2024-12-03, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Б.Оргил: Бид Peter Pan шиг ч, Captain Hook шиг ч байж болохгүй

YouTube channel дахь контентоороо олон залууст урам зориг өгдөг нөлөөлөгч залуутай уулзахаар цаг болзлоо, өчигдөр. Зочин маань Английн 24 сая дагагчтай YouTube Channel-д ажилладаг, арав гаруй хэл мэддэгээрээ залууст танигдсан Б.Оргил юм. Английг зорихоос нь хоёр хоногийн өмнө өрнүүлсэн ярилцлагаа хүргэе.

– Хүмүүс ном уншихаараа дуусгах ёстой гэсэн тээг, дарамтыг өөртөө үүсгэчихдэг. Ийм дарамт үүсч байгаа л бол номын зохиогч ажлаа сайн хийгээгүй гэсэн үг. Тиймээс уншиж дуусгах шаардлагагүй, учир нь би тэр номонд өргүй –

-Ярилцлагаа өнөөдрийн залууст тулгамдаад буй асуудлын нэг болох төрөл бүрийн зүйлсэд донтох донтолтоор эхэлье. Саяхан гэхэд тариа, тарилга хэрэглээд гар хөл нь үхэжсэн залуус эмнэлэгт олноороо ирэх болсон тухай мэдээлэл цацагдах боллоо. Донтолт яагаад үүсээд байна, донтолтоос гарах арга байна уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү хоёулаа?

-За тэгье. Хүмүүс донтолтыг өвчин, асуудлын эх үүсвэр гэж буруу ойлгодог. Донтолт нь асуудлын эх үүсвэр биш өвчнийг намдаах эм. Компьютер тоглоомонд донтсон бол тэр тоглоом тухайн хүний хувьд өвчин намдаах эм нь. Түүний цаана сэтгэлзүй нь гүн өвдөлттэй байна гэсэн үг.

Дутуугийн комплекс, амьдралынхаа хэв маягт сэтгэл хангалуун биш гэх мэт асуудлаасаа ангижирах гэж л донтолтыг сонгодог. Сүүлийн үед хүмүүс онлайн орчинд мөрийтэй тоглоомд ихээр донтож байна. Зарим нь хар тамхийг, видео тоглоом, архи, тамхийг ашиглаж байна. Энэ бүх зүйлс өөр өөр төрлийн өвчин намдаах эмнүүд болоод байгаа юм. Тэгэхээр сэтгэл нь зовоод өвдөөд яваа хүнд “наадахаа битгий хэрэглэ” гэж хэлээд нэмэргүй. Хэд хоног хэрэглэхээ болилоо гэхэд цаадах зовлон, зовиур нь арилахгүй учраас өөр донтолтоор орлуулах нь ойлгомжтой.

Донтолтоос салах нэг эерэг арга бол бясалгал. Бясалгалыг энгийнээр хэлбэл өөрийнхөө бие, оюун санаа, дотоод ертөнцтэй илүү гүн танилцах арга гэж хэлж болно. Бясалгаснаар хүн илүү мэдрэмтгий болдог. Давалгаалж буй их усан дотор орчихсон хүн амьд гарахын тулд сандчиж амь тэмцэнэ. Харин тогтуун дөлгөөн усанд бол өөр. Нэг дусал усыг ч мэдэрч чадна. Бясалгаснаар хүний сэтгэл тогтуун болж, сэтгэл дэх мэдрэмж бүрээ тогтож ажих чадвартай болдог гэмээр юм уу.

-Өөрийг тань өсвөр насныхан их дагадаг, сонсдог. Элдэв донтолтод өртчих гээд байдаг эрсдэлтэй бүлэг л дээ, өсвөр насныхан. Магадгүй тэдэнд “Оргил ах ямар нэг зүйлд донтож байсан болов уу, донтолтоосоо гарахын тулд ямар арга хэрэглэсэн бол” гэсэн асуултын хариу хэрэгтэй байж мэдэх юм?

-Би ч ялгаагүй, өөрийнхөө төрөл бүрийн донтолтуудтай тэмцэлдэж ирсэн. Видео тоглоом, тамхи зэрэг донтолтуудаа буруутгахын оронд би юунаас зугтаагаад байна гэдгээ бясалгаж анзаарсан.

Оргил

Нэг өөр төрлийн бясалгал нь миний хувьд өдрийн тэмдэглэл. Өдрийн тэмдэглэл бичихээр өөрийгөө сайн танина. Өдрийн тэмдэглэлдээ сэтгэлийн зовлонгуудаа бичиж болно. Жишээ нь, өдрийн тэмдэглэлдээ “Өнөөдөр миний сэтгэл давчуу, цээжин дээр минь ямар нэг юм тулчихаад байна. Би яг яахаа мэдэхгүй байна. Юу ч хийсэн болохгүй байна” гэх мэтээр бичдэг.

Иймэрхүү зүйлсийг тэмдэглэлийн дэвтэр дээрээ биччих нь маш үр дүнтэй. Толгой дотор давалгаалсан ус шиг цэгцрээгүй бодлууд үймж байх үед хүн эерэг зүйлсийг олж харахаа больж зовлон дээрээ төвлөрч эхэлдэг. Түүнийгээ цэгцэлж чадахгүй, зүгээр л өвдөлт дээр нь төвлөрч, зугтаахыг хүсч ямар нэг донтолтыг сонгодог. Бүх зовиураа бичнэ гэдэг, өөрийгөө гүн ухаж ойлгож мэдрэх нь асуудлаасаа зугатаах биш нүүр тулж байна гэсэн үг. Толгойдоо тэр бүгдийгээ хадгалж явахын оронд гаргаад биччихээр дөнгөнүүдээсээ өөрийгөө суллачихаж байгаа хэрэг.

-Зовлон асуудалтайгаа нүүр тулахад бясалгал, өдрийн тэмдэглэл тусална гэдэг сайхан санаа шийдэл байна. Өөр ямар арга хэрэглэдэг вэ?

-Спортоор хичээллэх. Хүмүүс оюунаараа бүхнийг шийдэх гээд байдаг талтай. Ялангуяа оюунлаг хүмүүст энэ хандлага тод харагддаг. Оюуны зовиурыг биеийн хүчний хөдөлгөөнөөр шийддэг. Цэвээнпүрэв гэж мундаг боксчныг мэдэхгүй хүн үгүй. Бид их ойр л доо. Нэг удаа “Сэтгэлийн ядаргааг биеийн хүчний хөдөлмөрөөр гаргаад, биеийн хөдөлмөрийн ядаргааг оюуны хөдөлмөрөөр гаргаж сурвал маш гоё хослол болдог” гэж хэлж байсан юм. Жишээ нь би компьютерийн ард их сууж ажилладаг. Бие их чилнэ. Тэр үед сайн сунгалт, дасгал хийхээр тархи амарчихсан байдаг.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стресс, асуудалдаа хандах хандлага өөр байх шиг санагддаг. Эрчүүд асуудлыг илүү хүч түрэмгийлж шийдэх гээд байдаг гэх мэтээр. Энэ тал дээр залууст, тэр дундаа өөрийгөө олох гэж яваа өсвөр насныханд өгөх зөвлөгөө байна уу?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зовиурууд харилцан адилгүй. Эрэгтэй хүнд тестостерон гэж эр гормон өсвөр наснаас нь ялгарч эхэлдэг. Олон давуу талтай гормон ч гэсэн бас зөв зохицуулахад нэлээн амаргүй сорилт ихтэй гормон. Хүнийг аливаа зүйлд түрэмгий ханддаг хандлагатай болгодог. Энэ үед спорт маш чухал. Тэр их стрессийн энергийг эерэг зүйлс рүү чиглүүлнэ гэсэн үг. Би хувьдаа тулааны урлагаар хичээллэж, түүнээсээ үүдэж бясалгал хийж эхэлсэн.

Миний шүтдэг хүмүүсийн нэг 1500, 1600 оны үед амьдарч байсан Miyamoto Musashi самурайн бичсэн 1000 хуудастай зузаан ном бий. Түүнийг нь уншаад анзаарахад тулаанд хүртэл 100 хувийн төвлөрөлттэй, тогтуун, тогтоол ус шиг байдалд ороход бясалгал маш чухал байр суурь эзэлдэг тухай өгүүлсэн байдаг. Тэр тухай олж мэдээд би анх бясалгал хийж эхэлсэн. Эрэгтэй хүүхдүүдэд энэ маш чухал. Хариуцлагатай байдал бас маш чухал. Өсвөр насыг даваад насанд хүрч том болж байгаа үе бол хариуцлагын ирмэг дээр ирж буй цаг. Хариуцлагатай улам илүү нүүр тулах цаг гэсэн үг. Хариуцлагыг хүлээж авах ёстой.

Оргил

-Нээрээ л хариуцлагатай нүүр тулах биш, зугатах хандлага энэ насныханд тод анзаарагддаг шүү…?

-Jordan Peterson гэж мундаг сэтгэлзүйч энэ үзэгдлийг “Peter Pan” гэж хүүхэлдэйн киноны дүртэй жишдэг. Peter Pan хэзээ ч том болдоггүй хүүхдүүдийн ертөнцөд амьдардаг. Тэнгэр дээрх тэр ертөнц рүү шидэт тоос тавьж нисээд л оччихдог. Үүнийг нь Jordan Peterson хариуцлагыг үүрч чадаагүй эрэгтэйчүүдийн илэрхийлэл гэж тайлсан нь бий. Peter Pan, хэзээ ч том болохгүй насаараа хүүхэд байна гэж ярьдаг. Энэ нь тэр бүх хариуцлага, зовлонгоос зугатааж байгаагийн шинж юм. Peter Pan –ий гол дайсан Captain Hook. Captain Hook бол хижээл насны эрчүүдийн асуудлыг туулж яваа насанд хүрсэн эрэгтэй хүн. Энэ нь Peter Pan –ий хувьд эсрэг үлгэр жишээ. Тиймээс дайсан нь байж, түүн шиг болохгүй байхыг хүсдэг.

Captain Hook-ын цагийг матар идчихдэг дээ. Мань эр матарнаас үхтлээ айдаг нэгэн. Гэтэл матарных нь гэдсэн дотор түүний цаг “тик, ток, тик, ток” гээд дуугараад байдаг. Энэ нь Captain Hook маш их цаг хугацаагаа амьдралд алдчихсныг харуулж буй зүйрлэл юм. Тэр матар үхэл, амьдрал гэдэг зүйлсийг илэрхийлж цаг хугацааг нь идчихсэнд Captain Hook харамсч, үхэл, цаг хугацаа гэдэг зүйлсээс зугатаадаг.

-Бас л хариуцлагаас зугатаасан эрэгтэйн дүр байх нь…?

-Харин тийм. Үүн шиг болохгүй гээд насаараа хүүхэд байна гэснээрээ Peter Pan ч бас хариуцлагаас зугатаачихаж байгаа юм. Жирийн хүмүүсийн амьдралаар зүйрлэх юм бол Captain Hook шиг аавтай, Peter Pan шиг хүүхдүүд олон байдаг. Мөн энэ хүүхэлдэй дээр гардаг жижигхэн тоос асгадаг ид шидийн зүйлсийг Jordan Peterson элдэв зүйлсийн донтуулагчтай зүйрлэдэг.

Тэгэхээр бид Peter Pan шиг ч, Captain Hook шиг ч байж болохгүй гэсэн үг. Залуу хүмүүст уриалж хэлэхэд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд л өөр өөрсдийн гэсэн өгөгдөлтэй хариуцлагуудтай байдаг. Хариуцлагатайгаа нүүр тулж, хүлээн зөвшөөрч амьдралыг өөрийнхөөрөө 100 хувь туулах ёстой.

-Залуус, өсвөр насныханы дунд гар утас, дэлгэцийн хамаарал ихэссэн. Энэ ч мөн донтолтын нэг хэлбэр л дээ, тээ?

-Орчин үеийн аав, ээжүүд гар утсыг хүүхдээ саатуулах хэрэгсэл болгож ашигладаг. Тэгэхээр энэ бол хүүхдийн эсвэл гар утасны асуудал биш. Өмнө нь хэлсэнчлэн хариуцлага нь аав, ээж нар өөрсдөө байдаг. Өөртөө ашигтай үедээ хүүхэддээ гар утсаа өгч сатааруулчихаад дараа нь хүүхдээ гар утсан дээр байлаа гэж загнах нь буруу. Түүний оронд хүүхдэдээ анхаарал маш их хэрэгтэйг ойлгох хэрэгтэй.

Ер нь аав,ээж энэ асуудалд өөрсөд дээрээ маш сайн ажиллах ёстой. Хүүхдэд анхаарал, хайрыг хангалттай өгөхөд л шийдэгдэх асуудал гэж хардаг. Залуусын хувьд гэвэл би ч ялгаагүй гар утсан дээр маш их цагийг өнгөрөөдөг. Гэхдээ миний утсан дээр нэг ширхэг ч тоглоом байхгүй. YouTube, Facebook-т гэхэд би өөрийн сонирхлын зорилтот төрлийн сэдвийн видео, постууд биш бол “Х” дээр дараад эсвэл not interested дээр дараад байнгын цэвэрлэгээ хийдэг. Миний үздэг видеонууд дандаа надад хэрэгтэй боловсрол олгодог төрлийн медианууд байдаг.

Оргил

-Чиний яриаг сонсоход донтолт тийм ч давж туулж болохооргүй хэцүү эд биш байх нь?

-Хэцүү, давж туулж болшгүй зүйл биш. Донтолтыг яагаад асуудал нь биш гээд байгаа вэ гэхээр нэг сонирхолтой судалгаа байдаг. Хархнуудыг лабораторид торон дотор хийгээд хар тамхи өгсөн чинь тэр хархнууд донтоод байж. Өлссөн хэрнээ нь хоолыг биш хар тамхийг хэрэглээд байж. Гэтэл эрх чөлөөтэй буюу паркад амьдардаг хархнуудад хар тамхи өгсөн чинь тоохгүй байсан гэдэг.

Нэг удаа хэрэглээд л ахиж хэрэглэлгүй, хийдэг зүйлсээ хийгээд явж. Өөрөөр хэлбэл торонд байгаа хархнууд бол шоронд орсон буюу аль хэдийн сэтгэлийн зовлонтой болсон хархнууд. Тэр хархнууд маш их зовиуртай, эрх чөлөөгүй тул хар тамхинд маш хүчтэйгээр донтсон хэрэг. Эрх чөлөөтэй, эрүүл бол донтох ямар ч шаардлагагүйг өнөө паркийн хархнууд харуулсан. Энэ жишээ хүн дээр ч ялгаагүй.

Гадуур гардаггүй, нийгэмшдэггүй, спортоор хичээллэдэггүй, хөдөлгөөний дутагдалтай, дутуу нойртой гэх мэт олон асуудлаа бид олон төрлийн донтолтуудаар шийддэг. Донтолт бас заавал мэдээжийн байх шаардлагагүй. Ямар ч дон байж болно.

-Донтолт гэж хэлэхээргүй зүйлд донтоно гэхээр санаанд буудаггүй. Чи нэг жишээ хэл дээ?

-Донтолтын тухай бичсэн Gabor Mate гэх эрдэмтэн гэхэд л хүмүүст сэтгэл засал хийдэг. Тэр сэтгэл засал хийх үедээ пянз худалдаж авдаг. Үйлчлүүлэгчээ үлдээчихээд гялс гарч нууцаар пянз худалдаж авчихаад орж ирдэг тухайгаа бичсэн байдаг. Хэн ч энэ худалдан авалтыг “донтсон хүн” гэж харахгүй. Яг л хархнуудтай адил сэтгэлийн зовиуртай, орчин нь бүрдээгүй нөхцөл байдалд байгаа хүн л донтолтыг өвчин намдаах эм болгож хэрэглээд буй хэрэг.

Та ярианыхаа эхэнд асуусан даа, хүүхдүүд мансууруулах төрлийн тариа хэрэглээд эрүүл мэндээрээ хохироод байна гэж. Тарьдаг морфин төрлийн хар тамхи гэж бий. Америк, Англид гудамжинд хэвтэж байдаг хүмүүс ихэвчлэн тарьдаг төрлийн хар тамхийг хэрэглэж донтсон байдаг. Шууд утгаараа өвчин намдаах төрлийн хар тамхи. Морфин нь хүнийг хагалгаанд ороход ухаан алдуулдаг норкозтой ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хагалгаа хийх хүнд тарьдаг тариаг тэр хүмүүс өөртөө тарьж байна гэсэн үг. Гэхдээ хагалгаа хийлгэсэн хүн бүр мэдээ алдуулагчид донтдоггүй. Учир шалтгаан, орчин нөхцөл нь өөр учраас тэр л дээ.

Үнэхээр л хүмүүсийн ярьдгаар энэ бодисыг нэг хэрэглээд л донтчихдог байсан бол хагалгаанд орж гарч ирсэн хүн бүхэн морфинд донтох боломжтой гэсэн үг. Харин сэтгэлийн зовиуртай, амьдрал нь хэцүү хүмүүс өөрөө эрэлхийлж тэр морфин гэдэг зүйлийг өөртөө тарих юм бол донтолт болно. Сэтгэлийн зовиураа мартах гэж хэрэглэж байгаа учраас тэр. Архи ч гэсэн адилхан.

Архийг зөндөө олон удаа ууж үзсэн мөртлөө архинд донтоогүй хүмүүс байдаг. Тэгсэн мөртлөө маш амархан донтчихдог хүмүүс бий. Хэрэглээнийх нь зорилтууд өөр байна гэсэн үг. Сэтгэлээ засах гэж хариуцлагаас зугатаах гэж хэрэглэж байгаа хүн донтдог. Харин асуудлыг шийдэх гэж биш зүгээр л найзуудтайгаа уулзах зуураа ч юм уу хэрэглэж байгаа хүн донтохгүй.

-Одоо өөр нэг сэдэв рүү яриагаа шилжүүлье. Зарим үеийнхний хувьд ном унших нь багаас төлөвшүүлсэн соёл, өнөөдрийн амьдралын хэмнэлийнх нь салшгүй нэг хэсэг болсон байдаг. Харин залуусын хувьд сошиал орчны хэрэглээнээс шалтгаалаад ном унших гэдэг зүйл холдоод байх шиг. Жишээлбэл, та номыг хэдийд, хэрхэн яаж уншдаг вэ?

-Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ тэр дундаа аавтайгаа харьцуулах юм бол ном бариад уншаад суух нь хэд дахин бага, тийм чадвар ч муу. Гэхдээ би аудио номыг маш их сонсдог. Audible апп дээр гэхэд 5000-аас дээш цаг сонссон. Ерөнхийдөө 10-20 хувьд нь уншдаг. 80-90 хувьд нь сонсдог. Орчин үеийн технологитойгоо хослуулаад гудамжаар алхахдаа, метронд явж байхдаа ном сонсохгүй явж чадахгүй. Номонд донтчихсон гэсэн үг. Ямар нэгэн ном сонсохгүйгээр зүгээр алхаж чаддаггүй. Буруу донтолтыг шууд арилгахад зовиур нь арилахгүй учраас сольж орлуулах зөв донтолтыг өөртөө оруулж ирэх хэрэгтэй.

Оргил

Жишээ нь, би спортоор хичээллэх, дасгал хийхэд бас донтсон. Ном унших сонсох гэдэг дээр жилд төчнөөн, долоо хоногт нэг ном уншина гэх мэт яг таг төлөвлөгөө байдаггүй. Миний хувьд бүх зүйлсээ цагаар хэмждэг. Хэл сурахад ч гэсэн энэ хэлийг сурахад хэдэн цагийг зарцуулж байна вэ гэдгээ хэмждэг гэсэн үг. Би Герман хэлийг 6 жил сурч байна гэж хэлэх юм бол үнэн мөртлөө худлаа болчихдог. Зургаан жилийн өмнө би сурч эхэлсэн гэхдээ 10 цаг зарцуулсан байж болно шүү дээ. Зургаан сарын өмнө сурч эхэлсэн мөртлөө 600 цагийг зарцуулсан байж болно. Тиймээс би бүгдийг цагаар тооцдог. Ном сонсох хүнд ихийг өгдөг.

Маш олон жил сурч судалсан амьдралын туршлагатай, мундаг сэтгэн бодох чадвартай хүмүүсийн бодлыг өөртөө шингээж авах арга зам шүү дээ. Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас суралцдаг, жирийн хүмүүс өөрийнхөө алдаанаас суралцдаг, тэнэг хүмүүс алинаас нь ч сурдаггүй гэсэн үг байдаг. Ухаалаг хүн байна гэдэг нь ном сонсож бусдын алдаанаас суралцахыг л хэлээд байгаа юм. Жишээ нь, би хүмүүсийн намтрыг их сонсдог. Тэдгээр хүмүүсийн алдаа, онооноос нь суралцаж, тэр хүмүүсийн сэтгэхүйг нь ойлгохыг хичээдэг.

Нэг ийм үг байдаг даа, “Би төдийгөөс өдий хүртэл идсэн хоолнуудаас яг таг санадаггүйтэй адил уншсан номнуудаа ч бас тас түс санадаггүй. Гэхдээ л миний уншсан номнууд яг л идсэн хоолнууд шиг минь намайг бүтээсэн гэдэгт огт эргэлздэггүй” гэсэн үг. Унших процесст олон цагийг зарцуулсан гэж би сая ярилаа. Тэгвэл өнөөдрийн Оргилыг тэр номнууд бүтээсээр ирсэн л гэсэн үг. Тиймээс ном унших, сонсох бол маш хэрэгтэй зуршил. Миний хувьд өөртэйгөө хэлэлцээр хийх боломжгүй зүйлсийн минь нэг.

-Өөртэйгөө хэлэлцээр хийх боломжгүй гэнэ ээ…?

-Жишээ нь “Өнөөдөр зөндөө ажилтай юм чинь би ном сонсохгүй өнгөрөөчихье” гэж өөртөө хэлж, өөртэйгөө хэлэлцээр хийх боломжгүй зүйл гэсэн үг (инээв). Надад ном уншихгүй юм уу сонсохгүй өдөр гэж байдаггүй гэсэн үг. Өдөржингөө завгүй байсан ч шөнө гэртээ ирээд ном уншаад унтдаг.

-Өөртэйгөө хэлэлцээр хийх боломжгүй өөр ямар өдөр тутмын зуршил дадал бий вэ?

-Нөгөө нэг зүйл нь нь дасгал хийх. Яагаад хүмүүс ном уншдаггүй вэ гээд анзаарахаар заавал уншсан номоо дуусгах ёстой юм шиг дарамт аваад байдаг. Ийм байх шаардлагагүй. Үүний оронд номонд хэдэн цаг зарцуулж байна вэ гэдгээ л тооцоход болно. Номыг уншиж дуусгах албагүй гэж боддог. Номыг уншиж дуусгах нь миний үүрэг биш, тэр номыг бичсэн хүний үүрэг. Нэг барьж авангуут өөрийн мэдэлгүй дуусдаг ном байхад, явж өгдөггүй ном ч үй олноороо.

Дэлхийд хэдэн сая ном бий. Шилдэг номууд нь 1 хувь нь гэж тооцож болно. Зохиолч ажлаа сайн хийгээгүй номыг уншиж дуусгах өр надад байхгүй. Нэг ном барьж авахаараа 100-гаас өөрийнхөө насыг хасаад үлдсэн тоотой нь тэнцэхүйц хуудсыг нь уншаад таалагдахгүй бол тэр номоо хая л гэж зөвлөмөөр санагддаг. Уншсан номоо тоолдоггүй гэдгийн шалтгаан энэ л дээ.

Заримдаа нэг номыг 20-30 удаа уншсан тохиолдол ч бий. Үнэхээр гоё ном бол унших бүрт шинэ зүйлс сурдаг. Тэгэхээр би жилд нэг ном уншаад тэр номоо олон дахин удаа уншсан байж болно. Заримдаа үнэхээр гоё ном гээд хүн бүр санал болгоод байгаа мөртлөө унших цаг нь болоогүй ном хүртэл байдаг. Миний боловсролын төвшин, амьдралын туршлага хангалттай болоогүй гэсэн утгаар хэлж байгаа юм. Тиймээс хойш нь тавих үе ч байна. Тэгэхээр өөртөө таарсан түвшний номыг унших хэрэгтэй.

Дахиад хэлэхэд номыг уншиж дуусгах гээд өөрийгөө зовоогоод байх хэрэггүй. Өөртөө тохирсон часхийсэн номыг олно гэдэг өөрөө их гоё зүйл. Тэр номоо шимтээд уншина гэдэг онцгой гоё процесс. Тиймээс дурлаж унших нь илүү чухал. Санаа зовж, дарамт авахгүйгээр кайф авч уншиж сураарай л гэж дүү нартаа зөвлөмөөр байна.

-Хэдэн хэл дээр ном уншиж бас сонсдог вэ?

-Ихэвчлэн англи хэл дээр уншдаг. Ном уншдаг хоёр дахь хэл маань монгол. Гурав дахь нь франц, итали, герман гээд үргэлжилнэ. Арай хялбар агуулгатай номыг эдгээр хэлээр уншдаг.

Оргил

-Шимтэн уншсан номуудаасаа манай уншигчдад санал болгооч?

-Юу сурмаар байгаа, юуг сонирхож байгаагаас хамаарна л даа. Ер нь өөрийнхөө шүтдэг, үлгэр жишээ авч түүнээс суралцмаар байгаа хүнийхээ намтрыг унших нь илүү эерэг нөлөөтэй байх. Хувь хүний хөгжил талаасаа надад нөлөөлж нэлээд хэдэн удаа уншсан нь гэвэл Stephen Covey-гийн “The 7 habits of highly effective people” гэдэг ном. Одоо бол энэ номыг бүтнээр уншдаггүй.

Ганц хоёр бүлгүүдийг нь сөхөж хардаг. Мөн надад маш ихээр нөлөөлсөн гэвэл “Зуршлын хүч” гэж ном бий. Энэ номноос өөртөө зуршлыг суулгах талаар их зүйлийг сурсан. Бизнес талаасаа Dannel Priesley-ийн “Oversubscribed” гэж ном бий. Монгол хэлнээ орчуулагдсан эсэхийг мэдэхгүй байна. Бизнес эхлүүлж, контент хийх гэж байгаа хүмүүст энэ номыг зөвлөмөөр байна.

-Чиний хувьд Лондонд том компанид ажиллаж байна. Саяхан Монголд ирээд буцсан олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг эрхэм “Дэлхийгээр дүүрэн боломж бий. Дэлхийн иргэн болж дэлхийн компаниудад ажиллах боломж залууст байгаа ч тэд боломжийг олж харахыг хүсэхгүй юм” гэсэн үг хэлж байсан…?

-Би чадахгүй гэсэн бодол ихэвчлэн бага насандаа эргэн тойрны хүмүүсээс авсан нөлөө байдаг. Жишээлбэл, аав, ээж нь хүүхдийнхээ өмнөөс нь бүгдийг хийдэг хандлага манайд түгээмэл. Энэ үйлдэл хүүхдийг өөртөө итгэлгүй байдал руу түлхдэг. Багш нар нь тухайн хүүхдэд өөрийг нь үгүйсгэж хэлсэн таагүй үгс гэж бий. Эдгээр зүйлс олон талаас ирэхээр хүний далд ухамсарт гүн суугаад өөртөө итгэлгүй байдал гүн үүсдэг. Энэ байдал гаднаас нь “Би чадна” гэж мянга хэлээд ч засагдахад хэцүү.

Цаад далд ухамсарт нь нөлөөлдөггүй гэсэн үг. Энэ мэт цаана нуугдсан зүйлсээ ухаж, төнхчөөд update хийх арга бол бясалгал. Хүн тархиндаа байнга update хийж байх ёстой. Энэ бол нэн шаардлагатай зүйл. Учир нь цаг хугацаа үргэлж өөрчлөгдөж байдаг. Социализмын үе, 2023 он хоёр бол тэс өөр хоёр нийгэм. Нэгнийх нь сэтгэхүйгээр нөгөө нийгэмд нь амьдрах боломжгүй. Тиймээс өөрийн итгэл үнэмшил бүрээ “үнэхээр энэ надад хэрэгтэй итгэл үнэмшил мөн үү” гэж байнга асууж байх ёстой. Итгэл үнэмшилээ update хийж байх хэрэгтэй. Миний нэг зарчим бол үнэн байх шаардлагагүй, хэрэгтэй байх шаардлагатай гэдэг зарчим.

Итгэл үнэмшил маань үнэн, худал байх нь хамаагүй. Хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг нь л чухал гэсэн үг. Итгэл үнэмшлээ буруутгах хэрэггүй. Тухайн үед өөрт чинь хэрэгтэй байсан болоод л байсан хэрэг. Харин яг одоо байгаа итгэл үнэмшил яг өөрийнх чинь мөн үү гэдгийг бас өөрөөсөө асуух хэрэгтэй. Аав, ээжээс өгсөн үү, багшаас уу, найзууд чинь өгсөн үү гэдгийг анзаарч мэдэх хэрэгтэй.

-Өөртөө итгэлтэй байж л амжилт ирнэ. Өөртөө итгэлтэй байх хамгийн энгийн зөвлөгөөг залуус хүргээч гэвэл…?

-Өөртөө итгэлтэй байдлыг бий болгохын тулд жижиг зүйлсээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь, хамгийн жижиг зүйл гэхэд л ороо хураах. Өдөр бүр ороо хураадаг хүн хураадаггүй хүнээс илүү өөртөө итгэлтэй байдаг. Гэрээ цэгцтэй байлгах, цаашлаад комьютерын файлуудаа цэгцтэй байлгах гээд эмх цэгцийг өөртөө суулгах хэрэгтэй. И мэйлээ цэгцтэй байлгадаг бол өөртөө итгэлтэй байдал өснө.

Оюун тань цэгцтэй байна. Өмнө нь хэлсэн нөгөө дөнгөнүүдээсээ ангижирна. Гэхдээ нэг тал руу нь туйлширмагц асуудал үүсдэг. Тийм учраас цэгцтэй байдалд “үргэлж нэг хөлөө тавь” гэсэн зарчим бий. Цэгцтэй байдалд нэг хөлөө бат суулгаад нөгөө хөлөөрөө хүссэн зүйлээ тэмтэрч болно. Ийм тохиолдолд өөртөө итгэлтэй байдал үүсдэг.

Жишээлбэл, би ирэх жилээс Монголд ирж амьдарна гэж бодож байна. Энэ шийдвэрээ огцом гаргаад, ямар ч баталгаагүй шууд хүрч ирвэл эрсдэлтэй. Тийм учраас би Англи руу буцах гэж байгаа. Тэндээ очиж ажиллангаа Монголдоо мөнгө олчих боломжтой шийдлүүдийг яг таг олсныхоо даргаа эргэж ирнэ. Энэ Монголд ирэхдээ зөндөө хүнтэй танилцаж харилцаа холбоогоо сайжрууллаа. Англид буцаж очоод ажлаа зохицуулангаа хувийн контентоо зохих түвшинд хүргэж, өөрийгөө баталгаажуулж байж Монголд амьдарна гэсэн шийдвэр гаргалаа. Нэг хөлөө баталгаажуулж байж нөгөө хөлөөрөө шинэ зүйлийг оролдоно гэж энийг хэлээд байгаа юм.

-Хэчнээн гадаад хэлийг одоогоор эзэмшсэн байна вэ?

– 4-5 хэлтэй гэж итгэлтэй хэлдэг юм. Сурч байгаа гэвэл 10-аад хэл бий.

-Гадаад хэл сурахдаа зарцуулсан цагаа хэмжиж, тооцдог тухайгаа ярьлаа. Эдгээр хэлийг сурахад нийт хэдэн цагийг одоогоор зарцуулсан байна вэ?

-Ихэнх нь англи хэл дээр зарцуулсан. Нийт 20 000-30 000 цаг зарцуулсан.

-Гадаад хэлийг сурах явцад хүн бүр яаж сайн сурах вэ, яаж хурдан сурах вэ зэрэг асуудалтай тулгардаг. Курс, дамжаанд нь тасралтгүй яваад байгаа мөртлөө тухайн хэлээ яг өөрийн болгож, гүн гүнзгий орж суралцаж чадахгүй байдал нийтлэг ажиглагддаг. Ийм хүмүүс ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ тохиолдолд би нэг л зөвлөгө өгдөг. Өмнө нь та бид хоёрын ярьсан итгэл үнэмшилтэй шууд холбоотой. Хүмүүс надаас гадаад хэл сурах арга, тактик зэрэг өнгөцхөн зүйлс их асуудаг.

Гүндээ тэр асуудлаа шийдчих юм бол тэр өнгөц асуудлууд асуудал биш болно. Гүндээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Авьяастай юу, авьяасгүй юу гэдэг тэр итгэл үнэмшил. Үнэн худал нь хамаагүй авьяастай гэдэгт өөртөө итгэх нь зөв. Түүндээ итгэж байвал тэр хүн авьяастай юм шиг үйлдэл гаргана.

Жишээ нь, би гадаад үгсийг их мартдаг. Гэхдээ би өөрийгөө авьяастай гэдэгт гүн бат итгэчихсэн. Мартсан ч гэсэн өнөөдөр л биш юм байгаа биз, маргааш нь санана гэж боддог. Тэгээд л ахиад сөхөж харна. Өөрийгөө хэл сурах авьяасгүй гээд итгэчихсэн хүн бол нэг удаа мартахад нээрэн би авьяасгүй л юм байгаа биз гээд гүн асуудал үүсгэчихдэг.

Оргил

Тиймээс гадаад хэлийг сурахад гүн итгэл байхгүй бол мянган арга тактик ашиглаад нэмэргүй. Хүсэх нэг хэрэг, шийдэх хамгийн чухал нь. Хүсэл хэзээ ч биелэхгүй. Од харвалаа. Нэг зүйл хүслээ. Төрсөн өдрийн лаа үлээлээ. Нэг зүйл хүслээ. Сар гарлаа. Түрүүвчээ даллаад “бурзай, бурзай” гэж мянган удаа ориллоо. Ингээд ч нөгөө хүслүүд маань биелэхгүй.

Яагаад гэвэл хүснэ гэдэг нь өөртөө биш, гаднын хүчин зүйлд удирдлагаа өгчихөж байгаа хэрэг. Тэр од миний амьдралыг шийдэх гээд байгаа юм уу, сар шийдэх гээд байгаа ч юм уу. Би өөрөө шийдэх шаардлагагүй болчихоод байгаа юм. Ингэчихээр мөн л та бид хоёрын түрүүн ярьсан нөгөө хариуцлага гэдэг зүйлээс өөрөө зугатаачихаж байгаа хэрэг.

Хүсэх хэрэггүй. Юунаас ч юуг ч битгий хүс. Харин шийд. Шийдвэр гарга. Өөрөөр хэлбэл, би франц хэл сурах гэж байгаа бол “нэг бол франц хэл сурна эсвэл би оролдож байгаад үхнэ” гэдэг шийдвэр гаргасан хүн франц хэлийг сурч л таарна. Харин “сурмаар байна, яах вэ” гэвэл хэзээ ч сурахгүй.

-Ямар бясалгал хийдэг вэ?

-Ер нь янз бүрийн бясалгал оролдож үзсэн. Цаашдаа ч зөндөө олныг оролдож үзэх байх. Яг тухайлан шийдвэр гаргаад сууж бясалгахаас илүү ямар ч үед амьсгалалаа анзаарахыг илүүд үзэх болсон. Яг одоо тантай яриад сууж байхдаа ч амьсгал дээрээ төвлөрөөд л сууж байна. Үүнийг зуршил болгочихсон гэмээр юмуу. Миний хувьд спортоор хичээллэх үедээ амьсгал дээрээ төвлөрдөг. Зураг зурах үедээ түүндээ 100 төвлөрөхийг хичээдэг. Энэ бүхэн бясалгал болдог. Бясалгалын олон арга байдаг ч хүмүүс яг л гадаад хэл сурахыг хүсэхтэй адил “бясалгал хийх юмсан” гээд алийг нь сонгож чадахгүй, шийдвэрээ гаргахгүй яваад байх шиг анзаарагддаг.

Ингэхийн оронд ямар ч хамаагүй нэг бясалгалыг сонгоод бясалгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бясалгах зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Гэтэл олонх хүн гэгээрэхийн тулд бясалгал хийх хэрэгтэй гэх зэргийг зорилго болгодог. Гэгээрлийг зүгээр март. Хэзээ ч гэгээрэх шаардлагагүй. Гэгээрнэ гэдэг нь өмнөх ярьсанчлан дэмий хүсэл болоод явчихна. Дотроо байгаа их энергээ зөв зүйл рүү чиглүүлж том уулын өөд мацах мэдрэмж их гоё.

Ийм мэдрэмж хүнийг маш аз жаргалтай болдог. Тиймээс бясалгал хийнэ гэдэг бол өөрөө өөрийнхөө удирдлагыг өөртөө авч сурах л арга юм. Хүн өөрийнхөө оюун санааг удирдаж чадахгүй бол хүн хоорондын харилцаа ч тэр бүх зүйл нь асуудалтай болж ирнэ. Уураа ч тэвчиж чадахгүй, үгээ ч цэгнэж чадахгүй, үйлдлээ ч цэгнэхгүй, бүх зүйл рүү үсчдэг. Тийм хүн тууштай ч байж чадахгүй. Тиймээс удирдлагаа өөртөө авахыг хүсч байвал бясалгах нь зөв.

Өөрийнхөө өмнөх хувилбараас илүү өөрийгөө удирдаж чаддаг болмоор байвал бясалгал хийх нь хамгийн зөв зам гэмээр байна. Заавал завилж суугаад бясалгах албагүй. Өдрийн тэмдэглэл бичнэ гэдэг ч нэг төрлийн бясалгал.

- Сурталчилгаа -spot_img

5 СЭТГЭГДЭЛ

  1. Wow, зарим гаргалгаа тайлбарууд толгой руу ёонк хийтэл орж байна шүү! Үнэхээр гоё ярилцлага байна 😀

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img