2024-05-02, Пүрэв
24 C
Ulaanbaatar

Ш.Баатар: Төрөлх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг хүнийг л гадныхан хүндэлдэг

АНУ-д ажиллаж амьдарч Цахиурын хөндийн архаг айти инженер болон үлдсэн судлаач, эрдэмтэн, доктор (Ph.D) Ширчингийн Баатартай ярилцлаа. Бидний ярилцлага "Ардчилал таймс" сонинд нийтлэгдэж байсан юм.

-Та Америкт хэдэн онд очсон бэ?

-Америкт анх 1997 онд очиж байлаа. Жил гаруй их сургуульд суралцсан. Нийтдээ гадаадад амьдраад 22 жил болжээ. Анх очсон газар маань Бостон. Бостон бол сургуулийн хотхон хот л доо. Японд долоон жил сурчихаад докторын дараах сургалт гэдэгт очсон юм. Харвардын их сургуулийн анагаах ухааны их сургууль болон Массачусеттсийн технологийн дээд сургуулийн хамтын факультетэд судлаач эрдэмтнээр үлдсэн. Гэр бүл хүүхдүүдтэйгээ очсон учраас ажил хийх хэрэгтэй. Сан-Франциско, Сан-Хосе хоёрын дунд байдаг Цахиурын хөндийд айти-гаар ажиллаад одоо 21 жил болж байна даа.

-Таныг бас монгол хэл, түүхээр судалгаа хийгээд яваа гэж ойлгож байна…?

-Хоёрдугаар мэргэжлээ болгохоор археологи, түүх, антропологийн чиглэлээр суръя гэж шийдээд хичээллэсэн. Цахиурын хөндийд дэлхийд эхний 10-т ордог хоёр том сургууль байдаг. Стэндфорд болон Бурклин дэх Калифорнийн их сургууль. Эдгээр их сургуулиуд номын сан сайтай оройн сургалтуудтай.

Америкууд чинь байнга сурч байдаг хүмүүс. Хүн гэдэг өөрөө үргэлжийн сурч, мөнхийн ахиц дэвшлийн төлөө явдаг амьтан юм уу даа. Тэдний хэлээр бол хүн байнга өөртөө update хийж шинэчлэгдэж байх ёстой гэж үздэг. Тэд тийм маягаар амьдардаг учраас дотор нь ороод амьдраад ирэхээр тэр урсгалд нь орчих юм. Тэгээд ч нэг чиглэлийн юм хийгээд байхаар ядаргаатай шүү дээ. Тэгэхээр хослуулж юм уу солбиж хийх арга гэх юм уу даа. Америкт бүх юм лоббигоор явдаг. Түүнийгээ нэтвооркин гэж нэрлэдэг. Итгэлцлийн сүлжээ гэж ойлгож болно. Мэргэжлийн хувьд нэг нэгдээ туслах, хувь хүнийг хөгжихөд нь тусалдаг. Манайх шиг арын хаалга гэж ойлгож болохгүй.

Би Харвардын их сургуульд сурч байхдаа Монгол судлалын танхимаар нь орлоо. Энэ тэнхим дэлхийд алдартай байсан. 1930-1960 оны үед Монгол судлалыг өндөр төвшинд хөгжүүлсэн газар л даа. Монголын сурвалжуудыг цуглуулж Монголын Нууц Товчоог задалж орчуулсан газар чинь Харвардын их сургууль шүү дээ. Монголын Нууц Товчоог англи хэлээр Франсис Вүүдман Слийвз гэдэг эрдэмтэн орчуулж гаргасан гэх жишээтэй. Зүүн өмнөд Ази судлалын тэнхимд нь монгол, манж хэлийг Жэймс Боссон гээд настай эрдэмтэн очоод зааж байсан түүхтэй. Жэймс Боссон гуай эртний монгол хэлээр их сайхан ярина. Ингээд Боссон гуайтай танилцсан юм. Бид хоёр холбоотой явж байгаад Зүүн өмнөд Ази судлалын тэнхимд би судлаач эрдэмтнээр дөрвөн жил оройн цагаар голдуу ажилласан юм.

-Та Монголдоо мэргэжил эзэмшиж ажиллаж байсан уу?

-Би аравдугаар ангиа төгсөөд Орос руу явсан. Тооцоолон бодох машины инженер гэдэг мэргэжлээр Новосибирскт сураад 1988 төгсч ирсэн. Ирээд Эрүүл мэндийн яамны тооцоолон бодох төвд ажилласан. Тэр үед чинь хөрөнгөтөн орнуудад сургах хүмүүсийн тоог яамдуудаас авдаг байлаа. Тэгээд 45 хоногийн түргэвчилсэн англи хэлний сургалтад хүмүүсээ суулгасан юм. Манайд чинь жагсаал цуглаан болоод улс бужигнаж байсан үе. Манай салбараас гуравдагч оронд элэгний гэгддэг М.Шагдарсүрэн, Ш.Энхбат, бид хэд явцгаасан юм.

Ш.Баатар

Би 1989, 1990 онд тоффелийн шалгалт өгч байлаа. Америк руу хөөцөлдөөд бүтэхгүй байж байтал Японд жил сурах дадлагын оюутнаар явах боломж гарахаар нь шууд явсан. Юугаа ч мэдэхгүй юм л Японд очсон. Шизүока мужийн Намамацу хотын анагаах ухааны их сургуульд очлоо. Өмнө нь Нагаёогийн их сургуульд зургаан сар япон хэл үзсэн. Тэнд очсон чинь Орост боловсрол эзэмшсэн хүнийг их үнэлдэг газар байв. Тэгээд биднийг их тоосон. Учир нь тэр үед япончууд англи хэлэндээ сайн биш байсан. Тэдний гол зорилго нь олон улсын эрдэм шинжилгээний хуралд судалгаа, илтгэл зэргээ англи хэлээр дэвшүүлэх. Нэг япон хүнтэй эрдмийн ажил хамтарч хийгээд би авчихсан юм.

Ингээд манай сургуулийнхан “минийхийг засаад өгөөч” гэдэг болсон. Ингэж байтал манай нэг том профессор намайг докторантурт үлдэхийг санал болгосон. Японд байж байтал надад Монгол руугаа явах уу, Америк явах уу гэдэг сонголт ирсэн л дээ. Ингээд Монголдоо ирлээ. Докторантураа төгсөөд ирэхэд 1996-1997 оны үе байсан. Ажиллаж байсан газар болоод таньдаг, мэддэг хүмүүс бараг байхгүй болчихсон байлаа. Нийгэм шилжээд удаагүй байсан болохоор бүх юм өөрчлөгдчихсөн.

Ямар ажил хийж, яаж ийж амьдрах нь тодорхойгүй. Яаман дээрээ яваад очтол хэсэг танихгүй хүмүүс, өөдөөс мэдэхгүй юм яриад байдаг. Ингээд Америк явахаар шийдээд өрсөлдсөн дөө. Америкт очиж дахиад жаахан боловсоръё гэж шийдсэн. Эхлээд гурван жил л болно гэж бодож байлаа.

-Таны судалгааны сэдэв юу байсан бэ?

-Эрүүл мэндийн салбарт компьютер, технологийг нэвтрүүлэх нь гэж ойлгож болно. Америкт очоод Массачусеттсийн технологийн их сургуульд компьютерийн ололтуудыг анагаах ухаанд хэрэгжүүлэх төсөл дээр ажилласан. Тухайлбал Бостонд байдаг таван том эмнэлгийг технологиор хооронд нь холбох ажлыг хийсэн. Жил гаруй ажиллаад эрүүл мэнд миний үндсэн мэргэжил биш юм чинь гээд цэвэр технологио хөөхөөр шийдсэн юм.

Цахиурын хөндийн өрсөлдөөн дунд энгийн нэг байлдагч хийгээд л манаргаж явтал Америкт хоёр өндөр сүйрээд хямрал нүүрлэсэн. Компьютерийн компаниудын бараг тал нь үгүй болсон. Манай компани 1200 ажилтантай байж байгаад зургаан удаагийн ажил халалтаар 200 хүн үлдээсэн. Хоёр хоёр зуугаар нь ажлаас халсан. Хамгийн сүүлийн 200 хүн дотор би багтлаа.

-Гол нь юуг нь харж ажлаас нь чөлөөлдөг юм бол?

-Боловсролын эрэмбээр нь чөлөөлнө. Мэдээж коллеж төгсөөд ирсэн залууг явуулж доктор зэрэгтэй хүнээ авч үлдэх гэх мэтээр явдаг юм билээ. Хоёр зуугаасаа дахин халсаар хамгийн сүүлийн 60 хүн үлдсэн.

-1200-аас 60-д үлдэхэд гол нь юу нөлөөлөв?

-Үйлчлүүлэгч компаниуд саналаа өгдөг юм билээ. Гурван компаниас санал аваад өөр хот руу нүүхээсээ төвөгшөөгөөд тэндээ үлдээд даатгалын салбар руу орчихож байгаа юм. Ингээд шинжээч болчихлоо. Сонгодог компаниуд бол хүнээ хамгаалах бодлого, соёлтой. Тэрэнд нь уусаад явж байтал 17 жил болсон байна.

-Та эрүүл мэндийн салбараас ажлаа эхэлж, энэ салбараар суралцаж байсан хүн. Өнөөдрийн Монголын нийгмийн халдварт өвчин болоод ер нь монголчуудын маш их өвчлөлтэй байгааг юу гэж бодож байна вэ?

-Урьдчилан сэргийлэх гэдэг чинь бодлого шүү дээ. Энэ бодлогыг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ гэхээр тэр систем нь эвдэрчихэж. Энэ салбар руу улс төрчид орж ирсэн учраас эвдчихсэн. Эрүүл мэндийн салбарыг бизнес гээд бодчихсон хоёрдугаарт мэргэжлийн хүмүүсээ сонсохоо больчихсонтой холбоотой гэж хардаг. Урьдчилан сэргийлэх бодлого биш хүмүүсийн нүдэнд харагдахаар нь “би энэ эмнэлгийг бариулсан” гээд зогсож байх нь дээр гэж үздэг болсных.

-Тухайлбал таны амьдарч байгаа газар таны эрүүл мэндийг яаж хамгаалдаг талаар жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр 2-3 хүнийг авчраад жил болгон үзнэ. Бүх шинжилгээг нь авна. Энэ үзлэгт ороогүй хүний даатгал нь өндөр тусна. Шинжилгээгээр сайн, муу холестрол гэх зэрэг бүгдийг нь шинжилж гаргадаг. Хэрвээ өөрчлөлтэй байх юм бол чамд эмч гаргаж өгнө. Ямар зөв хоол унд идэж уух, ямар дасгал хөдөлгөөн хийх гээд зөвлөнө, хянана. Үүнийг үнийг компаниас төлнө. Компанид ажиллаж байгаа хүн бие бялдрын хувьд эрүүл байх хэрэгтэй.

Мөн сэтгэл санаа, сэтгэцийн хувьд эрүүл байх шаардлагатай. Сэтгэцийн хувьд эрүүл байх талаас нь гэвэл энэ хүн янз бүрийн сэтгэл санааны дарамт, төрөл бүрийн юмны хамааралд байна уу, янз бүрийн стресс байна уу, энэ хүн хэдэн жил компанид ажиллаж чадахаар байна гээд бүгдийг нь шалгаж үзнэ. Ганцхан манай компани биш бүх компанид ингэж үздэг. Америк бол манайх шиг аливаа юм хүнээс хамаардаггүй, системээс нь хамаардаг.

-Таны гэр бүл хүүхдүүдийн эрүүл мэндийг даатгалаар хэрхэн шийддэг вэ?

-Би даатгал авчихна. Гэр бүлийн даатгалаар миний хүүхдүүд 25 нас хүртлээ миний даатгалаар явна гэсэн үг. Жилдээ даатгалаасаа хасуулаад маш олон төрлийн сонголтоор үйлчилгээ авч болно. Мөн эрүүл мэндийн данс гэж байна. Эрүүл мэндийн дансандаа татвараас өмнө мөнгө хийх боломжтой. Нэг ёсондоо татварт төлөх мөнгөөрөө өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

Ш.Баатар

-Хөгжилтэй зарим оронд хувь хүний өөрийнхөө болон бусдын өмнөх хүлээх үүрэг хариуцлагыг өндөрт тавьдаг. Энэ ухамсар, төлөвшлийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Ерөөсөө л дунд сургуульд нь заадаг. Манай монголчууд хүүхдээ аваачаад Америкийн боловсролын систем чинь хогийн юм байна математик, физик заахгүй юм гэдэг. Тэнд харин нийгэмд ямар хүн болохыг нь бүгдийг нь зааж өгч байна. Эрүүл мэнд, даатгал, татвар, хүний эрх үүрэг, яаж өөрийнхөө эрх үүргийг эдлэх юм, өөрийгөө яаж хамгаалах юм, өөрийгөө хамгаалж чадахгүй бол хаанаас хуульч авах вэ гээд юм үлдээхгүй бүгдийг нь зааж өгдөг.

Сургууль гэдэг чинь хүнийг нийгэмд гарахад нь л бэлддэг газар аж. Бага наснаасаа ийм хоол төдөн калоритой гээд заалгаад хэвшил болчихсон хүн чинь ядаж л зөв хооллоод өөрийгөө эрүүл яваад байж чадна шүү дээ.

-Та олон жил гадаадад ажиллаж амьдраад яаж ингэж монголоороо байж чадав? Монгол хүн байхын утга учир, үнэ цэн нь юу юм бэ?

-Миний ойлголтоор монгол хүн монголоороо байх гол зүйл бол ерөөсөө л хэл. Монгол хэлийг төгс эзэмших хэрэгтэй. Арван тав зургаа хүртлээ монголоо биедээ шингээж, суулгах нь зөв. Төлөвшиж гүйцээгүй 20 наснаасаа өмнө гадны хэл соёлд хэт уусчихвал тэр хүн эргээд монгол хүн болж чадахгүй. Би 18 нас хүртлээ Монголдоо байжээ. Гадагшаа гараад явах тусам эх орон, эх хэлнийхээ үнэ цэнийг улам тод мэдэрнэ. Гадаад хэл сураад эхлэхээрээ монгол хэлээ илүү сайн сурахгүй яав аа гэж бодогддог юм. Би жишээ нь орос хэлийг их үзсэн. Тэгэхэд тэгж бодогдох жишээтэй. Орост коммунизмын онолыг нэвтэртлээ таван жил судалсан.

Тэглээ гээд би коммунист болоогүй. Яагаад гэвэл миний суурь Монголд тавигдчихсан байж. Японд очоод япон хэл сурсан. Харьцангуй амархан байсан нь монгол хэлнийхээ дүрэмтэй жишиж үзсэнийх. Японд сурахдаа би түүх соёлынхоо үнэ цэнийг ойлгосон. Япончууд их саваагүй, сониуч хүмүүс. Намайг монгол хүн гэхээр Чингис хааны нутгаас ирсэн гээд сүрхий хүндэлнэ. Эргэн тойрныхон чинь асуугаад байхаар амандаа орсноороо ярина шүү дээ. Чингис хааны хэлсэн мэргэн үгээс хэлээч гэхээр нь “Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мориноос буугаад дэлхийг засах хэцүү…” гээд л буудлаа.

Тэгтэл Күнзийн сургаальд байдаг эшлэл гээд л би нам авахуулах жишээтэй. Тэгэхээр хүн байнга уншиж судалж үндэстнийхээ хэл, соёл, түүхийг судлах нь зөв байх нь. Япон хүнд тоогдохын тулд өөрсдийгөө эхлээд унших хэрэгтэй болсон гэсэн үг. Харийн нутагт явахдаа үндэстнийхээ түүх соёл, эх хэлээ маш сайн мэдэж байх хэрэгтэй. Ингэж байж л чи монгол хүн гэдгээрээ бахархаж бас хүндлэлийг олж чадна.

-Та гадаад хэл сурч байхдаа монгол хэлээ илүү сайн сурдаг байж дээ гэж бодсон гэсэн. Эргээд эх хэлээ сурахын тулд юу хийсэн бэ?

-Би дэлхийн түүх уншсан. Уран зохиолоо эргээд уншлаа. Хамгийн сайн номыг уншиж байж ядаж түүний дор очно. Хаана зорилгоо тавина, уналаа гэхэд зорилгынхоо наана унана. Тийм учраас Монголынхоо оргилуудыг дахин уншсан. Нэг номыг нэг удаа биш өөртөө үлдтэл дахин уншсан. Би Монголоо эхнээсээ мэддэг, монгол хэлэндээ сайн байгаагүй. Өдөрт дор хаяж хоёр цагийг зарцуулаад шүүрдэж мөн чанарт нь нэвтэрч уншихыг хичээсэн. Судлаад байхаад судлах юм гарч ирээд л байдаг юм билээ. Бүх юмны суурь төрөлх хэл гэж л хэлнэ. Америк, Японы стандарт ч гэсэн тийм л байдаг. Манайхан үүнээс жаахан, түүнээс жаахныг цуглуулах гээд байдаг. Аливааг гүнд нь хүртэл л сурахыг хичээх хэрэгтэй.

-“Гэртээ суугаа нь галаа сахь, гадаа яваа нь нэрээ сахь” гэх утгатай үг байдаг юм билээ. Гадны улс оронд хэн нэгэн гэж дуудахгүй монгол гэж дуудна. Гадны хэвлэл мэдээллээр монгол хүн хулгай хийлээ гээд цацагддаг. Юун дээр алдахаараа ингээд байдаг юм бол?

-Яахав тэр хулгай хийгээд яваа нь цөөхөн л дөө. Гол нь нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг болдог байх. Гэхдээ монгол хүнд нэг алдаа бий. Энэ улсдаа байгаа юм шиг хэн нэгнийг, аливаа юмыг аргалчихна гэж боддог. Энийг нөгөө талаас нь харвал тэр хүнийг өөрөөсөө тэнэг гэж бодож байгаа бодол шүү дээ. Хэн нэгнийг нь хуурчих гээд үзнэ. Цаад хүн нь хууртахгүй байсан ч энэ намайг тэнэг гэж бодож байна гэхээр оюун санааны мөргөлдөөн үүснэ. Тийм учраас үүнийг манайхан анхаарах хэрэгтэй. Мэдэхгүй залууст зөвлөмж өгч болно шүү дээ. Монголд заль мэхний технологи аль ч шатандаа сайн явдаг учраас залуусыг ийм муу зүйлд сургаад байгаа юм. Бас монгол хүн ийм улсуудыг уучилж цайрахдаа их амархан хүмүүс. Гэтэл Америкт бол ингэж уучлах “өө яахав яахав” гэдэг юм огт байхгүй, хууль журам чанд үйлчилнэ. Тэгэхээр хүн их үнэнч байх хэрэгтэй. Үнэнч байж чадахгүйгээсээ үнэ цэнээ алдах нь их байдаг.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

  1. Хэлээд юүгхүү! Тиймээс л:

    Биеэ МЭДвэл ХҮН
    Бэлчээрээ ТАНЬвал МАЛ

    гэж сургаж захиад ирсэн билээ! 🇲🇳😍🇲🇳💐🌺

  2. Хар тангадын үлдэгдэл мөхсөн түвдүүдийг Монголоосоо их ярьж амь амжиргаагаа залгуулахаар хүний амны зугаа болно шдээ Ширчингийн Баатар аа!!!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img