2024-05-26, Ням
15 C
Ulaanbaatar

С.Саранцацралт: Насанд хүрч төлөвшсөн хүн шиг эх орондоо амьдрах л ЭХ ОРОНЧ үзэл

Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралттай ярилцлаа.

– Хүнээс дутахгүй амьдарна гэдэг их муухай хандлага –

-Тантай ярилцахын нэг гоё нь Таныг танилцуулах оршил хэсэг шаардлагагүйд байдаг юм байна шүү дээ. Танаас амьдралын хэв маяг сонирхож, дотоод ертөнц рүү чинь өнгийх хүсэл байхад л хангалттай мэт. Тэгэхээр амьдралын философиос эхэлмээр байна, ярилцлагаа?

-Хүнд аль болох хүндрэл учруулахгүй, гайхуулж, өрсөлдөж, тэмцэлдэхгүйгээр зүгээр л мөрөөрөө амьдрах сонирхолтой. Нам гүм орчин бүрдүүлээд хайртай нохой, шувуугаа асраад амьдрах л сайхан. Би амьтдыг хүнд хайрлахыг заадаг, хайранд сургадаг багш гэж боддог. Гарын таван хуруунд багтахаар цөөхөн найзтай. Эршүүд талдаа. За гэвэл за, үгүй бол үгүй. Дургүй бол дуугүй зайгаа барьчихдаг. Дуртай бол яаж ч байсан салдаггүй, бүх насаараа найзалчихдаг. Долигонох, тал засах дургүй. Ийм л хүн. Ямар ч хүнтэй хүн ёсоор харилцах л сайхан. Ерээд онд манай хажуухны траншейныхан траншейнаасаа цухуйгаад “Сараа эгч ээ та шүү” гэж хашгирдаг байж билээ. Өдөрт хорин хуушуур аваачаад өгчихдөг байсан юм. Тиймхэнд талархана гэж жигтэйхэн. Байрныхаа гадаа машинаа тавьчихаар хэнийг ч ойртуулахгүй хамгаалаад. Талархах сэтгэл нь хайр хүрэм байгаа биз. Тэр хүмүүс анхнаасаа траншейнд төрөөгүй, амьдралын нугачаанд хэн ч, хаана яаж амьдрахыг тааж мэдэх аргагүй шүү дээ.

-Долигонох дургүй гэснээс Монгол Улсын ерөнхийлөгч урланг чинь зориод очиход таныг үүдээ тайлж өгөөгүй гэж сонссоноо гэнэт саначихлаа. Энэ зохиомол түүх үү, эсвэл үнэхээр тийм явдал болж байсан юм уу?

-Тийм тохиолдол бий.

Ц.Элбэгдорж л доо. Чамайг дотор нь суугааг мэдэж байна шүү” гэж хашгирч л байсан (инээв).

-Хүн өөрийгөө бүтээдэг үү, эсвэл хүний мөн чанар ойр тойрны хүмүүсийн нөлөөгөөр бүрддэг юм болов уу?

-Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэдэгт илүү итгэдэг. Хүүхдийг төрсөн цагаас эцэг эх нь кодолчихдог л доо. Нэрийг нь өгнө, өрөөг нь тохижуулж өгнө, ингэ тэг гэж зааж зааварлана. Мэдээж багаас нь өгсөн энэ код хүний амьдралд нөлөөлнө. Гэхдээ тэр код нь надад таалагдахгүй байж болно. Надаас гараагүй учраас таалагдахгүй байх нь тэгтлээ гайхахаар зүйл биш. Эцэг эхтэйгээ харгалдлаа гэх мэт буруутгалыг би хувьдаа ойлгодоггүй. Энэ миний л амьдрал учраас би өөрөө өөрийгөө бүтээх ёстой. Би ямар нэгэн асуудал тулгарахад эхлээд өөртөө ханддаг. Тэгэхээр гаргалгаа нь ч төвөггүй тодроод ирдэг. Тэгж олсон шийдэл маань буруудсан удаагүй. Ээжийнхээ тэр сайхан чанарыг, аавынхаа тийм онцгой талыг дуурайсангүй гэдэг. Ээж, аавынхаа хувилбар болж, заавал хэн нэгнийг хуулбарлах тийм утга учиртай зүйл мөн үү.

-“Энэ чинь би байхгүй юу” гэж хүчтэй мэдэрсэн анхны агшнаа санадаг уу?

-Их тод санадаг. Гурав, дөрөвтэй л байсан болов уу. Ээж миний өмнө тавагтай каш тавиад “Асгаж болохгүй шүү” гэж хэлчихээд өрөөнөөс гараад явчихав аа. Тэр үед би “Энэ кашийг би санаатай асгахгүй, санаандгүй л асгаж таарна. Тийм байж яахаараа буруутан болдог билээ” гэж бодож сууснаа нэг арга олж байсан юм. Асгасныхаа дараа алчуураар арчаад галын өрөөний угаалтуур руугаа шидчихэж билээ. Тэр өдөр ээж каш асгасныг минь мэдээгүй учраас загнаагүй. Аав, ээждээ мэдэгдэхгүйгээр өөртөө таатай оршиж болох аргыг олж нээсэндээ жигтэйхэн баярлаж байсан минь санаанаас гардаггүй.

-Таныг багаасаа л зурах дуртай охин байсан гэж сонссон. Хэдэн настайгаасаа зурж эхэлсэн бэ?

-Гуравтайгаасаа. Миний тоглоом ерөөсөө л өнгийн харандаа, баримлын шавар байсан. Төрөхөд, нэг настайд авч өгсөн цагаан, шар хоёр бамбаруушаа харин нөхөрт гартлаа өвөртөлж унтсан шүү. Одоо ч бий. Манайд миний зурсан зургууд шуудай шуудайгаараа хадгалаастай их удсан. Сүүлд өнөө зургуудыг хадгалж байсан айлын амбаар шатаад байхгүй болсон. Охидын дурладаг хүүхэлдэйнд их дургүй охин байлаа. Нэг удаа аавыг Москвагаас хүүхэлдтэй авчрахад нь хамаатныхаа охинд өгчихөж билээ.

-Түүхийн аль цаг үе илүү таалагддаг вэ?

-Одоо цаг л таалагддаг. Яг одоо л хүсч байсан цаг минь өрнөөд байх шиг санагддаг. Одоо үетэй харьцуулахад ээж, аавын минь үеийнхэн их өрөвдмөөр амьдарсан. Хамтдаа тухлаад суух гоё газаргүй учраас гэр гэртээ хаа нэг цуглацгаана. Ууж идэх хоол ундны нэр төрөл хомс. Буузыг баяраар иддэг гол хоол гэсэн ойлголттой. Тэддүгээр таван жилийн төлөвлөгөө гэх мэт худал үнэн нь мэдэгдэхгүй уриа лоозон дор цаг наргүй ажиллаж, залуу насны оргилуун хүслээ биелүүлэх орон зай, орчин нөхцөлгүй гунигтай үеийг туулж давсан гээд бодохоор аав, ээжийнхээ үеийнхний залуу насыг өрөвддөг. Миний залуу насыг ч гэсэн тэр цагийн салхи дайрсан. Анхны нүцгэн зураг, баримлыг хийж байлаа, залуудаа. Нүцгэн эрэгтэй хүний баримал, зураг. “Монголын залуучуудын үнэн” сонин садар самуун сурталчиллаа гэж шүүмжилж бичээд нэлээд юм болж байсан шүү. Соёлын хэлтсийн нэг хүн дуудаад “Залуу эмэгтэй хүн байж ийм юм хийж л байдаг. Дахиад ингэвэл зураг зурах эрхийг чинь хасна шүү” гэж загнахаар нь яаж дуугүй суухав. “Дэлхийн алдартай зураачдаас нүцгэн хүн зураагүй зураач байхгүй шүү дээ” гэсэн чинь өнөө албаны хүн “Хэн чамд хөрөнгөтний урлаг заасан бэ, Амгалан багш чинь заасан юм уу” гэж дуугаа чангаруулж билээ. Ингэж загнуулсныхаа дараа өөртөө л зуръя гэж шийдсэн. Тэгж байтал ерэн он гарч, 1992 онд анхны үзэсгэлэнгээ гаргасан юм. Хүмүүст яавал илүү гоёыг үзүүлэх вэ гэж бодож зориод гаргаж байлаа, үзэсгэлэнгээ.

-Ерээд оноос өмнө мэдрэмж асгарсан, оюун санааны таашаал, эрх чөлөө мэдрүүлсэн, баярлуулж, догдлуулж гайхшируулсан үзэсгэлэн их ховор гарсан байх шүү. Тэр үед таныг гайхшируулсан зураач гэвэл хэнийг онцлох вэ?

-Соосай гуайн зургийг анх хараад л дурласан. Их гоё мэдрэмжид автсанаа мартдаггүй.

-Соосай зураачийн их олон зураг Б.Болдсайхан эмчид байдаг юм билээ?

-Соосай гуайг нас барсны дараа тэднийд Б.Болдсайханыг дагуулж очсон хүн нь би л дээ. Зургуудыг нь худалдаж авсан мөнгөөр хөгшин нь хашаа байшин авч байсан юм.

-Нэлээд хэдэн жилийн өмнө Б.Болдсайхан эмчийн Соосай зураачийн талаар бичсэн хөргийг уншиж байсан юм. Цаг үедээ үнэлэгдэж чадаагүй их авьяастан байж дээ гэж бодоод өнгөрсөн. Яг ямархуу хүн байсан тухай дурсаач?

-Цэвэр чөлөөт сэтгэлгээтэй, амьд, сүнслэг зурдаг, долигонож зусардах дургүй сайхан уран бүтээлч байсан. Чихрэнд жигтэйхэн дуртай. Төгс-Оюун бид хоёр чихэр авч очиж байгаад ярина. Их гоё бүжиглэнэ. Бүжиглэхэд нь өмднийх нь шуумаг хачин гоё эргэдэг байсан гэдэг. Шуумгандаа хорьтын мөнгийг тойруулж эгнүүлээд оёчихдог байж. Тэгэхээр бүр гоё эргэж таарна аа даа. Уран бүтээлч хүн учраас тэгж гоё сэтгэж байхгүй юу. Би тухайн үед залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн дээр нэг бүтээлээ тавилаа. “Соосайд зориулав” гэсэн бичигтэй. Гэтэл олны мэдэх том зураач “Чи Соосайтай хэр найз юм” гэж асууж байна . “Оюутан байхаасаа л шүтсэн” гэсэн чинь тэр хүнд надад дургүй болчихож билээ.

-Ном унших дургүй, уншдаг хэдэн найрагчаасаа цэнэг авчихдагийг тань мэднэ. Өөртөө оршиж, өөр рүүгээ эргэж, дотоодоо өнгийдөг уран бүтээлчдийн хувьд их унших хүсмээр дадал биш байх шүү, нээрээ?

-Хүний юмыг хэдий чинээ уншина, төдий чинээ өөрийгөө алдана. Өөртөө бүрэн итгэлгүй болно. Өөрийгөө гээнэ. Хамгийн харамсалтай нь хүний юмнаас хуулсныг нь хэлэхээр хүлээж авдаггүй улсууд давамгайлчихаад байна л даа.

-Хайртай найрагч чинь хэн бэ?

-Л.Өлзийтөгс. Ямар ч амбицгүй, дотогшоогоо урссан шүлгүүдтэй. Шүлгүүдийг нь уншихаар амгалан тайван болчихдог. Японы хайкунуудыг уншихаар ардаа мөргүй, урдаа замгүй гэдэг шиг ямар ч амбиц, эгогүй зүгээр л гоё байдаг даа. Зүв зүгээр байгааг л хэлчихсэн байдаг нь гоё. Зүгээр л энэ ертөнцөд зүв зүгээр байгааг олоод харчихсан. Зарим найрагчдын, зохиолчдын шүлэг зохиолыг уншихаар дүүрэн амбиц мэдрэгддэг. Энэ ертөнцийг бүх л юмыг эгогоороо шүүгээд биччихсэн байдаг л даа. Өөрийнхөө эгог яая гэж байж хүний эгогоор яах ч билээ.

-Та хаана, ямар орчинд яг өөрөөрөө байдаг вэ?

-Цаг ямагт өөрөөрөө байдаг. Хэнд таалагдах гэж дүр эсгэж явах билээ дээ. Ер нь надад хүнд долигонох шалтгаан байдаггүй. Хүнд таалагдах гэж улайрдаггүй. Миний бүтээснийг хүмүүс хараад юу гэх бол гэсэн бодол төрдөггүй. Зургаа зурахдаа өөртөө л таалагдах гэж, өөртөө оршиж бүтээдэг. Өөртөө таалагдах их гоё. Нүүрний арьсаа толигор гэрэлтсэн байхыг хараад баясах чинь жинхэнэ кайф. Өөртөө таалагдаад, байгаа юмсаа гоёор харахад л болчихдог орчлон. Ингээд бодохоор амьдрал их амархан байгаа биз.

-Гэхдээ ингэж амьдардаг хүмүүс тун цөөхөн. Шалтгаан нь яг юундаа байдаг юм бол?

-Оюун санаатай л холбоотой. Хэцүү гээд бодвол хэцүү. Амархан гэж харвал амархан. Хүмүүст зориулж хувцаслаж гангалаад баахан явсны эцэст эргээд харахад цаг зуурын баясал, атаархал, горьдлогоос өөр бариад авах юм байдаггүй. Хэсэгхэн зуурын л мэдрэмжийн асуудал. Нийгмийн харилцаанд байгаа энэ мэт хийсвэр юмсыг олоод харчихвал амьдрахад хялбар болчихдог. Миний хувьд “Худлаа юм чинь яах вэ дээ” гээд л бодчихдог. Саяхан даа, зурагтаар бөөрний бэлдмэл харуулаад “Энийг авч хэрэглэхгүй бол бөөрний дутагдал болно” гэсэн айдас төрүүлсэн сурталчилгаа цацаж харагдсан. Бөөр нь муу хүн айсандаа аваад уух нь л дээ. Хүмүүс өглөө босоод л тахлаар төчнөөн хүн нас барлаа гэх мэт сөрөг мэдээлэл сонсож байна. Гэрээсээ гараад л түгжрэлд бухимдаж байна. Энэ бүхний сөрөг нөлөө нүдэнд харагдахгүй л болохоос хүний далд ухамсарт асар муухайгаар нөлөөлж байгаа. Өглөө бүр нийгмийн аюултай мэдээллийн дайнд орж яваа энэ цагт хүмүүс бясалгал гэх мэт өөр рүүгээ өнгийсөн, өөр рүүгээ эргэсэн зүйлс рүү тэмүүлээсэй.

-Таны яриаг сонссон чинь бид сурталчилгаа цацахдаа хүртэл нийгмийн бухимдал, айдсыг дэврээсэн өнгөөр хийдэг болчихож шүү…

-Баруунд реклам хийхээ больсон. Реклам хийх юм бол хүн чанартай хүнлэг мессэж өгөхийг зорьдог болсон. Шоколадны реклам нь гэхэд л шаварт шигдсэн гөлгийг аварч байгаа хүүг харуулаад, гөлөг аварсных нь төлөө “Киндер” шоколадаар шагнах жишээний.

Гэтэл бид яадаг билээ, хошин урлагийнхан нь сонсоход таагүй өнгөөр хашгирсан яриа, кинонууд нь хүчирхийлэл, цус нөжөөр дүүрэн.

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахдаа бусдаас түрүүлж очиж аваарай гэсэн мессэж өгөөд байхаар хүүхдүүд нь “Би найзаасаа мундаг хүн болно” гэх нь ойлгомжтой. Хүнээс дутахгүй амьдарна гэдэг их муухай хандлага. Аав ээжүүд л хүүхдүүддээ энэ муухай хандлагыг суулгачихдаг. Хүүхэд төрүүлнэ гэж ямар утга учиртай зүйл болохыг ойлголгүй, бүхэл бүтэн хүний өмнө хүлээх хариуцлагаа ч ухамсарлалгүйгээр хүүхэд төрүүлээд байгаа учраас нийгэм маань өсвөр насны сэтгэлгээтэй насанд хүрэгчдээр дүүрчихээд байна л даа. Атаархсан, өс санасан, гайхуулсан, өрсөлдсөн, уралдсан сэтгэлгээтэй хүмүүсийг өсвөр насны сэтгэлгээтэй гэхээс өөрөөр юу гэж тодотгохоо мэдэхгүй байна. Хүмүүс эх оронч үзэл гээд их гоё, яруу найраглаг зүйлс ярьдаг. Үнэн хэрэгтээ эх орондоо насанд хүрч төлөвшсөн хүн шиг амьдрах л эх оронч үзэл шүү дээ.

-Хүүхдээрээ хүүхэд төрүүлээд байна гэснээс таны нэг бүтээл санаанд орчихлоо. Оны өмнө гаргасан “Оюун санаагаа аваръя” үзэсгэлэнгийн чинь нэг бүтээл. “Намайг төрүүлэх аппликэйшн” гэсэн нэртэй байл уу даа.

-Тийм ээ, тийм нэртэй бүтээл. Тэр аппликэйшний асуултуудад зуун хувь итгэл дүүрэн хариулж чадвал хэдэн хүүхэд төрүүлсэн ч болохгүй гэх газаргүй. Дүүрэн итгэлтэй хариулж чадахгүй бол хэцүү. Сар найзлав уу, үгүй юү хүүхэд олж, ямар ч хариуцлагагүйгээр хүүхэд төрүүлчихээр хариуцлагаа мэдэрдэггүй иргэдийг нэмэхээс хэтрэхгүй. “Ах эгч нар нь байхад хүүхэд төрүүлэхэд яахав дээ” гэсэн хандлагыг би ойлгодоггүй. Ах, эгчээр нь өсгүүлнэ гэдэг бэртэгчин хандлага. Зүй нь хэн ч дүүгээ өсгөх гэж төрөөгүй. Миний үеийнхэн дээс тоглох ч завгүй дүүгээ асарсан, хүзүүндээ гэрийн түлхүүрээ зүүсэн охид л байсан. Хүүхэд насаа мэдрэхгүй өснө гэдэг өрөвдмөөр биз.

-Тийм шүү, бас өтлөхдөө хөлөө хучуулна гэсэн хандлага байна…

-Ийм ашигч хандлага гаргаж байгаа хүнийг ээж гэхэд хэцүү. Хүүхэд төрүүлэхээр эрүүлждэг ч гэж байх шиг. Хүүхдэдээ өвчнөө өгөөд төрүүлэх нь эрүүл хандлага мөн үү. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ “Манай эмээ тэгж хэлдэг байсан” гэж ирээд сургадаг. Эмээ нь тийм төгс ухаантай бурхан уу. Энэ мэт хандлага хүчтэй байгаа учраас монгол хүн эвдрээд байна.

-Яагаад заавал контемпорари бүтээлүүдээр дагнасан үзэсгэлэн гаргая гэж шийдсэн бэ?

-Контемпорари буюу орчин үеийн урлаг бидний дунд өрнөж буй үйл явцыг шүүлтүүргүйгээр, бодитоор дүгнэж анализ хийх боломжийг олгодог. Үргэлж асуулт ундрааж, сониуч байдалд урин даллаж байдгаараа онцгой урлаг. Оршихуйн тухай танин мэдэхүй, ойлголт, өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлийг нийгэмд таниулдаг нь энэ урлагийн том өгөөж. Ер нь хүн юмсыг харах өнцгөө өөрчилснөөр амьдралын хэв маяг, үзэл бодлоо өөрчилдөг. Ингэж чадсан хүмүүс илүү сайхан ирээдүйг бүтээдэг. Гэтэл өнөөдөр түрүүн хэлсэнчлэн хаашаа л харна насанд хүрээгүй насанд хүрэгчид. Энэ утгаар нь би үзэсгэлэнгээ “Оюун санаагаа аваръя” гэж нэрлэсэн юм. Одоо л оюун санаагаа аврахгүй бол цаашид Монгол Улс энэ айхавтар дижитал, өндөр оюун санааны зуунд оршин тогтнож, амьдрах аргагүй. Контемпорари урлаг өргөн дэлгэр цар хүрээтэй. Нийгмийг тэр аяар нь илэрхийлэх боломжтой. Тийм учраас одоо цагийн урлаг болчихоод, дэлхий контемпораригаар амьсгалж байна л даа.Контемпорари бүтээлүүд ямар ч хүн сонсонгуут толгойд нь тас хийтэл буухуйц тайлбартай байдаг. Гоёчилсон, хальсан зүйлгүйгээрээ онцгой. Дэлхийн зарчмаар л энэ урлагийг хөгжүүлэх хэрэгтэй. Гадны уран бүтээлчид нийгэмд өрнөж буй үйл явцыг ямар ч шүүлтгүйгээр уран бүтээлдээ тусгаад гаргаад ирдэг. Гэтэл манай уран бүтээлчид нийгэмд ямар ч оролцоо байхгүй, цэцгэн бороо, солонгон морь гэж халиад суугаа нь бодитой үнэн.

-Доор нь мөнгө дэвсээд хана түшүүлэн тавьсан шат сонирхолтой санагдсан, таны үзэсгэлэнгээс. Брэндүүдийг сандал дээр өрж тавьсан бүтээл ч ихийг бодуулахаар зохиомжтой юм билээ…?

-Шатны тухайд бүх юмны өндөрлөгт мөнгөөр ивэгдэж гарч байгааг харуулсан бүтээл. Брэндүүдийн хувьд брэндийг, брэнд өмссөн хүмүүсийг шүүмжлээгүй. Брэнд өмсөхгүй л бол тоогдохоо больсон нийгмийг шүүмжилсэн юм.

-Наана нь баахан хог, цаадах жирэлзсэн дэлгэц дээр нь гараа зүрхэн тушаагаа барьсан толгойгүй хүмүүстэй бүтээлийг хүмүүс их сонирхож байсан. Тэр их хогийг хогийн цэгээс авчирсан уу?

-Тэр хогийг би дөрвөн уулнаас түүсэн. Эх орон гэж юу вэ гэсэн асуулттай бүтээл л дээ. Өмнөх үзэсгэлэнгүүдээрээ би хүмүүстэй харилцаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд дандаа асуулт тавьсан бүтээлүүд. Эх орон гэж гараа зүрхэн дээрээ тавьчихаад дуулж байгаа жүжиг юм уу, яг жинхэнэдээ юу юм бэ гэж асуусан. Жирэлзсэн дэлгэц нь оюун санаа жирэлзсэнийг хэлж байгаа юм. Оюун санаа нь жирэлзээтэй байгаа учраас шүтэж тахидаг ууландаа хүүхдийнхээ баас, шээстэй памперсыг хаяж байна шүү дээ. Насанд хүрч төлөвшсөн хүмүүс ийм үйлдэл хийх үү?

-Алтан жорлонгийн хажууд зогсоод хананд өлгөсөн чихэвчийг зүүсэн чинь та хүрээ дууны аян дээр үг зохиогоод дуулсан байсан. Одоо эргээд бодсон чинь тэр бүтээл насанд хүрээгүй насанд хүрэгчдийг шүүмжилсэн агуулгатай байж шүү?

-Жаахан хүүхдүүд аавынхаа авч өгсөн дугуйг гайхуулдаг шиг гайхуулбал л бах нь ханадаг хандлага нийтлэг болчихож. Жорлонгоо хүртэл гайхуулна. Гайхуулахгүй юм гэж алга. Гучаад онд дуулагдаж байсан тэр дууны жинхэнэ үг нь бас гайхуулсан аястай. Монголчууд одоо цагт юугаа гайхуулах болсныг бодож байгаад үгийг нь өөрчилсөн юм. Зуун жилийн өмнөх гайхуулах сэтгэлгээ маань өнөө ч өөрчлөгдөөгүй яваа гэхээр гунигтай байгаа биз. Гайхуулалт олон хүнийг стресстүүлдэг. Яавал би тэрийг авах вэ гээд стресстээд эхэлдэг. Гэх мэтчилэн оюун санаа нь уландаа орсон зүйлс энэ нийгэмд зөндөө байна. Сэтгүүлч, уран бүтээлчид л нийгмийн оюун санааг хөтлөхгүй бол горьгүй болчихсон. Би ийм бодлоор л “Оюун санаагаа аваръя” үзэсгэлэнгээ гаргасан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img