өөр байна шүү, амьтанд байгальд хайртай нь бүр баярламаар. Биднээс ч илүү ёс суртахуунтай. Хогоо хаяхгүй, хүнтэй хэрэлдэхгүй, автоубусанд ороод шахалдаж муухай харалцахгүй.

Манай ирээдүй ер нь гоё байна. Ариунзаяа гээд хөөрхөн хүүгээр бахархдаг. Миний залуугийн мөрөөдлийг биелүүлж яваа хүү. Хоёр зуу гаруй нохой, гучаад муур тэжээдэг. Ганцаараа өсгөж байгаа зориг нь мундаг байгаа биз. Дэмжиж тусалдаг хүмүүс өчнөөн байдаг нь бас их гоё. Би Ариунзаяаг дотроо маш том медалиар шагначихсан (инээв).

-Сүүлийн үеийн зарим ээж, аавыг анзаарах нь ээ хүүхдээ хэт хайрцаглаад байх шиг санагддаг. Чи тэгэх ёстой, заавал ийм мэргэжил эзэмших ёстой гэх мэт хандлага тод ажиглагддаг. Хүүхдийг ингэж хайрцаглахын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Хүмүүст зөвлөх хэмжээний мундаг гэр бүл судлаач биш ч гэлээ асуусан учраас бодлоо хэлье. Намайг өнгөцхөн харсан хүмүүс хүүхдээ тоодоггүй ээж гэх байх. Жаахан байхад нь өвдүүлэхгүй, дааруулахгүй, өлсүүлэхгүй өсгөхсөн гэж боддог байсан. Том болчихоороо өөр шүү дээ, даарвал хувцсаа өмсчихнө, өлсвөл хоолоо идчих учраас заавал барьж авч командлаад байх шаардлагагүй гэж боддог. Охидыгоо багад урландаа хэд хоногоор ажиллах бүрдээ өөрийгөө өөдгүй ээж юм даа гэж боддог байлаа. Одоо эргээд харахад охидоо “базаагүй” өсгөсөн юм билээ.

Ер нь дур зоргоор нь тавихад хальж шальдаггүй, дур зоргоор нь тавихгүй байсны шанд харин улам дур зоргоороо болдог юм шиг ээ.

Миний хувьд охидоо дуртай хөгжмөө сонсог, дуртай гутлаа өмсөг, дуртай шивээсээ хийлгэг, өөрийнхөөрөө л байг гэж өсгөсөн. Өөрийнхөөрөө өссөн хүн амар тайван байдаг, амар тайван хүн аяндаа амар тайван руугаа л урсаад ордог шиг санагддаг. Гэхдээ миний буруу гэж бодсон зүйл бусад хүнд зөв байж болно. Өөрийнхөө бодлыг зуун хувь зөв гэж харж сэтгээд хүмүүсийг уриалж дуудаж, хүмүүст зөвлөхөөс айдаг.

-Сүүлийн үед сошиал дээр нэг хандлага их тод анзаарагдах боллоо. Хүнийг байгаа байдлаар нь их шүүх юм. Жаахан ядруухан яваа нэгнийгээ элдвээр гоочлохоос эхлээд эмзэглэх хандлага их байна аа…?

Сранцацралт-Хүний оршихуйг хүндэтгэхгүй байж болохгүй. Траншейнд амьдардаг хэрнээ оюуны өндөр чадамжтай хүн байж болно. Тэндээ асар аз жаргалтай амьдарч байвал яахав. Өөрийнхөөрөө дүүрэн аз жаргалтай оршиж байхад нь заавал гэр өгөх гэж зүтгээд байдгийг ойлгодоггүй. Зохиосон оршихуйдаа хэр зэрэг аз жаргалтай байна гэдгээр л амьдралын чанар тодорхойлогдоно.

-Бас энэ намайг ингээд хэлчихлээ, тэр намайг тэгээд постолчихлоо гээд сэтгэл гутралд орж элдэв бурууг хийх хандлага нийтлэг болчихож. Тэр дундаа өсвөр насныхны дунд анзаарагдах болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Ийм сэтгэл зүйтэй хүмүүст нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөө хэргээ өгөх байх гэдэг утгаар таныг бодлоо хуваалцаач гэж хүсэх гэсэн юм.

-Ямар цагаан хоолой бариад би тэгээгүй шүү гэж хашгиралтай биш, хэцүү л дээ. Хүн болгон амтай, өөрийн гэсэн оюун санаатай. Түүгээрээ шүүгээд надад өгч байгаа үнэлгээ нь тэр л биз гээд орхичих хэрэгтэй. “Би доллар, евро биш. Намайг хүн бүр баярлан талархан хүлээж авах шаардлагагүй” гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрчих нь илүү амар. Нэг гоё үг байдаг даа, идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэнэ гэж. Хэсэг ярьж байгаад залхаад больчих нь үнэн. Эсвэл тэр хүний сайн талыг нь олж харчихаад амаа хамхиж магадгүй. Ер нь бусдын үгээр хүнийг дүгнэх нь нялх оюун сэтгэлгээний л шинж. Бусдын амаар шүүнэ гэдэг тархи толгойгүйг нь л харуулж байгаа хэрэг шүү дээ.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

5 СЭТГЭГДЭЛ

  1. Миний хүндэтгэн хайрлаж явдаг зураач, соён гэгээрүүлэгч. Сайхан хүн дээ. Гаднаасаа ч дотроосоо ч хайр энэрэл, гүн ухаан, сайн сайхан бүхэн гэрэлтсэн авьяаслаг уран бүтээлчдээ өндрөөс өндөр амжилт, сэтгэлийн амар амгаланг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img